| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 17/2025/0094/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/104 |
| Огноо | 2025-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/104
2025 03 14 2025/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Э.Уянга,
Шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З.Мд холбогдох эрүүгийн 2534000000047 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
-Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан саруул, хэрэг хариуцах чадвартай гэх З.М /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.М нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр З.М нутагт байх иргэн Р.Н гэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.А толгойн тус газарт нь хусуураар цохиж, зодон түүний эрүүл мэндэд “дагз, баруун, зүүн зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч З.М нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч З.М нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч З.М нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр З.М нутагт байх иргэн Р.Н гэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.А толгойн тус газарт нь хусуураар цохиж, зодон түүний эрүүл мэндэд “дагз, баруун, зүүн зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 тал/,
-Хохирогч Л.А мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/,
-Гэрч Н.Б мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
-Гэрч Р.Н мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
-Гэрч Б.Н мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
-Гэрч Н.Я мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48 тал/,
-Шүүгдэгч З.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч З.М нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 101 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 103 тал/-ыг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 27 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 110-111 тал/ 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч З.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч З.Мд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.
Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч З.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Л.Алтанжингийн биед “дагз, баруун, зүүн зулайн хуйханд шарх” бүхий” хөнгөн хохирол учирчээ.
Шүүгдэгч З.М нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Алтанжингийн эмчилгээний зардалд 150.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 312.500 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч З.Мэс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2534000000047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 ширхэг модон хусуурыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М шүүхээс тогтоосон Төв аймаг, Заамар сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч З.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2534000000047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 ширхэг модон хусуурыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч З.М нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА