Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0351

 

Прокурор гаргасан дүгнэлтээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг У.Бадамсүрэн даргалж, дүгнэлт гаргагчийн эрх залгамжлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Д.Ү***, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Э*****, Б.Г*****   нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагчийн эрх залгамжлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Д.Ү***** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Хяналтын прокурор Н.А****** нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 дугаартай дүгнэлтийг гаргасан бөгөөд тус дүгнэлтэд ... С***** ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байна. Иймд Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нарын гаргасан шийтгэл ногдуулсан шийдвэр С****** ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд 0295052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж дурдсан. Уг захиргааны хэргийн материалтай танилцахад дурдагдаж буй С***** ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан захирал, нягтлан бодогч нартай холбоотой хэргийг шийдвэрлэсэн. Хяналтын прокурор Н.А****-ийн гаргасан 15 дугаартай дүгнэлтэд хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж, ял шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэл арилсан. Иймд эрх бүхий албан тушаалтан Л.Э****, Б.Г***** нарын С****** ХХК-д шийтгэл ногдуулсан 0295052 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх хүсэлтийг гаргаж байна. Тодруулбал, хяналт прокурор Н.А*****-ийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтээсээ бүхэлд нь татгалзаж байна. Шүүгчийн захирамжийн үр дагаврыг ойлгосон тул асууж тодруулах зүйл байхгүй гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Санал, хүсэлт, нэмэлт тайлбар байхгүй. Шүүгчийн захирамжийн үр дагаврыг ойлгосон тул асууж тодруулах зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дүгнэлт гаргагч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Энхтуяа, Б.Гантуул нарт холбогдуулан гаргасан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0295052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтээсээ татгалзах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж зохицуулсны дагуу шүүх хуралдааны явцад прокурор нь гаргасан дүгнэлтээсээ бүхэлд нь татгалзаж, шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, шүүх хуралдаан тэмдэглэлд тусгуулсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргагч прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон прокурор нь дүгнэлтээсээ татгалзсан нь хариуцагч улсын байцаагч нарын эрхийг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэснээс гадна өөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар дүгнэлт гаргагч прокурор нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс холбогдох хуульд заасны дагуу чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэв.

Мөн дүгнэлт гаргагчийн эрх залгамжлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Д.Ү******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан дүгнэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Г*****, Л.Э***** нарт холбогдуулан гаргасан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0295052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтээсээ татгалзсаныг баталж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Э****, Б.Г***** нарт холбогдох 128/2020/0136/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д заасныг баримтлан прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН