| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/03155/И |
| Дугаар | 101/ШШ2022/00544 |
| Огноо | 2022-02-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2022/00544
| 2022 02 09 | 101/ШШ2022/00544 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Н-д холбогдох,
20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, хариуцагч Д.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... С.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 01/19 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Нд 18 толгой бод малыг нийт 200,000,000 төгрөгөөр худалдсан. Талууд гэрээний урьдчилгаа 50,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, 62,543,284 төгрөгийг хоорондын тооцоогоор хаах, үлдэх 87,456,716 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй хугацаа хэтрүүлж явсаар талууд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлж, гэрээ дүгнэсэн акт үйлдэхэд төлбөрийн үлдэгдэл 26,516,053 төгрөг, алданги 20,000,000 төгрөг байгаа болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Үүнээс хойш хариуцагчаас нэхэмжлэгчид 9,000,000 төгрөг төлсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө болон ажиллагааны явцад нийт 17,516,053 төгрөг төлсөн, өнөөдрийн байдлаар 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие иргэн С.Бгаас Налайх дүүрэгт байрлах малын зүчээ, 18 толгой малыг 200,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тус гэрээний үлдэгдэл төлбөрт 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12,516,052 төгрөгийг шилжүүлж бүрэн төлж барагдуулсан. Төлбөрийн тодорхой хэсгийг хугацаа хэтрүүлж өгсөн нь үнэн. Мал, малын зүчээ байсан газрын гэрчилгээний хугацаа сунгагдахгүй байгаа шалтгаанаар төлбөрийг хойшлуулсан. Иймээс бидний зүгээс хугацаа хэтрүүлсэн ч нэхэмжлэгч тал газрын гэрчилгээний хугацаа сунгуулаагүй буруутай учраас нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөгийг 8,000,000 төгрөг болгож багасгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нотлох баримт: Зохигчдын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 01/19 тоот худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкин дахь тоот дансны хуулга, алдангийн тооцоо.
Хариуцагчийн нотлох баримт: С.Б, Б.Эрдэнэдарь нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Мос ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ, Мос ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн БЦГ Сэртэнгийн ар нэртэй газарт 1 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглуулахаар Мос ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Д.Нд холбогдуулан анх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17,516,053 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 37,516,053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг 17,516,053 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 20,000,000 төгрөг болгон багасгасан.
Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй үйл баримтыг зөвшөөрч маргаагүй боловч мал, малын зүчээ байрладаг газрын ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулахад хугацаа алдсан үндэслэлээр алдангийг багасгуулах хүсэлттэй гэж тайлбарлаж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчид 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 01/19 дугаар бүхий худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч С.Б нь гэрээний хавсралтад заасан 18 толгой мал худалдах, хариуцагч Д.Н нь малын үнэ 200,000,000 төгрөгийг хуваарийн дагуу буюу урьдчилгаа 50,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 87,456,716 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 62,543,284 төгрөгийг талуудын хувьцаа эзэмшдэг Оорцог-Уул ХХК болон Монголиан стар дистрибюшин ХХК-ийн хоорондын тооцоогоор барагдуулахаар тус тус харилцан тохиролцжээ (хх-5-7).
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Дээрх гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэхэд зохигч маргаагүй.
Мөн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж, гэрээний үнийг 185,000,000 төгрөгөөр тооцох, Монголиан стар дистрибюшин ХХК-аас Оорцог-Уул ХХК-д төлөх гэрээний төлбөр 63,483,947 төгрөгт тооцон авлагыг хаах, худалдан авагч 95,000,000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 20,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээний төлбөрийн үлдэгдэл 26,516,053 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 46,516,053 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхийг тус тус баталгаажуулжээ (хх-9).
Гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 2021 оны 03 дугаар сарын 01, 18-ны өдөр нийт 9,000,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлд тусгасныг хариуцагч татгалзаж, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12,516,052 төгрөг тус тус нэмж төлсөн тухай тайлбар гаргасан ба уг төлбөр тооцоо Худалдаа хөгжлийн банкин дахь нэхэмжлэгчийн 499222857 тоот дансны хуулгаар нотлогдож, нэхэмжлэгч энэ хэмжээгээр шаардлагаа багасгасан (хх-66, 68).
Дээрх баримтууд болон зохигчийн тайлбараар хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж дуусгасан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь гэрээ дүгнэсэн актад тусгагдсан алданги 20,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
Гэрээ дүгнэх үеийн байдлаар хариуцагч нийт 95,000,000 төгрөг төлөхдөө 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлбөл зохих урьдчилгаа 50,000,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлж, үлдэх 70,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн байна.
Худалдах, худалдан авах гэрээний 6.3 дахь хэсэгт худалдан авагч нь гэрээний зүйлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож худалдагчид төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.
Мөн хуулийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалт болон гэрээнд заасны дагуу алдангийг дор дурдсанаар тооцвол нийт 48,792,955 төгрөг болох тул талууд гэрээ дүгнэсэн актад 20,000,000 төгрөгөөр тооцон баталгаажуулсныг шүүх үндэстэй гэж дүгнэв. Тодруулбал,
- урьдчилгаа төлбөрийн 10,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлөх хүртэл хугацаа хэтэрсэн 23 хоногт 2,875,000 төгрөг (25,000,000*0.5*23), үлдэх 15,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлөх хүртэл хугацаа хэтэрсэн 70 хоногт 5,250,000 төгрөг (15,000,000*0.5*70), энэ хэсгийн нийт дүн 8,125,000 төгрөг,
- гэрээнд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 87,456,716 төгрөг төлөхөөр заасан ч гэрээ дүгнэхэд үнийг 15,000,000 төгрөгөөр бууруулсан, мөн холбоотой бусад компанийн тооцоог 63,483,947 төгрөгөөр баталгаажуулснаар 940,663 төгрөгийн зөрүү үүссэн байх тул шүүх алданги тооцох дүнг 71,516,053 төгрөг (87,456,716-15,000,000-940,663) гэж үзэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг төлөх хүртэл хугацаа хэтэрсэн 10 хоногт 3,575,802 төгрөг (71,516,053*0.5*10), 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг төлөх хүртэл хугацаа хэтэрсэн 5 хоногт 1,162,901 төгрөг (46,516,053*0.5*5), 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дүгнэх хүртэл 271 хоногт 35,929,252 төгрөг (26,516,053*0.5*271), энэ хэсгийн нийт дүн 40,667,955 төгрөг.
Хариуцагчийн зүгээс С.Б, Б.Эрдэнэдарь нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Мос ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ, Мос ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн БЦГ Сэртэнгийн ар нэртэй газарт 1 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглуулахаар Мос ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж (хх-89-93), тухайн тохиролцооны дагуу газар ашиглах эрхийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сэргээж, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сунгасантай холбоотойгоор гэрээний төлбөр төлөх хугацаа хойшлогдсон, алдангийн хэмжээг багасгуулах хүсэлттэй гэж маргасан ба нэхэмжлэгч өөр этгээдийн хооронд хийгдсэн гэрээтэй холбоотой асуудал тус маргаанд хамааралгүй гэж мэтгэлцсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбар, мөн гэрээний 3.1 дэх хэсэгт гэрээний зүйлийг худалдагчийн Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Сэртэнгийн ар нэртэй газарт хүлээлцэхээр зааснаас үзэхэд гэрээний зүйл болох 18 толгой мал тус газарт байсан болох нь тогтоогдож байх боловч тухайн газрын ашиглах эрхийг хэн, хэзээ, хэрхэн сэргээх, сунгах асуудал зохигч талуудын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ дүгнэсэн актад тусгагдаагүй, мөн талуудын эрх, үүрэгт хамааралтай гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөө талаар, Мос ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой аливаа шаардлагыг зөвхөн тухайн гэрээний талууд л гаргах эрхтэй юм.
Иймээс иргэний эрх зүйн харилцааны оролцогчдын бие даасан байдлын зарчмын дагуу шүүх Мос ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийх үндэслэлгүй.
Харин алдангийг багасгуулах талаарх хариуцагчийн тайлбарын хувьд, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтын хүрээнд анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно.
Хариуцагч гэрээнд заасан 18 толгой малаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан байх боловч үнийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, улмаар 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр талууд гэрээгээ дүгнэж, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр хугацаа тохирсон байх боловч 2021 оны 03-08 дугаар саруудад хэсэгчлэн төлж мөн хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд шүүх алдангийн хэмжээг багасгуулах талаар гаргаж буй хариуцагчийн тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй.
Дээр дурдсаныг үндэслэн хариуцагчаас алданги 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 345,531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА