2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Э.Оюундарь /томилолтоор/,

Хохирогч Н.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Түвшинжаргал,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 63 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт гийн *******д холбогдох эрүүгийн 2207002500067 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Налайх дүүргийн *******, ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч *******, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овогт гийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.******* нь “Налайхчуудын нээлттэй групп” хуудсанд “ хороололд 34.68м2 байр зарна ” гэсэн утгатай зар оруулан улмаар иргэн Н.*******өд “бэлэн байгаа 25,000,000 төгрөгөө урьдчилгаанд өгөөд миний ипотекийн зээлийг үргэлжлүүлж төлж байгаад дуусгаж өөрийн нэр дээр шилжүүлж ав” гэж итгүүлэн, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулах замаар бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Н.*******өөс 25,000,000 төгрөгийг өөрийн Хас банкны дугаарын дансаар шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед эхнэрээсээ салсан байсан. Тэгээд байраа заръя гэж бодоод хохирогчтой түрээсийн гэрээ хийсэн. Ипотекийн зээлийг маань төлж байгаад өөрийн нэр дээрээ аваарай гэж тохироод 25,000,000 төгрөг хохирогч Н.*******өөс авсан. Өөрийнхөө дараа нь гарах үр дагаврыг бодож үзээгүй. Тухайн үед бэлэн мөнгөтэй хүнд байраа зарсан ч хохирогч Н.*******ийн хохирлыг барагдуулаагүй.” гэв.

 

Хохирогч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:2022 оны 5 дугаар сард цалингийн зээл аваад байрны урьдчилгаа хийхээр болоод байр хайсан. Тэгээд Д.*******тэй зарын дагуу холбогдсон. Тухайн үед надад 25,000,000 төгрөг байна гэж үнэн учраа хэлсэн. Д.******* ч надад боломжийн санал тавьж байсан. Ипотекийн зээлийг төлөөд яв гээд орон сууц түрээслүүлэх гэрээ хийсэн. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д.*******тэй уулзаад хас банкных нь данс руу 25,000,000 төгрөгөө шилжүүлсэн. Тухайн үед Д.*******гийн байр нь түрээслэгчтэй байсан. 07 дугаар сарын 01-ний өдөр түрээс нь дуусахаар чи ороорой гэж хэлсэн. Тэр өдөр нь байрандаа ирсэн боловч түрээслэгч нь гараад явчихсан өөр хоёр хүн энэ байрыг бэлэн мөнгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад  гомдол гаргасан. Өргөдөл гаргаад Д.******* нь олдохгүй бас утас нь холбогдохгүй байсан. 2025 оны 03 дугаар сард Хан-Уул дүүргийн барилга дээр Д.*******тэй таарсан. Тэгээд буцаж цагдаагийн байгууллага дээрээ ирж хэлсэн. Миний хэрэг н. байцаагч дээр байсан тул н. байцаагчийг дагуулж ирж баривчлах ажиллагаа хийсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь “Налайхчуудын нээлттэй групп” хуудсанд “ хороололд 34.68м2 байр зарна ” гэсэн утгатай зар оруулан улмаар иргэн Н.*******өд “бэлэн байгаа 25,000,000 төгрөгөө урьдчилгаанд өгөөд миний ипотекийн зээлийг үргэлжлүүлж төлж байгаад дуусгаж өөрийн нэр дээр шилжүүлж ав” гэж итгүүлэн, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулах замаар бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Н.*******өөс 25,000,000 төгрөгийг өөрийн Хас банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.*******гийн өгсөн: “…Миний санаж байгаагаар 2022 оны хавар цагаан сарын дараа шиг санагдаж байна. Би гэх хүнд , тоотыг зарна ипотекийн зээлийг шилжүүлж нийт 61,000,000 төгрөгийн үнэтэй зарна гэж худлаа хэлж урьдчилгаа мөнгө болох 1 удаагийн гүйлгээгээр 25,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн тоот дансаар авч хууран мэхэлсэн. Тухайн тоот байрыг би 7-10 хоногийн дараа /нэрийг нь санахгүй байна/ нэг хүнд зээлтэйгээ 65,000,000 орчим үнээр худалдаж нэрийг нь шилжүүлэн өгсөн. Тухайн үедээ намайг цагдаагийн байгууллагаас дуудсан ч би тухайн байраа хүнд зарж, зарсан мөнгө болон нийт 90,000,000 орчим сая төгрөгөөс банкны зээлд 30,000,000 орчим сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөний 10,000,000 төгрөгөөр цахим мөрийтэй тоглоом тоглож үлдсэн мөнгөөр нь Nissan tida маркийн машин худалдан авч тухайн машинаа ломбардад тавиад төлөлтийг хийж чадалгүй алдаж мөрийтэй тоглоом тоглож алдсан... Би Налайх дүүрэгт байхдаа авч цахим мөрийтэй покер тоглоом тоглож алдсан.... Уулзсан бид хоёр 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч дээр очиж 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл cap бүр 5,340,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тухайн 25,000,000 төгрөгийн хүүг бодож нийт 37,380,000 төгрөг төлөхөөр зөвшөөрч тохиролцсон...Одоо нэрийг нь санахгүй байна тухайн үедээ байр худалдаж авч байсан хүний авах мөнгө нь ипотекийн зээл хаах мөнгөн дүнтэй таарч нэг л өдөр зээлээ хаагаад нэрийг нь шилжүүлээд зарсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна мөрдөгчийн зүгээс танилцуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгож мэдсэн. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

/1хх 202-203 дугаар тал/

 

2.  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүкийн “Налайхчуудын нээлттэй групп”-д “ хороололд 34.68м2 байр зарна ” гэсэн зар байхаар нь холбогдож орой нь уулзахад Д.******* гэдэг залуу байсан. Надад 25,000,000 төгрөг байна гэхэд тэрийгээ урьдчилгаанд өгөөд миний ипотекийн зээлийг үргэлжлүүлж төлж байгаад дуусгаж өөрийн нэр дээр шилжүүлж ав гэсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Д.*******тэй уулзаж түүний Хас банкны дугаарын дансанд 25,000,000 төгрөг байрны урьдчилгаанд шилжүүлж өгсөн. Тухайн үед байраа түрээслүүлсэн 7 дугаар сарын 10-ны өдөр хугацаа нь дуусахаар ороорой гэхээр нь зөвшөөрсөн. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* над руу яриад байр түрээсэлсэн хүмүүс хөдөө явчихсан би хөдөө ажил явдалтай байна 5 хоног хүлээчих гэсэн. Түүнээс хойш утас нь холбогдохгүй болохоор нь байн байн байр руу нь очиж 07 дугаар сарын 24-ний өдөр хүн байгаа шинжтэй гэрэлтэй байхаар нь орж уулзахад эхнэр, нөхөр бололтой хүмүүс байхаар нь би энэ байрыг худалдаж авсан гэхэд бид 2 энэ байрыг зээлийг нь хаалгаад худалдаж авсан гэж хэлэхээр нь ******* гэх залууд залилуулсан болохоо ойлгосон. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байна...

...Орон сууц хөлслөх гэрээ хийсэн боловч байранд суугаад зээлийг төлөөд явж бай, зээлээ дуусгаад нэр дээрээ аваарай гэж ******* хэлэхээр нь итгэсэн юм. Тэгтэл надад худалдсаны дараа гэдэг хүнд зарсан байсан... 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д.*******тэй тохиролцож нотариатад баталгаа гаргаж гэрээ байгуулсан. Д.******* надад cap бүрийн 15-ны өдөр 5,340,000 төгрөг төлөхөөр болсон...” гэх мэдүүлэг,

/1хх 41-42, 167, 230 дугаар тал/

 

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.гийн өгсөн: “…2022 оны 07 дугаар сарын 01, 02-ны үед би Налайх дүүргийн хороололд байр авах санаатай фейсбүүкийн налайх зар группт байр авахаар хүмүүсийн оруулсан байрны үнийг асууж байхад миний бичсэн комментын доор нь Д.******* гэсэн хаягаас ийм байр зарна, ад 34м2 байр гээд гэсэн утасны дугаараа явуулсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр утсаар ярьж холбогдоод Улаанбаатар хотод уулзаж 60,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, ипотекийн зээлтэй гэхээр нь түүнийг нь Худалдаа хөгжлийн банканд зээлийн 59,000,000 төгрөгийг *******гийн дансанд төлсөн. ******* өөрөө талыг нь төлчихсөн байсан санагдаж байна. Миний шилжүүлсэн 59,000,000 төгрөгөөс зээлийн үлдэгдлээ хааж банканд зээлгүй болж, банкнаас бичиг баримтыг нь гаргаж, 8 шарга төвийн ойролцоо нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээгээ хийгээд бичиг баримтын хамт Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст авчирч өгөөд хэд хоногийн дараа хорооллын ******* тоот 2 өрөө 34.69 m2 байр миний нэр дээр гэрчилгээ нь гарсан юм. Барьцаанд байсан 1,000,000 төгрөгөөс байрны ус дулаан, цахилгаан СӨХ-ын төлбөр нь нийт 400,000 төгрөг болсныг суутган төлж үлдэгдэл 600,000 төгрөгийг *******гийн өөрийнх нь дансанд шилжүүлсэн. Одоо *******тэй ямар нэг төлбөрийн асуудал байхгүй... анх уулзсан өдрөө буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах хийсэн. ******* надад өөр хүнд худалдсан, түрээсэлсэн талаар юу ч хэлээгүй. 2022 оны 07 дугаар сарын сүүлээр байх ******* гэдэг залуу холбогдож байгаад ирж уулзахдаа энэ байрыг *******гээс түрээслээд худалдаж авахаар ярьсан байсан, 25,000,000 төгрөг шилжүүлээд *******д залилуулчихлаа, олдохгүй байна гэж ярьж байсан. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгийг нь өгснөөс хойш огт холбогдоогүй, утас нь болохгүй, фейсбүүк хаяг чат нь болохгүй болсон...” гэх мэдүүлэг,

              /1хх-ийн 44-45 дугаар тал/

 

        4.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.гийн өгсөн: “…Би тухайн үед “КК Poker” гэх олон улсын мөрийтэй тоглоомын сайтад монгол төгрөгийг доллар болгож хөрвүүлж тоглогчийн ID дансыг цэнэглэдэг ажил хийдэг байсан. Энэ Хаан банкны тоот данс тэр үед сайтад хамааралтай данс байсан бөгөөд энэ дансаараа би мөнгө авч цэнэглэлт хийдэг байсан ба “ *******” гэх утгатай гүйлгээг яг сайн санахгүй байгаа ч энэ тоглогч нь ID кодтой тоглогч байсан. Би энэ тоглогчид тухайн үед хэд хэдэн удаа цэнэглэлт хийж өгсөн...” гэх мэдүүлэг,

              /1хх 125 дугаар тал/

 

  5. Н.*******өөс 25,000,000 төгрөгийг Д.*******д шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт,

/1хх 37 дугаар тал/

 

6.  Д. Хас банкны дугаарын данснаас Д.*******гийн Худалдаа хөгжлийн банкны дугаарын дансанд 59,000,000 төгрөг, үлдэгдэл 600,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 13, 15-ны өдрүүдэд хувааж шилжүүлсэн баримтын хуулбар,

/1хх-ийн 57-59 дүгээр тал/

 

7. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Д.*******, Н.******* нарын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний хуулбар,

/1хх 60-61 дүгээр тал/

 

8. 2022 оны 07 дугаар сарын 05-ны Д.*******, Д. нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар,

 /1хх-ийн 91-92 дугаар тал/

 

  9. Д.*******гийн Мобиком үүрэн холбооны дугаарын гар утасны холболтын жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл,

 /1хх-ийн 154-155 дугаар тал/

 

       10. “Нийслэлийн , /12800/, тоот хаягт байршилтай нэг иргэний өмч” болохыг баталсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2207005421 дугаартай гэрчилгээний хуулбар,

 /1хх-ийн 205 дугаар тал /

 

11. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх 209-227 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

 

Шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгчээс хохирогчид 7,500,000 төгрөгийг гаргуулан өгсөн. Тэгэхээр гэмт хэргийн улмаас учирсан 25,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг хасуулан тооцуулаад үлдэгдэл 17,500,000 төгрөгийг хохирогчид гаргуулж өгөх саналтай байна. Хохирогчийн яриад байгаа хүүтэй холбоотой баримт хэрэг материалд авагдаагүй учраас тухайн зээлийг төлсөн баримт болон холбогдох баримт материалыг гаргаад шүүхээр жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна...

...Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасны  дагуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Д.*******д 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Д.*******гийн хувьд хохирогч Н.*******өд учирсан бодитой хохирол 25,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлчихсөн. Үлдэгдэл төлбөрийг нэн даруй төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******өд 25,000,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь 7,500,000 төгрөг төлснийг хасаж үлдэгдэл 17,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “Үндсэн хохирол 25,000,000 төгрөг. Түүн дээр хүүгийн төлбөр нэмэгдээд 38,800,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа” гэх боловч банкнаас зээл авсан, түүнтэй холбоотой  материал хавтаст хэрэгт авагдаагүй, шинжлэн судлагдаагүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах заасан гэм буруутайд тооцож түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Д.******* нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч ******* овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         4. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

         5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гээс 17,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******өд олгосугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.******* нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

         8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ