Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/01330

 

 

 

 

 

 

 

 

2022 03 23

101/ШШ2022/01330

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.У-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д т ч ХХК-д холбогдох,

 

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Дэлгэрэх апартмент орон сууцны 1 дүгээр байр, 2 давхрын Е тоот 1 өрөө 27 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг болон орон сууцны түлхүүрийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл,

5,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, өмгөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б.У нь Д т ч ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр OCЗГ-1901 тоот орон сууцны захиалгын гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээгээр Д т ч ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх апартмент орон сууцны барилгын 1 дүгээр байр,  дугаар давхар,  тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгч, Б.У-д орон сууц хүлээлцсэн акт, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөх, Б.У нь уг орон сууны үнэ 29,700,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж дуусгах үүргийг тус тус хүлээсэн. Б.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 700,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөг, нийт 29,700,000 төгрөгийг Д т ч ХХК-д шилжүүлсэн. Гэвч Д т ч ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулаагүй, Б.У-д орон сууц хүлээлцсэн акт, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхгүй хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх апартмент орон сууцны барилгын 1 дүгээр байр, дугаар давхар,  тоот хаягт байрлах, 27 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.У-г тогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон орон сууны түлхүүрийг гаргаж өгөхийг Д т ч ХХК-д даалгаж өгнө үү гэв.

  

2.Хариуцагч Д т ч ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, өмгөөлөгч У.Х нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Д т ч ХХК нь нэхэмжлэгч Б.У-тай  тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хил гааль хаасан бөгөөд үүнтэй холбогдуулан гадаадын ажиллах хүчин ирээгүй тул Монгол Улс дахь барилгын салбарт ажиллах хүний нөөц хомсдож, бараа материал тасалдах болсон. Ковид-19 цар тахлын халдвар хамгааллын дэглэм сахиулахын тулд барилгын талбайд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагын дагуу хүний тоо зааж ажиллуулах, Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдал зарлах, хил хаасантай холбогдуулан захиалсан бараа материал ирэхгүй байх, түүхий эдийн нэмэгдэл, тээвэртэй холбогдуулан барилгын бараа материалын үнэ нэмэгдэх гэх мэт олон шалтгааны улмаас барилгын ажил хойшлогдсон. Барилгын бараа материалын үнэ нэмэгдсэний улмаас барилгын төсөв анх төсөвлөж байснаас нэмэгдсэн. Иймд орон сууцны захиалгын гэрээнд заасны дагуу орон сууцны 1 м.кв үнэ 200,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн. Манай компанийн зүгээс эдийн засгийн байдлаас үүдэн зайлшгүй нэмэгдэх шаардлагатай болсон тухай хэлсэн. Зөрүү төлбөр 5,400,000 төгрөг болоод байна, захиалагч тал нэмэлт гэрээ байгуулаад орон сууцаа хүлээн авч энэхүү төлбөрийг тодорхой хугацаанд хувааж төлөөрэй гэсэн санал тавьсан. Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулахдаа гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу орон захиалгын үнэд өөрчлөлт орж болохыг мэдсэн, нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Барилгын бараа материал, ажлын хөлсний үнэ нэмэгдсэнтэй холбоотой орон сууцны захиалгын үнийн зөрүү төлбөрийг төлсөн, эсхүл төлөхөөр нэмэлт гэрээ байгуулсны дараа хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлэхэд татгалзах зүйлгүй байна гэв.

 

3.Хариуцагч Д т ч ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, өмгөөлөгч У.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Д т ч ХХК нь иргэн Б.У-тай 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр О тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т орон сууцны захиалгын үнэ 1,100,000 төгрөг байна гэж заасан. Энэхүү үнэд НӨАТ багтаагүй болохыг гэрээний 3.2-т дурьдсан. Мөн гэрээний 3.2-т барилгын бараа материал, валютын ханшийн өсөлтөөс хамааран орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болохыг заасан. Хариуцагч нь барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд кoвид-19 цар тахал болон гаалийн бөөгнөрөл гэх мэт олон зүйлсээс үүдэн барилгын бараа материал нэмэгдэж барилгын анхны төсөв нэмэгдсэн. Барилгын нэмэлт санхүүжилтийг хийхийн тулд хариуцагч нэмэлтээр зээл авч гүйцэтгэсэн. Барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээний 3.2-т заасны дагуу орон сууцны захиалгын үнэ нэмэгдэж байгаа тухай Б.У-д мэдэгдэж, зөрүү төлбөрийг одоо шууд биш харилцан тохиролцож хугацаа тогтоогоод нэмэлт гэрээ байгуулъя, орон сууцаа хүлээгээд ав гэсэн боловч ямар нэг хариу өгөөгүй. Улмаар шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг болон орон сууцны түлхүүрийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна. Б.У нь орон сууцны захиалгын гэрээтэй бүрэн танилцаж 3.2-т заасныг уншиж танилцан хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл харилцан тохиролцох бодолгүй, гэрээнд заасан нөхцөл шаардлага бий болсон байхад үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Б.У-гаас орон сууцны захиалгын үнийн нэмэгдэл 5,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

4.Нэхэмжлэгч Б.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр маргаан бүхий орон сууцны үнийг 29,700,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирсон. Гэтэл одоо Б.У-г орон сууцандаа орох гэтэл орон сууцны үнэ нэмэгдсэн гэж 5,400,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна гэв.

  

5.Нэхэмжлэгчийн нотлох баримт: 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2 дугаар давхрын байгуулалт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл.

  

Хариуцагчийн нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21/251 дүгээр мэдэгдэл, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/40 дүгээр мэдэгдэл, авлага өглөгийн тайлан, Эвт чулуу ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20203137 дугаар мэдэгдэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БА-284/2021 дүгээр дүгнэлт, Дэлгэрэх апартмент 216 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын төсөвт өртөг, авлага өглөгийн тайлан, Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тушаал, Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/04 дүгээр, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/36 дугаар албан даалгаврууд, Д т ч ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан, Номгон аудит ХХК-ийн аудиторын тайлан, Монголбанкны ханшийн лавлагаа. 

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч Н.Э-н мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.У нь хариуцагчид холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Дэлгэрэх апартмент орон сууцны 1 дүгээр байрны  дугаар давхрын  тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон орон сууцны түлхүүрийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч Д т ч ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан 5,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

  

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

2.Шүүх дор дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

3.Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  тоот орон сууцны захиалгын гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх апартмент орон сууцны барилгын 1 дүгээр байрны дугаар давхрын тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууны үнэ 29,700,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ (хэргийн 3-5 дахь тал).

 

Дээрх гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байх ба худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

4.Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 700,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөг, нийт 29,700,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулгууд, мөн зохигчийн тайлбараар тогтоогдсон (хэргийн 7, 8, 15, 16 дахь тал).

 

5.Орон сууцны захиалгын гэрээний 4.1-д зааснаар хариуцагч нь орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна. Хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн БА-284/2021 дүгээр дүгнэлтээр орон сууцны барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн болох нь нотлогдож байна (хэргийн 76-78 дахь тал).

 

Хариуцагч нь ковид-19 цар тахлын улмаас эрх бүхий байгууллагын шийдвэрээр Монгол Улсын хилийн зорчих хөдөлгөөнийг хаасан, үүнтэй холбоотойгоор гадаадын ажиллах хүчин ирээгүйгээс барилгын салбарт ажиллах хүчний нөөц хомсдсон, барилгын талбайд ажиллах хүний тоо зааж хязгаарласан, бараа материал тасалдсан, үнэ нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас барилгын ажил хойшлогдсон, түүнчлэн анх төсөвлөсөн барилгын төсөв нэмэгдсэнээс орон сууцны нэг м.кв талбайн үнэ 200,000 төгрөгөөр нэмэгдсэн, нэхэмжлэгч гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 27 м.кв талбайн зөрүү төлбөр 5,400,000 төгрөг төлөх үүрэгтэй, тус төлбөрийг төлөх буюу төлөх талаар хариуцагч талтай тохиролцон гэрээ байгуулсан нөхцөлд үндсэн нэхэмжлэлийг биелүүлэх боломжтой гэж татгалзаж, 5,400,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэг м.кв талбайн үнэ 200,000 төгрөгөөр нэмэгдсэн гэх тооцооллоо ... барилгын төсөв 13 тэрбум төгрөг байсан боловч бодит зардал 15 тэрбум төгрөг болсон, зөрүү 2,103,255,820 төгрөгийг төсөвт төлбөрөөр зарсан 9,700 м.кв талбайд хуваахад 216,831 төгрөг болсон, дунджаар 200,000 төгрөгөөр тооцсон гэж тайлбарлан дор дурдсан нотлох баримтыг үндэслэсэн.

  

Хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/36 дугаар албан даалгавар, Эвт чулуу ХХК-ийн мэдэгдэл, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудаар ковид-19 цар тахлын үед барилга угсралтын ажлыг ажилчдын төвлөрөл бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулахыг үүрэг болгосон, мөн бетон зуурмагийн үнэ өссөн байдал тодорхойлогдож байх боловч 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн Дэлгэрэх апартмент 216 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын төсөвт өртөгт 13,578,911,711 төгрөг, Номгон аудит ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн аудиторын тайланд урьдчилж төлсөн зардал 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 996,973,500 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 13,426,577,344.42 төгрөг, компанийн 2021 оны жилийн санхүүгийн тайланд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өр төлбөр 1,219,485,324.38 төгрөг гэж тус тус тусгагдсаныг үндэслэн нэхэмжлэгчийн захиалсан 27 м.кв талбай бүхий орон сууцны нэг м.кв талбайн өртөг 200,000 төгрөгөөр нэмэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна (хэргийн 48-50, 79-81, 87, 93, 101 дэх тал).

  

Учир нь, дээрх баримтуудад тусгагдсан урьдчилж гарсан зардал, өр төлбөр зэрэг нь тухайн санхүүгийн жилийн компанийн нийт үйл ажиллагаатай холбоотой байх ба талуудын маргаж буй барилгын ажлын гүйцэтгэлтэй хэрхэн хамааралтай нь тодорхойгүй, түүнчлэн орон сууцны барилгын борлуулах талбайг ямар үндэслэлээр 9,700 м.кв гэж тооцсон нь тодорхой бус байна.

 

Мөн хариуцагч талаас Монголбанкны ханшийн лавлагааг үндэслэн юанийн ханш 18.11 хувийн өсөлттэй байсан гэж тайлбарлаж байх хэдий ч талуудын гэрээ байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ханшийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн, 2021 оны 12 дугаар сарын 10, 24, 30-ны өдрүүдийн ханштай харьцуулсан, мөн тухайлан юанийн ханшийг сонгон авсан үндэслэл тодорхой бус, үүнтэй холбоотой баримт шүүхэд гаргаагүй (хэргийн 113-117 дахь тал).

 

Талуудын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т ... орон сууцны 1 м.кв талбайн захиалгын үнэ 1,100,000 төгрөг буюу нийт 29,700,000 төгрөг байна, 3.2-т Энэхүү орон сууцны захиалгын үнийг барилгын өртөг зардал багтсан үнэ гэж үзнэ /НӨАТ багтаагүй/. Барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байсан үеийн ханшаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд компани нь захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан боловч дээр дурдсанчлан талуудын маргаж буй орон сууцны үнэ 5,400,000 төгрөгөөр нэмэгдэх бодитой үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар, хариуцагч нь гэрээний хэрэгжилтийн явцад гэрээний үнэ өөрчлөгдөх нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх ба нэхэмжлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд гэрээнд заасан үнийг хүлээн авсан байна. Гэрч Н.Энхмандах нэхэмжлэгчид мэдэгдэх хуудас гардуулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч энэ нь гэрээг хэрэгжүүлэх явцад бус, харин орон сууцны барилгыг барьж дуусгасны дараа буюу 2021 оны 12 дугаар сард хийгджээ (хэргийн 78 дахь тал).

 

Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

 

6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээнд заасан орон сууцны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх тул хариуцагчид холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон орон сууцны түлхүүрийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахыг хүссэнийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Дэлгэрэх апартмент орон сууцны 1 дүгээр байрны  дугаар давхрын тоот хаягт байршилтай, 27 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон орон сууцны түлхүүрийг гаргаж өгөхийг хариуцагч Д т ч ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б.У-гаас 5,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д т ч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 306,450 төгрөг, хариуцагчийн 101,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д т ч ХХК-аас 306,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА