Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

                             2025/ШЦТ/92   

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б  

Шүүгдэгч: М.Мэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Мы Мэд холбогдох эрүүгийн 2412003800069 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн Т сумын Мн баг И гэх газарт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С ургийн овогт Мы Мэ/РД:А3......../

                                        Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч М.Мэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Мэ нь 2024 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд А аймгийн Т сумын Мн багийн Ө гэх газраас галын түлээний мод бэлтгэхдээ эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг (2 метрийн урттай, 5 ширхэг) шинэс төрлийн хуурай босоо мод 0.536 м3 хэмжээтэй модыг бэлтгэж, ойн санд 58.831.36 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна. 

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч М.Мэ нь дээрх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Р.Бгийн “...Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-71 дүгээр тал/, гэрч П.Оын“...2024 оны 10 дугаар сарын 17-18-ны үер өдөр залгаад “мод бэлтгэх гэсэн хөрөө асахгүй байна” гэхээр нь Ө гэх газар очиж хөрөөг нь янзалж өгөөд ...би түрүүлээд гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/, гэрч Б.Мийн “...2024 оны 10 дугаар сарын 20-21-ний үеэр “мод ачаад сумын төв рүү оруулаад өгөөч” гэхээр нь “гоожин байгаа юу” гэтэл “гоожин байгаа” гэхээр нь “тэгье” гээд Ө гэх газраас М.Мийн хамт 06-23 АРХ улсын дугаартай 5 тонн Трак гэх тээврийн хэрэгслээр мод ачиж Хуурай хадат гэх газар дугуй хагараад дугуй олдохгүй 4 хоноод сумын төвийн Эн гэх хүнээс нэг дугуй худалдаж аваад нэг дугуй янзлуулаад 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т сумын төв ороход “зөрчилтэй байна” гээд цагдаа саатуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/, гэрч А.Эны”...Би нэлээд хэд хоногийн өмнө Б.М гэх залуутай таараад надад чиний машинд гаарах дугуй байгаа шүү зарна гэж ярьж байсан. Тэгтэл над руу Б.М залгаад “нөгөө дугуйг чинь авъя” гээд өөрөө ирж авсан. Тэгэхдээ модны талаар юм яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал/, гэрч А.Днгийн”...Тухайн өдөр мод бэлтгэх эрхийн бичиг аваад явсан. Тэрнээс 5 хоногийн дараа утсаар яриад “машин саатаад модоо тээвэрлэж чадсангүй. Мод бэлтгэх эрхийн бичиг ахиад авъя” гэж яриад 10 сарын 23-нд сумын төвд ажил дээр ирээд мод бэлтгэх эрхийн бичиг аваад явсан. Иргэн Днгийн мод бэлтгэсэн А аймгийн Т сумын Мн багийн Ө гэх газар 2024 онд талбай тусгаарлалтыг Т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/, яллагдагч М.Мийн”...хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 100-101 дүгээр тал/,

             А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 88 дугаартай”... экологи эдийн засгийн үнэлгээ 868,421.12 төгрөг байна. 66 ширхэг модны м3 –ын хэмжээг MNS2379:2010 стандартын арга ашиглан бодоход 7,912 м3 байна...” гэх дүгнэлт/хх-ийн 58-62 дугаар тал/,

             Хөрөнгийн үнэлгээний Мэргэнгүн аудит ХХК-ийн үнэлгээчин А.Бын 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай”...хөрөө-50.000 төгрөг, мод-738.200 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 107 дугаар тал/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, А аймгийн Т сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “2024 онд ойгоос ахуйн хэрэглээний болон галын түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” захирамж, түүний хавсралт, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч М.Мэ галын түлээний мод бэлтгэхдээ нэг ширхэг босоо мод унагаж, хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          А аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Мийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Мийг хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Мэ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 58,831.36 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /58,831.36*3=176,495/нэг зуун далан зургаан мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 176,495/нэг зуун далан зургаан мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, шүүгдэгч М.Мэ нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаварыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүхээс шүүгдэгч М.Мийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Хэрэгт битүүмжлэгдсэн 5 ширхэг 0.536 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80.000/наян мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулан, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн 5 ширхэг 0.536 метр куб модны үнэлгээг тусад гаргаж ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч С овогт Мы Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэ нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч М.Мээс 176,495/нэг зуун далан зургаан мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 28-ны  өдрийн 21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэгт битүүмжлэгдсэн 58,831/таван найман мянга найман зуун гучин нэг/ төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг 0.536 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000/тавин мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулан, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүсүгэй.   

 

7. Шүүгдэгч М.Мэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР