Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/360

 

  2021             4              8                                 2021/ДШМ/0360                            

 

 

     С.С, Л.О нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч С.С, Л.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Пүрэвмаа,

хохирогч Н.Х, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Оын гаргасан давж заалдах гомдлоор С.С, Л.О нарт холбогдох эрүүгийн 2008028931437 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 90 тоотод оршин суух өөрийн гэртээ 2020 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хувийн таарамжгүй байдлын улмаас Н.Хтай маргалдаж, улмаар өөрийн нөхөр Л.Отай бүлэглэж иргэн Н.Хын толгой, хүзүү, нүүр, хэвлий, бугалган тус газруудад өшиглөх, цохих, үснээс зулгаах, зэрэг үйлдлүүдээр түүний биед хүзүү, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

          Шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 90 тоотод оршин суух өөрийн гэртээ 2020 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хувийн таарамжгүй байдлын улмаас Н.Хтай маргалдаж, улмаар өөрийн эхнэр С.Стай бүлэглэж иргэн Н.Хын хоёр гарыг барин дарж хөдөлгөөнгүй болгосны улмаас С.С нь хохирогчийн толгой, хүзүү, нүүр, хэвлий, бугалган тус газруудад өшиглөх, цохих зэрэг үйлдлүүдээр түүний биед хүзүү, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэрэгт тус тус холбогджээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.С, Л.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.С, Л.О нарыг хүний эрүүл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Оыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сг 1,000,000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд, шүүгдэгч Л.Оыг 650,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, Л.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед хохирогч Н.Х нь манайд ирж 1 шил архи ууцгаасан. Тэрээр архи ууж дууссаны дараа дахиж уур гээд архи нэхээд агсан тавьсан. Манай эхнэр янз бүрээр аргадсан. Агсраад “архи ууя” гээд манай эхнэрийг алгадаад авсан. Тэгэхээр нь би Н.Хд хандаад “чи ингэж болохгүй шүү дээ” гэж хэлчихээд 00-ын өрөөнд орсон. Энэ хооронд юу болсныг мэдээгүй. 00-ын өрөөнөөс гарч ирэхэд эхнэр “Х агсам тавиад болохгүй байна. Цагдаа дуудаадахъя” гэж хэлээд дуудлага өгсөн. Нэг их удаагүй хоёр цагдаа ирэхэд Н.Х тэр хоёр цагдаад агсраад байсан. Тэгээд хоёр цагдаа аваад гарсан. Би Н.Хын биед хүрээгүй, гэмтэл учруулаагүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаагдахаас эхлээд үнэн зөвөөр мэдүүлсэн болно. Н.Х яагаад худлаа хэлээд байгааг, анхан шатны шүүх яагаад худал мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.С, Л.О нарын өмгөөлөгч Б.Пүрэвмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Л.Оын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай оролцож байсан. Энэ саналаа дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэж байна. Хохирогч Н.Хд биед учирсан гэмтэл нь ямар үйлчлэлээр үүссэн. Шүүгдэгч нар ямар үйлдлээр бүлэглэсэн болох нь тодорхой биш байхад гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд хуульд зааснаар хэргийг бүхэлд хянаж, шүүгдэгч Л.Оын үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Хд бид 2 харилцсан зодолдсон болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл нөхрийг маань гүтгэж энэ хэрэгт оролцуулж байгаад гомдолтой байна” гэв.

 

Хохирогч Н.Хын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч С.С, Л.О нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой үүрэгтэй оролцдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэрэв худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг. Иймд хохирогч Н.Х нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөн миний үйлчлүүлэгч энэ хэрэг учрал болсоны маргааш нь ажил дээрээ очоод цагдаад хандахын өмнө юу болсон талаар Оюунгэрэл гэх хүнд ярьсан байсан. Оюунгэрэл гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Сараа эгч намайг зодсон. Нөхөр нь гарыг минь барьж байгаад зодсон” гэх мэдүүлэг хавтас хэргийн 39-40 дүгээр талд авагдсан. Мөн гэрч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэмт хэргийн талаар мэдээлэл олж авсан анхны эх сурвалж нь тодорхой байх ёстой. Гэрч хохирогч нь мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй бол нотлох баримт болж чаддаггүй. Хэргийн нөхцөл байдлын талаар хэнээс, хаанаас дам байдлаар олж авсан талаар хэлж байгаа нь мэдүүлгийн эх сурвалжаа зааж байна. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлтээр С.С, Л.О нар миний үйлчлүүлэгчид хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн Н.Х нь Л.Отай ямар нэг таарамжгүй харилцаа байхгүй. Хэрэгт гүтгэх ямар ч шаардлага байхгүй. Харин ч өөрөөс нь уучлалт гуйх болов уу гэж харж зодуулсанаас хойш 3-5 хоног хүлээсэн. Гэтэл ямар нэг байдлаар уучлалт гуйгаагүй, зодуулсанаас болж нүүр ам нь хавдаж хөхөрсөн тул дарга нь чөлөө эгч эмнэлэгт үзүүл гэсэн. Л.О энэ гэмт хэрэгт буруутай болохыг анхан шатны шүүх үнэн зөв тогтоосон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нэг байна. Шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхнаасаа цагдаад мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Л.О ах хэргээ хүлээхгүй, эхнэртэйгээ нийлж зодсон хэрнээ цагаатгаж өгнө үү гэж байгаад гомдолтой байна. Одоо болтол надаас уучлалт гуйгаагүй” гэв.

 

Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангаллтай тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр шинжээчийн дүгнэлтээр хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч Л.О хохирогчийг эхлээд алгадсан дараа нь хохирогчийн дээр нь С.С гараад суухад гарын дарж өгсөн үйлдэл нь гэмт хэрэг санаатай нэгдэж бүлэглэсэн болохыг харуулж байна. Энэ үйлдлийн улмаас хохирогч биедээ хөнгөн хохирол авсан. 2 эмэгтэй хүн оролцсон бол аль алины биед нь гэмтэл үүсэх байсан. Л.Оын үйлдэл нэгэнт тогтоогдсон тул хэргийн талаар бодитой дүгнэлт хийсэн гэмт хэргийн нөхцөл байдал шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

 

Прокуророос С.С, Л.О нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Л.Оад холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Л.Оыг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг бүлэглэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Л.Оын хохирогч Н.Хын хоёр гарыг дээш барьж, хөдөлгөөнийг нь хорьсон гэх үйл баримт эргэлзээгүйгээр нотлоогүй байх тул түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилгыг тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдлээр тогтоох боломжтой.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

 

Хэрэгт авагдсан хохирогч Н.Хын “... Л.О намайг цохиж, зодсон асуудал байхгүй ...” /хх 30/, гэрч Г.Байгалийн “... жижиг өрөөнд цуг орж ирсэн эмэгтэй нь архи уумаар байна, архи гаргаж өг гээд том том дуугараад байсан. Тэр эмэгтэй нилээн согтсон харагдаж байсан. тэр эмэгтэй архи л нэхээд чанга чанга яриад агсраад байсан ...” /хх 42/, гэрч Т.Мын “... Х гэх эмэгтэй архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн их согтолттой зогсож байсан. Уг айлын эзэгтэй С гэх эмэгтэй, нөхрийн хамт байсан бөгөөд С нь “энэ Х гэх эмэгтэй манай гэрт ирж архи уучихаад согтоод явахгүй байна. ... “би эдний гэрт ирж архи уусан юм. Надад гэртээ харих унааны мөнгө байхгүй, би хаана очиж хонодог юм, эсхүл та нар намайг хүргэж өг” гээд цаг явсан жолооч цагдаа бид хоёр луу агсарч загнаад уурлаад байсан. ...Тэр Х гэх эмэгтэй өөрөө согтуурхаад үс нь сэгсийсэн орилоод агсраад байсан ...” /хх 38/, гэрч З.Оюунгэрэлийн “... Х архи уухаараа больё гэхгүй цаашаа нэмж ууя гээд л байдаг хүн байгаа юм. Архи уухаар эвгүй зан ааш гаргаад агсам тавих гээд байдаг юм” /хх 40/, Л.Оын гэрч болон яллагдагчаар өгсөн “... би Н.Хын биед огт гар хүрээгүй, харин Н.Х гэх эмэгтэй өөрөө архи ууж дууссаны дараа өөрөө дахиж уух гээд архи нэхээд агсам тавьсан. Н.Х нь ойлгохгүй агсраад архи ууя л даа гээд манай эхнэрийг алгадаад авсан. Би энэ үед босоод жорлон ороод байж байгаад ирсэн. Намайг гарсны дараа тэр хоёрын яасныг би огт хараагүй ...” /хх 36, 71-72/, С.Сгийн гэрч болон яллагдагчаар өгсөн “... манай нөхөр түүний биед огт хүрээгүй, бид хоёрыг анх маргалдахад босч ирээд “та хоёр болиочээ” гэж хэлчихээд 00-ын өрөө лүү орсон. Тэгээд түүнийг орж ирээгүй байхад бид хоёр ноцолдож, зодолдсон. Манай нөхөр огт оролцоогүй. Түүнийг цохиж гар хүрээгүй ...” /хх 33-34, 60-61/ зэрэг шүүгдэгч, гэрч нарын тогтвортой өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Л.Оын “эхнэр С.Стай бүлэглэж хохирогч Н.Хыг зодож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэх үйлдэл нь хөдөлбөргүйгээр тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Л.Оыг гэм буруутайд тооцохдоо зөвхөн хохирогч Н.Хын мэдүүлэг болон тухайн өдрийн үйл баримтыг харсан гэрч биш Н.Хын ярьсан зүйлийн талаар мэдүүлсэн дамжмал гэрч З.Оюунгэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг үндэслэл болгож түүний гэмт үйлдлийг хангалттай тогтоосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд хохирогч Н.Х нь шүүгдэгч С.С, Л.О нарын гэрт архидан согтуурч, орилж, хашгичин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж шүүгдэгч С.Стай харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байна. Харин шүүгдэгч Л.Оын эхнэр С.Стай бүлэглэж хохирогч Н.Хыг зодсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийдэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэжээ.

 

Иймд уг хэрэгт шүүгдэгч Л.Оын гэм буруутайг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул  дээр дурьдсан хуульд зааснаар гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн анхан шатны шүүхийн Л.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч С.Сгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 90 тоотод оршин суух өөрийн гэртээ 2020 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хувийн таарамжгүй байдлын улмаас Н.Хтай маргалдаж түүний эрүүл мэндэд толгой, хүзүү, нүүр, хэвлий, бугалган тус газруудад өшиглөх, цохих, үснээс зулгаах, зэрэг үйлдлүүдээр түүний биед хүзүү, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Хын “... С.С гараараа зангаад чичээд байхаар нь би гарыг нь зайлуулсан. Тэгэхэд “чи миний гарыг хойш нь түлхдэг хэн бэ” гээд намайг үсдэж аваад үснээс зулгаагаад, үсийг туг, тугаар нь унагаасан. Унасан хойно 2 гараараа цээж рүү нилээд хэдэн удаа цохисон. Хэвлий рүү өшиглөсөн. Би урдаас нь эсэргүүцээд гарыг нь түлхээд холдуулахад С эгч бүр уурлаад “наадхынхаа хоёр гарыг барьж бай” гээд нөхөртөө хэлсэн. С эгч миний дээр суугаад хацар, нүүр, дух, нүд рүү алгадаад байсан. Мөн үснээс минь зулгаасан ...” /хх 22-23/,

 

гэрч З.Оюунгэрэлийн “... Сараа эгч намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд миний нүд хөхөрсөн гээд нүдээ харуулсан. Х нүүрэндээ крем түрхээд будсан байсан бөгөөд баруун нүднийх нь доогуур бүдэгхэн хөхөрсөн харагдсан. Хүн сайн анзаарч харвал хөхөрсөн нь харагдаж байсан ...” /хх 39-40/,

 

С.Сгийн яллагдагчаар өгсөн “... Би Н.Хтай харилцан зодолдсон, ... би унтах гээд хэвтэж байтал намайг алгадаад бос гэж хэлсэн. Тэгээд би босоод “чи яахаараа намайг алгаддаг юм” гээд зодоон эхэлсэн. Х намайг алгадахаар нь би босоод алгадсан. Тэгтэл намайг жийж унагаад тэгээд бид хоёр харилцан зодолдсон ...  /хх 63-64/ мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 11224 дугаартай “Н.Хын биед хүзүү, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” дүгнэлт, хохирогчоос гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 75-78/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч С.Сгийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Оад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан прокуророос шүүгдэгч С.С, Л.О нарын үйлдлийг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх шинжтэйгээр зүйлчилж ирүүлснийг өөрчилж шүүгдэгч С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч С.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Давж шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаатай холбогдуулан шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Иймд шүүгдэгч Л.Оын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 4ий өдрийн 2021/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Оад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 5 дахь заалтын Л.Оад холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосугай

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Сартуул овгийн Самбуугийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

-тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Л.Оын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                         Б.БАТЗОРИГ