Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01552

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01552

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * өөрийн байранд байрлах ИНЕГын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг * дугаар хороо* хотхон 3*тоотод оршин суух О.Н /РД:ПЛ*/-д холбогдох

Давхардуулан олгосон 11 020 055 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, П.Б,

хариуцагч О.Н,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч ИНЕГ хариуцагч О.Над холбогдуулан Шүүхийн шийдвэрийн дагуу давхардуулан олгосон 11 020 055 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр ИНЕГ-аас 19 423 928 төгрөг гаргуулж, О.Над олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг биелүүлэх талаар манай байгууллагад мэдэгдэл ирүүлсэн байсан ба ИНЕГ нь Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 183/ШШ201700*дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу О.Над 11 020 055 төгрөгийг шүүхийн шийдвэрт зааснаас давхардуулан олгосон байдаг. Шүүхийн шийдвэрийн мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь манай данснаас шууд 19 000 000 төгрөг татсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 3 газрын мөнгө нийт 88 000 000 төгрөг татсан энэ нь юу юуны мөнгө татсаныг тухайн үеийн нягтлан бодогч нар мэдээгүй хариуцагчийн мөнгийн 1 сар гаран хугацааны дараагаар давхардуулан олгосон. 19 000 000 төгрөгнөөс хариуцагчийн ажиллаж байхдаа хэрэглэж байсан айпад, нөтэбүүк гэх мэт байгууллагад өгөөгүй байсан зүйлсийн төлбөрийг суутгаж 11 020 055 төгрөгийг хариуцагч дансруу шилжүүлсэн. Энэхүү илүү шилжүүлсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  ХУД-ийн ИХАШШүүхийн шүүгчийн гаргасан 2017.07.04-ны өдрийн 183/Ш32017/0* дугаар захирамж, 2017.07.04-ны өдрийн * дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг хэрэгжүүлэн ажиллахыг Эвлэрлийн гэрээ-нд заагдсан үүргээ биелүүлэхийг хүсэж, боломж олгон ИНЕГ-ын дарга Л.Бд 2017-05-02-ны, 2017-07-20-ны өдрүүдэд тус тус өргөдлөө гаргаж байсан. ИНЕГ-ын дарга Л.Б нь ямар ч хариу өгөөгүй. Энэ асуудлаар ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Бтай удаа дараа биечлэн уулзаж, шүүгчийн * дугаар захирамж болон 693 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсыг хэрэгжүүлэн ажиллахыг хүсэж, шаардаж байсан юм. Гэвч уг байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нь тодорхой болсон тул миний бие НШШГГазарт хүсэлтээ гаргаж, албадан биелүүлэх ажиллагааг хийсэн. Ингээд ИНЕГ-ын данснаас 19 383 928 төгрөгийг, 249 520 төгрөгийг тус тус авч, надад шилжүүлэн өгүүлсэн болно. Би 2017.11.30-ны өдрөөс 2017 оны 12 сарыг дуустал ОХУ-ын Москвагийн Нисэхийн Их сургуулийн аспирантурт суралцаж төгсөн, Нисэхийн техникийн шинжлэх ухааны докторын цол хамгаалахаар ОХУ-д амьдарч байсан. Гэтэл ИНЕГ-аас дахин мөнгө шилжүүлсэн гэж асуудал үүсгэж, улмаар энэ асуудлаас болж, гэр бүлд асуудал үүсгэж, намайг маш их хохироосон. Ингээд би уг хариуцлагагүй албан тушаалтнуудын талаар 2018.3.27-ны өдөр Сангийн Яаманд гомдол гаргаж, шалгуулсан бөгөөд ИНЕГ-ын ерөнхий нягтлан бодогч Н.Нт 2018.04.02-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж, шалгасан бөгөөд 2017.05.15-ны өдрийн 7/2-001 дугаартай шийтгэлийн хуудсаар тогох шийтгэл ноогдуулсан. Төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, ажилдаа хариуцлагагүй хандсан энэ мэт хүмүүсээс болж, би буруутан болж хохирч байгааг зөвшөөрөхгүй. Иймд эдгээр хүмүүсийг дахин шалгуулах болно. Харин надад шүүхийн шийдвэрийн дагуу 19 423 928 төгрөг давхардуулан шилжүүлсэн бол хамаа алга би төлнө. Харин шүүхийн шийдвэрт заагаагүй мөнгө шилжүүлчихээд намайг буруутан мэтээр энэ олон жил нэр хүндэд халдааж, хохироож байгааг зөвшөөрөхгүй. Нийт 19 хуудас тайлбарыг бичгээр гаргаж өгсөн бөгөөд дэлгэрэнгүй бичсэн байгаа гэв.

  3. Нэхэмжлэгчээс 2017.02.06-ны өдрийн шийдвэр, дансны хуулга, дансны гүйлгээ, төлбөрийн даалгавар, нийгмийн даатгалын нөхөн тайлан, 2020.05.28-ны өдрийн шийдвэр, 2020.10.21-ний өдрийн 5/*дугаар тушаал, 2020.11.06-ны өдрийн албан бичиг, 2016.07.27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, 2016.11.02-ны өдрийн * дүгээр тогтоол, 2020.12.10-ны өдрийн итгэмжлэл, /хх-1-3-25/

4. Хариуцагчаас 2017.02.06-ны өдрийн шийдвэр, 2017.07.04-ний өдрийн захирамж, 2017.07.04-ний өдрийн * дугаар гүйцэтгэх хуудас, эвлэрлийн гэрээ, 2047.05.02-ны өдрийн өргөдөл, 2017.07.20-ны өдрийн өргөдөл, 2017.06.12-ны өдрийн * тоот албан бичиг, 2017.08.01-ний өдрийн * тоот албан бичиг, 2017.10.26-ны өдрийн хүсэлт, зардал гаргуулах гэрээ, урамшуулах тухай гэрээ, 2017.10.30-ны өдрийн мэдэгдэл, 2017.11.06-ны өдрийн мэдэгдэл, 2017.11.15-ны өдрийн тогтоол, 2018.01.10-ны өдрийн утсаар ярьсан баримт, 2018.01.12-ны өдрийн шаардлага, 2018.01.15-ны өдрийн хариу тайлбар, 2018.03.27-ны өдрийн гомдол, 2021.03.15-ны өдрийн бичиг, 06/438 дугаар бичиг, 2020.10.27-ны өдрийн бичиг, бүртгэлийн карт, 2017.11.15-ны өдрийн албан бичиг, 2019.11.07-ны өдрийн албан бичиг /хх-1-58-86/

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр данснаас мөнгө шилжүүлэх баримт, дансны хуулга /хх-1-95-99/

6. Хариуцагчийн хүсэлтээр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, орлогын мэдүүлэг, 2018.04.04-ний өдрийн 01 дугаар баримт, 2017.10.30-ны өдрийн мэдэгдэл, 2017.11.06-ны өдрийн мэдэгдэл, 2017.11.15-ны өдрийн тогтоол, 2017.03.12-ны өдрийн * дүгээр албан бичиг, 2017.01.10-ны өдрийн * дугаар захирамж, 2017.05.022-ны өдрийн гүйцэтгэх хуудас, 2017.05.22-ны өдрийн шүүгчийн захирамж, 2017.02.06-ны өдрийн шийдвэр, 2017.08.01-ний өдрийн 127 дугаар албан бичиг, 2018.01.09-ний өдрийн 9 дүгээр албан бичиг, 2017.01.23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2021.03.15-ны өдрийн 3702 дугаар албан бичиг, 2021.03.16-ны өдрийн 06/* дугаар албан бичиг, 2020.10.27-ны өдрийн 06/*, 2020.09.10-ны өдрийн * дугаар тогтоол, 2020.01.03-ны өдрийн * дугаар шийдвэр, 2020.02.18-ны өдрийн *дугаар магадлал, 18010* дугаар зөрчлийн хэргийн хуулбар бүхэлдээ, зөрчлийн 18030000*дугаар хэрэг, /хх-1-125-129, 133-176, 178-250, хх-2-1-8, 21-50/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр ИНЕГ-аас 19 423 928 төгрөг гаргуулж, О.Над олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг биелүүлэх талаар манай байгууллагад мэдэгдэл ирүүлсэн байсан ба санхүүгийн ажилтнууд О.Наас суутгах ёстой тоног төхөөрөмжийн үнийг тооцож, үлдэгдэл 11 020 055 төгрөгийг давхардуулан шилжүүлсэн байсан гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: надад шүүхийн шийдвэрийн дагуу 19 423 928 төгрөг давхардуулан шилжүүлсэн бол хамаа алга би төлнө. Харин шүүхийн шийдвэрт заагаагүй мөнгө шилжүүлчихээд намайг буруутан мэтээр энэ олон жил нэр хүндэд халдааж, хохироож байгааг зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

О.Н нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулалд 19 423 928 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/00348 дугаар шийдвэрээр ИНЕГ-аас 19 423 928 төгрөг гаргуулж, О.Над олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй.

Дээрх шийдвэрийг хариуцагч ИНЕГ сайн дураар биелүүлээгүй байх тул О.Нын хүсэлтээр 2017 оны 07 сарын 04-ны өдрийн 7547 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, мөн өдрийн 693 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.

Дээрх бичиг баримтын дагуу 2017.10.26-ны өдөр О.Н нь НШШГазартай гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээг тус тус байгуулсан байх ба НШШГ Газар 2017.10.30-ны өдрийн 4/26836 дугаар Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан тоотыг ИНЕГазарт хүргүүлсэн байна. /1-р хх-ийн 133-136/

ИНЕГ нь 2017 оны 11 сарын 14-ний өдөр ШШГЕГазарт О.Нын төлбөрт 19 733 448 төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансаар шилжүүлэн өгсөн байх ба НШШГГазар 2017.11.16-ны өдрийн гүйлгээгээр 18 359 107 төгрөгийг О.Нын Голомт банкны дансруу шилжлүүлж, дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

Харин 2017 оны 12 сарын 11-ний өдөр ИНЕГазар нь ШШ2017.02.06 183/ШШ2017/00348, утга бүхий гүйлгээгээр 11 020 055.20 төгрөгийг О.Нын Голомт банкны дансанд орлого гэж шилжүүлсэн байна./1-р хх-ийн 234-236/

Дээрхээс дүгнэхэд ИНЕГ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/00** дугаар шийдвэрийг биелүүлэхдээ 2 удаагийн гүйлгээ хийж, хариуцагч О.Над 11 020 055 төгрөгийг /шийдвэрээр олговол зохих 19 383 928 төгрөгөөс ХХОТатварт 1 903 392,80 төгрөг, байгууллагын нэр дээр бүртгэлтэй үндсэн хөрөнгөөс дутагдуулсан 6 710 000 төгрөгийг тус тус суутгасан дүн/ давхардуулж, илүү шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч О.Н нь санхүүгийн сахилга батгүй этгээдүүдийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас болж би буруутан болох ёсгүй бөгөөд шүүхийн шийдвэрт байхгүй 11 020 055 төгрөгийг давхардуулан олгосон гэх энэхүү нэхэмжлэлд намайг буруутган хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, маргасан.

Хариуцагч О.Н нь ИНЕГ-ын ерөнхий нягтлан бодогч Н.Нийг хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж холбогдох байгууллагад гомдол гаргаж шалгуулсан байх ба нягтлан бодогч Н.Нт ...ерөнхий нягтлан бодогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй... үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл ноогдуулсан байна.

Холбогдох албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх мөнгийг О.Над шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч О.Н нь илүү авсан мөнгийг буцаан төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч ИНЕГазар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр шаардах эрхтэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Наас 11 020 055 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ИНЕГт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИНЕГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч О.Наас улсын тэмдэгтийн хураамжинд 191 270 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ