Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/01638

 

 

 

 

 

 

 

 

2022 04 11

101/ШШ2022/01638

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ю ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.З,

 

Хариуцагч: Р ХХК нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 245,520,800 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагч Э.З, хариуцагч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ю ф ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Тус банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Иргэн Э.Згийн өргөдлийг судлан үзээд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/20/03/041 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Э.Згийн Худалдаа хөгжлийн банкин дахь  тоот дансанд 140,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлэн олгосон. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах баталгаа болгож, Р ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Богины ам гудамж, тоот хаягт байрлах, аялал жуучлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нь энэхүү зээлийг 3 сарын хугацаанд авч 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буцаан төлөх ёстой байсан ч биелүүлээгүй. Зээлдэгч нь тендерээр ажил гүйцэтгэхээр болсон удахгүй орж ирнэ, ковид-19 цар тахлын улмаас ажил удаашралтай явагдаж байна, тодорхой ажлын санхүүжилт шийдэгдэхгүй хойшилсоор байна гэх зэргээр хугацаа олгохыг хүсч байсан. Энэ хугацаанд барьцаалуулагч Р ХХК-ийн захирал С.Ц, түүний өмгөөлөгч нартай утсаар холбогдох, уулзалт хийх зэргээр зээлийн эргэн төлөлт хийх талаар холбогдох шаардлагыг тавьж ирсэн ч төлөгдөөгүй. Иймд хариуцагч Э.З-гээс зээл 140,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тооцсон зээлийн хүү 87,934,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,586,800 төгрөг, нийт 245,520,800 нийт төгрөгийг гаргуулж өгнөүү. Мөн энэхүү төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Р ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Богины ам гудамж, тоот хаягт байрлах, аялал жуучлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай барилгын Максмайнд ХХК нь 2017 онд Хэнтий аймгийн Чингис хаан хотод 600 хүний суудалтай драмын театрын ажлыг Хөвсгөл геологи ХХК-ийн цуцалсан ажил дээр шууд гэрээ хийж, нийт 5.2 тэрбум төгрөгийн ажил хийхээр Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ хийж ажлаа эхлүүлсэн. Эхлээд гүйцэтгэлээ хийж ажлаа хүлээлгэж өгсний дараа Сангийн яамнаас санхүүжилтээ авдаг үндсэн зарчмын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Хөвсгөл геологи ХХК нь бүх цахилгаан холболтыг анхнаасаа буруу хийсний улмаас хийж буй ажилд маргаан гарч 690,000,000 төгрөгийн санхүүжилт 2 жил шийдвэрлэгдэхгүй шүүхээр яваад манай компани 2 шатны шүүх дээр ялсан байна. Уг зээлийг бид тухайн ажлаа хурдан шуурхай хийж гүйцэтгээд санхүүжилтээ аваад төлнө гэж үзэж авч хэрэглэсэн, зээлээ төлөх чин хүсэлтэй байгаа. Мөн ковид цар тахлаас болж бидний ажил нэлээн саатсан. Биднийг ажлаа явуулж байх хугацаанд Хэнтий аймгийн Засаг дарга 2 удаа солигдож манай гэрээг цуцална гэж автоматаар зогсоосон гэх мэт бидний ажилд шат шатны асуудлууд тулгарсан. Зөвхөн энэ зээл гэлтгүй, барилгын материалын зээл гэх мэт олон зээлтэй учраас компанийн хувьд маш хүнд байдалд орсон. Ю ф ББСБ ХХК-аас авсан зээлийн хүү, алданги дээр тохиролцоонд хүрчих юм бол бүрэн төлж барагдуулах хүсэл эрмэлзэлтэй байна гэв. 

  

3.Хариуцагч Р ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Р ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан хариуцагч Э.Зг танихгүй, төрсөн ах С.Ц-х нь хүсэлтийн дагуу 2020 оны 06 дугаар сард иргэн Э.Зд компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Богины ам гудамж, тоот хаягт байрлах, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах итгэмжлэл 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон. Э.З нь манай компаниас итгэмжлэлээр авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ю Ф ББСб" ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ /20/03/041 дугаартай зээлийн гэрээгээр 140,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байна. Э.Згийн авсан тухайн зээлээс манай компани нь бэлэн болон бус хэлбэрээр нэг ч төгрөг аваагүй. Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч талаас 216,322,400 төгрөг нэхэмжилсэн байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, валютын ханшны өсөлт, бараа материалын огцом өсөлт, давагдашгүй хүчин зүйлийн их нөлөөлөлд бүх нийтээрээ өртөж энэ цаг үед ямар ч компани, иргэн гэрээний үүргийг биелүүлэхэд хүндрэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэв. 

 

4.Нэхэмжлэгчийн нотлох баримт: Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн өргөдөл, эд хөрөнгийн лавлагаа, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  тоот зээлийн гэрээ,  тоот барьцааны гэрээ, итгэмжлэл, хариуцагч Р ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, зээлийн тооцоо.

  

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ю ф ББСБ ХХК нь хариуцагч Э.З, Р ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 245,520,800 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Э.З зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар нэхэмжлэгчтэй тохиролцох, хариуцагч Р ХХК нэмэгдүүлсэн хүүг багасгуулах хүсэлттэй гэж тус тус шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

  

2.Нэр бүхий зохигчдын хооронд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/20/03/041 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Ю ф ББСБ ХХК нь 140,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 30 хоногт 3.3 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар хариуцагч Э.Зд зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ (хэргийн 16-18 дахь тал).

 

Нэхэмжлэгч Ю ф ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна (хэргийн 10-12 дахь тал).

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байх ба энэ талаар талууд шүүхэд маргаагүй.

 

3.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

3.1.Нэхэмжлэгч нь 140,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн буюу зээлдүүлэгчийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна (хэргийн 27 дахь тал).

 

3.2.Нэхэмжлэлд зээл 140,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тооцсон зээлийн хүү 87,934,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,586,800 төгрөг, нийт 245,520,800 төгрөг шаардсан ба зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор зээлийн хүүг сар бүр, зээлийг хугацааны эцэст төлөхөөр тохирсон ч уг үүргээ огт биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. 

 

3.3.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан ба зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт Зээлийн хүү зээлийг Зээлдэгчид олгосон өдрөөс эхлэн зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд үндсэн зээлийн дүнгийн үлдэгдэлд хуанлийн 30 хоногт 3.3 хувиар бодно гэж заажээ.

 

Иймд дээрх хуулийн зохицуулалт болон зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээнд заасан болон зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 571 хоногт 87,934,000 (140,000,000*3.3%/30*571) төгрөгийн хүү тооцсон байх ба уг тооцоо нь дээрх хуулийн зохицуулалт болон гэрээнд үндэслэсэн байна.

 

3.4.Түүнчлэн нэхэмжлэлд нэмэгдүүлсэн хүү 17,586,800 төгрөг шаардахдаа дээрх үндсэн хүү 87,934,000 төгрөгийн 20 хувиар тооцсон байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Талуудын гэрээний 2.9 дэх заалтад Зээлдэгч үндсэн зээл, хүүг энэхүү гэрээнд заасан хавсралт №1-ийн дагуу хугацаанд нь зохих ёсоор төлж чадаагүй бол зөрчил гаргасан өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцох ба түүний хэмжээ 2.5-д заасан хүүгийн 20%-тай тэнцүү байна. Нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний дагуу төлөх бүх төлбөрийг бүрэн төлж барагдуулах ... хүртэл тооцно гэжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт болох зээлийн гэрээний нөхцөлөөр зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцохоор байх боловч талууд зээлийн гэрээний хавсралтад зээлийг хугацааны эцэст төлөхөөр тохирсон байх тул зээлийн гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй, тодруулбал нэмэгдүүлсэн хүүний тооцооноос 2,772,000 (4,620,000*3=13,860,000*20%) төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй байна.

 

3.5.Хариуцагч нь ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүйгээс шалтгаалан зээлээ төлж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь үүссэн нөхцөл байдлын хувьд нийтэд илэрхий хэдий ч тухайн нөхцөл байдлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгчид хандсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтад талуудын зээлийн гэрээ хамаараагүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн Хэнтий аймагт гүйцэтгэсэн ажлын хөлсөө авч чадаагүйгээс зээлээ төлөх боломжгүй байсан гэж тайлбарлаж байх хэдий ч тухайн нөхцөл байдал нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах үндэслэл болохгүй.

 

4.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Э.Згээс зээлийн гэрээний үүрэгт зээл 140,000,000 төгрөг, зээлийн хүү 87,934,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,814,800 төгрөг, нийт 242,748,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

5.Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Р ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  тоот барьцааны гэрээг бичгээр байгуулж, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Богины ам гудамж, тоот хаягт байрлах, 277.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна (хэргийн 19-21 дэх тал).

   

Талуудын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх ба энэ талаар маргаангүй.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул дээрх барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй

 

6.Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,618,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 1,371,694 төгрөгийг хариуцагч Э.З-гээс, 70,200 төгрөгийг хариуцагч Р ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.З-гээс 242,748,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,772,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.З шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Р ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Богины ам гудамж,  тоот хаягт байрлах, 277.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,618,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.З-гээс 1,371,694 төгрөг, хариуцагч Р ХХК-аас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ю ф ББСБ ХХК-д олгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА