Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/01004

 

 

 

 

 

 

 

 

2022 03 04 101/ШШ2022/01004

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Н,

 

Хариуцагч: Т.М нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцлаж, 17,127,283.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Ц.Н, Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Ц.Н, Т.М нар нь Х б-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  тоот зээлийн гэрээ байгуулан 21,000,000 төгрөгийг 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар зээлсэн. Банк нь мөн өдөр 21,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.Нын Х б дахь дансанд шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээл 5,451,218.56 төгрөг, зээлийн хүү 7,432,781.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,251.22 төгрөг төлсөн. Зээлдэгчийн хүсэлтээр 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж зээлийг хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 сарын хугацаагаар сунгаж, гэрээнд заасан зээлийн дансны дугаарыг 1280039771 тоот болгон өөрчилсөн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлбөр төлөлгүй нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 190 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Х б нь удаа дараа зээлээ төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, хариуцагч нараас зээл 15,548,781.44 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх хүү 1,561,409.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,092.40 төгрөг, нийт 17,127,283.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Н шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би эхнэр Т.Мын хамт Налайх дүүргийн Х бны салбараас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Тус банкны хүү нь бусад банкаас хэт өндөр, сарын төлөлт өндөр байсан учраас цалингаас цалингийн хооронд амьдарч чадахгүй болсон тул Орхон аймагт очиж байр түрээслэн сүлжээ дэлгүүр ажиллуулж байсан боловч ковид өвчин гарч хөл хорионд орох, өөрөө ковид тусах зэргээр дэлгүүрээ ажиллуулж чадахгүй зээлээ төлөх боломжгүйд хүрсэн. Энэ хугацаанд Т.М бид 2 гэрлэлтээ цуцлуулж би өөрийн өмч хөрөнгийг эхнэр хүүхдэдээ үлдээсэн. Банкны зээлээр хашаа байшин барьсан. Харин өөрийн хөрөнгөөс приус 20 маркийн автомашин, 5 ханатай гэр авч бусдад худалдаж зээлээ төлнө гэж бодож байтал Т.М нь миний машиныг бусдад зарж өөртөө машин авсан байсан. Би одоогоор ажилгүй, хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болохоор Т.М ажил эрхэлж байгаа хүний хувьд энэ зээлийг хамтарч төлөх байх гэж бодож байна. Банкнаас авсан зээлээс үндсэн зээлд 5,751,218 төгрөг, зээлийн хүүнд 7,432,871 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,251 төгрөг, нийт 12,891,340 төгрөг төлсөн байна. Одоо Х б наас зээл 15,548,781 төгрөг, хүү 1,561,409 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,092.40 төгрөг, нийт 17,127,283 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Тухайлбал, арилжааны банкууд сард 1.1, 1.2 хувийн хүү тооцож байхад Х б 1.7 хувийн хүү тооцсон нь хэт өндөр байна. Иргэний хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэх ёсгүй, гэтэл хууль зөрчин үндэслэлгүйгээр нэхэмжилсэн байна. Засгийн газрын тогтоолын дагуу ковид гарсантай холбогдуулан Улсын Их Хуралын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 32 тоот тогтоолоор мөнгө хүүлэлтийг зогсоох арга хэмжээ авч, Монголбанкнаас 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эргэн төлөлт нь хүндэрсэн хэрэглээний зээлийн төлөх хугацааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Тэгэхээр энэ хугацаанд төлүүлэхээр тооцсон зээл, түүний нэмэгдүүлсэн хүүг хасуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Банкны хүү хэт өндөр учраас үндсэн зээлд 5,751,218 төгрөг, зээлийн хүүнд 7,432,871 төгрөг төлсөн байгаа юм. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний дүнгээс багасгаж шийдвэрлүүлэх хүсэлттэй гэв.

 

Хариуцагч Т.М шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие нөхөр Ц.Н-ын хамтран үүрэг гүйцэтгэгчээр 2018 онд Налайх дахь Х б-ны салбараас цалингийн зээл авсан. Мөн би үндсэн зээлдэгчээр, нөхөр Ц.Н хамтран үүрэг гүйцэтгэгчээр 2018 онд Хонхор дахь Хаан банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авсан, энэ зээлээ өрхийн амьжиргаанд буюу байшин барихад зарцуулсан. Бид 2019 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаад 2021 оны 08 дугаар сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд тухайн үед Ц.Н-ыг ажил орлогогүй байгаа юм байна, цаашид ажил хийж зээлээ төлөх явцад нь саад болохгүй, эд материал, мөнгөн тусламж хүсч санхүүгийн дарамт нэмэхгүй байя гэж бодож хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байснаа цуцалж, 3 хүүхдийн асрамжийг өөр дээрээ авсан. Одоо миний бие ерөнхий боловсролын 88 дугаар сургуульд багшаар ажиллаж байгаа хэдий ч цалин хүрэлцдэггүй, Хаан банкны зээл болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж байгаа. Мөн бие давхар бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр жирэмсний амралтаа авч байгаа тул 1-2 жилийн хугацаанд ажил орлогогүй болж байгаагаас Х бны зээлийг төлөх боломжгүй байдалд хүрээд байна. Ц.Н нь хүүхдийн тэтгэмж төлдөггүй, бид 4-т хэрэглээний мөнгө өгдөггүй, хөдөлмөр эрхлэх насан дээрээ байгаа учир Х бны өр зээлийг ганцаараа хариуцаад явах чадвартай гэж бодож байна. Иймд миний энэхүү байдлыг харгалзан үзнэ үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1280031954 дүгээр зээлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, хариуцагч Ц.Н-ын харилцах дансны хуулга, зээлийн дансны хуулга, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудас.

 

Хариуцагч Т.М-ын нотлох баримт: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хаан банкны зээлийн дансны хуулга, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ББТ санхүүгийн нэгдэл ХХК-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, М.Чингүүн, Н.Энгүүн, Н.Нандин-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээ, ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн тодорхойлолт.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х б ХХК нь хариуцагч Ц.Н, Т.М нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, 17,127,283.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Х б ХХК арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ (хх-8).

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 21,000,000 төгрөгийг 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ (хх-12-14). Мөн талууд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл сунгажээ (хх-10-11).

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан талаар шүүхэд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 21,000,000 төгрөгийг шилжүүлж, мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь талуудын тайлбар, хариуцагч Ц.Нын харилцах дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй (хх-17).

 

Хариуцагч нарын тайлбараас үзэхэд Ц.Н, Т.М нар гэр бүлийн харилцаатай байхдаа тус зээлийг авч өрхийн хэрэгцээнд зарцуулсан байх ба хариуцагч Ц.Н нь зээлийн төлбөрийг хариуцагч Т.М-той тэнцүү хувааж төлөх, хариуцагч Т.М нь гэрлэлт цуцлуулахад 3 хүүхдийн асрамжийг өөртөө авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулаагүй гэх үндэслэлээр хариуцагч Ц.Н дангаараа төлөх боломжтой гэж тус тус тайлбарласан.

 

Зээлдэгч Ц.Н, хамтран зээлдэгч Т.М нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч тус бүрд зээл олгогдоогүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж шаардаагүй, хариуцагч нарын хооронд үүссэн гэр бүлийн харилцаа нь зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй учир зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн хэн нэгэнд, эсхүл тэнцүү хувааж хариуцуулах үндэслэлгүй болно. Иймээс энэ талаар гаргаж буй хариуцагч нарын татгалзлыг үндэстэй гэж үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 15,548,781.44 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаарх хүү 1,561,409.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,092.40 төгрөг, нийт 17,127,283.02 төгрөг гаргуулахаар шаардсан (хх-9).

 

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн ба хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч нар зээлд 5,451,218.56 төгрөг, зээлийн хүүнд 7,432,781.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,251.22 төгрөг тус тус төлж, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна (хх-18,19).

 

Дээрх төлбөр тооцоо, зээлийн тооцооллыг хариуцагч шүүхэд маргаагүй.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт 365 хоногт 16.8 хувийн хүүтэй, 4.1 дэх хэсэгт зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасан.

 

Хариуцагч Ц.Нын зүгээс нэхэмжлэгчийг хэт өндөр хүү тооцсон, нэмэгдүүлсэн хүү хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан ба талууд зээлийн гэрээндээ дээр дурдсан байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчөөгүй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардсан нь үндэстэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудсаас үзэхэд хугацаа хэтэрсэн дүн болох 2,034,650.32 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхийг хариуцагч Ц.Нт мэдэгдсэн байх боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.

 

Хариуцагч Ц.Н нь ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүйгээс шалтгаалан зээлээ төлж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь үүссэн нөхцөл байдлын хувьд нийтэд илэрхий хэдий ч тухайн нөхцөл байдлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгчид хандсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг дэх төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтад талуудын зээлийн гэрээ хамаараагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь дээрх тооцоогоор хариуцагчаас зээлийн үлдэгдэл 15,548,781.44 төгрөг, зээлийн хүү 1,561,409.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,092.40 төгрөг, нийт 17,127,283.02 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэстэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 243,586.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 243,586.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.Н, Т.М нараас 17,127,283.02 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,586.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н, Т.М нараас 243,586.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА