Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

             

 

 

 

            2025/ШЦТ/112

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Бын Цд холбогдох эрүүгийн 2412000000271 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 16-нд А аймгийн Ө суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Ө сумын Д багийн Ц гэх газар оршин суух хаягтай, урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А овогт Бын Ц/РД:АЖ............/

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 04 дүгээр сард, А аймгийн Ө сумын Т багийн Ш гарам гэх газраас ижил сүргээсээ тасарсан, иргэн С.Бын өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн хязаалан насны байдсыг А аймгийн Ө сумын Д багийн нутаг дэвсгэрт байх өөрийн адуунд нийлсэн байгааг мэдсэн боловч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасанчлан “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байж, тус 1 тооны байдсыг шунахайн сэдлээр, А аймгийн Х сумын иргэн В.Э гэгчид төлөх ёстой байсан нэг “Портер” машин “хар мод”-ны төлбөртөө 700.000 төгрөгөөр бодон арилжиж, өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулснаар хохирогч С.Бт 700.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Шүүгдэгч Б.Цгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2024 оны 04 дүгээр сарын сүүлээр манай хэдэн морьд олдохгүй, би хайгаад явж байсан. Тэгээд би Ш гэх газраас олж авсан. Тэгтэл 1 тооны доголон байдас нийлчихсэн байсан. Тэгээд би ялгаад үлдээх гэтэл нэг үрээ хураачихсан байсан тул салахгүй байсан. Манай адуунд нийлээд сар гаран болсон. Хүнд өгсөн нь миний буруу...” гэх мэдүүлэг,

 

                      * Эрүүгийн 2412000000271 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч С.Бын өгсөн:

“...Манайх 2024 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т баг Ш гарам гэх газар адууны бэлчээр дээрээс хонгор зүсмийн хязаалан насны байдсаа хулгайд алдсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдсан гэх байдас нь хонгор зүстэй, хязаалан настай, зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай, өөр содон шинж тэмдэггүй. Манай унаган адуу байсан бөгөөд унаган насанд нь саран дээр Ц үсгэн тамгаар тамгалсан. Манай адуунууд зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай мөн 9 тоо тамгатай. Унаган адуу учир адуун сүргээсээ салж өөр баг, сум руу гүйх ямар ч боломжгүй. Алдах үедээ тарган байсан болохоор хулгай аваад явж байгаа юм. Мөн манайх байдсаа алдсан цагаас хойш эрэл сурал болж яваад олоогүй байж байгаад У хот Эмээлтийн бойнд байхад нь олж авсан. Би алдсан гэх байдсаа зах зээлийн үнээр 1 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/

 

охирогч С.Бын дахин өгсөн:

“...Би гомдолтой байна. Би тухайн адууг У хотоос А аймагт авчрах гэж 375.000 төгрөгөөр машин хөлсөлж адуугаа авчирч байсан түүнийгээ нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 153-154 дүгээр тал/,

 

*Гэрч Ц.Цгийн өгсөн:

“...Би хувиараа А аймгийн Х сумаас мал мах авч У хотод авчирч зардаг ажил хийдэг. Би 2024 оны 09 сарын 21-ний өдөр А аймгийн Х сумын Э ахаас хул хонгор байдсыг 650.000 төгрөг, мөн сартай зээрд шүдлэн үрээ хоёрыг худалдаж авч У хотод СХД-ийн ...-р хорооны нутаг дэвсгэрт ...........-д тухайн адуугаа буулгаж хашаанд нь оруулж байхад эзэн нь гэх залуу хүрч ирээд би энэ хул хонгор байдсан гүүг 2024.03-р сард алдсан чинь чи маханд оруулах гээд авчирсан байна гэхээр нь тухайн гүүний эзэн нь гэх залууд Э ахын дугаарыг өгч явуулсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Г.Өн өгсөн:

“...Манай эмээгийнх 2024 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т баг Ш гарам гэх газраас хонгор зүсмийн хязаалан байдсаа хулгайд алдсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би Эмээлт дээр явж байтал ..... гэх бойны хашаанд манай эмээгийн хулгайд алдсан хонгор зүсмийн байдас уяатай байсан. Би байдсан дээр яваад очтол саран дээр Ц үсгэн тамгатай хонгор байдас дүрээрээ байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43 дугаар тал/

 

*Гэрч Б.Лын өгсөн:

“...Би А аймгийн Х сумын хэсгийн мөрдөгчөөр ажилладаг. В.Э гэх хүн  манай адуунд зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай хонгор зүсмийн байдас ирсэн байна эзнийг нь олж өгч тусална уу гэж хандсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/

 

*Гэрч Ц.Цгийн өгсөн:

“...Би Эаас 2024 оны 09 дүгээр сард 2 тооны адууг тус бүрд нь 650.000 төгрөгөөр худалдаж авч мөнгийг нь Эын эзэмшлийн Хаан банкны данс руу эхний ээлжид 400.000 төгрөг, адууг нь авсны дараа 900.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Миний эзэмшлийн 2 адуу байгаа юм гэж хэлж зарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/

 

*Гэрч Ц.Рийн өгсөн:

“...Х сумаас Донжоо буюу Э гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд Цгоос Э гэх хүний дугаарыг авч холбогдон байдсыг асуухад эхэндээ манай адуу байгаа юм манайх бас саран дээр Ц үсгэн тамгатай гэж хэлэхээр нь манай эгчийн алдсан адуу байна энэ асуудлаар таныг цагдаад өгнө гэж хэлэхэд дээрх байдас нь 2024 оны хавар нэлээн туранхай байдалтай манай адуунд нийлсэн байсан. Үүнээс хойш манай адуун дунд явж байгаад мөнгөний хэрэг гарсан тул зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр тал/

 

*В.Эын яллагдагчаар өгсөн:

 “...Би 2023 оны 10 дугаар сард А аймгийн Х сумын төвд байрлах өөрийн хашаанаас 1 портер хар модыг А аймгийн Ө сумын харьяат Б.Ц /Ц/-д худалдан борлуулсан бөгөөд харин өртгийг нь бага насны адуу өгөхөөр аман тохироо хийгээд ачаад авч явсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын эхээр санаж байна Ц нэг тооны хонгор зүсмийн шүдлэн байдсыг авчирч ирээд манай хашаанд уячихлаа гэж утсаар ярьж байсан би ямар байдлаар авчирч ирснийг мэдэхгүй байна. Үүний дараа А аймгийн Х сумын төвд байрлах өөрийн адуун сүрэгт холбож ижилсүүлээд 2024 оны 09 дүгээр сард өөрийн шүдлэн хүрэн зүсмийн үрээний хамт тухайн хонгор байдсыг нийтэд нь 1.300.000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгийг нь өөрийн дансанд шилжүүлж авч байсан юм. Тэгсэн зарсан ченж болох Ц утсаар над руу залгаад тухайн зарсан хонгор байдасны эзэн ирээд таниад байна яах вэ гэхээр би надаас авсан юм чинь миний дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгээд эзэн нь надтай холбогдохоор нь манай адуу бас Ц үсгэн тамгатай гэж хэлэхэд та тамгаа үзүүлээрэй би цагдаад өглөө гэж хэлэхээр нь би Ц залгаад нөгөө чамаас авсан адуу У хотод эмээлт дээр эзэн нь таниад над руу залгаад байна яах вэ гэхэд Ц миний хөгшин манай адуунд хавар нийлж ирсэн юм гэж хэлчих гэхээр нь би тэгж хэлээд мөн мэдүүлгээ энэ байдлаар өгсөн. Би Цг авчирч өгсөн болохоор л өөрийнх нь адуу гэж бодсон. Тэрнээс бол би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Надад адуу дагаж ирсэн гэдгийг л хэлчих гээд гуйгаад байхаар нь би болох юм байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 97-100 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Цгийн өгсөн:

“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, Миний үйлдэл тохирч байна, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 139-140 дүгээр тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн АЦ-24-171 дугаартай“...1 тооны хонгор зүсмийн хязаалан байдасны үнэлгээг 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 26-29 дүгээр тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн АЦ-24-195 дугаартай“...1 тооны нас нийлсэн халтар зүсмийн адууны үнэлгээг 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 126-128 дугаар тал/

 

                       *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-5 дугаар тал/

                       *Хохирогчоор алдагдсан гэх адууг таньж олуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 34-40 дүгээр тал/

                       *Хохирогч С.Бын сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэл тогтоосон баримт/хх-ийн 162 дугаар тал/

 *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 04 дүгээр сард, А аймгийн Ө сумын Т багийн Ш гарам гэх газраас ижил сүргээсээ тасарсан, иргэн С.Бын өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн хязаалан насны адууг А аймгийн Ө сумын Д багийн нутаг дэвсгэрт байх өөрийн адуунд нийлсэн байгааг мэдсэн боловч орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй шунахайн сэдлээр захиран зарцуулж бусдад худалдан хохирогч С.Бт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 04 дүгээр сард, А аймгийн Ө сумын Т багийн Ш гарам гэх газраас ижил сүргээсээ тасарсан, иргэн С.Бын өмчлөлийн 1 тооны хонгор зүсмийн хязаалан насны байдсыг өөрийн адуунд нийлсэн байгааг мэдсэн боловч орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй шунахайн сэдлээр захиран зарцуулж бусдад худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хохирогч  С.Бын “...Манайх 2024 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т баг Ш гарам гэх газар адууны бэлчээр дээрээс хонгор зүсмийн хязаалан насны байдсаа хулгайд алдсан. ...Миний алдсан гэх байдас нь хонгор зүстэй, хязаалан настай, зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай, өөр содон шинж тэмдэггүй. Манай унаган адуу байсан бөгөөд унаган насанд нь саран дээр Ц үсгэн тамгаар тамгалсан. Манай адуунууд зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай мөн 9 тоо тамгатай. Унаган адуу учир адуун сүргээсээ салж өөр баг, сум руу гүйх ямар ч боломжгүй. Алдах үедээ тарган байсан болохоор хулгай аваад явж байгаа юм. Мөн манайх байдсаа алдсан цагаас хойш эрэл сурал болж яваад олоогүй байж байгаад У хот Эмээлтийн бойнд байхад нь олж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Цгийн “...Би 2024 оны 09 сарын 21-ний өдөр А аймгийн Х сумын Э ахаас хул хонгор байдсыг 650.000 төгрөг, мөн сартай зээрд шүдлэн үрээ хоёрыг худалдаж авч У хотод СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт Оргилон гүн ХХК-д тухайн адуугаа буулгаж хашаанд нь оруулж байхад эзэн нь гэх залуу хүрч ирээд би энэ хул хонгор байдсан гүүг 2024.03-р сард алдсан чинь чи маханд оруулах гээд авчирсан байна гэхээр нь тухайн гүүний эзэн нь гэх залууд Э ахын дугаарыг өгч явуулсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Өн”...Манай эмээгийнх 2024 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Т баг Ш гарам гэх газраас хонгор зүсмийн хязаалан байдсаа хулгайд алдсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би Эмээлт дээр явж байтал Оргилон гүн гэх бойны хашаанд манай эмээгийн хулгайд алдсан хонгор зүсмийн байдас уяатай байсан. Би байдсан дээр яваад очтол саран дээр Ц үсгэн тамгатай хонгор байдас дүрээрээ байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Лын”...Би А аймгийн Х сумын хэсгийн мөрдөгчөөр ажилладаг. В.Э гэх хүн  манай адуунд зөв талын гуяндаа саран дээр Ц үсгэн тамгатай хонгор зүсмийн байдас ирсэн байна эзнийг нь олж өгч тусална уу гэж хандсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Цгийн”...Би 2024 оны 09 сарын 21-ний өдөр А аймгийн Х сумын Э ахаас хул хонгор байдсыг 650.000 төгрөг, мөн сартай зээрд шүдлэн үрээ хоёрыг худалдаж авч У хотод СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт Оргилон гүн ХХК-д тухайн адуугаа буулгаж хашаанд нь оруулж байхад эзэн нь гэх залуу хүрч ирээд би энэ хул хонгор байдсан гүүг 2024.03-р сард алдсан чинь чи маханд оруулах гээд авчирсан байна гэхээр нь тухайн гүүний эзэн нь гэх залууд Э ахын дугаарыг өгч явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Рийн”...Х сумаас Донжоо буюу Э гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд Цгоос Э гэх хүний дугаарыг авч холбогдон байдсыг асуухад эхэндээ манай адуу байгаа юм манайх бас саран дээр Ц үсгэн тамгатай гэж хэлэхээр нь манай эгчийн алдсан адуу байна энэ асуудлаар таныг цагдаад өгнө гэж хэлэхэд дээрх байдас нь 2024 оны хавар нэлээн туранхай байдалтай манай адуунд нийлсэн байсан. Үүнээс хойш манай адуун дунд явж байгаад мөнгөний хэрэг гарсан тул зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, В.Эын яллагдагчаар өгсөн”...Би 2023 оны 10 дугаар сард А аймгийн Х сумын төвд байрлах өөрийн хашаанаас 1 портер хар модыг А аймгийн Ө сумын харьяат Б.Ц /Ц/-д худалдан борлуулсан бөгөөд харин өртгийг нь бага насны адуу өгөхөөр аман тохироо хийгээд ачаад авч явсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын эхээр санаж байна Ц нэг тооны хонгор зүсмийн шүдлэн байдсыг авчирч ирээд манай хашаанд уячихлаа гэж утсаар ярьж байсан би ямар байдлаар авчирч ирснийг мэдэхгүй байна. .... Тэгсэн зарсан ченж болох Ц утсаар над руу залгаад тухайн зарсан хонгор байдасны эзэн ирээд таниад байна яах вэ гэхээр би надаас авсан юм чинь миний дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгээд эзэн нь надтай холбогдохоор нь манай адуу бас Ц үсгэн тамгатай гэж хэлэхэд та тамгаа үзүүлээрэй би цагдаад өглөө гэж хэлэхээр нь би Ц залгаад нөгөө чамаас авсан адуу У хотод эмээлт дээр эзэн нь таниад над руу залгаад байна яах вэ гэхэд Ц миний хөгшин манай адуунд хавар нийлж ирсэн юм гэж хэлчих гэхээр нь би тэгж хэлээд мөн мэдүүлгээ энэ байдлаар өгсөн. Би Цг авчирч өгсөн болохоор л өөрийнх нь адуу гэж бодсон. Тэрнээс бол би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Надад адуу дагаж ирсэн гэдгийг л хэлчих гээд гуйгаад байхаар нь би болох юм байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Надад дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн АЦ-24-171 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн АЦ-24-195 дугаартай“...1 тооны нас нийлсэн халтар зүсмийн адууны үнэлгээг 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 126-128 дугаар тал/, *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогчоор алдагдсан гэх адууг таньж олуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” алдуул мал завших гэмт хэрэгт тооцохоор заасан. Харин шүүгдэгч Б.Цг нэг тооны адууг бусдын эзэмшил өмчлөлийн мал болохыг мэдсээр байж Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малыг эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилдээ байлгах хугацаандаа зарж борлуулсан бол Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд шүүгдэгч Б.Цг нь зохих байгууллагад мэдэгдэлгүй захиран зарцуулж байгаа үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх ба шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдэлд мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй болно.  

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч Б.Цг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж маргаж байх боловч гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч Б.Цгийн өөрийнх нь адуунд бусдын хонгор зүсмын байдас байгааг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүй захиран зарцуулж байгаа үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хохирогч С.Бын алдагдсан нэг тооны адууг Хөрөнгийн үнэлгээний ....о ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн АЦ-24-171 дугаартай дүгнэлтээр 700.000 төгрөгөөр тогтоосон. Тухайн нэг тооны адууг хохирогч С.Б нь биет байдлаар буцаан авсан талаар хохирогч мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлсэн, харин алдсан адуугаа У хот Эмээлт гэх газраас очиж авсан унааны зардлаа нэхэмжлэнэ гэх боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх талаар мэдүүлээгүй, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, адуугаа ачиж ирсэн зардал болон алдсан адуугаа эрж хайсан зардлаа л нэхэмжлэнэ гэсэн байх тул  шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

                Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна.                     

 

              Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний ....о ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн АЦ-24-195 дугаартай дүгнэлтээр 1 тооны нас нийлсэн халтар зүсмийн адууны үнэлгээг 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 26  дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Б.Цгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн халтар зүсмийн 1 тооны морийг хураан улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч А овогт Бын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй. 

 

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 26  дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Б.Цгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн халтар зүсмийн 1 тооны морийг хураан улсын орлого болгосугай.  

 

             6. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР