| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/05458/И |
| Дугаар | 101/ШШ2022/00727 |
| Огноо | 2022-02-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2022/00727
| 2022 02 18 | 101/ШШ2022/00727 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Т-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 31,656,291.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банктай тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.Тнь зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн болвч төлөөгүй 979 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргэгт зээл 21,070,251.03 төгрөг, үндсэн хүү 10,195,795.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 390,244.57 төгрөг, нийт 31,656,291.16 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-т заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд зээлдэгч Б.Т-ээс 31,656,291.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нотлох баримт: Г б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын тушаал, зээл болон барьцааны гэрээ 2018.11.30 №, хүү тооцооллын хүснэгт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2020.08.21 №, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2020.12.02 №.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Б.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,656,291.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан, мөн хэргийн материалтай танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Т-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г б ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ (хх-4).
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Б.Т-тэй 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дүгээр зээлийн гэрээ байгуулж, 22,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ (хх-6-8).
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 22,000,000 төгрөгийг шилжүүлсэн буюу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь хүү тооцооллын баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 21,070,251.03 төгрөг, зээлийн хүү 10,195,795.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 390,244.57 төгрөг, нийт 31,656,291.16 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба зээлийн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөлтийн хуваарь ёсоор хариуцагч сар бүр 348,500 төгрөг, сүүлийн сард 317,620.83 төгрөгийг тус тус 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээжээ.
Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр нийт 348,500 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01, 07-ны өдөр нийт 348,517.25 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 147,798.11 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01, 16-ны өдөр нийт 556,483 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлснөөс зээлд 929,748.97 төгрөг, зээлийн хүүнд 970,946.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 603.09 төгрөг тус тус тооцжээ (хх-9).
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор тус тус заасан ба зохигчид зээлийн гэрээнд жилийн 18 хувийн хүү, мөн эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэстэй.
Түүнчлэн хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй байх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч нь дээрх тооцоогоор хариуцагчаас зээлийн үлдэгдэл 21,070,251.03 төгрөг, зээлийн хүү 10,195,795.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 390,244.57 төгрөг, нийт 31,656,291.16 төгрөг шаардсаныг хангах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-ээс 31,656,291.16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тээс 316,232 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА