Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Б.Урангоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт Ө.Г холбогдох эрүүгийн 2*****5 дугаартай, 316/2025/****/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19*** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ мод бэлтгэх үйлдвэрт улирлын чанартай ажил хийдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ***************************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **** овогт Ө.Г, регистрийн дугаар ******.

Хэргийн товч утга:

Яллагдагч Ө.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвийн хэсэгт "Тоёота приус 20" загварын **** СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 4,68 хувийн согтолттойгоор жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...дахиж согтууруулах ундаа хэрэглэхгүй, тээврийн хэрэгсэл барихгүй....” гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Яллагдагч Ө.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймгийн ***********төвийн хэсэгт "Тоёота приус 20" загварын 57-59 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, эд зүйл баримт бичиг хураан авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар хуудас/, согтуурал шалгасан илтгэх хуудас /хх-ийн 04-дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5 дугаар хуудас/, гэрч Х.А мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Х.А мэдүүлэг  /хх-ийн 12 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2****5 дугаартай тогтоол /хх-ийн 14-16 дугаар хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-27 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүгдэгчийн урьд зөрчлийн хэргээр арга хэмжээ авхуулсан талаар зөрчлийн хэргийн хуулбар /хх-ийн 30-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5  дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ө.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

        Прокурорын санал болгож, шүүгдэгч Ө.Г үйлдсэн гэмт хэрэгт 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 06 сарын  хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Г мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** овогт Ө.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ