2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/349

 

                                      

 2025          02           03                                     2025/ШЦТ/349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Б.Тэгшбаяр (томилолтоор),

хохирогч Д.*******, П.*******,

шүүгдэгч А. (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.т холбогдох эрүүгийн 2105019301246 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,******* тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 1, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, овогт ын (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч А. нь “Канад улсын виз гаргана” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Д.*******ээс 7,307,500 төгрөгийг, хохирогч П.*******ээс 4,134,000 төгрөгийг Хаан банкны , тоот дансаар дамжуулан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А. нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тавилга захиалгаар үйлдвэрлэдэг “” ХХК-нд менежерээр ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад өмнө нь манай компаниар тавилга хийлгүүлж байсан залуу болох ын нь над руу залгаад “Сайн уу, эгчээ, танайх тавилга хийж байгаа юу, манай захирал надад байр өгөөд хоёр дүүдээ тохижуулаад үлдээх гэж байгаа юм, би энэ сарын сүүлээр Канад явна, та төлбөрт нь Канадын виз гаргуулж болно шүү, танаас би ямар ч төлбөр авахгүй, та харин тавилга хямдруулаад өг” гэж ярьсан юм. Тэгэхээр нь би дуртайяа зөвшөөрөөд маргааш өдөр 11 цагт дэлгүүр дээрээ уулзсан бөгөөд нь надад “МИАТ-ын ажилчид, албаны дарга нар жил болгон Канад улс руу сургалтад явдаг, одоо 20 хүн явах гэж байгаа, би таныг сургалтад явах гэж байгаа хүмүүсийн цай, кофе зөөдөг ажлын байран дээр виз даруулаад өгье, манай захирал өөрийн гэсэн 3 хүний визийг дунд нь оруулаад Канад улс руу авч ирж болно гэсэн, би танд тус болоод таны визийг гаргаад өгье” гэж хэлэхээр нь би “Өө тийм үү, ямар буянтай юм бэ” гэж хэлээд салцгаасан. ...Ингээд нийт 9,455,500 төгрөгийг гэх хүнд дансаар шилжүүлж өгсөн бөгөөд үүнээс манай найз *******ийн өгсөн 2,148,000 төгрөг хасагдаад би 7,307,500 төгрөгийг т өгсөн байна. Үүнээс хойш нь “Тийз гараагүй байна, Зам тээврийн яаман дээр шалгагдаад удаад байна” гэж хэлж явсаар байгаад 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Фейсбүүкээс гэх хүнд луйвардуулсан олон хүн байгаа талаар нийтлэлийг хараад ийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Нарны хороолол дээрээс цагдаагийн байгууллагад хандаж барьж өгсөн юм. Ингээд гэх залуугийн надад хэлж ярьж, итгүүлж, ажил бүтээж байна гэсэн бүх зүйл худлаа болох нь тодорхой болсон бөгөөд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ...уг хохирлоос ийн эхнэр Булгантамир гэх эмэгтэйгээс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийг аваад найз *******тэй хувааж авсан. Өөр ямар нэгэн байдлаар хохирол төлөгдсөн асуудал байхгүй. ...Би маш их гомдолтой байна. Хохирлоо бүрэн барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49, 222-223 дугаар хуудас),

Хохирогч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие найз *******ээр дамжуулан гэх залуутай танилцсан. Тухайн гэх залуу нь “Канад улсын виз найдвартай гаргаж өгье, МИАТ-ын шугамаар хүмүүс сургалтад явах гэж байна, захирлаасаа 2 хүн авч явах зөвшөөрөл авсан” гэж байсан бөгөөд улмаар Канад улсын виз гаргуулахаар би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Атарбаяр гэх хүний Хаан банкны тоот данс руу өөрийн Хаан банкны тоот данснаас виз болон тийзний урьдчилаа 30 хувь гэж 1,436,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр *******ийн Хаан банкны тоот данс руу өөрийн данснаас тийзний үлдэгдэл 2,148,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ийн өөрийнх нь Хаан банкны тоот данс руу мөн өөрийн данснаас 550,000 төгрөгийг тус тус Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын орчимд явж байхдаа гар утасны интернэт банк ашиглан шилжүүлсэн. Ингээд 3 удаагийн гүйлгээгээр нийт 4,134,000 төгрөгийг гэх хүнд өгсөн. Дээрх Атарбаяр гэх хүний дансыг нь өөрөө надад хэлж байсан. Атарбаяр гэх хүнийг ямар нэгэн байдлаар танихгүй. 2021 оны 09 дүгээр сарын дундуур гэх залуу нь залилангийн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаж байсан бөгөөд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний бие Канад улсын виз гаргуулах зорилгоор 4,134,000 төгрөгийг гэх хүнд өгсөн. нь *******тэй ажил хэргийн шугамаар танилууд гэж байсан. Мөн өөрөө виз гаргаж өгч чадна гэж ярьж байсан учраас итгэсэн юм. ...Өнөөдрийг хүртэлх хугацаанд мөнгийг чинь өгнө гэж хэлээд худлаа яриад яваад байгаа юм. ...Би маш их гомдолтой байна. Хохирлоо бүрэн барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54, 217-218 дугаар хуудас),

Хохирогч Д.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас),

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас),

Хохирогч П.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас),

Шүүгдэгч А.ийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 146-152 дугаар хуудас),

Шүүгдэгч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би 2021 оны 08 дугаар сард өмнө нь танил байсан Д.*******тэй холбогдоод тавилга хийлгэх талаар ярилцаж байгаад Канад улсын виз гаргуулах зорилгоор манай “МИАТ” ХК виз авна, тэр дунд таны нэрийг оруулаад өгье гээд хэлчихсэн юм, тэгээд найз нь гээд П.******* гэх эмэгтэй мөн виз гаргуулъя гэж холбогдоод гаргаж өгье гэж ярьж тохирсон. Тэгээд тухайн үед би танил болох Атарбаяр, хойд ээж Ч.Цэндмаа, таксины жолооч Ё. гэх хүмүүсийн болон өөрийн дансаар нийт 11,441,500 төгрөгийг авсан юм. Тухайн үед залилах гэмт хэрэг үйлдээд Баянзүрх дүүргийн шүүхээр орох гэж байхдаа Д.*******, П.******* нараас мөнгө авчихсан юм. Энэ талаар удаа дараа шүүхэд хэлсэн боловч тоохгүй ял шийтгэсэн. Би тухайн үед виз гаргах эрх бүхий албан тушаалтан байгаагүй. ...Би тухайн мөнгийг АТМ-ээс бэлнээр юм уу дансаар аваад тухайн үед онлайн покер тоглоод мөнгийг нь алдчихсан. Надад одоо өөр цагдаагийн газар, хэлтэст шалгагдаж байгаа хэрэг байхгүй, ганцхан энэ үйлдэл дутуу байсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 196-199 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 179 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 227 дугаар хуудас), ялын тооцооны лавлагаа (хавтаст хэргийн 213 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 172-176 дугаар хуудас), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2021/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 156-170 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А. нь “Канад улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Д.*******ээс 7,307,500 төгрөгийг, хохирогч П.*******ээс 4,134,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 11,441,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Д.*******, П.******* нарын мэдүүлэг, Хаан банкны , , дугаартай дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, шүүгдэгч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт) хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдлийг хэлдэг.

Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт этгээд мэдэж байсан атлаа зориудаар үл мэдээлж, нуун дарагдуулсныг, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж бодит байдалд байхгүй, хийсвэр зүйлийг байгаа мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулсан, тухайлбал өөрийгөө эрх бүхий албан тушаалтай хүмүүстэй танил гэх мэтээр итгүүлэхийг, “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэгт урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, өмнө нь хамтран ажиллаж байсан, түүнчлэн бие биеэ мэдэх найз нөхдийн харилцаатай хүмүүсийн итгэлийг урвуулан ашиглах зэргийг тус тус ойлгодог.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А. нь шунахайн сэдэлтээр, хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан виз гаргуулна гэж итгүүлэн хохирогч Д.*******, П.******* нарт “Канад улсын виз гаргаж өгнө” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тэднээс нийт 11,441,500 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч А. өөрийнх нь үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч А.ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******т 7,307,500 төгрөгийн, хохирогч П.*******д 4,134,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Д.******* “...хохирлоос 250,000 төгрөг буцааж авсан, одоо 7,057,500 төгрөг нэхэмжилнэ” гэж, хохирогч П.******* “...хохирлоос 250,000 төгрөг буцааж авсан, одоо 3,884,000 төгрөг нэхэмжилнэ” гэж тус тус мэдүүлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.оос нийт 10,941,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.*******т 7,057,500 төгрөг, хохирогч П.*******д 3,884,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А. үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч А.т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 17 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 11 сар 17 хоног хорих ялаар тогтоож, түүний цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч А.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон өмнө нь залилах гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч А. нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангид дээрх ялыг эдэлж байхад нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уг ангиас Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүгдэгч А.ийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид шилжүүлэн авчирч яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн ялын хугацаа 1 жил 11 сар 17 хоног байсан нь ялын тооцооны лавлагаа (хавтаст хэргийн 213 дугаар хуудас)-гаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 17 (арван долоо) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.ийн цагдан хоригдсон 80 (ная) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 (зургаа) жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 17 (арван долоо) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 17 (арван долоо) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.ийн цагдан хоригдсон 80 (ная) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.оос нийт 10,941,500 (арван сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Даваадоржийн ******* (РД: НВ82062406)-т 7,057,500 төгрөг, хохирогч Пүрэвдоржийн ******* (РД: НВ82062623)-д 3,884,000 төгрөг тус тус олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА