| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0088/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
2025 03 12 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Ж.Мөнхзул,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 2434000000511 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Т.Тын уул 1 дүгээр, 1-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Т.Т1 дүгээр багийн 1-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Эыг 2023 оны 12 дугаар сарын 29-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ янхан, банзал гэх мэтээр доромжилж, нэг удаа баруун гараараа толгой хэсэгт нь цохисон,
-2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой мөн согтуугаар хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан зодсон
-2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгч нарын ажлын өрөөнд хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.Т сумын төвийн нийтийн шар байранд хоолой боож ална гэж айлган сүрдүүлж, байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь Т.Т1 дүгээр багийн 1-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Эыг 2023 оны 12 дугаар сарын 29-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ янхан, банзал гэх мэтээр доромжилж, нэг удаа баруун гараараа толгой хэсэгт нь цохисон,
-2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой мөн согтуугаар хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан зодсон
-2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгч нарын ажлын өрөөнд хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.Т сумын төвийн нийтийн шар байранд хоолой боож ална гэж айлган сүрдүүлж, байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч О.Э “...Би Төв аймгийн Аргалант сумын төвд байх нийтийн шар байрны нэг өрөөнд нөхөр Б.Б болон охин 13 настай Б.А, 10 настай охин н.А, хүү 7 настай н.Б, охин 5 настай н.Анжила нарын хамт амьдардаг юм 2024 оны 11 дүгээр сарын 11-ны орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд Б.Б гэртээ н.Түүдэй гэх хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд Б.Б н.Түүдэй нар хамт гараад явсан. Удалгүй оройн 23 цагийн орчим Б.Б их согтуу орж ирээд хүү н.Быг би авч явна гээд байсан. Би харанхуй шөнө жоохон хүүхэд хааш нь авч явах гээд байгаа юм гээд уурлатал би тэгүүл чамайг ална гээд Б.Б миний хоолойг боож орон дээр дарж унагасан. Тэр үед манай том охин н.Маралжингоо хотоос ирсэн байсан тул Б.Бг салгасан. Тэгтэл Б.Б хутгалаж ална гээд хоолны шүүгээний хавиар хутга хаана байна гээд хутга хайгаад байсан. Тэр үед н.Маралжингоо Б.Бг хойш нь татаж орон дээр суулгасан. Тэгтэл манай дунд охин гарч гүйгээд цагдаа дуудаад ирсэн байсан. Цагдаа ирээд Б.Бг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,
-Гэрч Б.Агийн “...Би ээж, аав болон дүү нарын хамт Төв аймгийн Аргалант сум Аргалын 1 дүгээр баг сумын төвийн оранж шар байранд амьдардаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цагийн орчим ээж, дүү, миний эгч Б.М бид нар гэртээ байж байж байтал миний аав Б.Б гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд ээж чи байнга архи уух юм архиа уугаад явахгүй яах гэж ирж байгаа юм гэтэл аав чи намайг хөөдөг хэн вэ, би тэгвэл хүүгээ авч явна гээд манай эрэгтэй дүү Б.Быг авч явах гээд байсан. Ээж харанхуй шөнө хүүхэд хааш нь авч явах гээд байгаа юм гээд аавыг Б.Бт ойртуулаагүй. Аав тэгвэл би чамайг боож ална гээд ээжийн хоолойг цамцных нь захаар боож орон дээр дарсан. Б.М эгч бид хоёр нийлж байгаад аавыг ээжээс салгатал аав ээжийг хутгалж ална гэж орилоод шүүгээ онгойлгож хутга хайж эхлэхээр нь би айгаад гэрээсээ гарч гүйгээд цагдаа дээр ирж, гэртээ цагдаа дагуулж очсон ийм л зүйл болсон хэлээд...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,
-Гэрч Г.Дгийн “...Би нөхөр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Аргалант сумын сумын төвийн оранж шар өнгийн нийтийн байранд 2024 оны 08 дугаар сараас хойш амьдарч байгаа. Б.Б, О.Э нар нь хүүхдүүдийн хамт манай байранд амьдардаг. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим намайг гэртээ хүүхдүүдийн хамт байж байхад Б.Б ах гэртээ согтуу ирсэн бололтой хэрэлдээд байсан. Тэгээд жоохон байж байгаад Б.Б ах байрны коридорт гарч ирээд орилж хашигирч юм шидлээд байсан. Мөн хүүхдүүд нь орилолдож уйлалдаад байсан. Би энэ талаар өөрийн нөхөр н.Наранхүүд утсаар нь хэлтэл н.Наранхүү цагдаад хэлнэ гэж байсан, удалгүй цагдаа ирээд Б.Б ахыг аваад явсан. Тэрнээс Б.Б ахыг Энхзул эгчийг зодож байхыг хараагүй гичийг ална гээд орилоод байсан өөр зүйл мэдэхгүй..., Миний мэдэхээр нилээд хэдэн удаа болж байгаа 7 хоногт бараг нэг удаа архи ууж хоорондоо маргалдаж Б.Б нь агсан тавьдаг..., Би нүдээр хараагүй гэхдээ бие биенээ зодож цохиж байгаа чимээ гарч чи намайг цохилоо алгадлаа гэх зэргээр хоорондоо хэрүүл хийж тас няс гээд бие биенээ алгадаж байгаа чимээ гэрээс нь сонсогддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
-Гэрч Н.Хын “...Би Төв аймгийн Аргалант сумын Соёлын төвд бүжгийн багшаар 2024 оны 05 дугаар сард ажилд ороод сумын төвийн оранж шар өнгийн нийтийн байранд Б.Б, О.Э нарын залгаа өрөөнд амьдраад 6 сар болж байгаа. Миний амьдарч байгаа өрөө болон Б.Б ахын амьдарч байгаа өрөөний дунд хана нимгэн тул хүмүүсийн хоорондоо ярьж байгаа яриа тод сонсогддог юм. 2024 оны 11 дүгээр сарын 11-ны орой 23 цагийн орчим намайг гэртээ ороод байж байтал Б.Б ах гаднаас гэртээ согтуу ирсэн бололтой О.Э эгч чи архи уучихсан юм уу, архи уучхаад битгий ирж бай гэж хэлдэг биздээ явж архиа угаач гээд Б.Б ах чи намайг хөөдөг хэн вэ чи өөрөө зайл гэж хэрэлдэж эхэлсэн. Тэгээд Б.Б ах тэгүүл би хүүгээ авч явна гээд хүүхдэдээ хандаж хувцсаа өмс гэтэл нөгөөдөх нь би тантай явахгүй гэсэн. Тэгээд Б.Б ах О.Э эгчийг янхан гичий гээд хоорондоо хэрэлдэж байгаад О.Э эгчийн дуу 2 минут орчим гарахаа болиод хүүхдүүд нь орилж уйлаад байсан. Би яасан юм бол гээд гэр лүү орохоор гэрээсээ гараад явж байтал урдаас дунд охин нь уйлчихсан гарч ирээд надтай зөрөөд цагдаа дуудна гээд явсан. Том охин болон бага охин нь нийтийн байрны коридорт уйлаад зогсож байсан. Тэр үед Б.Б ах гэртээ О.Э эгчийг би чамайг хутгалж ална гээд шүүгээ саваа онгичоод байх шиг байсан. Мөн О.Э эгчийн дуу нь гарч хэрэлдэж эхлэхээр нь би Б.Бг ахыг хутга барчихсан байгаа юм байна гэж бодоод гэрт нь оролгүй гадаа үүдэнд байсан бага охиныг гэртээ оруулсан. Дунд охин нь удалгүй цагдаа аваад ирсэн..., Миний мэдэхээр 6 дахь удаагаа болж байгаа санагдаж байна сард нэг удаа согтуу ирж хэрүүл маргаан хийдэг..., Би нүдээр хараагүй гэхдээ бие биенээ зодож, цохиж байгаа чимээ гараад намайг цохилоо алгадлаа гэх зэргээр хоорондоо хэрүүл хийж тас няс гээд бие биенээ алгадаж байгаа чимээ хааяа сонсогддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
-Гэрч Б.Мгийн “...Би хойд аав Б.Б, ээж О.Э болон дүү нарын хамт 2024 оны 10 сараас хойш Төв аймгийн Аргалант сумын төвийн оранж шар өнгийн нийтийн байранд амьдарч байгаа. Өмнө нь Улаанбаатар хотод байдаг ээжийн аав болох н.Баатар гэх өвөөгийндөө өвөө эмээ нарын хамт амьдарч байсан. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим миний хойд эцэг болох Б.Б нь оранж шар өнгийн нийтийн байранд байх гэртээ н.Түүдээ гэх нутгийн ахтай архи ууж байгаад гараад явсан. Тэр үед ээж болон манай дүү нар гэртээ ирээгүй байсан аавыг гараад явсны дараа ээж болон дүү нар ирсэн. Тэгээд бид нар хоол ундаа хийж идээд унтах гээд байж байтал орой 23 цагийн орчим аав их согтуу орж ирээд ээжийг янхан гичий гэж харааж зүхэж агсан тавьж эхэлсэн. Тэгээд ээжийн өмсөж байсан хувцасны захнаас заамдаад орон дээр дарж унагасан ээж тавиач чи гээд аавыг нэг удаа алгадсан. Тэр үед дүү н.А бид хоёр нийлж байгаад аавыг ээжээс салгаж авсан. Аав жоохон байж байснаа ээжийг дахиж заамдаж аваад хоолойг шахсан. Тэр үед н.А бид хоёр аавыг ээжээс дахиж салгасан. Тэр үед ээжийн хүзүү хоолойн хэсэг газарт цамцныхаа заханд үрэгдэж улайсан байсан. Аав тэгтэл ээжийг бүлээд алчихъя гээд хутга хийдэг шүүгээг онгичиж хутга хайж эхлэхээр нь би болиоч гээд аавын хойноос нь татаж орон дээр суулгасан. Тэр үед н.А айсандаа гарч гүйгээд цагдаа дуудаж ирээд дуудлагаар ирсэн. Цагдаа аавыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
-Гэрч Б.Бгийн сэжигтнээр өгсөн “...Би Т.Т сумын төвийн нийтийн шар байранд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний орой би н.Түүдээ гэх ахын хамт гэртээ 2 шил архи уусан архиа уугаад дуусаж байх үед О.Э хүүхдүүдийн хамт ирсэн. н.Түүдээ ах манайхаас гэртээ харихаар гараад явсан. Тэр өдөр сумын ахмадын хүлээн авалт болж соёлын төвд нийтийн бүжиг болж байсан. Би О.Эыг хамт бүжигэнд орьё гэтэл үгүй гээд намайг архи уусан байна гээд уурлаад яваагүй. Би ганцаар бүжигэнд ороод байж байгаад цаг нилээн орой 23 цагийн орчим санагдаж байна гэртээ ороход О.Э болон охин н.Маралжингоо, н.А, н.А, н.А, хүү н.Б нар байсан. Би О.Эд чи надтай цуг явчихаар яагаад байгаа юм ажлынхантайгаа болохоор яваад байдаг юм байна лээ гэж хэлтэл О.Э чамд хамаагүй гээд бид хоёр хэрэлдэж маргалдтал О.Э намайг цагдаа дуудаж бариулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
-Аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 тал/,
-Зөрчлийн талаарх лавлагаа /хх-ийн 30-35 тал/,
-Илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40 тал/,
-2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №2024/ЗШ/681 дугаартай Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх-ийн 43-46 тал/,
2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №2024/ЗШ/123 дугаартай Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх-ийн 47-49 тал/,
-Шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь Т.Т1 дүгээр багийн 1-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Эыг 2023 оны 12 дугаар сарын 29-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ янхан, банзал гэх мэтээр доромжилж, нэг удаа баруун гараараа толгой хэсэгт нь цохисон,
-2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой мөн согтуугаар хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан зодсон
-2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгч нарын ажлын өрөөнд хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.Т сумын төвийн нийтийн шар байранд хоолой боож ална гэж айлган сүрдүүлж, байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, тус тус заасан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
“Байнга зодсон” гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Этай албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч 2011 оноос хамтран амьдарч дундаасаа дөрвөн хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.
Шүүгдэгч Б.Б нь хамтран амьдрагч О.Эыг 2023 оны 12 дугаар сарын 29, 2024 оны 01 дүгээр сарын 19, 2024 оны 05 дугаар сарын 29, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд хэрүүл маргаан үүсгэн агсам тавьж хохирогчийн хоолойг боож унагаах, толгой, нүүр, нуруу руу нь гараараа цохих, өшиглөх, үсдэх зэргээр зэргээр биед нь халдан байнга зодсон идэвхтэй үйлдэл хийжээ. Түүнчлэн хохирогч О.Эыг бусадтай хардаж, цээртэй үгээр харааж, хутгалж ална гэж сүрдүүлэх зэргээр харгис хэрцгий харьцсан, догшин авирласан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь халдлагад өртөгч /хохирогч/-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Иймд шүүгдэгч Б.Б нь хамтран амьдрагч О.Эыг 3 ба түүнээс дээш удаа зодсон, бусадтай хардаж, цээртэй үгээр харааж, хутгалж алга гэж айлган сүрдүүлэх зэргээр харгис хэрцгий харьцсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагч Ж.Мөнхзул нь: “Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Хохирогч О.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлсэн эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт хавсаргаагүй, мөн шүүх хуралдааны товыг хохирогч О.Эд мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бгээс гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн 2434000000292 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Бг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг шүүхээс тогтоосон Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2434000000511 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА