Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/01569

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/01569

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, А*, * гудамж-50 хаягт байрлах ББСМ ХХК /ЭГ ХХК нэрээ өөрчилсөн/ /РД:*/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо,* байр, * тоот хаягт оршин суух Х.Б /РД:ХН*/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг *дүгээр хороо, * гудамж, * байр, * тоот хаягт оршин суух Ц.А /РД:УС*/ нарт холбогдох

 

Үндэслэлгүй хөрөнгөжиж, хохирол учруулсан 718 138 891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т

хариуцагч Ц.А, Х.Б,

хариуцагч нарын өмгөөлөгч В.Б, К.Б

гэрч Ц.А,

иргэдийн төлөөлөгч Г.Б,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч БСМ  ХХК /хуучин нэрээр ЭСГ ХХК/ хариуцагч Ц.А, Х.Б нарт холбогдуулан Х.Баас 217 243 957 төгрөг, Ц.Агаас 500 894 934 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: а/ ЭГ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Б нь компанийн дүрмээр олгосон үүргээ хэрэгжүүлэлгүй, компанийн үйл ажиллагааг доголдуулж, алдагдалтай ажиллуулж байсан тул ЭГ ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан Ж.О ЭГ ХХК-ийн 49 хувийн хувьцааг эзэмшиж байсан Х.Б, Ц.А, Ц.А нартай 2019.03.13-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах 19/01 19/02, 19/03 тоот гэрээнүүдийг байгуулж хувьцааг нь худалдан авсан. Ж.О нь ЭГ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсноор ЭГ ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийлгэхэд Х.Б нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө цалинг компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлсэн байсан нь илэрсэн. Х.Бын цалинг 2010 онд 1 500 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сараас эхлэн 3 500 000 төгрөг болгосон. Түүнээс хойш цалин нэмэх талаар ямар нэгэн хувьцаа ззэмшигчдийн шийдвэр гараагүй болно. Гэтэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Б нь өөрийнхөө цалинг 2013 оны 09 дүгээр сараас эхлэн cap бүр 5 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сараас эхлэн cap бүр 10 000 000 төгрөг болгон нэмэгдүүлж авч байсан байна. Ийнхүү Х.Б нь 2013 онд 9 018 746 төгрөг, 2014 онд 6 000 000 төгрөг, 2015 онд 18 581 545 төгрөг, 2016 онд 16 219 197 төгрөг, 2017 онд 39 401 245 төгрөг, 2018 онд 85 822 764 төгрөг, 2019 онд 19 633 287 төгрөг, нийт 194 676 784 төгрөгийн илүү цалин авсан. Хариуцагч Х.Б нь 2013 оны 08 сараас 2019 оны 04 сарыг дуустал илүү авсан цалиндаа нийт 22 567 173 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл нэхэмжлэгчийн зүгээс төлүүлж компанид хохирол учруулсан. Иймд Х.Баас нийт 217 243 957 төгрөг нэхэмжилж байна.

б/ ЭГ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэргүйгээр Ц.А нь компанийн дүрэмд заагдаагүй төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх албан тушаалыг хашиж байсан мэтээр өөртөө 2013 онд 18 409 091 төгрөг, 2014 онд 61 791 322 төгрөг, 2015 онд 59 700 593 төгрөг, 2016 онд 60 237 221 төгрөг, 2017 онд 81 339 742 төгрөг, 2018 онд 13 835 571 төгрөг, 2019 онд 36 265 377 төгрөг, нийт 449 578 917 төгрөгийн цалин хууль бусаар авсан. Хариуцагч Ц.Агийн 2013 оны 09 сараас 2019 оны 04 сарыг дуустал илүү авсан цалинд нэхэмжлэгч ЭГ ХХК нийт 51 316 017 төгрөгийн нийгмийн даатгагын шимтгэл төлсөн. Иймд Ц.Агаас нийт 500 894 934 төгрөг нэхэмжилж байна. Хууль зүйн үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч гүйцэтгүүлэгч хоёрын хооронд үүрэг үүсээгүй бол хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Б нь хуулийн дагуу буюу Хөдөлмөрийн гэрээ, контрактыг үндэслэн авах эрх нь үүсэх ёстой. Компанийн тухай хуулийн 62.2.4-д зааснаар гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин, урамшууллыг тогтоох асуудлыг зөвхөн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Бын цалин урамшууллыг гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл дээр дурдсанчлан 2010 онд 1 500 000, 2012 онд 3 500 000 төгрөг байхаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоосноос өөр шийдвэр гараагүй, хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй. Иймд түүнээс Иргэний хуулийн 492.1-д заасны дагуу 194 676 784 төгрөг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Иргэний хуулийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Дээрх илүү төлөгдсөн цалинд хамаарах НДШ-ийг Х.Б нь холбогдох нийгмийн даатгал, татварын байгууллагад Компанийн данснаас гарган төлж байсан байна. Хууль бусаар олгогдсон илүү төлөгдсөн цалинд ийнхүү төлөх ёсгүй байсан НДШ төлж компанид хохирол учруулсан тул Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу 22 567 173 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Компанийн тухай хуулийн 14.3.4-д зааснаар үүсгэн байгуулах хурлаар "төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох тэдгээрийн цалин, урамшууллыг хэмжээг тогтоох ёстой. Мөн хуулийн 16.2.4-т зааснаар Компанийн дүрэмд хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо-г тусгах ёстой. Гэтэл Компанийн дүрмийг 2014.12.03-ны өдрөөс хойш нэхэмжпэлд дурдсан хамгийн сүүлийн гүйлгээ хийх хүртэл өөрчлөөгүй, төлөөлөн удирдах зөвлөл гэх дотоод нэгж тус дүрэмд тусгаагүй тул Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх албан тушаал мөн байхгүй. Гэтэл Ц.А нь тус орон тоонд ажилладаг гэх нэрийдлээр, ямар нэгэн хөдөлмөрийн гэрээгүйгээр их хэмжээний цалин буюу 449 578 917 төгрөг авсан тул Иргэний хуулийн 492.1-д заасны дагуу тус мөнгөн дүнг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Хууль бусаар олгогдсон мөнгөн дүнд ийнхүү төлөх ёсгүй байсан НДШ буюу 51 316 017 төгрөг төлөгдсөн байх тул Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу тус мөнгөн дүнг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Мөн Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн 24.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг бичгээр, 25.1-д зааснаар Контрактыг бичгээр байгуулах ёстой боловч бичгэн Гэрээ, Контракт байхгүй. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцах ёстой. Компанийн дүрэмд зааснаар Х.Б нь 15%, Ц.А нь 24% хувьцаа эзэмшиж байсан тул дээрх хохирлыг Компанийн тухай хуулийн дагуу Компанид төлөх ёстой. Иймд Х.Баас нийт 217 243 957 төгрөг, Ц.Агаас нийт 500 894 934 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Х.Б тайлбартаа: Маргаан 2 жил гарангын хугацаа өнгөрлөө. 2010 оны 10 дугаар сард анх ЭГ ХХК-г үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулахдаа Яармагт 10 га газартай Бритиш сургуулийг үүсгэн байгуулахдаа биетээр санаатайгаар үүсгэн байгуулсан Ж.О захирал орж ирээд тодорхой нөхцөл тавьж байгуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Яармагийн тал дээр өдий зэрэгтэй сургууль болгохын тулд өдөр шөнөгүй ажиллаж ирсэн. 2010 оноос эхлээд 1 500 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгний цалин авахдаа худлаа ярьж хулгай хийж аваагүй 10 жилийн хугацаанд. ТУЗ-н хурлаар Ж.О захирал, Ц.А, Ц.А гэх хүмүүс хамт байлцаж байж шийдвэрлэдэг байсан. Энэ хурлаар бүх материалыг жил, улирал болгон санхүүгийн төлөвлөгөө гаргаж ажилладаг байсан. Сар, улиралын ашиг алдагдал зэргийг Ж.О захирал байнга зөвлөж явдаг байсан. 2019 он хүртэл энэ хүн оролцоогүй гэж ийм улаан цайм юм ярьж болохгүй. Энэ хүн хараагүй дүлий сохор биш бид нартай өдөр тутам ярьж, шийдэлд хүрдэг байсан. Хурлын материалд бүх зүйл байгаа өнгөрсөн хугацаанд яагаад гаргаж өгөөгүй вэ гэвэл Хан-Уул дүүргээр дүүрэн шүүх хуралдаан болсон энэ хугацаанд манай өрөөрүү дайрч ороод, ТУЗ хурлын шийдвэрүүдийг сар, улирал болгон хийж байгаа зүйлс цаасаараа гардаг байсан үүнийг Ж.О захир лын ээжийнх нь дүү н.Энхчимэг гэж хүн хариуцаж ажилладаг байсан. 4 хавтас нээгээд сар, улирал болгонд тэрэн дээр гарын үсэгүүдээ зурдаг байсан. Энэ хавтасыг бид нарт өгөөгүй , өрөөрүү дайрч орж сургуулийг булааж авч шулуухан хэлэхэд бид нарыг гудамжинд гаргасан. 1 ч цаасгүй гаргасан, дараагаар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр олж өгүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч гаргаж өгдөггүй, оруулдаггүй байхгүй гэж мэдээлэлдэг. Биднийг гүйжирдэж цалингийн зөрүү мөнгө олж авах гэж байх шиг байна. Гэхдээ бид нар 10 жилийн хугацаанд ажиллахдаа хэлэхгүйгээр, цаасан дээр буулгахгүйгээр цалинг авна гэдэг нь санхүүгийн хувьд байж боломгүй асуудал, боломж ч байхгүй. Тиймээс бид тухай бүрт нь ярьж хэлдэг байсан. Харин ч Англи захирал 8 00010 000 долларын цалин авдаг байсан. Бид хоорондоо ярьж байгаад гадны нөхдүүдээс бүх зүйлээ хариуцаж ажиллаж байж та 2 ийм цалин ав гэж өөрөө санаачлага гаргаж байсан асуудал. Тэрнээс өдөр болгон уулзалт хийгээд гарын үсэг зураад тайлагнаж байгаа зүйлд цалингаа нэмчээд тэрийгээ нуугаад байсан зүйлгүй. Үхсэн хүн босч ирэхгүй гэж байгаа юм шиг ийм зүйл байж болохгүй. Цагаан дээр хараар бичсэн маш олон баримтууд байгаа. БТӨ тайлан бланс гэж байгаа удирдлагуудын цалин, зардал гээд бүх зүйл байгаа. Өөрийнхөө танидаг мэддэг хүмүүсээрээ аудит оруулж байсан. Тухайн үедээ 49 хувийн хувьцааг авахдаа эвтэйхэн энийгээ аваад салцгаая гэх зүйл болсон. Үхсэнийх нь дараа хүүхдүүд нь ийм зүйл ярьж байгаад харамсаж байна. Өнөөдөр энэ сургуулийг өдий зэрэгтэй болгохын тулд Х.Б Ц.А гэх 2 хүн өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж ирсэн шүү гэдгийг хэлмээр байна гэв.

 

3. Хариуцагч Ц.А тайлбартаа: Анх үүсгэн байгуулах санаа цэвэр минийх байсан үүнийг хэзээ ч үгүйсгэхгүй. Өнөөдөр Бритиш сургуульд сурж байгаа 480 хүүхэд байсан тэр эцэг эх, хүүхдүүд, багш нараас асуусан хэн ч нотолно. Намайг удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсныг нотлох маш олон нотлох баримт байгаа. Олон улсын байгууллага, Олон улсын Бритиш сургуулуудын холбоо, ютубэ, википедияагаар ороод Ариунаа гээд бичихэд олон улсын Бритишш сургуулиудын холбоо Бритиш удирдах зөвлөлийн дарга гээд миний нэр утас, албан тушаал, зурагтайгаа гарч ирнэ. Олон улсад жил болгон зохион байгуулагддаг арга хэмжээнд жил болгон оролцдог байсан. Анх байгуулагдахаасаа эхлээд жил болгон урьж авч ирсэн багш болгонтой гэрээ хийдэг байсан. Гадаадын олон улсын байгууллагуудтай гэрээ хийдэг байсан. Бүх эцэг эхчүүд, сурагч нартай гэрээ хийдэг тэр болгон дээр миний гарын үсэг зурдаг байсан. Үүнийг намайг ажиллаагүй гэж хэлэх үү. Та нар өнөөдөр захын сурагч, багш, эцэг эхчүүдээс гэрчийн мэдүүлэг авалдаа. Намайг ажилласан эсэх талаар асуу. Блүүмбэрг телевиз дээр Мээд нь Монголиа гээд 30 минутын нэвтрүүлэг байна. Би тэрэнд яаж байгуулснаа ярьж өгсөн. бүхий л талаараа нотолно, цалингүй ажиллаж ёстой байсан уу. Би тэр барилгын тоосго болгонд сэтгэл зүрхээ зориулж ажилласан. Намайг яаж ажилладаг байсан талаар хэлэх хүмүүс зөндөө байгаа. Нээлтэн дээр Ж.О эгч үг хэлээд Х.Б, Ц.А 2 ар гэрээ мартаад гэж хэлж байсан үг одоо ч миний утсанд байдаг. Бид нарыг байгуулсанг бүгд мэдэж байгаа. 2019 онд оролцоогүй гэж юу яриад байгаа вэ Төгсөө. Чи бид 2 2019 онд хэдэн удаа уулзсан билээ тэр бүх хуралд ирдэг байсан. Улирал болгонд аудит ордог байсан. Олон улсын аудит ч ордог байсан. Үхсэн хүн юм ярихгүй гэж байгаа юм шиг тэнгэрт байгаа сүнсийг нь амгалан байлгаа. Өнөөдөр би тэнгэртээ амгалан байг гээд сүү өргөөд сууж байгаа. Би яаж эхэлсэнээ мэдэж байгаа. Үнэндээ Ж.О эгчид харамсаж байна амьддаа уулзаж хэлж чадаагүй дээ. Үхсэн хүнийг ингэж болохгүй, хүн чанартай байл даа. Бид нарын өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байж өдий зэрэгтэй болгосон зүйлийг авч үлдсэн юм бол чанарыг нь муудуулалгүй аваад яв. Надаас цалин нэхэх өрөвдөлтэй зүйл яриахаа болилдоо.Хүн чанар зулгаагаач. Талийгаачийн сүнсийг тайван, амгалан байлгаач дээ. Хурлын шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаа чинь харамсалтай байна. Бүхэл бүтэн компани ямарч тушаал шийдвэргүйгээр цалин, хөлсийг олгож байсан гэдэг нь худлаа. Сурагч, эцэг эхчүүд, ажилчдаас гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй. Намайг ажилласан, үүсгэн байгуулсан эсэх, цалин авах ёстой эсэх талаар асуух хэрэгтэй. Бүр болохгүй бол олон нийтийн хэрэгслээр хөдөлгөөн өрнүүлье ийм эрх надад байгаа. Би доромжлуулмааргүй байна ганц зүйл хүсэж байна тэнгэрт байгаа хүний сүнсийг тайван байлгаач гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хариуцагч тал буруугүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс ЭГ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Ц.А, Х.Б нарын цалингийн түүвэр, НДШ төлөлт, Ц.А, Ж.О нарын хооронд 2019.03.13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2019.03.13-ны өдрийн Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ц.А, Э.Оюунгэрэл нарын хооронд 2019.03.13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2019.03.13-ны өдрийн Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Х.Б, Ж.О нарын хооронд 2019.03.13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2019.03.13-ны өдрийн Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ЭГ ХХК-ийн 2013 оноос НДШ төлөлтийн тооцооны хуудас, ББСМ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тамга, тэмдэгийн талаарх лавлагаа, захирлын тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 6-188, 242-250, 2-р хх-ийн 124-154/

6. Хариуцагчаас 2019.04.01-нд ЭГ ХХК-ийн бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн акт/хуулбар/, 2016.12.31-нйи өдрөөр тасалбар болгосон Экоскүүл ХХК-ийн Санхүүгийн тайлан/хуулбар/, ТУЗ-ын 2011 оны 4 сарын 14-ний өдрийн №06 шийдвэр, мөн өдрийн хурлын протокол, 2011.8.19-ний өдрийн ТУЗ-ийн тэмдэглэл №8, ЭГ ХХК-ийн хөрөнгө оруулалтын тооцооны акт, 2014.04.14-ний өдрийн №03 Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, 2014.06.05-ны өдрийн №4 Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, 2014.09.13-ны өдрийн №02 Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл, 2015.02.23-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, 2015.02.23-ны өдрийн №1 Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2017.09.4-ний өдрийн №02 Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон хурлын тэмдэглэл, Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, 2017.04.24-ний өдрийн №02 Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, ЭГ ХХК-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн төсөв, ЭГ ХХК-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн төсөв, ЭГ ХХК-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн төсвийн гүйцэтгэл, ЭГ ХХК-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн төсвийн гүйцэтгэл, Санхүүгийн менежер Б.Трын ажил хүлээлцсэн акт, Архивт байгаа санхүүгийн баримтуудыг хүлээлцсэн акт, 2020.04.24-ны өдрийн * дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.19-ний өдрийн * дугаар шийдвэр, 2019.04.10-ны өдрийн МУ-ын Дээд шүүхийн шүүгчийн * дугаар захирамж, 2019.06.28-ны өдрийн 8/* дугаар МУ-ын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2019.03.15-ны өдрийн 124 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай тогтоол, 2019.12.11-ний өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2020.09.07-ны өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 33-113/

7. Хариуцагчийн хүсэлтээр 2016.12.31-ний өдрөөр тасалбар болгосон жилийн санхүүгийн тайлан, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.03.18-ны өдрийн үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт, 2022.03.18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг шүүх бүрдүүлсэн./2-р хх-ийн 162-167/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ЭГ ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийлгэхэд Х.Б нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа, Ц.А нь компанийн дүрэмд заагдаагүй төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх албан тушаалыг хашиж байсан мэтээр өөрийнхөө цалинг компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлсэн байсан нь илэрсэн. Компаниаас үндэслэлгүйгээр их хэмжээний илүү цалин авч, энэ хэмжээгээр НДШ төлүүлж, компанид хохирол учруулсан тул хохирол гаргуулна. гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нар татгалзалын үндэслэлээ ...Энэ сургуулийг анх үүсгэн байгуулж, шав тавьж өдийг хүртэлх бүх ажлыг нь гардаж, хариуцаж ирсэн хүмүүс. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Яармагийн тал дээр өдий зэрэгтэй сургууль болгохын тулд өдөр шөнөгүй ажиллаж ирсэн. 2010 оноос эхлээд 1 500 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгний цалин авахдаа худлаа ярьж хулгай хийж аваагүй. ТУЗ-н хурлаар Ж.О захирал, Ц.А, Ц.А, Х.Б гэх хүмүүс хамт байлцаж байж шийдвэрлэдэг байсан. Энэ хурлаар бүх материалыг жил, улирал болгон санхүүгийн төлөвлөгөө гаргаж ажилладаг байсан. Бүх баримтуудыг нэг бүрчлэн жагсаагаад хүлээлгэн өгсөн. Гэтэл одоо ямар ч баримт байхгүй гэж гаргаж өгөхгүй байгааг гайхаж байна, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж маргасан.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч Ц.Агийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ЭГ ХХК нь 2010.07.28-ны өдөр 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, үүсгэн байгуулагчийн 2014.12.03-ны өдрийн 08 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчээр Ж.О, Ц.А, Х.Б, Ц.А нарын 4 хувьцаа эзэмшигчтэй болсон байна. /хх-ийн 198/

 

Хувьцаа эзэмшигч Х.Б, Ц.А, Ц.А нар нь компанийн 49 хувийн хувьцааг 2019 оны 3 сарын 13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд, 2019.03.13-ны өдрийн Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдээр хувьцаа эзэмшигч Ж.Од шилжүүлж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхтэй этгээд нь Ж.О болсон байна.

 

Тус компани нь 2021 оны 8 сарын 20-ны өдөр нэрээ өөрчилж ББСМ ХХК болсон байх ба тус компанийн хувьцаа эзэмшигч 2 болж нэмэгдэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 242-250, 2-р хх-ийн 1-2/

 

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон.гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж тус тус зааснаар шаарджээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн 24.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг бичгээр, 25.1-д зааснаар Контрактыг бичгээр байгуулах ёстой боловч бичгээр байгуулсан гэрээ, контракт байхгүй. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцах ёстой гэж тайлбарласан.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч компанийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрлөх явцдаа хохирол учруулсан гэх агуулгаар гаргасан гэж үзэхээр байна.

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлд Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэрэгжүүлэх бүрэн эрх-ийг тус тус заасан байх ба тус компани 4 хувьцаа эзэмшигчтэй, үйл ажиллагаагаа явуулж байжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус компанийн эрх барих дээд байгууллага хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу хэрхэн ажиллаж байсан талаарх баримтыг ирүүлээгүйн дээр, хариуцагч Х.Б нь тус компанийн захирлаар буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр 2010 оны 07 сарын 28-ны өдрөөс 2019 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл бүртгэлтэй байж, тус компанийн захирлаар ажиллаж байсан талаар маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. гэж заасан байх ба энэ нь ажил олгогчийн үүрэг байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг тухайн компанид тодорхой албан тушаалыг хашиж, ажил үүрэг гүйцэтгэж, байсан талаар маргахгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч байхгүй орон тоог бий болгож, тушаал шийдвэргүйгээр, үндэслэлгүйгээр их хэмжээний цалин хөлс авч, компанид хохирол учруулсан гэж, тус компанийн 2013 оны 9 сараас 2019 оны 4 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хураамжийн жагсаалтыг гаргаж ирүүлсэн байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэл үндэслэлгүй гэж компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тушаал, шийдвэр /хариуцагч нар холбогдох баримтуудыг хуулбар хувиар гаргаж өгсөн./ бүхий баримтуудыг гаргуулахаар шаардсан хэдий ч нэхэмжлэгч компанид уг баримтууд байхгүй гэж тайлбарласан ба хариуцагч талын хүсэлтээр уг баримтуудыг албадан гаргуулахаар шүүх шаардсан хэдий ч нэхэмжлэгч гаргаж ирүүлээгүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлд нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Ажил олгогч ББСМ ХХК нь хариуцагч Ц.А, Х.Б нар болон бусад ажилчиддаа сар бүр цалин олгож, улмаар хуульд заасан шимтгэл хураамжийг зохих журмын дагуу төлж байсан үйл баримт нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн 2013 оны 9 сараас хойших нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хураамжийн жагсаалтаар тогтоогдож байх ба хариуцагч нар нь тухайн компаниас цалин авч, ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ББСМ ХХК нь хариуцагч нартай Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулж, ямар ажлын байранд, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгүүлж, ямар хэмжээний цалин өгч ажиллуулахаар тохиролцон ажиллуулж байсан талаараа нотлоогүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хариуцагч нарт анх ямар хэмжээтэй цалин, хөлсийг олгож байсан, түүнчлэн анх олгож байсан цалин хөлсийг үндэслэлгүйгээр хэрхэн яаж нэмэгдүүлсэн талаар шүүх дүгнэх боломжгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэж заасан ба ажил олгогч дээрх маргаан бүхий асуудлын талаар зөрчигдсөн эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар баримтгүй байна.

5. Иргэдийн төлөөлөгчийн Хариуцагч тал буруугүй. гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Баас 217 243 957 төгрөг, Ц.Агаас 500 894 934 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч ББСМ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 244 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Ц.ОЮУНБИЛЭГ