| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2022/01183/И |
| Дугаар | 101/ШШ2022/01500 |
| Огноо | 2022-04-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/01500
| 2022 04 04 | 101/ШШ2022/01500 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У с у г-т холбогдох,
Бохир ус зайлуулах шугамыг өөрийн хөрөнгөөр зайлуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш х ХХК, түүний төлөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани Нийслэлийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам дагуу байрлалд үйлчилгээ конторын зориулалтаар 360 м.кв газар эзэмшдэг болно. Тус газарт манай компани 16 давхар оффис, үйлчилгээний барилга барихаар зураг төсөл боловсруулан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлэх гэсэн боловч газрын хойд талаар 4 метр зайд Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын харьяа бохир ус зайлуулах 3 дугаар коллекторын 800 мм шугам байрлаж байгаа нь тухайн газарт барилга барих боломжгүй болгож, зориулалтын дагуу эзэмшиж чадахгүй байгаагаас газар эзэмших, барилга байшин барих зэрэг эрхээ хэрэгжүүлэхэд саад болж, хохирч байна. Өмнө нь манай компани дээрх бохирын шугамыг өөрийн хөрөнгөөр зайлуулах хүсэлтийг У с у гт гаргасан боловч асуудлыг шийдвэрлээгүй татгалзсан болно. Гэтэл бусдын эзэмшил бүхий газар болон барилга байшингаас 6 метр зайд инженерийн шугам сүлжээ байрлах ёстой бөгөөд бохирын шугам нь манай эзэмшил бүхий газартай хэт ойрхон байгаа нь хууль зөрчиж байгаа учир тус шугамыг зайлуулах, эзэмшил бүхий газраас холдуулах шаардлагатай байна. Иймд манай компанийн эзэмшиж байгаа газрын хойно 4 метр зайд байрлах бохир ус зайлуулах 3 дугаар коллекторын 800 мм шугамыг өөрийн хөрөнгөөр зайлуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.
Ш х ХХК-ийг би 2019 онд худалдаж авсан, өмнөх удирдлага Д.Э-тай холбогдоход бохир ус зайлуулах шугамыг зайлуулан 4 метр зайнаас гаргачихсан байгаа гэж хэлээд мэргэжлийн компаниар зураг хийлгэж өгсөн, тэгэхээр манай нэхэмжлэлийн шаардлага болчихоод байна. Гэхдээ би нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.
2.Хариуцагч У с у г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нарны зам дагуу байрлах Ш х ХХК-ийн эзэмшлийн газар нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар олгогдсон бөгөөд уг газрын хойд хэсгээр байрлах бохир усны 3 дугаар коллекторын 800 мм төмөр бетон шугам нь 1963 онд ашиглалтад орсон Баянзүрх дүүргийн 13, 14, 15, 16, 18, 19, 22, 25 дугаар хороонуудын бохир усыг татан зайлуулдаг Улаанбаатар хотын зүүн бүсийн бохир усны гол магистрал шугам байна. Эндээс харахад Ш х ХХК нь тухайн газрыг эзэмшиж эхлэхээс өмнө уг шугам сүлжээ нь Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу хийгдэж Баянзүрх дүүргийн бохир усыг татан зайлуулж ирсэн байна. Манай байгууллагын зүгээс 800 мм бохир усны магистрал шугамыг зөөн шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдэж байсан. Уг шугам нь овор хэмжээ, ачаалал, насжилтийн хувьд зөөн шилжүүлэх боломжгүй, мөн хойд хэсгээр цэвэр усны 700 мм төвийн шугам, орон сууцны барилга байгаа тул шугам сүлжээний хамгаалалтын бүс зөрчигдөх эрсдэлтэй байна. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7, 17.14-т заасны дагуу шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх хамгаалалтын бүсийг хангуулж Баянзүрх дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл, мөн хангагч байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэгч Ш х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчийн нотлох баримт: Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Ус сувгийн удирдах газрын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2/02 дугаар мэдэгдэл, план зураг, Билэгт боорж ХХК-ийн кадастрын инженерийн гүйцэтгэсэн хэмжилтийн зураг, Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем баримт.
Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш х ХХК нь хариуцагч У с у г-т холбогдуулан бохир ус зайлуулах 3 дугаар коллекторын 800 мм шугамыг өөрийн хөрөнгөөр зайлуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийг Улаанбаатар хотын У с у г гэж тодорхойлсон боловч шүүхэд ирүүлсэн хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээгээр хариуцагчийн нэр У с у г байх тул хариуцагчийн нэрийг Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр шүүхийн шийдвэрт тусгав.
Хариуцагч нь нэхэмжлэгч тухайн газрыг эзэмшиж эхлэхээс өмнө уг шугам сүлжээ Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу хийгдэж, Баянзүрх дүүргийн бохир усыг татан зайлуулж ирсэн, уг шугамыг зөөн шилжүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байна.
2.Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
3.Нэхэмжлэгч Ш х ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байх ба Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, 360 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар 4 жил 11 сарын хугацаагаар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна (хэргийн 6-9).
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... эзэмшиж байгаа газрын хойно 4 метр зайд бохир ус зайлуулах 3 дугаар коллекторын 800 мм шугам байрлаж байгаа гэж тодорхойлсон, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад Билэгт боорж ХХК-ийн кадастрын инженерийн гүйцэтгэсэн хэмжилтээр тус эзэмшлийн газраас хойш 6 метр, 6.53 метрийн зайд бохир усны шугам байрлаж байгаа тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн зүйлгүй болсон гэж тайлбарлаж байна (хэргийн 37 дахь тал).
4.Хариуцагчийн зүгээс дээрх 6 метр, 6.53 метрийн зайд шугам байршиж байгаа гэх мэдээлэл тус байгууллагын болон хот төлөвлөлтийн мэдээллийн санд ороогүй байна гэж тайлбарлаж байна.
5.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан газрын эзэмшигч байх бөгөөд мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хариуцагч зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар ариутгах татуургын зориулалтаар олгогдсон газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх хэсэгт зааснаар бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна, бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээс өмнө маргаж буй бохир ус татан зайлуулах шугамыг барьж байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба уг шугамын хамгаалалтын зурвас газарт газар эзэмшүүлсэн асуудал нь хариуцагч байгууллагад хамааралгүй, түүнчлэн хамгаалалтын зурвас газарт газар олгогдсон тохиолдолд шугамыг өөрийн зардлаар зайлуулах үүргийг хариуцагч байгууллага хуулиар хүлээгээгүй байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийлгэсэн эрх бүхий этгээдийн хэмжилтээр бохир ус татан зайлуулах шугам түүний эзэмшлийн газраас 6 метр, 6.53 метрийн зайд байрлаж байгаа гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу зохигч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар нотлоогүй.
6.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У с у гт холбогдуулан гаргасан бохир ус зайлуулах 3 дугаар коллекторын 800 мм шугамыг өөрийн хөрөнгөөр зайлуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Ш х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА