Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: О.Нямцэрэн,

Нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нямцэрэнд холбогдох 201716010025 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч, засварчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Бумбан-Овоо 4-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Дархан овогт Оюуны Нямцэрэн /РД:КН95051214/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч О.Нямцэрэн нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25-75 ӨМА улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Бумбан-Овоогийн 4-11 тоот хашаанд бага насны Э.Аззаяаг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нямцэрэн мэдүүлэхдээ: “Би 2017 оны 2 сарын  12-ны өдөр 25-75 ӨМӨ улсын дугаартай портер машинаар эгчтэйгээ дэлгүүр орчихоод гэрчийнхээ хашаагаар ороод 2 гэрийн голоор орж зогссон. Тэр үед талийгаач дүү маань харагдаагүй. Намайг машинаас буугаад иртэл эгч маань хүүхдээ тэвэрчихсэн уйлаад байж байсан. Би машинаас бууж ирээд эмч, цагдаа дуудсан. Эмч нар удаж ирсэн. Би эгчийнхээ хүүхдийн амь насыг хохироосондоо харамсаж байна”  гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 2-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 3 дугаар хуудас/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 4-11-р хуудас/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 12-р хуудас/

            Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд “... Оюун овогтой Нямцэрэнгээс хураан авсан №1054804 дугаартай жолоочийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргав...” гэснээр / хавтаст хэргийн 19-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нүдэнгийн “...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр хөдөөнөөс дүүгийнхээ портер маркийн 25-75 ӨМА улсын дугаартай машиныг жолоодон хөр ачаад ирсэн, бид нар хөрийг нь буулгачихаад нөхөр маань цагаан сарын чихэр, боов ойр зуурын юм аваад оройдоо буцна гэж яриад гэрт зурагтаар бөх үзээд хэвтсэн. Би Оюун эгчийн том хүү Нямцэрэнд хамт дэлгүүр явж хөдөө авч явах юмыг нь аваад ирье гээд Эрдэнэжаргалаас машины түлхүүрийг нь бичиг баримттай нь Нямцэрэнд өгөөд бид нөгөө портер машинаар нь Нямцэрэн жолоодож, би хажууд нь суун явж, Шин дэлгүүр орж авах юмаа аваад буцаад мөн л Нямцэрэн жолоодож би хажууд нь суун  явсаар хашааны хаалгаар орж ирээд Оюун эгчийн гэр, манай гэр хоёрын үүд хавьцаа нэг зогссоноо цаашаа хөдлөн явж, хоёр гэрийн голоор машиныг урд нүүрэн талаар нь хашааны хойд тал руу шахаж зогссон. Би машинаас буугаад иртэл машины баруун хойд талд талийгаач охин маань толгой нь зүүн зүгт нүүр нь хойшоо буюу машин зогссон чигт харчихсан зүүн чихнээс цус гарчихсан нүүр нь нилдээ цус болчихсон хөдөлгөөнгүй үг дуугарахгүй уйлах ч үгүй хэвтэж байсан. Би уйлан очиж охиноо тэвэрт аваад нэрээр нь дуудсан боловч сэрээгүй, тэгээд хэсэг тэвэрч байгаад гэртээ оруулж зүүн орон дээр тавьсан, түүнээс хойш нэлээд хэдэн минутын дараа эмч нар ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...Нямцэрэн машиныг жолоодож хашаанд орж ирээд манай гэр, Оюун эгчийн гэр хоёрын голоор оруулаад зогсоосон. Тэр үед л талийгаач маань арын дугуйнд дайрагдсан байх гэж боддог. Тэрнээс биш би урд талд сууж явсан юм чинь ямар ч гэсэн урд талын дугуйнд бол дайрагдаагүй...”гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эрдэнэжаргалын ”...би гэртээ талийгаач охин Аззаяагийн хамт үлдээд бөхөө үзээд хэвтэж байтал охин маань унтаж сэрээд гэрээс гараад хажуу Оюун эгчийнх рүү орчих шиг болсон, би гэртээ орж ирэхгүй байхаар нь тэдний гэрт л хүүхдүүдтэй нь тоглож байгаа юм байх гэж бодоод хэвтэж байтал гадаа машин дуугараад нөгөө дэлгүүр явсан хоёр машинтайгаа орж ирж байгаа чимээ гарсан. Маншин явсаар манай гэрийн зүүн талд ирээд зогссон, удалгүй манай эхнэр “ээ эвий минь дээ” гээд уйлаад орь дуу тавиад явчихаар нь юу болов гээд гэрээсээ гараад хартал портер машин гэрийн зүүн талд хойшоо хараад зогсчихсон, машины баруун хойд талд манай эхнэр талийгаач охиныг маань тэврээд уйлаад сууж байсан, “би яасан бэ, юу болов” гэж эхнэрээсээ асуухад эхнэр “машин дайрчихлаа хүүхдээ харж байхгүй яаваа” гэсэн, тэгээд охиноо тэврээд гэрт оруулчихаад түргэн дуудсан, түргэний машин ирэлгүй нэлээд удсаны дараа ирсэн охин маань огт хөдөлгөөнгүй, амьсгаагүй болчихсон нүүр дух нь нилдээ цус болчихсон байсан. Эмч нар ирж үзээд “нас барсан байна” гэж хэлсэн тэгээд цагдаад мэдэгдсэн байх. Ийм л юм болсон. ...Намайг гэрээсээ гарч ирэхэд Нямцэрэн эхнэрийн хажууд зогсчихсон яанаа яанаа гээд талийгаачийн хөлнөөс нь бариад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 23-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эрдэнэбаярын “...Миний нэр дээр байдаг автомашин байгаа юм. Би өвөөдөө ойр зуур нүүж суухдаа хэрэглэж байгаарай гээд өгсөн байсан. Энэ бол миний эзэмшлийн автомашин байгаа юм...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 24-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Түмэнжаргалын ”...гэрийн зүүн талд машин ирээд зогсох чимээ гарсан. Тэгээд удаагүй эмэгтэй хүн орилоод уйлаад байсан. Яасан юм бол гээд гараад харсан чинь гэрийн зүүн талд хоёр гэрийн голд портер машин зогссон, машины буруу талын хойд хэсэгт Нүдэн газар суучихсан охиноо тэврээд уйлаад байсан, хажууд нь Нямцэрэн яанаа яанаа гээд зогсож байсан. Тэгээд түргэн дуудсан бас цагдаа дуудсан. Түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 26-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цэндоогийн ”...уг нь би худалдаж авсан. Миний зээ хүү Эрдэнэбаярын нэр дээр байдаг юм. Ер нь бол би нүүж суухдаа хэрэглэдэг, өөрөөр энэ тэргийг нээх их хөдөлгөөд байдаггүй юм. Миний зээ хүү Эрдэнэжаргал цагаан сарын өмнө 2017 оны 02 дугаар сарын12-ны өдөр сумын төв рүү явлаа гээд миний портер машиныг жолоодоод явсан. Манайх Цогтцэций сумын төвөөс зүүн урагш 17 километрт мал маллаж байдаг, Эрдэнэжаргалын хөдөө гэр нь манайхтай айл байдаг юм. Нүүрс татах гээд л сумын төв рүү явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 27-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнгөнцэцэгийн“...Тэгээд гэрт ороод дөнгөж суутал гаднаас хашаанд машин орж ирэх чимээ гарсан. Тэгээд удалгүй машин унтрах шиг чимээ гарсан. Тэгээд удалгүй эмэгтэй хүн орилоод байсан, гэрээс гараад харахад гэрийн зүүн талд Цэндоо өвгөний портер машин зогссон, цаад талд нь Нүдэн охиноо тэврээд уйлаад сууж байсан. Хажууд нь Нямцэрэн яанаа яанаа гээд уйлаад зогсож байсан. Тэгээд Нүдэн охиноо тэврээд гэртээ орсон. Тэгээд түргэн дуудсан, түргэн ирээд охиныг үзээд нас барсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 28 -р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оргилмаагийн “...Намайг очиход хүүхдийг гэрт оруулсан байсан ба ээж нь тэвэрсэн дээлэнд ороосон байдалтай байсан. Хүүхдийн нүүр гар хувцас, толгой нь цус болсон байсан. Хүүхдийн биед үзлэг хийхэд мөчид хүйтэн, арьс цайсан, зүрх чагнахад зүрхний цохилт сонсогдохгүй, захын судас, том судас тэмтрэхэд лугшилт мэдэгдэхгүй, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, уушиг чагнахад амьсгал сонсогдохгүй байхаар нь хүүхдэд зүрхний массаж болон адерналин тариа хийхэд үр дүнгүй нас барсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 -р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд О.Нямцэрэнгийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай ээжийн дүү Нүдэн эгч машин бариад өгөөч хамт дэлгүүр яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би хашаанд байсан Цэндоо өвөөгийн портер машиныг жолоодоод Нүдэн эгчийн хамт сумын төвд байдаг Шим дэлгүүрт очоод хэвийн боов аваад буцаад хашаандаа орж ирсэн. Хашаанд орж ирээд машиныг Нүдэн эгчийн гэр болон өөрийнөө гэрийн голоор оруулж зогсоосон. Нүдэн эгч машинаас буусан би ч гэсэн машинаас буусан тэгсэн чинь Нүдэн эгч уйлах шиг болохоор нь машиныг тойроод Нүдэн эгч дээр яваад очсон чинь портер машины баруун хойд хэсэгт Нүдэн эгч охиноо тэврээд уйлаад сууж байсан охины нүүр цус болчихсон бас чихнээс нь цус гарч байсан. Тэгээд би охиныг дарч гэдээ мэдсэн. Тэгээд байж байхан Нүдэн эгчийн нөхөр болон Түмэнжаргал ах, Мөнгөнцэцэг эгч нар Нүдэн эгчийн гэрээс гараад ирсэн. Тэгээд түргэн дуудсан түргэн ирж үзээд охиныг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд үзлэг шалгалт хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-р хуудас/

2017 оны 02 дугаар сарын 23-ын өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...талийгаачид гавал тархины битүү гэмтэл, зүүн ухарахайн гадна хана, зүүн чамархай, суурийн зүүн доод хонхор хамарсан цөмөрсөн хугарал, уг хугарлаас зүүн дээш дагз руу чиглэсэн, мөн дотогш дагзны зүүн хонхор, чулуулгийг дайрч турк эмээл хүртэл үргэлжилсэн хугарал, хамар ясны хугарал, бага тархины эдийн няцрал, хуйхны дух, зүүн чамархайн булчинд цус хуралт, ходоод нойр булчирхайн холбоост цус харвалт, дух, хамар, баруун хацар, зүүн доод зовхи, хэвлий, баруун гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу ЗТО-ын үед үүсэх боломжтой. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 -р хуудас/

2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн №3177 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн Э.Аззаяагийн гэх цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38 -р хуудас/

2017 оны 02 дугаар сарын 20-ны  өдрийн №1954  дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн марльд үс илрээгүй. Үс, цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42 -р хуудас/

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №1953 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх үс нь хүний үс мөн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 46 -р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хавтаст хэргийн 49-54 -р хуудас/

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...О.Нямцэрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56 -р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 68 -р хуудас/

О.Нямцэрэнгийн нэр дээр ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болохыг нотолсон Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13/04/2017-36 тоот албан бичиг, арилжааны банкуудын лавлагаа / хавтаст хэргийн 67, 70-73 -р хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт / хавтаст хэргийн 75 -р хуудас/  зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

            Шүүгдэгч О.Нямцэрэн нь 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25-75 ӨМА улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодох үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Бумбан-Овоогийн 4-11 тоот хашаанд бага насны Э.Аззаяаг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нүдэнгийн “...Би машинаас буугаад иртэл машины баруун хойд талд талийгаач охин маань толгой нь зүүн зүгт нүүр нь хойшоо буюу машин зогссон чигт харчихсан зүүн чихнээс цус гарчихсан нүүр нь нилдээ цус болчихсон хөдөлгөөнгүй үг дуугарахгүй уйлах ч үгүй хэвтэж байсан. Би уйлан очиж охиноо тэвэрт аваад нэрээр нь дуудсан боловч сэрээгүй, тэгээд хэсэг тэвэрч байгаад гэртээ оруулж зүүн орон дээр тавьсан, түүнээс хойш нэлээд хэдэн минутын дараа эмч нар ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг

гэрч Б.Эрдэнэжаргалын ”...Маншин явсаар манай гэрийн зүүн талд ирээд зогссон, удалгүй манай эхнэр “ээ эвий минь дээ” гээд уйлаад орь дуу тавиад явчихаар нь юу болов гээд гэрээсээ гараад хартал портер машин гэрийн зүүн талд хойшоо хараад зогсчихсон, машины баруун хойд талд манай эхнэр талийгаач охиныг маань тэврээд уйлаад сууж байсан, “би яасан бэ, юу болов” гэж эхнэрээсээ асуухад эхнэр “машин дайрчихлаа хүүхдээ харж байхгүй яаваа” гэсэн, тэгээд охиноо тэврээд гэрт оруулчихаад түргэн дуудсан, түргэний машин ирэлгүй нэлээд удсаны дараа ирсэн охин маань огт хөдөлгөөнгүй, амьсгаагүй болчихсон нүүр дух нь нилдээ цус болчихсон байсан. Эмч нар ирж үзээд “нас барсан байна” гэж хэлсэн тэгээд цагдаад мэдэгдсэн байх....” гэсэн мэдүүлэг

гэрч Ч.Түмэнжаргалын ”...тэгээд удаагүй эмэгтэй хүн орилоод уйлаад байсан. Яасан юм бол гээд гараад харсан чинь гэрийн зүүн талд хоёр гэрийн голд портер машин зогссон, машины буруу талын хойд хэсэгт Нүдэн газар суучихсан охиноо тэврээд уйлаад байсан, хажууд нь Нямцэрэн яанаа яанаа гээд зогсож байсан. Тэгээд түргэн дуудсан бас цагдаа дуудсан. Түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг

гэрч Б.Мөнгөнцэцэгийн“...Тэгээд удалгүй эмэгтэй хүн орилоод байсан, гэрээс гараад харахад гэрийн зүүн талд Цэндоо өвгөний портер машин зогссон, цаад талд нь Нүдэн охиноо тэврээд уйлаад сууж байсан. Хажууд нь Нямцэрэн яанаа яанаа гээд уйлаад зогсож байсан. Тэгээд Нүдэн охиноо тэврээд гэртээ орсон. Тэгээд түргэн дуудсан, түргэн ирээд охиныг үзээд нас барсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг

гэрч Б.Оргилмаагийн “...Намайг очиход хүүхдийг гэрт оруулсан байсан ба ээж нь тэвэрсэн дээлэнд ороосон байдалтай байсан. Хүүхдийн нүүр гар хувцас, толгой нь цус болсон байсан. Хүүхдийн биед үзлэг хийхэд мөчид хүйтэн, арьс цайсан, зүрх чагнахад зүрхний цохилт сонсогдохгүй, захын судас, том судас тэмтрэхэд лугшилт мэдэгдэхгүй, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, уушиг чагнахад амьсгал сонсогдохгүй байхаар нь хүүхдэд зүрхний массаж болон адерналин тариа хийхэд үр дүнгүй нас барсан байсан ...” гэсэн мэдүүлэг

шинжээчийн 9, 3177, 1954, 1953 дугаартай дүгнэлтүүд,

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...О.Нямцэрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаар ЦЕГ-ын Лицензийн төвийн мэдээллийн сангаас лавлагаа авахад жолооч Оюун овогтой Нямцэрэн нь /РД:КН95051214/ нь Монгол улсын ВС ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох 1054804 тоот эрхийн үнэмлэхтэй байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь суд дундын ЦХ-ийн ЗЦХ-ийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ч.Энхбаатарын гаргасан ослын акт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул О.Нямцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч О.Нямцэрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Хохирогч Б.Нүдэн нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй тул шүүгдэгч О.Нямцэрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1054804 дугаартай жолооны үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 290-р зүйлийн 209.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан овогт Оюуны Нямцэрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нямцэрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил, 10  /арван/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нямцэрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. О.Нямцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан О.Нямцэрэнгийн 1054804 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар О.Нямцэрэнд оногдуулсан 3 жил 10 хонг хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар О.Нямцэрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА