Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/361

 

     2021             4              8                                         2021/ДШМ/0361                               

 

     Э.От холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр, шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн гаргасан давж заалдах гомдлоор Э.От холбогдох эрүүгийн 2003004640409 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Э-ын О,

            Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.

            Шүүгдэгч Э.О нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин захын хойд талын замын автобусны буудлын орчимд Тоёота Приус-20 загварын 32-01 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч М.Оыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон, улмаар хэргийн газрыг зориуд санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шархалзан овгийн Энхбаярын От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэлийг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Э.Оыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногт шилжүүлэн тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Ооос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Оын 813706 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.От холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгийн 4.1-д заасан гэмт хэрэг нь юуны өмнө жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой нэг заалтыг зөрчсөний улмаас осол гарч хүний амь нас эрсэдсэн байхыг, мөн ийнхүү хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчихдөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурсан үедээ зөрчиж хүний амь нас хохироосон шинжтэй байхаар хуульчлагдсан байна. Э.От холбогдох эрүүгийн хэрэгт замын хөдөлгөөнд оролцогч жолооч Э.О болон явган зорчигч хохирогч М.О нарын хэн нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан талаар мөрдөгч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 177 тоот магадлагааг гаргасан.

Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь Э.Оыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын А буюу “Жолооч дараах зүйлийн хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа .../ ...хэрэглэсэн .../ ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон оролцсоноос үүдэн осол гарсан гэж үзсэн бөгөөд ийнхүү дүгнэлт гаргах болсон үндэслэл нь осол гарсан өдрийн орой 17 цагийн орчим Э.О нь найзуудын хамт архи уусан гэх гэрчүүдийн мэдүүлэг байдаг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж, аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл, тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн хэм хэмжээний актад заасан заалтууд зөрчсөн гэж үзсэн.

Магадлагааг харвал Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын А буюу согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон заалтыг зөрчсөн нь зам тээврийн гэмт хэрэг гарах үндэслэл болсон гэж үзсэн бол Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь заалтын А, Б, Г-д заасан заалтууд нь ослын дараа жолоочийн хүлээх үүрэгтэй холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гарахад зөрчигдсөн хэм хэмжээний заалтууд байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс Э.От холбогдох эрүүгийн хэрэгт түүнийг буруутгаж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын А буюу “... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа .../... хэрэглэсэн .../... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан гэж буруутгах боломжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгуулах байр суурьтай оролцсон.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурорын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч Э.О нь зөвхөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын А буюу “согтуугаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон” заалт зөрчсөн гэж үзэж байгаа боловч энэ нь үндэслэлгүй бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын А-д зааснаас өөрөөр осол гарахад хүргэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл байхгүй, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа байхгүй тул түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж шүүхийн хэлэлцүүлэгт прокурортой мэтгэлцсэн билээ.

Э.О нь хэрэг учрал гарахаас 6-7 цагийн өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим найзуудтайгаа уулзахдаа тухайн үед тэдний ууж байсан архинаас нэг хундагыг уусан гэдэг ба үүнээс хойш тэндээс шөнийн 23 цаг өнгөрөөж гарах хүртэл 6 орчим цагийн хугацаанд архи уугаагүй, эрүүл байсан, 6 орчим цагийн өмнө уусан нэг хундага архи бүрэн гарсан тул машинаа жолоодож явсан талаар мэдүүлж байна. Мөн найз нар нь Э.Оыг архи уусан гэж мэдүүлж байх боловч анх уулзахад найзууд нь архи уусан байсан, мөн удалгүй тэд согтоцгоосон тул өгсөн архийг нь өглөө эрт ажилтай, мөн найз охин руугаа явах байсан тул амсах дүр үзүүлэн өгч байсныг маргааш өглөө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө архи уусан мэтээр мэдүүлсэн байхыг үгүйсгэхгүй талаар Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.

Э.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрх мэдүүлэг үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан жолоочийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгераар шалгахад 0,00% буюу ямар ч согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон баримт юм. Мөн хавтаст хэрэгт авагдсан Э.Оын цуснаас шүүх химийн шинжилгээгээр цусан дахь агууламжид ямар ч этилийн спирт илрээгүй. Хэрэв өмнөх орой нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд маргааш нь цуснаас болон үлээлгэж шалгадаг багажаар тодорхой хэмжээний этилийн спиртний агууламж илэрдэг. Гэтэл Э.Оын амьсгал болон цуснаас огт илрээгүй бүх үзүүлэлт 0,00% байгаа нь түүний өмнөх өдрийн орой 17 цагийн орчим нэг хундага архи ууж, тэр нь хоол идэж, орж гарсаар машинаа унаж хөдөлсөн 23 цаг хүртэл 6 орчим цагийн хугацаанд ор мөргүй гарч эрүүл тээврийн хэрэгслээ жолоодсон гэх мэдүүлэг үндэслэлтэй болохыг харуулж байна.

Мөн Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, 131 дугаар тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д зааснаар жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20% промиль, цусан дахь агууламж 0,5% промиль буюу түүнээс дээш илэрсэн тохиолдолд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэхээр заасан. Мөн тус журмын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасны дагуу тус хэрэгт жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг шүүх химийн шинжилгээгээр тогтоож тус баримтыг үндэслэх ба эдгээр үндэслэлүүдээр жолоочийг согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан гэж үзэх боломжгүй талаар өмгөөлөгчийн байр суурийг шүүх үндэслэл бүхий хэмээн хүлээн авсан билээ.

Гэвч шүүх Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолооч дараах зүйлийг хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундуу .../... хэрэглэсэн .../... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн зөрчил гаргасан гэдэг нь нотлогдоогүй гэж үзсэн атлаа “... шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх баримтуудаар шүүгдэгч Э.О нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин явган зорчигч М.Оыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон, улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна” ... “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна” ... “үүнээс үзэхэд шүүгдэгчийн үйлдэл нь зам тээврийн осолд багтаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг авто тээврийн хэрэгслийн жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн байхыг ойлгоно” гэсэн дүгнэлт хийж Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй, тогтоолд заасан энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Э.О нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцоогүй, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын А-д заасан заалтыг зөрчөөгүй буюу осол гарах үед Э.Оын амьсгал дахь спиртийн агууламж 0,20% промиль, цусан дахь агууламж 0,5% промиль буюу түүнээс дээш байсан гэж таамгаар яллах боломжгүй, мөн өөр ямар нэгэн Замын хөдөлгөөний зохих заалтыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, энэ талаар шинжээчийн болон мөрдөгчийн магадлагаа байхгүй зэрэг нь түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Эрүүгийн хуульд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүх Э.Оыг буруутгаж буй Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын А-д заасныг зөрчөөгүй гэсэн атлаа жолооч өөр ямар нэгэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчил байхгүй байсаар байхад түүнийг дээрх дүгнэлтээр гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн этгээд үйлдэхээр хуульчилсан байх тул нэгэнт Э.О нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчил байхгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй.

Иймд Э.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтын А-д заасныг зөрчөөгүй нь нотлогдсон бөгөөд өөр ямар нэгэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчил байхгүй буюу жолооч Э.Оын буруутай үйлдлээс осол гараагүй, харин явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохиог дагаж мөрдөнө” мөн дүрмийн 8.9 дэх заалт “Гэрэл дохио нь дараах утгатай байна: а/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Э.От холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хурд хэтрүүлж хүний амь нас хохироосон байхад 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Гэсэн хэрнээ ял хөнгөрүүлэх талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаад гомдолтой байна. Тухайн үед Э.Оын автомашины тоормозны мөр гараагүй байсан учир хурдыг нь хэмжих боломжгүй гэж байсан. Амь хохирогч 12 метр газар шидэгдсэн байхад автомашин хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжтой байсан. Зам дээр гэнэт нохой гарч ирэхэд жолооч нар зайлах арга хэмжээ авдаг. Гэтэл хүн гарч ирэхэд зайлсхийх арга хэмжээ аваагүй, хохирогчийг харж чадаагүйгээс үзэхэд Э.О согтуу байсан нь хангалттай нотлогдоно. Ажил явдлын үеэр шүүгдэгч өөрөө надад согтуу байснаа хүлээн зөвшөөрч ажил явдлынх нь мөнгийг өгсөн. Иймд шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна” гэв.

 

Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Э.О нь осол үйлдсэний дараа хэргийн газрыг орхин зугтаасан бөгөөд маргааш өдөр нь цагдаагийн байгууллагад хэргээ хүлээн ирсэн байдаг. Энэ үед түүний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгахад согтууруулах ундуу хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй бөгөөд мөн түүний цусны шинжилгээ авахад спиртийн агууламж илрээгүйг үндэслэн шүүх зүйлчлэлийг өөрчилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдоогүй гэж дүгнэжээ.

Гэтэл осол болсон өдөр Э.Отой хамт архи уусан гэх 3 гэрчээс мэдүүлэг авахад тэдгээр нь түүнийг согтууруулах ундаа хамт хэрэглэсэн гэдгийг нотолсон ба Э.О нь архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байхад шүүхээс тухайн үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн маргааш өдөр болсон процесст үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хэргийн газраас согтууруулах ундаа хэрэглэснээ мэдэгдэхгүйн тулд зугтааж, өөрийгөө эрүүлжүүлэх арга хэмжээ авч, согтууруулах ундаа хэрэглэсэн ул мөрөө арилгасны дараа цагдаагийн байгууллагад хандсан этгээдэд ийнхүү хууль зүйн хөнгөлөлт үзүүлсэн нь хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад нийцээгүй шийдвэр болсон гэж дүгнэж байна.

Мөн шүүх хэргийг хянан хэлэлцээд Э.Оыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа хэм хэмжээний ямар заалтыг зөрчсөн болохыг тогтоолгүйгээр түүнийг гэм буруутайд тооцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байтал шүүгч хэм хэмжээний актын ямар заалтыг зөрчсөнийг тогтоолгүйгээр түүнийг хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

              Прокуророос Э.Оыг 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин захын хойд талын замын автобусны буудлын орчимд “Тоёота Приус-20” загварын 32-01 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч М.Оыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон, улмаар хэргийн газрыг зориуд санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэлийг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Э.Оыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан …” гэж заасан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

 

              Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оыг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж дүгнэсэн үндэслэл нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... Э.Оыг драйгер багаж ашиглан шалгахад 0,00% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй байна ...” гэх тэмдэглэл  байх бөгөөд энэ нь хэрэг учрал болсны дараагийн өдрийн үйл баримтыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, хэрэг учрал болсны дараагийн өдрийн шүүгдэгч Э.Ооос спиртийн агууламж илрээгүй гэсэн дүгнэлт нь хэрэг учрал болох үед шүүгдэгчийн ямар байдалтай байсныг тогтооход ач холбогдолгүй юм.

 

Харин хэрэг учрал болсон өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн талаар гэрч М.Баярхүүгийн “... манай багын найзууд болох Эрдэнэбаатар, Галбадрах, О нар нь намайг тосч аваад бид нар Од-Болдын гэр рүү орохын өмнө бид нар дэлгүүрээс 0,75 литрийн “Хар Экс” нэртэй архи болон нэг ундаа аваад гэрт нь орж найзуудтайгаа сууцгаасан. Тэгээд бид нар сууж байхад Э.О байс хийгээд л эмэгтэй хүнтэй утсаар яриад гэрээс орж гараад байсан. Тэгээд Э.Оыг “явахаар бол дуудлагын жолооч дуудаад хамт явна шүү” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд сууж байсан ба гэнэт О ганцаараа машинаа унаад явчихсан байсан. ... Э.О нь архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Намайг Од-Болдын гэрт ирэхэд 0,75 литрийн архи талдаа орчихсон байсан. ...Э.О бага зэргийн согтолттой байсан байх, яг сайн мэдэхгүй байна” /1хх 55-56/, гэрч У.Эрдэнэбаатарын “... О бид хоёр Оын машинтай дэлгүүр гарч 0,75 литрийн “Хараа” гэдэг архи аваад буцаж ирээд Одболд, Галмандах, Ооо бид 4 юм яриад уусан. ... Баярхүү ирэхээр болоод 20 цаг өнгөрч байхад 0,75 литрийн хар экс гэдэг нэг шил архи авч ирсэн. Тэгээд бид тав ууж байхад Оын утас нь дуугараад дахин дахин орж гараад байсан. Бид нар Оыг “явахаар болвол жолооч дуудаарай” гэж хэлсэн. О ч өөрөө “дуудлагын жолооч авна” гэж ярьж байсан чинь нэг мэдсэн О явчихсан байсан. ...бүтэн нэг шил архи талтай тавуулаа уухад О яг адилхан уусан ...” /1хх 59-60/, гэрч Г.Галмандахын “... Эрдэнэбаатар, О хоёр Ооогийн цагаан өнгийн Приус-20 загварын машинтай дэлгүүр яваад 0,75 литрийн Хараа архи аваад ирсэн. ... Тэгээд тэр хоёр архи авч ирээд бид дөрөв нөгөө архиа уугаад юм ярьж суусан. ... Баярхүү ирэхдээ 0,75 литрийн шилтэй нэг шил архи аваад ирсэн, тэрийгээ ууж арай дуусгаагүй байхад Баярхүү мөнгө өгөөд Одболд дэлгүүр явж 0,5 литрийн нэг шил хараа аваад сууцгаасан. Тэгээд сүүлийн архийг уухад О “би одоо болно” гээд уугаагүй, О гурван шил архинаас хувааж уусан. ... нэг мэдсэн чинь 23 цаг 13 минут болж байхад О ганцаараа явчихсан байсан ...” /1хх 71-72/, гэрч П.Одболдын “... Ооогийн цагаан өнгийн Приус-20 загварын машинтай дэлгүүр яваад 0,75 литрийн Хараа архи аваад ирсэн. Тэгээд би хоол хийгээд бид 4 нөгөө архиа уугаад юм ярьж суусан. ... Баярхүү ирэхдээ 0,75 литрийн шилтэй нэг шил архи аваад ирсэн, тэрийг арай ууж дуусаагүй байхад Баярхүү мөнгө өгөөд би дэлгүүр явж 0,5 литрийн нэг шил архи аваад сууцгаасан. Тэгээд сүүлийн архийг уухад О “би одоо болно“ гээд уугаагүй, Э.О гурван шил архинаас хувааж уусан ...” /1хх 73-74/, гэрч Б.Дуламсүрэнгийн “... “машинаа замдаа нэг газар тавьсан. Хаана тавьснаа санахгүй байна” гэж хэлсэн. Э.О архи уусан байсан. Гэхдээ тийм согтуу байгаагүй. Бага зэрэг халамцуу, архи нь гарсан юм шиг байсан ...“ /1хх 84-85/ нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна. Эдгээр мэдүүлгүүд шүүгдэгч Э.Оыг хэрэг учрал болсон тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхэд дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой байхад энэ талаар огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн, “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох журам”-д заасны дагуу согтуурлыг хэмжээг тогтоох нь хэрэг учрал болсон тухайн цаг үед ач холбогдол бүхий бөгөөд шүүгдэгч Э.Оын хувьд хэрэг учрал болсон газрыг орхин зугтаасны маргааш нь очсоноос үзэхэд дээрх журмын дагуу согтуурлын хэмжээг тогтоох нь ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд хэрэгт авагдсан нотолгооны ач холбогдол бүхий яллах болон цагаатгах нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, үнэлсэний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Э.Оыг драйгераар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзсэн боловч энэ нь хэрэг учрал болсон үйл баримтыг нотлохгүй бөгөөд харин анхан шатны шүүх хэрэг учрал болсон тухайн үед Э.Оын согтуу байсан эсэхийг дүгнэхэд чухал ач холбогдолтой гэрчүүдийн дээрх мэдүүлгүүдэд огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Э.От холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

 

Иймд прокурорын “... шүүгдэгч Э.От холбогдох хэргийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээж авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Э.От холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.От холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Э.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

              ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ