2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/321

 

 2025          01           29                                     2025/ШЦТ/321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Г.Янжиндулам,

шүүгдэгч Б.******* (өөрийгөө өмгөөлөн),

шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2409002210614 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн захирал, “Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын Судалгаа,, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны 135 дугаар байрны 244 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн ******* (Регистрийн дугаар: ),

Монгол Улсын иргэн, ,,,*******,, “Хүсэл-Од” өдөр өнжүүлэх төвд эрхлэгчээр ажилладаг, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо,, тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, хоёр хүүхдийн хамт , тоотод оршин суух гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ж.******* нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Твин Таур” барилгын 2/12 давхарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн нягтлан бодогч Б.*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн 2020-2022 оны хооронд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн борлуулалтын орлого болох 1,145,260,144.66 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогыг нууж татварт тайлагнахгүйгээр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 104,114,558.61 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 104,114,558.61 төгрөг, нийт 208,229,117.21 төгрөгийн албан татварыг улсад төлөхөөс зайлсхийсэн,

шүүгдэгч Б.******* нь шүүгдэгч Ж.*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран 2020-2022 оны хооронд “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан буюу ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа компанийн гүйцэтгэх захирал Ж.*******тай бүлэглэн “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн борлуулалтын орлого болох 1,145,260,144.66 төгрөгийн татвар ногдох орлогыг нууж татварт тайлагнахгүйгээр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 104,114,558.61 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 104,114,558.61 төгрөг, нийт 208,229,117.21 төгрөгийн албан татварыг улсад төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан бөгөөд тэрээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Мөн шүүхээс “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, холбогдох шийдвэр гаргасан бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, захирал Ж.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээс нь оролцон, хэргийн материалтай танилцсан, улсын яллагч, оролцогчдоос энэ талаар тусгайлан санал гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.******* мэдүүлэхдээ: “...Бид нар найзуудаараа нийлж нийгэмд гэрэл асаах, соён гэгээрүүлэх ажлыг хийх зорилготой уг компанийг байгуулсан. Үйл ажиллагааны чиглэл нь телевиз, сайт, продакшн хөгжүүлдэг. Бид цагдаагийн байгууллагын бүх урьдчилан сэргийлэх ажлуудыг хийсэн. Тухайлбал, 5ш ажиллагаа, яараад яахав дээ, анфриенд, дураараа биш дүрмээрээ, нэг хором зэрэг нийгмийн бүх соён гэгээрүүлэх ажлуудыг манай компани хөгжүүлж өгсөн. Миний хувьд гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн гэдгийг ойлгохгүй байна. Ямар ч байсан татварын асуудал гарсан байна, үүнийг би өөрөө зохицуулаад 100 хувь хариуцаад явья гэдэг байр суурьтай байгаа. Надад санхүүгийн мэдлэг байхгүй учраас Лхамаа нягтландаа бүх юм аа даатгадаг байсан. Хэрвээ ямар нэгэн алдаа гарсан бол тэр алдаагаа залруулахад бэлэн байгаа” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...И-Баланс гэсэн цахим системд тусгаад явж байсан. Дээрээс нь Ковидын үе байсан учраас дуусгаагүй ажлууд нэлээд их байсан учраас дараа нь И баримтыг нь шивэх ч гэдэг юм уу иймэрхүү асуудлууд зөндөө гарч байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б., Л.Отгонжаргал нар нь “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн 2020-2022 оны хугацаан дахь албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд тухайн аж ахуйн нэгж нь ...2020-2022 оны хугацаанд 2,583,337,289.92 төгрөгийн зөрчил гаргасан буюу 258,333,729 төгрөгийн татварыг улсад төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж нэхэмжилж байна. ...Аж ахуйн нэгж нь хамтран ажиллах гэрээний дагуу олсон орлогыг Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татварын албанд хуулийн хугацаанд буюу улирал бүр, эсвэл хагас жилдээ тайлагнаж төлөх үүрэгтэй. ...Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.ийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан, миний зүгээс дээрх дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн албан татвар нь 104,114,558.61 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар нь 104,114,558.61 төгрөг, нийт 208,229,117.21 төгрөг байна гэж дүгнэсэн байна. Иймд улсад 208,229,117.21 төгрөгийн хохирол учирсан байх тул хохирлыг нэхэмжлэх саналтай байна. Хохирлоо төлж барагдуулах юм бол манай байгууллагын зүгээс гомдол санал гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24, 31 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2324100014 тоот томилолтоор Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн 2020-2022 оны хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалтыг тус хэлтсийн татварын улсын байцаагч Л.Отгонжаргалын хамт хийж гүйцэтгэсэн. Тухайн аж ахуйн нэгж нь 2020 онд үйл ажиллагаа явуулаагүй буюу татварын байгууллагад Х тайлан ирүүлсэн, харин 2021 онд 206,045,454.55 төгрөгийн татвар ногдох орлоготой, татвар ногдох орлогоос 181,232,517.10 төгрөгийн хасагдах зардалтай 748,129.37 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнасан, 2022 онд 589,345,090 төгрөгийн татвар ногдох орлоготой, 599,191,116 төгрөгийн хасагдах зардалтай, 9,846,026 төгрөгийн алдагдалтай ажилласан гэж тайлагнасан. ...нийт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 1,128,219,586.96 төгрөгийг тайлагнаагүй зөрчилтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1,077,805,586.96 төгрөгийг тайлагнаагүй зөрчилтэй гэж үзнэ. Харин тухайн аж ахуйн нэгж нь 2021-2022 онд албан татварын тайланг гаргахдаа үндсэн бус үйл ажиллагааны зардал мөрөнд тайлагнасан дүнгээс 2021 онд 53,171,000 төгрөгийг, 2022 онд 324,141,116 төгрөгийг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогоо бууруулсан, нийт тухайн аж ахуйн нэгж нь 2020-2022 оны хугацаанд 2,583,337,289.92 төгрөгийн зөрчилтэй байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

Татварын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07/103 дугаартай албан бичиг, “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн 2020-2023 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, татвар төлөлт, цахим төлбөрийн баримтын борлуулалт, худалдан авалтын мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 108-151 дүгээр хуудас),

“Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас),

Татварын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07/740 дугаартай албан бичиг, “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн 2020 оноос хойших аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 208-250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1-16 дугаар хуудас),

Мөрдөгчийн “Хаан банкны дугаартай харилцах дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 170-190 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Санхүү бүртгэлийн хэсгийн шинжээч Б.ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 104 дугаартай “...Гэрэл плас медиа холдинг ХХК нь нийт 1,145,260,144.66 (НӨАТ-тэй) төгрөгийн борлуулалтын орлогоо аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаагүй байна. “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн 2020-2022 онд тайлагнаагүй борлуулалтын орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 104,114,558.61 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар нь 104,114,558.61 төгрөг, нийт 208,229,117.21 төгрөг байна” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 77-98 дугаар хуудас),

Шинжээч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тус компани нь нийт 1,145,260,144.66 төгрөгийн НӨАТ-тэй, 1,041,145,586.05 төгрөгийн НӨАТ-гүй борлуулалтын орлогыг тайлагнаагүй гэж үзэхээр байна. 2020-2022 оны хугацаанд Гэрэл плас медиа холдинг ХХК нь 2020 онд 629,760,200 төгрөгийн, 2021 онд 256,581,836.33 төгрөгийн, 2022 онд 154,803,549.73 төгрөгийн, нийт 1,041,145,586.05 төгрөгийн борлуулалтын орлогыг татварт тайлагнаагүй гэж үзэхээр байна. Тайлагнаагүй орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 104,114,558.61 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар нь 104,114,558.61 төгрөг, нийт 208,229,117.21 төгрөг байна” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...шинжээч Б.ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 104 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...2020 онд Х тайлан гаргасан. Харин миний санаж байгаагаар 2021-2022 онд 800 гаруй сая төгрөгийн борлуулалтын орлогыг татварын тайланд тайлагнасан, үлдэгдэл орлогыг бол тайлагнаагүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тусгасан байсан. Тайлагнаагүй шалтгаан нь манай компанийн гүйцэтгэх удирдлага нь НӨАТ-гүй гэрээ байгуулдаг, НӨАТ-гүй худалдан авалт, мөн бартерын гэрээний НӨАТ шивдэггүй, бусад гүйлгээнүүдийг хийдэг байсантай холбоотой. Миний зүгээс энэ татвараас зайлсхийж байгаа асуудал шүү дээ гэж хэлдэг байсан. Тэгэхээр наадуулаа аргалах ёстой гэж л хэлдэг байсан. Миний зүгээс компанийн данснуудаар орж ирсэн орлого нь ийм өндөр байгаа ч буурсан дүнгээр тайлагнасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бас яах гэж хүний хэлснээр татварын тайланг бууруулж өгөв дөө гэж маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 215-218 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн “Samsung А54” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 228-231 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гэрэл плас медиа холдинг ХХК дээр татварын байгууллагаас нөхөн ногдуулалтын акт үйлдсэн зүйл байхгүй. Миний бие хариуцан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээсээ олсон орлогоо аль болох татварын байгууллагад тайлагнах, улсад татвар төлөхийг эрмэлздэг. Санхүүгийн мэдлэггүй учраас санхүүгийн баримт, тайлан тооцоотой асуудлаа нягтландаа бүрэн даатгаж ажилладаг. Гэрэл плас медиа холдинг ХХК нь хаягийн бүртгэлээр Сүхбаатар дүүрэгт байсан боловч компанийн үйл ажиллагааг Хан-Уул дүүрэгт явуулдаг байсан” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 28-29, 58 дугаар хуудас),

Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 198 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 199 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 237 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 236 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 243-245 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Ж.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ж.******* нь “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн нягтлан бодогч Б.*******тай бүлэглэн 2020-2022 оны хооронд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн борлуулалтын орлого болох 1,145,260,144.66 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогыг нууж татварт тайлагнахгүйгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 104,114,558.61 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 104,114,558.61 төгрөг, нийт 208,229,117.21 төгрөгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн;

шүүгдэгч Б.******* нь “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус компанийн захирал Ж.*******тай бүлэглэн 2020-2022 оны хооронд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн борлуулалтын орлого болох 1,145,260,144.66 төгрөгийн буюу их хэмжээний татвар ногдох орлогыг нууж татварт тайлагнахгүйгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 104,114,558.61 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 104,114,558.61 төгрөг, нийт 208,229,117.21 төгрөгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 104 дугаартай дүгнэлт, шинжээч Б.ийн мэдүүлэг, “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, татвар төлөлт, цахим төлбөрийн баримтын борлуулалт, худалдан авалтын мэдээлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо, мэдээ, тайланг хугацаанд нь татварын албанд хүргүүлэх үүргийг хүлээдэг. Хуулиар тогтоосон татвар ногдох орлоготой буюу эд хөрөнгөтэй, эсхүл тодорхой ажил, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэн боловч мөнгөн хэлбэрээр татвар заавал төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйлдэл байдаг.

Татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэдэгт албан татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг татварын албанаас өнгөлөн далдлах буюу данс бүртгэл, тайлан балансад тусгахгүй байх, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлэх, хууль бус хэлцлээр халхавчлах, хуурамчаар өглөг үүсгэх, холбогдох баримт бичгийг нууцлах, орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээний тоо, хэмжээ, үнийн дүнг холбогдох тайлан мэдээнд бодит байдлаас зөрүүтэй буюу дутуу мэдээлэх зэргийг ойлгоно.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт буюу “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн захирал Ж.*******, нягтлан бодогч Б.******* нарын тус компанийн 2020-2022 оны борлуулалтын орлого болох 1,145,260,144.66 төгрөгийн их хэмжээний татвар ногдох орлогыг нууж татварын албанд тайлагнахгүйгээр татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж ойлгох бөгөөд дээрх нөхцөл байдлууд шүүгдэгч нарын үйлдэлд тогтоогдож байх тул уг зүйл, хэсгийг журамлах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

“Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн захирал, шүүгдэгч Ж.******* нь “санхүүгийн мэдлэггүй учраас санхүү, татварын тайлантай холбоотой асуудлыг нягтлан бодогчдоо даатгасан байсан” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн бөгөөд Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах албан тушаалтан тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.1 дэх заалтад зааснаар татвар төлөгч нь татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяа татварын албанд тушаах үүрэгтэй. Шүүгдэгч нар нь 2020-2022 онд санхүүгийн тайландаа зарим орлогыг тусгасан гэх боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг татварын албанд хүргүүлэхдээ 1,145,260,144.66 төгрөгийн орлогыг тусгалгүйгээр тайлагнасныг татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний орлогыг нуусан гэж үзнэ. Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******гийн “татварын тайланд тусгаагүй зарим орлогыг И-баланс системд санхүүгийн тайланд тусгасан, татвар ногдох орлогыг нуусан зүйл байхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Ж.*******, Б.******* нар татвар төлөгч “Гэрэл плас медиа холдинг” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхэлж байхдаа тус компанийн 2020-2022 оны их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлон, нууж татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас төсөвт учирсан хохирол болох 208,229,117.21 төгрөг буюу нөхөн тооцсон татварыг төсөвт төлөх үүргийг тухайн төрлийн татвар төлөгч хуулийн этгээдэд хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Гэрэл плас медиа холдинг” ХХК-иас 208,229,117.21 төгрөгийг гаргуулж, хохирогч Татварын ерөнхий газарт буюу улсын төсөвт нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ж.*******, Б.******* нар татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Б.*******ыг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч Д.******* “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ж.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор Эрүүгийн хуульд заасан бөгөөд шүүгдэгч Ж.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, компанийн санхүүгийн анхан шатны баримтаа гарган өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул түүний өмгөөлөгчийн гаргасан “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******ыг 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан шүүгдэгч Ж.*******т оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд, шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 4 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ж.*******, Б.******* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.*******т урьд авсан шүүгдэгч Б.*******тай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******, овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.*******ыг 3500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Ж.*******т оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд, шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Б.******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “Гэрэл плас медиа холдинг” ХХК (Регистрийн дугаар: 6302262)-иас 208,229,117.21 (хоёр зуун найман сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун арван долоон төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж, хохирогч Татварын ерөнхий газарт буюу улсын төсөвт нөхөн төлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 4 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ж.*******, Б.******* нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урьд авсан шүүгдэгч Б.*******тай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НЯМДАВАА