Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 565

 

З.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00244 дугаар шийдвэртэй, З.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.С-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Ж- миний бие 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Т.Баярмаагаас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 11 дүгээр гудамж, 493 дугаар тоот хашаа 18628303778059 нэгж, талбайн дугаартай 700 метр кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авсан. Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн дугаар 00368594 гэрчилгээтэй. Гэтэл 490 тоот хашааг өмчлөгч Т.С- нь миний эзэмшил газарт байшингаа барьсаар байна. Байшинг барихаас өмнө хэлсэн боловч түрэмгийлэн барьж байгаа тул Т.С-гийн эзэмшлээс миний газрыг чөлөөлж өгнө үү. 

Уг газрыг би н.Баярмаагаас хуулийн дагу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь түүний дансанд шилжүүлж худалдан авсан. Тухайн үед тус газрыг худалдан авахдаа өөр эзэмшигч байгаа эсэхийг лавлахад надаас өөр эзэмшигч байхгүй гэж хэлсэн. Би уг газрыг худалдан аваад жил гаруй хугацаа өнгөрч байна. Хариуцагч Т.С- миний худалдан авсан газрыг манай газар гэж маргадаг, би түүнтэй эвлэрэх гэж үзсэн. Байшингийн шавыг тавих гэж байхад нь “олон жил айл хөрш явна. Тиймээс газраа дундуур нь хувааж авъя” гэхэд бидэнд хэлэлгүй манай газрыг худалдан авсан, луйварчин гэж доромжилсон.

Бид хашаагаа хуваагаагүй, нэг хаалгатай учраас би өөрийн худалдан авсан хашаандаа орж чаддаггүй. Тиймээс хуулийн дагуу шийдвэрлүүлж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.С- миний бие Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 11 дүгээр гудамж, 490 тоот хашааны газрыг аав, ээж, эгч дүү нартайгаа ярилцаад ээжийн хамт өмчлөхөөр тохирсон хэдий ч ээж, аав хоёр газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх үед гадагшаа явсан учраас би ганцаараа газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн юм. Одоо газар дээрээ амьдрах зориулалтаар амины орон сууц барьж байгаа. Уг газар 2 айлын газар байсан бөгөөд нөгөө газрыг миний эгч Т.Баярмаа аавын хамт өмчлөхөөр болсон боловч дээрх шалтгаанаар мөн ганцаараа өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Гэтэл эгч Т.Баярмаа аав, ээж, дүү нараасаа зөвшөөрөл авалгүй газраа 2017 оны 9 дүгээр сард бусдад зарсан байсныг 2018 оны 3 дугаар сард таньдаг хүнээсээ сонсож, бүгд цочролд орцгоосон. Газар дээр 4 сард барилгын ажлаа эхлүүлж, маш их зардал гарган гүний худаг ухуулсан. Худаг ухуулж байх үеэр эгчийн газрыг худалдаж авсан гэх Жаргалын охин Уянга ээжтэй уулзаад явсан байсан. 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед танай газрыг авсан хүн байна. Маргааш өглөө өөрсдийн таньдаг газрын албаны хүмүүстэй очиж газраа хэмжиж авна гэж утсаар ярьсан. Ингээд өглөө 9 цагийн үед намайг ажил дээрээ байхад хашаанд ирчихээд хүлээгээд байна гэж утсаар ярьсан ба би нөхөр н.Мөнхбаяртай ярьж нөгөө хүмүүс ирчихсэн байна гэдгийг хэлсэн.

Аав, нөхөр хоёр хашаандаа очиход З.Ж- эзэнгүй айлын хашааг онгойлгож, манай хашааны нэг банз унасан хэсгээр ороод нэхэмжлэгч өөрийн 2 охин, кадастрын гэх 2 хүн нийт 5 хүн газраа хэмжээд шохойгоор шугам татаад дуусч байсан гэсэн. Аав түлхүүр аваад ирэхийн хооронд яасан эзэрхэг дээрэлхүү улсууд вэ гээд, би мэдэх ёстой газар өгөхгүй, зарахгүй гэж хэлэхэд З.Ж- өөрийн 2 охины хамт бид хууль ёсоор худалдан авсан газар гэж гэрчилгээг гаргаад 3 талаас нь бидэн рүү дайрсны улмаас аавын даралт ихсэж, хамраас нь цус гойжиж айдаст хүргэсэн. Үүний дараа З.Ж- нь өөрийн авч ирсэн метрээр хэмжиж баруун булангаас зүүн булан хүртэл 31 метр, хойт булангаас урагшаа 22.6 метр гэж хэмжин зурж, хашаагаа хувааж авсан.

Хамар хашаагаа яаж барих талаар хоорондоо ярилцаж зөвшилцөж, манайх байшингаа хойш нь тулгаж бариад үлдсэн зайгаа З.Ж- гуай бөглөхөөр болоод хашааны номерыг нь өгөөд миний бие 2 айлын кадастрын зургаа солиулахаар ярьж тохироод зав чөлөө муутай байгаа байшингаа дуусгаад солиулж янзалж өгнө гэж тохироод салсан. 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр барилгын бригадаа авчирч байшингаа барьж эхэлсэн. 5 дугаар сарын 08-ны өдөр байшингийн нэг давхар гараашийн ханыг өрж дуусгаад нөхөр н.Мөнхбаярыг гадагшаа яваад ирэхэд манай шинээр гаргасан худгийн аман дээр З.Ж-ынх жорлонгийн нүхээ ухсан байсныг охин Уянгад утасдан хэлэхэд,  уурлаад танай байшинг буулгуулна гэж заналхийлж утсаа тасалсан. Манай гэр бүл өөрийн гэсэн гэр оронтой болох гэж аав, ээжийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авч одоогоор 15 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгч З.Ж-ын өмчлөлийн газарт оруулж байшингаа бариагүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх  хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005325, нэгж талбарын 18628303778059,  гэрчилгээний 000064405 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 11 дүгээр гудамж, 493 тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 2 м 67 см буюу 37 м.кв талбайг хариуцагч Т.С-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Ж-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Ж-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тал бүрээс нь харьцуулж, эргэлзээгүй байдлаар үнэлж дүгнээгүйгээс  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шийдвэрт Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан хөршийн эрхийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой асуудлыг хэргийн бодит үнэнтэй харьцуулан дүгнэлт хийхдээ буруу шийдвэр гаргасан. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь эзэмшлийн газрын хил зөрчиж байгааг мэдэж байсан бөгөөд зөрчихөөс өмнө эсхүл зөрчсөн даруй уг үйлдлийг зогсоох шаардлага гаргах ёстой атал шаардлага гаргаагүй, эсрэгээр түүний эзэмшлийн газрын талбайг ашиглаж байшин барьж болно гэж харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сард газрыг худалдаж авсан гэдэг, бид байшингаа 2018 оны 5 дугаар сарын 05-нд барьж эхэлснийг мэдэж байсан ч шаардлага тавиагүй, 1  давхар дуусч байхад хил зөрчсөн гэх маргаан үүссэн. Уг үйлдэл эхэлсэн даруй шаардлага тавих эрхтэй байсан ба даруй гэх хугацаа нь шаардлага гаргаж болох хамгийн эхний боломжит хугацаа гэж ойлгогдох тул шүүх энэ хугацаа болон нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгчийн шаардлага тавиагүй гол шалтгаан нь бид байшин барих талбай болон газрын нөхцөл байдлаас шалтгаалж өөрсдийн эзэмшлийн газрын хэмжээг аль аль талд ашигтайгаар эзэмшихээр тохиролцож, газрын хэмжээг өөрчилж, кадастрын зургаа солиулахаар хугацааг 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр гэсэн боловч бид байшинг дууссаны дараа кадастр хийлгэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах байсан. Нэхэмжлэгч нь бидний нүүр тулан амаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн нь түүний хүсэл зориг илэрхийлэгдсэн, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д заасан гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй адилтган үзэх ба хүчин төгөлдөр гэрээ гэх учраас байшингаа барьж эхэлсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч З.Ж- нь хариуцагч Т.С-д холбогдуулан, түүний хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн Ү-2206005325, нэгж талбарын 18628303778059, гэрчилгээний 000064405 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 11 дүгээр гудамж, 493 тоот хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын буюу 2 м 67 см өргөнтэй буюу 37 м.кв талбайг хариуцагч Т.С-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад талууд маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Үүнд: нэхэмжлэгч З.Ж- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 11 дүгээр гудамж, 493 тоот хашаа бүхий 700 м.кв талбайтай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт нэвтэрсэн 2 м 67 см газар бүхий 37 м.кв газрыг З.Ж-ын өмчлөлөөс худалдан авч, үүний хариуд 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх, хариуцагч нь дээрх 10 000 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, гэрээний 2 дахь заалтад тусгасан нөхцлийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний 1 дэх хэсэгт заасан нөхцлийн дагуу үүргээ биелүүлэх гэж харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.  

 

Талууд дээрх нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхээ зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжүүлэх боломжтой байдаг.

 

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Т.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00244 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Ж- нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч талтай харилцан тохиролцож,

“Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 11 дүгээр гудамж, 493 тоот хашаа бүхий 700 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт нэвтэрсэн 2 метр 67 см өргөнтэй, 37 м.кв газрыг З.Ж-ын өмчлөлөөс худалдан авч, үүний хариуд 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх, хариуцагч нь дээрх 10 000 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, гэрээний уг нөхцлийг хариуцагч Т.С- сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу үүргээ биелүүлэх” агуулгаар байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, З.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.С-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА