Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/01059

 

 

 

 

 

 

 

 

2022 03 09

101/ШШ2022/01059

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.М-д холбогдох,

 

930,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани нь Т.М-тай 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зайрмагны хөлдөөгч ашиглуулах гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр AUCMA-SD-328 маркийн 780,000 төгрөгийн үнэ бүхий 201506059 дугаар зайрмагны хөлдөөгч, дагалдах 3 ширхэг нэг бүрийн үнэ 50,000 төгрөгийн сагсыг тус тус хүлээлгэн өгч, зайрмагны хөлдөөгч хүлээлцсэн актаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дуусахад уг дэлгүүр нь хэвийн ажиллагаа бүхий хөлдөөгчийг дагалдах хэрэгслийн хамт манай компанид хүлээлгэж өгөх байсан. Гэтэл уг гэрээнд гарын үсэг зурж хөлдөөгчийг дагалдах хэрэгслийн хамт хүлээн авсанТ.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагчТ.М-гаас хөлдөөгч, сагсны үнэ 930,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

  

Хариуцагч Т.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ...Т.М нь Г ХХК-ийн хөлдөөгчийг ашиглаж байх хугацаанд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа 2017 оноос хойш доголдож, захиалга хийх боломжгүй болсноос уг компанийн борлуулагч нь удаа дараа хөлдөөгчөө буцааж авна гэж байгаад ачиж авч явсан болно. Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Гэрээнд Миндуг ХХК-ийн Арвин дэлгүүр, лангуу түрээслэгч гэж тусгасан атлаа иргэнТ.Мгаас нэхэмжилсэн байна. Миндуг ХХК бол гэр бүлийн компани буюу аавын нэр дээр байдаг компани юм. Мөн энэ гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байхад 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нэг ч удаа шаардаж байгаагүй, дэлгүүр бидний амьдардаг хашаанд байрладаг болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримт: Зайрмагны хөлдөөгч ашиглуулах гэрээ, зайрмагны хөлдөөгч хүлээлцсэн акт.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагчТ.Мд холбогдуулан 930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зайрмагны хөлдөөгч ашиглуулах гэрээ-г бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь AUCMA-SD-328 маркийн 780,000 төгрөгийн үнэтэй 201506059 дугаар бүхий зайрмагны хөлдөөгчийг хариуцагчид ашиглуулахаар харилцан тохиролцжээ (хх-5).

 

Мөн өдөр талууд зайрмагны хөлдөөгч хүлээлцсэн акт үйлдсэн байна (хх-6).

 

Гэрээнд хөлдөөгч хүлээн авч ашиглах талыг Миндуг ХХК-ийн Арвин дэлгүүр, лангуу түрээслэгч гэж тодорхойлсон байх ба үүгээр дэлгүүрийн байршлыг тодорхойлж тусгасан гэж нэхэмжлэгч тайлбарласан.

 

Хариуцагч нь тухайн дэлгүүрт ажиллаж байхдаа гэрээнд гарын үсэг зурж, хөлдөөгчийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй ба Миндуг ХХК аавын нэр дээр байдаг гэр бүлийн компани гэх тайлбар гаргасан хэдий ч энэ талаар, мөн дэлгүүртэй холбоотой ямар нэгэн баримт шүүхэд гаргаагүй.

 

Дээрх тайлбар болон хэргийн баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчээс Миндуг ХХК-тай гэрээ байгуулж, эрх, үүргийн харилцаа үүссэн гэх байдал тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагчТ.М нарыг хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн байна гэж дүгнэв.

 

Гэрээний 1.2-т Б тал гагцхүү А талын үйлдвэрлэсэн Батос нэрийн зайрмаг худалдан борлуулахаар тусгай үүрэг хүлээсэн, 2.1-д А тал дараах үүрэг хүлээнэ: 2.1.1.Б талд гэрээнд заасан А талын үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хадгалах зориулалт бүхий хөлдөөгчийг шилжүүлэх, мөн зайрмагны хөлдөөгч хүлээлцсэн актын 1.1-д Хөлдөөгчийг зөвхөн зайрмаг хадгалах зориулалтаар ашиглах ёстой бөгөөд хөлдөөгчинд зөвхөн А тал буюу Г ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хийж борлуулах үүрэгтэй гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зайрмагийн цех, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэл тусгагджээ. 

 

Дээрх нөхцөлүүдээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн үйлдвэрлэсэн Батос нэрийн зайрмагийг хариуцагчаар худалдуулах, үүнтэй холбоотойгоор зайрмагийг хадгалахад зориулан хариуцагчийн эзэмшилд хөлдөөгч шилжүүлсэн байх ба уг харилцаа нь өөрийн нэрийн өмнөөс бусдын зардлаар бусдын бараа борлуулах комиссын гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Зохигчид хоорондоо зайрмаг шилжүүлсэн, төлбөр тооцоо хийсэн, мөн уг гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар шүүхэд шаардлага гаргаж мэтгэлцээгүй.

 

Харин нэхэмжлэгч нь зайрмаг хадгалж байсан хөлдөөгч, түүнд дагалдах 3 сагсыг хариуцагч буцааж өгөөгүй гэж маргаж байна.

  

Талуудын гэрээний 1.3, 2.2.5, 3.2-д зааснаар гэрээний хугацаа дууссан, эсхүл гэрээ цуцлагдсан тохиолдолд Б тал буюу хариуцагч нь хөлдөөгчийг ашиглалтын үед гарсан хэвийн элэгдлийг харгалзан анх авсан байдлаар А тал буюу нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг хүлээсэн байх ба Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэлд хариуцагчийг дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хөлдөөгч ашиглуулах гэрээ, хөлдөөгч хүлээлцсэн актад тусгагдсан хөлдөөгчийн үнэ 780,000 төгрөг, 3 ширхэг сагсны нийт үнэ 150,000 төгрөг, бүгд 930,000 төгрөг нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, гэрээний 3.2-т ... Б тал хөлдөөгчийг ... шилжүүлж өгөх үүргээ зөрчвөл гэмтсэн, дутсан, эвдэрсэн хохирлыг А тал ... нэхэмжилж учирсан хохирлоо нөхөн төлүүлнэ гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол төлөхийг хариуцагчаас шаарджээ.

 

Хариуцагч нь ... хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа 2017 оноос хойш доголдож захиалга хийх боломжгүй болсноос уг компанийн борлуулагч нь удаа дараа хөлдөөгчөө буцааж авна гэж байгаад ачиж авч явсан гэж тайлбарлаж байх ч уг тайлбартай холбоотой нотлох баримт шүүхэд гаргаагүй.

 

Нөгөө талаас гэрээний 4.1.d.4.5-д Б талын шилжилт хөдөлгөөн болон зайрмагны хөлдөөгчний бүрэн бүтэн байдлыг борлуулалтын менежер бүрэн хяналт тавина гэж заасны дагуу хөлдөөгчийн бүрэн бүтэн байдалд нэхэмжлэгч хэрхэн хяналт тавьсан нь тодорхой бус, сүүлийн байдлаар ямар тоо хэмжээ бүхий зайрмаг хүлээлгэн өгсөн, хариуцагч холбогдох төлбөр тооцоог хэрхэн хийсэн талаар тодорхой тайлбар гаргаагүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн дээрх татгалзлыг үгүйсгэсэн тайлбар шүүхэд гаргаагүй.

 

Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан.

 

Талуудын гэрээний 4.1-д зааснаар гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх энэ үеэс буюу 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үүссэн байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан бөгөөд ийм нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд хариуцагч руу удаа дараа утсаар ярьж шаардаж байсан гэж тайлбарласан ч энэ талаар баримт хэрэг авагдаагүй.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

 

Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсний үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан.

 

Иймд шүүх хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэж үзэж, хариуцагчаас 930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчТ.Мгаас 930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА