| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0054/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Хохирогч Х.Э,
Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Эд холбогдох эрүүгийн 2434002380403 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймагт 2000 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улсын их дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 1, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, МЗ00281712 дугаарын регистртэй, Н.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 41-85 УБТ улсын дугаартай Toyota cresta маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Улаанбаатар-Дархан-Уул аймаг явах чиглэлийн А0401 дэх километрийн шонгийн ойролцоо асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт буюу “ ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэснийг зөрчиж замын хажуу руу онхолдож, зорчигч Х.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Э нь: “Би 2024 оны 4 дүгээр сарын эхээр Х.Этай танилцсан. Бид 2 Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу гэртээ харих гэж явж байхад машинд эвдрэл гарч осолд орсон” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434002380403 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Н.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 41-85 УБТ улсын дугаартай Toyota cresta маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Улаанбаатар-Дархан-Уул аймаг явах чиглэлийн А0401 дэх километрийн шонгийн ойролцоо асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт буюу “ ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэснийг зөрчиж замын хажуу руу онхолдож, зорчигч Х.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараахь:
-Насанд хүрээгүй хохирогч Х.Э “...Би тухайн өдөр найз Н.Э гэх залуутай Улаанбаатар хотод уулзаад бид хоёр Сэлэнгэ аймгийн Мандал сум явахаар болоод тухайн өдрийн 17 цагийн орчим Улаанбаатар хотоос Н.Э гэх найзынхаа жолоодож явж байсан Т.Криста маркийн машинд жолоочийн хажуу талын суудалд суугаад Н.Э машинаа жолоодоод бид хоёр явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо зам тээврийн осолд орсон юм. Тухайн осол болох үед би хамгаалах бүсээ зүүсэн явж байсан. Миний сууж явсан Н.Э гэх найзын жолоодож явж байсан Т.Криста маркийн 41-85 УБТ улсын дугаартай машин гэнэтхэн замын хойд тал руу буюу жалга руу онхолдсон юм. Тухайн ослоос болж миний биеийн нүүрэнд хоёр оёдол тавиулсан. Мөн ууц нурууны яс хугарч , аарцаг сүүжний яс бяцарсан, баруун хөлийн булчин гэмтсэн байгаа. Би гомдолтой байна. Тухайн ослоос болж эрүүл мэнд болон өөрийн сонирхлоороо хичээллэдэг байсан сургалтад явж чадахгүй мөн төгсөх ангийн сурагч сургуульдаа явж чадахгүй байгаад гомдолтой байна. Цаашид эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна. Хэвтрийн дэглэмд орсон учир гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль нөхөни төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нитийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч Н.Э нь Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн А0401 асфальтан замын 60-61 дэх километрийн шонгийн орчимд 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Тоёота Креста маркийн 41-85 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад онхолдож зорчигч Х.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Х.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.146.594.44 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
-Шүүгдэгч Н.Э гэрчээр өгсөн “...Би өөрийнхөө эзэмшлийн Т.Криста маркийн 41-85 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод миний хажууд талд манай найз Х.Э гэх эмэгтэй хүн суугаад бид хоёр Сэлэнгэ аймгийн Мандал сум руу манай гэрт очихоор Улаанбаатар хотоос 15 цагийн орчимд гарч яваад тухайн өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань нутаг 60 даваа гэх газрыг уруудаад явж байтал миний машины жолооны үрүүл гэнэтхэн залагдахгүй болоод тэгээд гэнэтхэн машин замын хажуу талын эргэлтээс анхааруулан зоосон байсан алан шонг мөргөж машины жолоодлого бүр алдагдаж тухайн зорчиж явж байсан замын баруун гар талын хажуугийн жалганд онхолдсон тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
-Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №19 дугаартай “... Н.Э биед баруун уушгины дээд, дунд дэлбэн нилэнхүйдээ, доод дэлбэнгийн оройн 6 дугаар сегмент, дотор 7 дугаар сегмент, хажуу 8 дугаар сегмент, зүүн уушигны орой болон дээд дэлбэнгийн урд 3 дугаар сегментийг хамарсан цулцангийн хөндийг дүүргэсэн цус харвалт, цээжний зүүн талын гялтангийн хөндийд сул хий хуралт, зүүн уушигны бүрэн бус шалчийлт, хуйх, зүүн сарвуунд шарх, баруун мөр, бугалганд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” талаарх дүгнэлт /хх-ийн 52-54 тал/,
-Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай “...Х.Эгийн биед баруун ташаа ясны сэлтэрсэн, баруун сүүжний ар хэсэг ууц сүүжний үе дайрсан зөрөөгүй, зүүн умдаг яс жижиг сэлтэрсэн хугарал, нүүрэнд зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун, зүүн зовхи, хацар шанааны зөөлөн эд, баруун чамархай зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” талаарх дүгнэлт /хх-ийн 72-74 тал/,
-Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №2623 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Н.Э” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Э” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 75-76 тал/,
-Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №2624 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Н.Э гэх цус нь О(I) бүлгийн харъяалалтай байна...” талаарх дүгнэлт /хх-ийн 78-79 тал/,
-Шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №24/108 дугаартай “...Тоёота Криста маркийн 41-82 УБТ улсын дугаартай автомашины жолооч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “ ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Тоёота Криста маркийн 41-82 УБТ улсын дугаартай автомашины жолооч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас “энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Нэмж тусгах саналгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 88-89 тал/,
-Шүүгдэгч Н.Э яллагдагчаар өгсөн “...Би Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа явах гээд өөрийн Тоёота Криста маркийн 41-82 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Х.Эгийн хамтаар явж байх үед Төв аймгийн Баянчандмань сумын 60-ын давааг гэх газар тээврийн хэрэгсэл онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 тал/,
-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 136 тал/ зэрэг болон шүүгдэгч Н.Э хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 41-85 УБТ улсын дугаартай Toyota cresta маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Улаанбаатар-Дархан-Уул аймаг явах чиглэлийн А0401 дэх километрийн шонгийн ойролцоо асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт буюу “ ... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэснийг зөрчиж замын хажуу руу онхолдож, зорчигч Х.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Э нь “41-85 УБТ” улсын дугаартай “Тоёота Криста” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Г.Эрдэнийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч Н.Эрдэнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Э.Уянга нь: “Шүүхээс шүүгдэгч Н.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Э анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд нь: “Улсын яллагчийн гаргасан ялын саналтай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.Эд холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ял оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Эд ял шийтгэл шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж ,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан байна.
Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шүүгдэгч Н.Ээс дараах байдлаар гаргуулахаар хянан шийдвэрлэлээ.
Үүнд,
Хохирогч Х.Э нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.274.542 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч Н.Ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор ,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ.” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч хохирогч Х.Эд учирсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын дагуу сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн улмаас хохирсон гэж тавдугаар зэрэглэлээр тогтоосныг яллагдагчийн өмгөөлөгчөөс урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарлуулж, урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Эрдэнийг гэм буруутай тооцсон тохиолдолд хохирол хор уршгийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Н.Э гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Э хүндэвтэр хохирол авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог бөгөөд шүүгдэгч Н.Э болон шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Энхбуян нар нь маргаж мэтгэлцээгүй тул Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д тусгаснаар гуравдугаар зэрэглэлд хамаарч байх тул Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтоосныг шүүх шүүгдэгч Н.Э анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэрэг хувийн байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд /660.000х13=8.580.000/ төгрөг байх тул шүүгдэгч Н.Ээс 8.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Эд олгохоор,
Хохирогч Х.Э нь 17.822.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Н.Э нь шүүхийн шатанд хохирогч Х.Эгийн эмчилгээний зардалд 1.300.000 төгрөгийг төлсөн байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад нотлох баримтын шаардлага хангасан 729.000 төгрөгийн нотлох баримт авагдсан байх тул шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хохирлын 8.580.000 төгрөгнөөс зөрүү 571.000 төгрөгийг хасч үлдэх 8.009.000 төгрөгийг шүүгдэгч Н.Ээс хохирогч Х.Эд олгохоор,
Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №24008 дугаартай “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н шинжээчийн дүгнэлтийн шинжээчийн зардлын 180.000 төгрөгийг төлөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэн шүүгдэгч Н.Ээс гаргуулж “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-д олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмчилгээний 4.237.000 төгрөг, унааны 949.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2 сар нэг сарын цалин 1.840.000 төгрөг, утасны 1.400.000 төгрөг, эмч сувилагч нарт хагалгаанд ороход 500.000 төгрөг, хамрын хагалгаанд 1.500.000 төгрөг, сургуульд 5.000.000 төгрөг нийт 17.266.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээлээ.
Учир нь шүүхэд гаргаж өгсөн Голомт болон Төрийн банкны дансны хуулгуудад авагдсан эмчилгээ, унааны зардалд зарцуулсан гэж зарлагдсан үнийн дүнгүүд ямар эмнэлэг эмчийн заавраар эм тариа авсан талаарх баримтгүй, хэрэв эм тариа авсан бол “И” баримттай нотлох баримтыг гаргаж өгснөөр шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юм.
Мөн хууль ёсны төлөөлөгч Г.Хишигжаргалын ажилгүй байсан хугацааны цалинг зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийн тамгын газрын даргын албан бичгээр гаргах боломжгүй.
Тодруулбал хэднээс хэдний хооронд хүүхдээ асрах талаар цалинтай болон цалингүй чөлөө зөвшөөрөл авсан хүсэлт, тушаал шийдвэр, энэ хугацаанд нийгмийн даатгал төлөгдсөн эсэх зэрэг анхан шатны санхүүгийн баримт шаардлагатай.
Хохирогч Х.Э нь гэмтэл авсны улмаас сургуульдаа явж чадаагүй талаар мэдүүлдэг боловч Бүгд найрамдах хятад ард улсын ямар сургуульд элсэн орсон хэзээ хаашаа явах байсан, ирсэн очсон явах билет тийз зэрэг нотлох баримтын шаардлага хангасан баримтыг гаргаж өгөөгүй, ямар учраас эмч сувилагч нарт хагалгаанд ороход 500.000 төгрөг өгсөн болохоо нотлоогүй, гар утас, алтан ээмэг, бомбер зэрэг нь осол болох үед алга болсон гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар мэдүүлээгүй буюу үнэлгээ гаргуулаагүй байна.
Хамрын хагалгааны 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хагалгаанд орсны дараа нэхэмжлэл гарах нь хохирогчийн эрх зүйн байдалд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 2434002380403 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, Н.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Нармандахын Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч Н.Эд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь 1.300.000 төгрөг төлсөнг дурдаж, хохирогч Х.Эд 8.009.000 /найман сая есөн мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.Ээс гаргуулж, хохирогч Х.Э нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлын холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Ээс 4.274.542 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-д тус тус олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
8. Эрүүгийн 2434004790429 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА