| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2022/01011/И |
| Дугаар | 101/ШШ2022/01392 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/01392
| 2022 03 28 | 101/ШШ2022/01392 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Л-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Ө-д холбогдох,
3,934,899 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагч Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Т.Л нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Э.Ө-д өөрийн Super Soco TC маркийн мотоциклыг 5,400,000 төгрөгөөр худалдах, мөнгийг нь цувуулж өгөхөөр харилцан тохиролцож мотоциклоо шилжүүлж өгсөн. Дээрх төлбөрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,465,101 төгрөгийг шилжүүлснээс өөр төлбөр хийгээгүйн дээр уг мотоциклыг бусдад худалдсан ч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөхгүй намайг хохироож байгаа болно. Иймд Э.Ө-оос 3,934,899 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Ө шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ... Т.Л бид хоёр мотоциклыг хамт зарсан хэрнээ намайг зарсан гэж бичсэн байна. Гэхдээ би нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөхийг зөвшөөрч байна. Харин надад хугацаа олгоно уу, би 6 сарын дотор төлж барагдуулах хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэгчийн нотлох баримт: Нэхэмжлэгчийн итгэмжлэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Л нь хариуцагч Э.Өод холбогдуулан 3,934,899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үнийн дүнгийн хувьд маргаагүй боловч 6 сарын дотор төлөх боломжтой гэж тайлбарласан.
2.Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
3.Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид Super Soco TC маркийн мотоциклыг 5,400,000 төгрөгөөр худалдахаар шилжүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан ба мотоциклыг шилжүүлэн авсан талаар хариуцагч маргаагүй.
Мөн хэрэгт нэхэмжлэгчийн Хаан банкин дахь тоот дансны хуулга авагдсан ба уг дансанд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,465,101 төгрөгийн орлого Өнөө гэсэн гүйлгээний утгатай хийгдсэн байна.
Дээрх үйл баримтын талаар шүүхэд маргаагүй.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүн 3,934,899 төгрөгийг маргаагүй. Харин уг дүнг 6 сарын дотор төлж барагдуулах тайлбар гаргасныг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй.
5.Иймд дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч нь мотоциклын үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй учир шүүх хариуцагчаас 3,934,899 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Ө-оос 3,934,899 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Л-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 20,802 төгрөг, хариуцагч Э.Ө-оос 3,934,899 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Л-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА