| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0075/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/81 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/81
2025 05 13 2025/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000380074 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч Б.Халиунгоо
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Баттуяа, С.Ичинхорлоо
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “” ХХК-нд худалдан авалтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн *******,******* байр, орон сууцанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* ******* (РД:*******)
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн *******,******* байрны орцонд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний 00 цаг 05 минутын орчимд хохирогч *******г аавтай маргалдаж, муудалцсан гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн болон баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, салстад болон зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..2024 оны 12 дугаар сарын 31-ний орой 11 цаг 45 минутад дээд айлаас ус алдсан. Манай аав дээшээ гараад хараад ирье гэж гарсан. 5 минут хүрэхгүй орцонд 2 эрэгтэй хүн муудалцаж байгаа чанга дуу чимээ гараад би гарч харсан. Манай аавыг том биетэй залуу боомилсон байдалтай байсан. Манай аав зүрхний хагалгаанд орсон хүн байгаа. Шатны ойролцоо зогсож байсан учраас тэрийг хараад айж сандарсан. Тэгээд би аавыг маань янз бүр болгочихвий гэж бодоод салгах гэж үзээд чадахгүй болохоор биед нь халдсан гэв...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 31-нээс 2025 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө буюу он гарахын урдхан манай дээд айлаас ус алдахаар нь аав дээд айлтай уулзах гээд орсон. Тэгээд орцонд хүмүүс маргаад байхаар нь би гараад харсан чинь дээд давхарт аавыг маань том биетэй хүн заамдаад боосон байдалтай зогсож байхаар нь гүйж очоод салгах гэтэл намайг бас заамдаад авсан. Тэгээд би тухайн үед аав болон өөрөөсөө холдуулах гээд хүч хүрэхгүй цохисон. Батзаяа гэдэг хүний нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохисон. Аав тухайн үед Батзаяа гэх хүнд заамдуулсан байдалтай байсан. Аав зүрх судасны өвчтэй эмчийн хяналтанд байдаг хүн...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-р хуудас)
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Багануур дүүргийн 3 дугаар хорооны 37 дугаар байранд байхад эхнэрийн утас руу хэн нэгэн залгаад гэрт чинь ус алдаад байна гэж хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр******* байрны 27 тоотод байх гэр рүүгээ очиход байрны орцонд ус сувгийн ажилтан бололтой эрэгтэй хүн биднийг хүлээгээд зогсож байсан. Түүнийг дагуулаад гэртээ ороход жижиг өрөөний паарнаас ус гоожиж байсан. Тийм их биш ч гэсэн шалан дээр ус тогтсон байсан. Ус алдалтыг тухайн залуу зогсоож байхад гаднаас нэг залуу орж ирж харчхаад буцаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа дахин нэг хөгшин эрэгтэй хүн гэрт буюу жижиг өрөөнд шууд ороод ирсэн. Би тэр хүнийг танихгүй болохоор шууд гэрээсээ гарахыг шаардаж “хүний гэрээс гарч бай, шийдэх газар нь шийдэх биз” гэсэн. Тухайн үед гэрээс гарахгүй байсан тул бие рүү нь түлхэж байж гаргасан. Тэр хүн орцонд гарчхаад намайг “гараад ир” гэж дуудсан бөгөөд намайг гэрээс гарахад миний цамцнаас заамдсан, би ч тэр хүний хувцаснаас заамдсан. Бид хоёр нэг нэгнийхээ биед хүрэхгүй заамдаад зогсож байхад гэнэт шатны доороос нэг залуу гарч ирээд шууд миний нүүр, ам хэсэг рүү гараараа олон удаа цохисон. ...Яг хэдэн удаа хаана цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Одоо миний хоёр нүд хавдсан, баруун талын хацар хавдсан, доод уруулаас цус гарсан, хамар хавдсан байдалтай байна. Баруун талын нүдний дээд хэсэг хонхойсон байдалтай байна. Энэ хүмүүс намайг хэл амаар их доромжилсон. Тэдгээр хүмүүс дунд хоёр хүүхэн нь илүү ажил мэргэжил болон биеийн үзэмжээр бүдүүн, гэдсээ унжуулсан, согтуу гэж доромжилсон. Би согтолтын зэргээ шалгуулсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19)
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би аавындаа он гаргах гээд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байж байхад орой 23 цаг 36 минутад дээд айлаас ус алдаад байхаар нь би дээд айл руу очтол хүн байгаагүй. Тэгээд би Багануурын зар дээр******* байрны 27 тоотоос ус алдаад байна таньдаг хүн байвал хэлээд өгөөч гэж байршуулаад байж байхад дээд айлын хүн ирсэн. Манай аав дээд айлын хүмүүстэй уулзаад ирье гээд гараад удалгүй орцонд чанга чимээ гараад байхаар нь би гараад дээд давхарт гартал нэг ах манай аавыг цамцаар нь боогоод шатны хаалт руу налуулсан байхаар нь би салгах гээд дундуур нь ороод салгаж чадаагүй. Тэгтэл ах ******* гарч ирээд нөгөө хүнийг салгах гээд хэсэг зууралдаж байгаад салгасан. ...Намайг дээш гарч ирэхэд аав *******г Батзаяа гэх хүн боосон байдалтай зогсож байсан ба би дундуур нь ороод байж байхад ах доороос ирээд Батзаяа гэх хүнийг ааваас салгахаар нь би аавын урдуур орж зогсож байсан учир аав хүний биед халдаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас)
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний орой ээжийнд байж байхад нэг дугаараас танайд ус алдаад байна гэхээр нь би нөхрийн хамт гэртээ ирсэн чинь жижиг өрөөний паарнаас ус алдсан удалгүй Багануур ус ХХК-иас ажилтан ирээд ус алдалтыг зогсоогоод явсан. Тэгээд удалгүй доод давхрын хүн орж ирээд манай нөхөртэй үүдэнд маргаад барьцалдаад авах шиг дуу чимээ гарахаар нь гараад очсон чинь нөгөө ах, нөхөр хоёр барьцалдаад зогсож байсан. Тэгтэл доод давхраас нэг залуу гарч ирээд нөхрийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод, нөгөө ах манай нөхрийн араас гараараа боосон, тэгээд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас)
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай “...*******гийн биед тархины доргилт, зүүн болон баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, салстад болон зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх тархины доргилт, зовхины няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 64-65-р хуудас)
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 30/316 дугаартай албан бичигт “...иргэн ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэмтлийн оношоор Багануур ЭМТ-ийн яаралтай 106.190 төгрөгийн тусламж, ГСТҮТ-ийн яаралтай 31.214 төгрөг, амбулаторын үзлэг 113.400 төгрөг нийт 250.804 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэсэн албан бичиг (хх-ийн 102-р хуудас)
Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх “...мэдээлэлийн санд бүртгэлгүй...” гэсэн шалгах хуудас (хх-ийн 88-р хуудас)
*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгал төлж байсан эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дээд боловсролын дипломын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 79-87-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүнээс эмчилгээний зардалтай холбоотой 1.638.360 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа талаараа хэлэлцүүлгийн үе шатанд байр сууриа илэрхийлсэн байгаа. Хохиролтой холбоотойгоор улсын яллагчийн яллах дүгнэлтэд хохирлын тооцооллыг 1.300.000 төгрөгөөр тооцоолсон боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэж 150.000 болон 370.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримт нь эмчийн үзлэгийн хуудсыг хохирол гэж тооцоолж мөнгөн дүн гаргаж нэгтгэсэн байгаа учраас өмгөөлөгч нарын зүгээс энэ баримт давхардсан байгаа тул хохирлыг 1.118.000 төгрөг байна гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн хэрэг үүссэнээс хойш хохирогчтой холбоо тогтоож байсан. Хэдэн төгрөгийн хохирол гарсан бэ?, хохирлыг нөхөн төлж барагдуулъя гэдэг үйл баримтыг илэрхийлж байсан гэдгээ илэрхийлмээр байна...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Баттуяа “...Сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой тайлбар гаргах нь зүйтэй байна. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт биш мөрдөгчийн зүгээс хохирогч Батзаяагийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2 дугаар зэрэглэлд хамаарч байна гээд гарын үсэг зурчихсан байгаа. Хууль зүйн хувьд энэ бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1, 40.3 мөн холбогдох журмын дагуу баталгаатай тогтоосон гэж үзэх боломжгүй байна. Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргадаггүй. Гэм буруутай холбоотой учруулсан хор уршгаа нөхөн төлье гэдэг байр сууриа илэрхийлдэг. Гэхдээ үүнийг хуульд заасан арга замаар хуульд заасан хэм хэмжээний дагуу барагдуулах ийм хүсэл зоригтой байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна...” гэв.
Шүүгдэгчээс “...хийсэн зүйлдээ гэмшиж байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн ************** байрны орцонд 2025 оны 1 дүгээр сарын 1-ний 00 цаг 05 минутын орчимд хохирогч *******г аавтай маргалдаж, муудалцсан гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн болон баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, салстад болон зовхины цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч *******гийн нүүр хэсэгт гараараа цохисон үйлдэлүүлээр нь тогтоогдож байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн №42 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******ы үйлдэл нь хохирогч *******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар нь уур бухимдлаа барьж чадаагүй нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д эрүүл мэндэд хохирол учирсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч *******гаас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн эмчлүүлэгсдийн карт /х-98/, цагаан гаатай хээрийн цай 16.000 төгрөг, хүний эрүүл мэндийн дээрх ангид нэр заагдаагүй бусад төрлийн үйлчилгээ 150.000 төгрөг, хүний эрүүл мэндийн дээрх ангид нэр заагдаагүй бусад төрлийн үйлчилгээ 370.000 төгрөг, АИ-92 шатахуун 96.478 төгрөг, гепарин мазь, тобрадекс 29.400 төгрөг, jamieson ginkgo biloba 57.500, АИ-92 шатахуун 85.010 төгрөг, АИ-92 шатахуун 104.000 төгрөг, бараа 25.500 /х-99/, толгой судастай дүрс оношилгоо үзлэгийн хуудас, толгой тодосгогчгүй дүрс оношилгоо үзлэгийн хуудас /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/, гэмтэл согог судлалын үндэсний төв эмчийн бичиг, монос эмийн сан 184.472 төгрөг /х-100/ нийт 1.118.360 төгрөгийн баримтууд гарган ирүүлжээ.
Хохирогчоос E баримтаар ирүүлсэн 1.118.360 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа 1.118.500 төгрөгийг хохирогч *******д төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Харин хавтаст хэрэгт сэтгэл санааны хохиролын баримт хангалтгүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 250.804 төгрөгийг шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаасан байна./хх-н 103/
Иймд шүүгдэгч ******* нь одоогоор бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, мөн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заажээ.
Хохирогч *******д мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хавтаст хэргийн материалыг 2025.03.31-ний өдөр танилцуулсан болох нь түүний гарын үсгээр тогтоогдож байх бөгөөд хохирогч ******* нь ямар нэгэн санал хүсэлт илэрхийлээгүй байна. Мөн улсын яллагч нь шүүх хуралдаанд мэдүүлэг авахаар хэргийн оролцогч нараас оролцуулах талаар гаргах саналгүй гэжээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…шүүгдэгч ******* Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо “...өмгөөлөгч нарын хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байр суурьтай оролцож байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэнээс гадна Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж боломжтой гэж өмгөөлөгч нарын зүгээс харж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх зохицуулалтын хувьд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулаад 1.118.500 төгрөг буюу шүүхээс тогтоосон төгрөгийг төлж барагдуулсан. Хохирол төлөгдөөгүй асуудал байхгүй. Нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос дансаа өгөөч ээ, хэдэн төгрөгийн хохирол гарсан бэ? гэдэг байр суурийг илэрхийлж байсан эдгээр Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Баттуяа “...Хэрэг гарсан өдөр маань 12 дугаар сарын 31-ний өдөр буюу бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр, хүн бүрийн сэтгэл хөөрсөн, бүгд эерэг байсан өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл, тухайн үеийн зүйлээс болоод ийм гэмт хэрэг үйлдсэн. Би гэмт хэрэг үйлдээгүй гэж миний үйлчлүүлэгч маргадаггүй. Үүнийг хүлээн зөвшөөрдөг. Хүний биед халдаж болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч ээ...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс ”...хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч ******* нь ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг хөнгөрүүлэн тооцно.
Иймд шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохиролыг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д зургаан зуун (600) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган (600.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь 1.118.500 төгрөгийг хохирогч *******д төлсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцийн хохирол, хор уршигаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 250.804 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т төлсөн болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ