Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын ахлах прокурор Ц.Бямбадорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Б.Нямбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтугалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Нямбаатарт холбогдох 201716010001 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн гүний мастер мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 15-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, өмнө нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар ялыг тэнсэн хянан харгалзаж байсан, Агнан овгийн Баттөгсийн Нямбаатар /УК94013032/

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Нямбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны шөнө тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Тавантолгой” нүүсний уурхайн ачилтын хэсэгт хохирогч Ч.Болдбаатартай машиндаа нүүрс ачуулах машинуудын дугаараас болж маргалдан, улмаар Ч.Болдбаатарын зүүн нүдэн тус газар нь гараараа цохин, эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямбаатар мэдүүлэхдээ:“ Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед Эрдэнэс Таван толгойн 8  дугаар аман дээр Болдбаатартай маргалдсан. Манай машины урд талд нэг машин асахгүй зогсож байсан. Түүнийг гүйцэт түрүүлээд урд талд нь гартал Болдбаатарын машин урд зогсож байсан. Манай машины хий жаахан бага байсан учир өгсүүр газар очиж зогссон бөгөөд Болдбаатар очер дайрахгүй шүү гэж гарч ирсэн. Очер дайрахгүй ээ зүгээр зогсож байна гэж хэлэхэд манай машины урдуур машинаараа хашиж зогсоод урдуураа компанийхаа 2 машиныг оруулсан. Компани 20 машин татна гэсэн. Манай машин 21 дэх машин болж байсан. 21 дэх машин хөөгдөж гарна гэсэн учир бид 2 буцаад эгнээндээ орсон. Гэтэл Болдбаатар машинаасаа бууж ирээд зүгээр эгнээгээрээ явж болдоггүй юм уу? гэж хэлсэн бөгөөд бид 2 эгнээгээрээ явж байна. Та харин урдуураа 2 машин оруулаад байхын эгнээгээрээ явж болохгүй байгаа юм уу? гэж би хэлсэн. Болдбаатар манай машиныг өөрийн биеэрээ хашиж зогсоод байсан. Би жолоочийн хажуу талд туслах жолоочоор явж байсан учир бууж очсон. Би Болдбаатар ахад гэмтэл учруулах талаар бодоогүй. Очерноос болж ийм үйлдэл болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ч.Болдбаатарын мэдүүлэгт: “...Би 2016 оны 12 сарын 23-ны шөнө 02 цагийн үед санагдаж байна. Таван толгой уурхайн 4-р амны ачилтын хэсгээс нүүрс авах гээд оочирлоод зогсож байсан чинь миний жолоодож явсан 50-41 улсын дугаартай Нордбенз маркийн автомашины урдуур 09-42 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл шахаж ороод оочир дайрах гээд байхаар нь би машинаасаа буугаад 09-42 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн кавиныг онгойлгоход танихгүй 2 залуу сууж байсан. Сүүлд нь нэрийг нь сонсоход жолоочийн эсрэг талд сууж байсан залууг Б.Нямбаатар гэдэг юм байна лээ. Тэгээд би Б.Нямбаатар болон тухайн машиныг жолоодож явсан залууд хандаж “чи цуваандаа ороод яв, битгий оочир дайраад бай” гэж хэлчихээд эргээд машиндаа сууж, тухайн машины урдуур өөрийн машинаа шахан оруулж, 09-42 УНО улсын дугаартай Б.Нямбаатарын сууж явсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж зогссон. Урдуураа Б.Мөнхсайханы машиныг оруулсан. Тэгээд Б.Мөнхсайханы машины араас хөдлөх гэсэн чинь Б.Нямбаатар машинаасаа бууж ирээд миний машины урд талд зогсож хөдөлгөөн хаасан. Тэгэхлээр нь би машинаасаа буугаад “Чи одоо эндээс холд” гэж хэлчихээд эргээд машиндаа суугаад машинаараа хөдлөх гэсэн чинь миний машины урдаас Б.Нямбаатар хөдлөхгүй байсан. Тэгэхлээр нь би эргээд машинаасаа буун Б.Нямбаатар дээр очоод “хэн хэндээ гай болохоос өмнө эндээс холд” гэж хэлээд 2 мөрөн дээрээс нь бариад цааш нь түлхэх үйлдэл хийгээд эргээд явах гэтэл Б.Нямбаатар миний толгой, нүүр хэсэг рүү гараараа цохисон. Би тухайн үед нэг цохиулаад хэсэгхэн хугацаанд манарсан. Тэгтэл миний зүүн талын нүд болон хамарнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 10-р хуудас/,

 Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ч.Болдбаатарын дахин өгсөн мэдүүлэгт “...Би Нямбаатарт зодуулсаны дараа 2016 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 04 цагийн үед Цогтцэций сум дахь сум дундын эмнэлэгт ирж эмчилгээ цэвэрлэгээ хийлгээд явж тухайн өдрийнхөө 14 цагийн орчимд эмнэлэг дээр очиж Амартүвшин гэж нэртэй намхан бор эрэгтэй эмчид үзүүлэн оёдол тавиулж эмнэлэгийн тодорхойлолт бичүүлэн авсан. Би Амартүвшин эмчид үзүүлэхэд зүүн нүд маань юм харахгүй болтолоо хавдчихсан, хөмсөг задарсан байсан. Тэгээд Амартүвшин эмчээр хөмсөгөндөө оёдол тавиулж эмчийн тодорхойлолт бичүүлан авсан...” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 134-135-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ү.Ариунболдын өгсөн: “...Би 2016 оны 12 сарын 23-ны шөнө кемп дээрээ унтаж байх үед манай компаний жолооч Ч.Болдбаатар над руу гар утсаараа залгаад “Би Тавантолгойн 4 дүгээр аман дээр оочирлож байх үед оочир дайраад байсан нэг жолоочид шаардлага тавьтал намайг зодчихлоо” гэхээр нь би Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс рүү утасдаж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаагийн нэг алба хаагчийн хамтаар Ч.Болдбаатар дээр очход Ч.Болдбаатарын зүүн талын хөмсөг задарсан байдалтай хавдаж хөхөрсөн, нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд Ч.Болдбаатарыг дагуулан зодсон гэх залуу буюу Б.Нямбаатарыг машин дотроос нь очиж аваад цагдаа дээр очсон...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 11 -р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Мөнхсайханы өгсөн: “...Би 2016 оны 12 сарын 23-ны шөнө 02 цагийн үед Тавантолгой уурхайн нүүрс ачилтын хэсэг дээр нүүрс ачуулах гээд зогсож байтал миний ард явсан Ч.Болдбаатар ах машины хаалгыг онгойлгоод “Намайг ийм болтол нь зодчихлоо, хоёулаа намайг зодсон хүний машины ноймрыг нь тайлаад авъя” гээд нүүр ам нь цус болчихсон, нүд нь хавдсан байдалтай байхаар нь би миний ард оочирт зогсож байсан 09-42 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хаалган дээр очоод жолооны ард сууж байсан нэг залууд хандаж чи яахаараа хөгшин хүний нүдийг ийм болтол нь зодож байгаа юм гэхэд Ч.Болдбаатар миний ардаас наад залуу чинь биш гэж хэлсэн. Тэгээд жолоочийн эсрэг талын хаалганаас бууж ирсэн Ч.Нямбаатар дээр очоод “Чи яагаад манай ахыг зодож байгаа юм” гэж хэлээд Ч.Нямбаатарыг нэг түлхтэл зөрүүлээд намайг 2 удаа гараараа цохисон. Тэгээд би Ч.Нямбаатарыг тэвэрч аваад газар унагаан дээр, доороо орж хэсэг ноцолдоод салцгаасан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 12 -р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ц.Дэлгэрсайханы өгсөн: “...Би 2016 оны 12 сарын 23-ны шөнөөөрийн туслах Б.Нямбаатарын хамтаар Тавантолгой уурхайн ачилтын хэсгээс нүүрс ачуулах гээд 09-42 УНО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээр оочирлоод зогсож байсан. Тэгсэн манай машины урд талын 50-41 УНК улсын дугаартай Нордбенз маркийн автомашин урагшаагаа явахгүй удаад байхаар нь би тухайн машины зүүн гар талаар нь шахаад зогстол жолооч Ч.Болдбаатар гэх ах машинаасаа бууж ирээд Б.Нямбаатарын сууж байсан талын кавины хаалгыг онгойлгож "Оочроороо ор битгий шахаад бай бацаанаа” гэж хэлчихээд эргээд машиндаа суусан. Тэгсэн оочирлоод зогсож байсан машинууд урагшаагаа хөдлөх үед Ч.Болдбаатар машинаасаа бууж ирээд миний машиныг хашиж зогсоод хамт явж байсан 1 машинаа оруулаад араас нь өөрөө орох гэхээр нь Б.Нямбаатар за найз нь буугаад ачилт хараатахъя гээд Ч.Болдбаатарын машины урд очиж зогссон. Тэгтэл Ч.Болдбаатар машинаараа Б.Нямбаатарыг шахаж байгаа харагдсан, харин Б.Нямбаатар зогсож байсан байрнаасаа хөдлөлгүй зогсож байсан. Тэгсэн Ч.Болдбаатар машинаасаа бууж ирээд Б.Нямбаатартай маргалдаад байх шиг харагдсан. Тэгтэл гэнэт Б.Нямбаатар, Ч.Болдбаатарын нүүрэн тус газарт нь мөргөсөн, Ч.Болдбаатар зөрүүлээд гараараа цохиж байгаа юм шиг харагдсан. Би тухайн үед нилээд сандраад машинаасаа буугаад очтол Б.Нямбаатар, Ч.Болдбаатарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж байсан. Тэгээд би Б.Нямбаатарыг Ч.Болдбаатараас салгаад машиндаа оруулж суулгасан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 13 -р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ө.Наранбатын “...би одоогоор Цогтцэций сумын сум дундын эмнэлэгт гэмтлийн эмчээр ажиллаж байна. Би эмчлэгч эмчээр 2011-2013 оны хооронд, 2013-2015 онд гэмтэл согог судлалын үндэсний төвд мэргэжил дээшлүүлж 2015 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл Цогтцэций сум дахь сум дундын эмнэлэгт гэмтлийн эмчээр ажиллаж байна. Би 2016 оны 12 дугаар сарын 28-нд Б.Нямбаатарын биед үзлэг хийсэн. Тухайн үед үзлэг хийхэд Нямбаатар нь хүнтэй зодолдсон гэх ба баруун гарын тав дугаар хурууны дөрөв дүгээр үеэр эмзэглэлтэй байсан. Бие нь өөр гэмтэлгүй болохыг эмнэлэгийн тэмдэгтэй цаасан дээр үзлэг хийсэн тухай тодорхойлолт бичиж өгсөн. Миний бичсэн тодорхойлолт дээр ямар нэгэн бичиг техникийн алдаа байхгүй. Харин тодорхойлолтын төгсгөлд өөрийн гарын үсгийн тайллыг бичилгүй дутуу орхисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Амартүвшингийн “...би Цогтцэций сум дахь сум дундын эмнэлэгт 2013 оны 10 сараас хойш одоог хүртэл мэс заслын эмчээр ажиллаж байна. Би 2016 оны 12 дугаар сарын 23-нд Ч.Болдбаатар гэх хүний биед үзлэг хийсэн. Болдбаатар нь өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж эмнэлэгийн бүртгэлд бүртгүүлсэнээр би биед нь үзлэг хийж тодорхойлолт бичиж өгсөн. Тухайн үед Болдбаатарын зүүн нүд нь хавдаж цус хурж нүд нь хөхөрч бүрэн таглагдсан байсан ба дээд зовхи цохигдсон шархтай, цус гарна, доод зовхи мөн цохигдож язарсан шархтай байсан. Хамар ёс эмзэглэлтэй, толгойн орой нь хуйхаар эмзэглэлтэй байсанаар тодорхойлолтыг үнэн зэв байгаа байдлаар нь бичсэн. Болдбаатарын биеийг үзэж бичсэн тодорхойлолт дээр ямар нэгэн бичиг техникийн алдаа гараагүй. Би тодорхойлолтыг гарын үсэг зурж өөрийн хувийн тэмдэгээр дарж баталгаажуулсан болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ж.Жаргалтуяагийн “...би 2017 оны 01 сарын 04-ний өдөр Болдбаатар, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нямбаатарын биед шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолыг ц.а/д Б.Батзаяагаас Болдбаатарын биед 2016 оны 12 дугаар сарын 23-нд, Нямбаатарын биед 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр томилсон тогтоолыг хүлээн авч эрх үүрэгтэйгээ танилцан гарын үсэг зурахдаа 2016 он гэж бичсэнийг өөрийн хүлээн авсан 2017 оны 01 дүгээр сарын 04 гэж засаж бичин эмчийн тодорхойлолтын хамт тогтоолыг хүлээн авсан Б.Амартүвшин эмчийн хувийн тэмдэгээр баталгаажсан 2016 оны 12 дугаар сарын 23-ны эмчийн тодорхойлолттой танилцаж дүгнэлт гаргахад Ч.Болдбаатарын биед тархи доргилт зүүн нүдний алимны салстын цус хуралт зүүн зовхинд шарх цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тул эмчийн үзлэгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Харин Нямбаатарын биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт нь Цогтцэций сум дахь сум дундын эмнэлэгийн тэмдэгээр баталгаажсан Ө.Наранбат эмчийн тодорхойлолт байсан ба өмнө би Ө.Наранбат эмчийн тодорхойлолтоор дүгнэлт гаргаж байсан учраас бичгийн хэв гарын үсгийг мэддэг болсон. Тухайн эмчийн тодорхойлолт дээр Наранбат эмч гарын үсгийн тайлал бичээгүй байсан. Эмчийн тодорхойлолтоор зовиур баруун гарын сарвуу өвдөнө, үзлэгт биеийн байдал хөнгөн, арьс цэвэр чийглэг, зүрх болон уушиг хэвийн, хэвлий зөөлөн, диурез хэвийн, баруун гарын 5 дугаар хурууны үеэр эмзэглэлтэй, 12 хос мэдрэл болон төв мэдрэл талаас одоогоор зовиургүй гэжээ. Тухайн эмчийн үзлэгээр Нямбаатарын биед ил харагдах гэмтэлгүй, баруун гарын 5 дугаар хурууны үений эмзэглэл нь зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт зэрэг шинж тэмдэг илрээгүй учраас гэмтлийн зэрэг тогтоох үндэслэлгүй иймээс Б.Нямбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй гэж шинжээч эмчийн дүгнэлтийг гаргасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 127-128-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатнад гэрч Б.Батзаяагийн “...би Болдбаатар, Мөнхсайхан, Нямбаатар нарын биед шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон. Тухайн шинжээч томилох тогтоол дээр би өөрийн хариуцлагагүй байдлаас болж бичиг техникийн алдаа гаргаж Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албанд даалгах байсан тогтоолыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гэж бичиж андуурсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137-р хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Адъяажаргалын “...Болдбаатар өглөө үүрээр 04 цагт сумын эмнэлэг дээр хүнд зодуулсан гээд өөрийн биеэр хүрч ирсэн. Тухай үед Болдбаатарын зүүн нүд нь хөхөрч хавдан цус хурж таглагдсан байсан ба хөмсөг нь язарсан байдалтай хүрч ирсэн. Би нүүрэнд нь цэвэрлэгээ хийж өгөхөд ах нь өдөр эмнэлэг дээр хүрч ирээд оёдол тавиулаад эмчээр нь тодорхойлолт бичүүлмээр байна гэж хэлээд явсан. Тэгээд Болдбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед цайны цагаас өмнө ирэхэд нь нь Амартүвшин эмч биед нь үзлэг хийж хөмсөг дээрх шарханд нь оёдол тавьж эмчийн тодорхойлолт бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 138-139-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №5 дугаартай шинжээчийн: “...Ч.Болдбаатарын биед тархи доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой, дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 16-р хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №196 дугаатай Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...201716010001 тоот хавтаст хэргийн материалтай танилцлан дүгнэхэд “Б.Нямбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 8 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.”...”гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 141-р хуудас/

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №198 дугаартай Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...201716010001 тоот хавтаст хэргийн материалтай танилцлан дүгнэхэд: Ч.Болдбаатарын биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр гаргасан 5 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 143-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн №072/000118 дугаартай улсын бүртгэлийн хэлтсийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 33-р хуудас/

Шүүгдэгч Б.Нямбаатарыг өмнө нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт захиргааны хяналтанд байсан тухай “Хувийн хэргийн хуулбар” /Хавтаст хэргийн 39-60 дугаар хуудас/,

Арилжааны банкуудын лавлагаа / хавтаст хэргийн 62-6 -р хуудас/

Шүүгдэгч Б.Нямбаатарын тэтгэлэгт сургууль болох “Баласси” их сургуулийн тодорхойлолт, сургуульд урьсан албан тоот, дотуур байр болон эмчийн үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 81-94-р хуудас/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн №118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан шийтгэх тогтоолын хуулбар /Хавтаст хэргийн 45-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Б.Нямбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны шөнө тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Тавантолгой” нүүсний уурхайн ачилтын хэсэгт хохирогч Ч.Болдбаатартай машиндаа нүүрс ачуулах машинуудын дарааллаас болж маргалдан, улмаар Ч.Болдбаатарын зүүн нүдэн тус газар нь гараараа цохин, эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг,

хохирогч Б.Болдбаатарын “Тэгэхлээр нь би эргээд машинаасаа буун Б.Нямбаатар дээр очоод “хэн хэндээ гай болохоос өмнө эндээс холд” гэж хэлээд 2 мөрөн дээрээс нь бариад цааш нь түлхэх үйлдэл хийгээд эргээд явах гэтэл Б.Нямбаатар миний толгой, нүүр хэсэг рүү гараараа цохисон. Би тухайн үед нэг цохиулаад хэсэгхэн хугацаанд манарсан. Тэгтэл миний зүүн талын нүд болон хамарнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ү.Ариунболдын “...Би 2016 оны 12 сарын 23-ны шөнө кемп дээрээ унтаж байх үед манай компаний жолооч Ч.Болдбаатар над руу гар утсаараа залгаад “Би Тавантолгойн 4 дүгээр аман дээр оочирлож байх үед оочир дайраад байсан нэг жолоочид шаардлага тавьтал намайг зодчихлоо” гэхээр нь би Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс рүү утасдаж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаагийн нэг алба хаагчийн хамтаар Ч.Болдбаатар дээр очиход Ч.Болдбаатарын зүүн талын хөмсөг задарсан байдалтай хавдаж хөхөрсөн, нүүр нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Мөнхсайханы “Ч.Болдбаатар ах машины хаалгыг онгойлгоод “Намайг ийм болтол нь зодчихлоо, хоёулаа намайг зодсон хүний машины ноймрыг нь тайлаад авъя” гээд нүүр ам нь цус болчихсон, нүд нь хавдсан байдалтай байхаар нь би миний ард оочирт зогсож байсан 09-42 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хаалган дээр очоод жолооны ард сууж байсан нэг залууд хандаж чи яахаараа хөгшин хүний нүдийг ийм болтол нь зодож байгаа юм гэхэд Ч.Болдбаатар миний ардаас наад залуу чинь биш гэж хэлсэн. Тэгээд жолоочийн эсрэг талын хаалганаас бууж ирсэн Ч.Нямбаатар дээр очоод “Чи яагаад манай ахыг зодож байгаа юм” гэж хэлээд Ч.Нямбаатарыг нэг түлхтэл зөрүүлээд намайг 2 удаа гараараа цохисон. Тэгээд би Ч.Нямбаатарыг тэвэрч аваад газар унагаан дээр, доороо орж хэсэг ноцолдоод салцгаасан...” гэсэн мэдүүлэг

гэрч Ц.Дэлгэрсайханы “Тэгсэн Ч.Болдбаатар машинаасаа бууж ирээд Б.Нямбаатартай маргалдаад байх шиг харагдсан. Тэгтэл гэнэт Б.Нямбаатар, Ч.Болдбаатарын нүүрэн тус газарт нь мөргөсөн, Ч.Болдбаатар зөрүүлээд гараараа цохиж байгаа юм шиг харагдсан. Би тухайн үед нилээд сандраад машинаасаа буугаад очтол Б.Нямбаатар, Ч.Болдбаатарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж байсан. Тэгээд би Б.Нямбаатарыг Ч.Болдбаатараас салгаад машиндаа оруулж суулгасан...” гэсэн мэдүүлэг

гэрч Б.Адъяажаргалын “...Болдбаатар өглөө үүрээр 04 цагт сумын эмнэлэг дээр хүнд зодуулсан гээд өөрийн биеэр хүрч ирсэн. Тухай үед Болдбаатарын зүүн нүд нь хөхөрч хавдан цус хурж таглагдсан байсан ба хөмсөг нь язарсан байдалтай хүрч ирсэн.

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №198 дугаартай Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул Б.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа уг хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэнд буцаах хүсэлтэй байгаа талаар мэтгэлцэж байх боловч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдсон, 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 20 дугаартай хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан шүүгчийн захирамжаар нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн хийсэн байх бөгөөд яг ямар ажиллагааг гүйцэтгүүлэх, тэр нь ямар ач холбогдолтой талаарх үндэслэлийг тодорхой заагаагүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Нямбаатар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин гэмт хэрэг давтан үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон түүний хувийн байдлыг харгалзан үзээд түүнд баривчлах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь тогтоогдож байх ба хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.Нямбаатар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 290-р зүйлийн 209.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Агнан овогт Баттөгсийн Нямбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нямбаатарыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сар баривчлах ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Б.Нямбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нямбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.УРАНГУА