Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/389

 

    2021             4            15                                         2021/ДШМ/0389                               

 

 

     Ө.Ат холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр Ө.Ат холбогдох эрүүгийн 2106000000064 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Ө-ы А,

          Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах Хаан банкны АТМ-ээс иргэн Н.Нгийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5720803923 дугаартай дансны виза картнаас зөвшөөрөлгүйгээр 3,520,000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

           

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Өы Аийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ат 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Чимэдцэеэ бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэсэн, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлггэх тухай шийдвэр гаргана” гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Ө.Аийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн байх бөгөөд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар ямар санал гаргасан, шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг үндэслэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй ба шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Прокурор Д.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаа талаар шийдвэртээ тусгаагүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Ат холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх нь “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих”-аас шууд шалтгаалдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ хуулийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэл бүрддэг.

 

            Шүүгдэгч Ө.Аийг 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах Хаан банкны АТМ-ээс иргэн Н.Нгийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны 5720803923 дугаартай дансны виза картнаас зөвшөөрөлгүйгээр 3,520,000 төгрөг авсан буюу хөрөнгө завших гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ

 

            Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, Ө.Аийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ө.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх 18-19/ байх бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр яллагдагч Ө.Аийн гаргасан хүсэлтийн /хх 38/ дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр, тогтоолыг яллагдагчид танилцуулсан /хх 47/ байна.

 

Улмаар 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр яллагдагч Ө.Аийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж /хх 48-50/, мөн өдөр прокуророос яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргасан /хх 51/ боловч уг саналыг яллагдагчид танилцуулсан баримт, яллагдагчийн уг саналтай танилцсан гарын үсэг хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт прокурор хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэхээр заасан байхад хэрэгт яллагдагч Ө.Аийг прокурорын саналтай танилцуулж, гарын үсэг зуруулсан талаар баримт авагдаагүй байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, дээрх ажиллагаа нь яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хийгдэх ажиллагаа бөгөөд яллагдагч прокуророос гаргаж буй эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ гэсэн агуулга бүхий зохицуулалт болохыг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, энэ талаар аль нэг үндэслэл хангагдаагүй гэж үзвэл мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар хуульчилсан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Ө.Аийн түүнд сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тогтоогдоогүй байхад энэ талаар анхаарч зохих дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Ат холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.Ат холбогдох хэргийг тус шүүхээс прокурорт буцаасан тул прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Ат холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ө.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ