| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/133 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/133
2025 04 02 2025/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Ж.Мөнхзул,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох,
Шинжээч Т.Түвшинбаатар,
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн 2434004760383 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан саруул, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх А.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Төв аймаг Эрдэнэ сум Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А.Булсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 заалт буюу "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Бын жолоодож явсан Тоёота А.Булсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Б нь: “2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би Улаанбаатар хотоос Багануур чиглэлд 17-18 цагийн үед гэр лүүгээ явж байсан. Маш хүчтэй бороо ороод шил арчигч хамгийн хурдан дээрээ ажиллаж байсан. Төв аймгийн Эрдэнэ сум хавьцаа явж байхад миний машины баруун дугуйн доогуур нэг юм дугараад гэнэт түс тас гээд явчихсан. Би ухаангүй болчихсон байсан. Ухаан ороод сэртэл би машиныхаа хажуу талд сууж байсан. Би яаралтайгаар Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Намайг байхгүй байхад хэргийн газар үзлэг хийгээд дүгнэлт хийсэн байсан” гэв.
Шинжээч Т.Түвшинбаатар нь: “Би Төв аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэ суман дахь цагдаагийн тасгийн мөрдөгч Л.Лувсандондогийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг үндэслэн хэргийн материалтай танилцан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, усад нотлох баримттай танилцсаны үндсэн дээр тухайн дүгнэлтийг гаргасан. Би дүгнэлтдээ хурд хэтрүүлсэн гэж тусгаагүй. Харин хурдыг тохируулж яваагүйн улмаас урсгал сөрж тухайн осол гарсан. Яагаад хурд тохируулаагүй гэж үзэж байна вэ гэхээр цаг агаарын байдлаас шалтгаалан ширүүн бороотой, зорчих хэсэг нойтон үед жолооч хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүйн улмаас эсрэг урсгалд орж уг осол гарсан..., ... Техникийн бүрэн бүтэн байдлыг нүдэн баримжаагаар тогтоож болохгүй. Тусгай мэргэжлийн оношилгооны лабораторид багаж хэрэгслээр тогтооно. Сая даатгалын компаниас жолоочийн хариуцлагын даатгал төлөгдөхгүй байна гэж ярьж байна. Даатгалын газрууд яг энэ заалтыг барьж хүмүүсийг хохироодог. Өмгөөлөгч нар нь тайлбарлаж өгвөл хохирлын асуудал шийдэгдэх боломжтой гэж харж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч А.Б нь Төв аймаг Эрдэнэ сум Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А.Булсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 заалт буюу "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Бын жолоодож явсан Тоёота А.Булсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-14 тал/,
-2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2099 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 21-29 тал/,
-2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2094 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 32-39 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №502 дугаартай “...А.Бын биед хэвлийн хөндийн цусан бүлэн /1800 мл/, нарийн гэдэсний чацархайн урагдал, задрал, зүүн тавхайн доод хэсгээр сэлтэрсэн, бяцарсан хугарал, зүүн 3 дугаар хурууны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 45-46 тал/,
-Хохирогч А.Бын “...Би дээрх өдрийн өглөөний 09 цагийн орчим Дорнод аймгийн Чойбалсан хотоос Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн “91-48 ДАХ” улсын дугаартай “Toyota probox” маркийн машинтай явж байгаад оройны 19 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сум руу орохын наахан талд явж байхад эсрэг урсгалаас миний тээврийн хэрэгслийн урдуур хөндлөн чиглэлтэй гэнэт цагаан өнгийн тээврийн хэрэгсэл орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед гэнэт орж ирсэн учраас тоормос гишгэх боломж байгаагүй осол гараад би өөрийн тээврийн хэрэгслээ буухад замын хойд талын шороон хэсэгт гарчихсан байсан. Замаар явж байсан хүмүүс цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд түргэн ирж намайг болон мөргөлдсөн тээврийн хэрэгслийн жолоочийг аваад Эрдэнэ сумын эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бын “...Манай хүү болох Жаргал овогтой Бат-Орших нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад зам тээврийн осолд орж хохирсон. Одоогоор хүү А.Б нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чех улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. Тийм учраас хүү А.Бын хүсэлт гаргасны дагуу хохирогчийг хууль ёсны төлөөлөгчөөр уг хэрэгт оролцож байна..., ...хохирогч А.Б нь зам тээврийн осолд орсноос хойш өрхийн орлогоо Улаанбаатар хотоос гоо, сайхан, гэр ахуйн барааг бөөнөөр худалдан авч, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаар борлуулалт хийдэг байсан. Осолд орсноос хойш энэ ажлаа хийж чадахгүйд хүрж өрхийн орлого зогсоон. Энэ хугацаанд эрүүл мэнд болон санхүүгийн хувьд хүнд байдалд ороход буруутай жолооч нь хохирол яг одоо аваад төлнө, даатгалаас мөнгө аваад төлнө гэж ярьдаг боловч одоог хүртэл хохирол төлөөгүй байна. Иймд санхүү, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа тул гомдолтой байна. Учирсан хохирлоо цаг алдалгүй төлүүлэх хүсэлтэй байна. Сүүлд хүү А.Б нь Чех улс руу эмчилгээнд явахдаа гаргасан онгоцны билетийн мөнгийг буруутай этгээдээс гаргуулан авах хүсэлтэй байна. Онгоцны хуулбарыг гарган өгч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн “...Лавлагаагаар харахад А.Б нь 2.770.704 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна..., ...Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100300020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 тал/,
-Шүүгдэгч А.Бгийн гэрчээр өгсөн “...Би өмнө нь зөрчлийн хэрэг дээр тодорхой зүйлийг хэлсэн. Би тээврийн хэрэгсэлдээ ганцаараа бас нөгөө тээврийн хэрэгслийн жолооч ганцаараа явж байсан. Би 40-с 50 км/цагийн хурдтай явж байсан. Учир нь гадна ширүүн бороо орж байсан. Дээрх зам тээврийн осол нь 18-с 19 цагийн орчим гарсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Транс капитал ББСБ-ын нэр дээр байдаг. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 18.000.000 төгрөгийн хохирол учирсан. Харин нөгөө машинд 7.000.000 төгрөгийн хохирол учирсан. Миний хувьд хөнгөн гэмтэл учирсан. Харин нөгөө тээврийн хэрэгслийн жолоочид хүнд гэмтэл учирсанд би маш их харамсаж байна. Нөгөө жолоочид хохирол мөнгө төлсөн талаар би сайн мэдэхгүй байна. Манай ээжтэй утсаар холбогдож ярьдаг юм..., ...Миний хувьд хохирогчийн баримтаар гаргаж өгсөн бодит хохирлыг өөрийн чадлын хүрээнд барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 тал/,
-2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 46/38, 24/260 дугаартай шинжээч Т.Түвшинбаатарын “... 1.Шинжилгээнд ирүүлэн зам тээврийн ослын материалтай танилцахад “Mazda Axela” маркийн “32-01 УНП” улсын дугаартай автомашины жолооч А.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.”Toyota Probox” маркийн “91-48 ДАХ” улсын дугаартай автомашины жолооч А.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Энэ дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан. 4.Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдэд учирсан гэмтлүүдээр хурдыг тогтоох боломжгүй байна. 5.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 6.Зам тээврийн ослын материалтай танилцахад “осол гарах үед ширүүн бороо орж байсан, тээврийн хэрэгсэл гэнэт шарвасан” гэж тусгагдсан байх тул “Mazda Axela” маркийн “32-02 УНП” улсын дугаартай автомашины жолооч А.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 90-92 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1260 дугаартай “...Жаргалын Бат-Орших /РД:ОМ91112633/-ын сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 94-96 тал/,
-Шүүгдэгч А.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Харин тухайн ослын дүгнэлт гаргасан Цагаан шонхорын жигүүрийн шинжээч Т.Түвшинбаатарын гаргасан 46/38, 24/260 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний өгсөн мэдүүлгээр гадна бороо орж байсан тээврийн хэрэгсэл шарвасан гэх үгээр замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр заалтаар хурд хэтрүүлсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг ямар хурдтай явсныг тогтоогоогүй атлаа ингэж буруутгаж байна. Миний хувьд замын хөдөлгөөний 11.3 дугаар заалтад зааснаар эсрэг урсгалд орсон үндэслэлтэй байгаа юм. Тухайн заалтаар буруутгагдсан бол надад ямар нэгэн маргаан байхгүй даатгалын байгууллагаас бусдад учирсан хохирол болон өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулах боломжтой байгаа юм..., ...Би Улаанбаатар хот Багануур дүүрэг 5-р хороо Их гүн 1-2 тоотод аав, ээжийн хамтаар амьдардаг. Одоогоор Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2 курсийн оюутан тухайн сургуулийн дотуур байранд амьдардаг..:, ...Би 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17-18 цагийн орчим Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт байх гэр лүүгээ Mazda Axela маркийн 32-01 УНП улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байсан. Тэгээд Төв аймгийн Эрдэнэ сум руу дөхөж байхад гадна маш ширүүн бороо орж эхэлсэн бороо ороод үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учир маш бага буюу 30-40 км хурдтай явсаар Эрдэнэ сум өнгөрөөд газар нутгийг нь сайн мэдэхгүй миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын урд хэсэгт ямар нэгэн зүйл таг гэж дуугараад жолоо баруун тийш булаах үед эргүүлэн огцом зүүн тийш дарж тоормос гишгэх үед тээврийн хэрэгсэл зүүн тийш хойд хэсгээрээ шарваж замын голд зогсоод тээврийн хэрэгслийн ослын гэрлийг асаах үед нөгөө урсгалаас тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-211 тал/,
-Иргэний нэхэмжлэгч А.Брын “...Тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Баттуяа нь манай байгууллагад өргөдөл гаргаж “Mazda Axela” маркийн тээврийн хэрэгслийг 36 сарын хугацаатай 12.400.000 төгрөгийн зээл авч барьцаанд тавин одоогийн байдлаар 10.632.866 төгрөгийн үлдэгдэлтэй байна..., ...Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь 18.620.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан..., ...Манай байгууллагын зүгээс барьцаа хөрөнгөгүй болсон учир цаашид зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй 54 хоног болж байна. Манайхаас зээлэн авсан Д.Баттуяа болон буруутай этгээдээр зээлийн үлдэгдлийг бүрэн барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-230 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч А.Б нь Төв аймаг Эрдэнэ сум Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А.Булсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 заалт буюу "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Бын жолоодож явсан Тоёота А.Булсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хохирогч А.Бын жолоодож явсан “Toyota probox” маркийн “91-48 ДАХ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч А.Б Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол, хор уршиг учирсан нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг бөгөөд хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 434 дугаартай яллах дүгнэлтийн удиртгал хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3...” гэж бичсэнг техникийн шинжтэй алдаа гэж үзэн зөвтгөсөн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас “...хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй..шигжээчийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй тул ” нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлт гаргасанг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь шинжээч Т.Түвшинбаатар нь тусгай мэдлэгийн хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 46/38, 24/260 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж уг дүгнэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбарлахдаа “...хурдыг тохируулж яваагүйн улмаас урсгал сөрж тухайн осол гарсан. Яагаад хурд тохируулаагүй гэж үзэж байна вэ гэхээр цаг агаарын байдлаас шалтгаалан ширүүн бороотой, зорчих хэсэг нойтон үед жолооч хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүйн улмаас эсрэг урсгалд орж уг осол гарсан...” гэж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Бын “...эсрэг урсгалаас миний тээврийн хэрэгслийн урдуур хөндлөн чиглэлтэй гэнэт цагаан өнгийн тээврийн хэрэгсэл орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед гэнэт орж ирсэн учраас тоормос гишгэх боломж байгаагүй...” гэж /1-р хх-ийн 68-69 тал/, шүүгдэгч А.Бгийн “...миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын урд хэсэгт ямар нэгэн зүйл таг гэж дуугараад жолоо баруун тийш булаах үед эргүүлэн огцом зүүн тийш дарж тоормос гишгэх үед тээврийн хэрэгсэл зүүн тийш хойд хэсгээрээ шарваж замын голд зогсоод тээврийн хэрэгслийн ослын гэрлийг асаах үед нөгөө урсгалаас тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн...” гэж /1-р хх-ийн 210-211 тал/ тус тус мэдүүлгүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч А.Билгүүн нь замын хөдөлгөөнд оролцохдоо тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлтэй хэргийн бүрдэл хангагдсан, нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ж.Мөнхзул нь: “Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол хор уршгаа нөхөн төлөхөө илэрхийлж байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэж байна. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Бгийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Ц.Баяртогтох нь: “Хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун нь: “Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нь: “Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Яллах дүгнэлтийн хүрээнд авагдсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн. Тийм учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч А.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан Зорчих эрхийг хязгаарлах ял нь “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх”-ийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч А.Бод учирсан хохирол, цаашид гарах эмчилгээ болон бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчид учирсан хохирлыг зайлшгүй нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч А.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Хүмүүнлэгийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ажил хөдөлмөр эрхэлж хохирогчид учирсан хохирлоо төлөх талаар гаргасан хүсэлт, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д “...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох...” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д монгол улсын иргэн “ сурч боловсрох “ үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхтэй” гэж тус тус заасан ба шүүгдэгч А.Бнгийн Үндсэн хуулиар олгогдсон эрх болон хохирогчид учирсан хор хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүй 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Бгийн ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч А.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэд мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хавтаст хэргийн материалд авагдсан баримтын дагуу нэхэмжилнэ” гэж, иргэний нэхэмжлэгч А.Брт мэдэгдэхэд “зээлийн төлөлт хийгдэж байгаа, хэрэв доголдол үүсвэл нэхэмжлэх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэж тус тус мэгдэгдсэн,
Шүүгдэгч А.Бгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлээс хохирогч А.Бын биед “хэвлийн хөндийн цусан бүлэн /1800 мл/, нарийн гэдэсний чацархайн урагдал, задрал, зүүн тавхайн доод хэсгээр сэлтэрсэн, бяцарсан хугарал, зүүн 3 дугаар хурууны хугарал” бүхий хүнд хохирол учирсан байна.
Хавтаст хэрэгт 1.306.130 төгрөгийн хохирлын баримт авагдсан бөгөөд шүүгдэгч А.Б нь шүүхийн шатанд хохирогч А.Бын эмчилгээний зардалд 1.460.000 төгрөг, хохирогч А.Бын Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.770.704 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлсөн.
Шүүгдэгч А.Бгийн холбогдсон гэмт хэрэг гарсан 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буюу тухайн онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний 660.000 байсан бөгөөд хохирогч А.Бын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоогдсон байна.
Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтаан, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг /660.000х15/ 9.900.000 төгрөгөөр тогтоож, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 7.860.000 төгрөгийг шүүгдэгч А.Б нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Бгээс нийт 17.760.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Бод олгож, хохирогч А.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Бгээс, иргэний нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ нь зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,
Эрүүгийн 2434004760383 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийн А.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь хохирогч А.Бын эмчилгээний зардалд 1.460.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 2.770.704 төгрөгийг тус тус төлсөнг дурдаж, сэтгэцэд учирсан хор уршгийн 9.900.000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирлын 7.860.000 төгрөг, нийт 17.760.000 төгрөгийг шүүгдэгч А.Бгээс гаргуулж хохирогч А.Бод олгож,
-хохирогч А.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Бгээс, иргэний нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ББСБ нь зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн 2434004760383 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА