Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/390

 

 

 

 

 

 

      2021             4              15                                          2021/ДШМ/0390                               

 

 

     О.Мд холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

яллагдагч О.Мын өмгөөлөгч М.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

              Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/388 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр О.Мд холбогдох эрүүгийн 2009019551318 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             

              Яллагдагч О.М нь “Капитрон” банкны нэр бүхий үүргээс чөлөөлсөн, эд хөрөнгийг эзэмших эрхийг тодорхойлсон албан бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар дээр дарагдсан 04 дугаартай нотариатын дардас зэргийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах зорилгоор ашиглан 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр иргэн С.Ээд өгч, улмаар Фидуцийн гэрээний дагуу Капитрон банкны өмчлөлд байсан 45-09 УНС улсын дугаартай Тоёота Марк Икс загварын тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг С.Ээд шилжүүлж захиран зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.

                 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч О.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг шалгаж тодруулах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Түүнчлэн дээрх бичиг баримтуудыг ямар учраас хуурамчаар үйлдэх болсон хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашиглах ямар сэдэл, зорилго байгаад үнэлэлт, дүгнэлт өгснөөр хэргийн үйл баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтооход нөлөөлөх байжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр ...” зэрэг нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулах шаардлагатай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэж үндсэн шинжийг нь тодорхойлсон. Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд зэргээс харвал яллагдагч О.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “... хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах ...” гэх мэт шинжүүд байгаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Батсүх, С.Э нарын мэдүүлгүүдээс харахад яллагдагч О.М нь хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтаа цаг хугацааны хувьд иргэн С.Ээд хэзээ өгсөн, С.Э нь хэзээ Авто тээврийн үндэсний төвд очиж тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан бэ гэдэг нь тодорхой бус, мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх мэдүүлгүүдийн зөрүүг арилгаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “... гэмт хэрэг гарсан байдал, /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад үйлдэл/ ...”-ийг тогтоохын тулд гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах нь ач холбогдолтой гэж үзээд дээрх үндэслэлээр яллагдагч О.Мд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн тээврийн хэрэгсэл нь Капитрон банкны өмчлөлд хэвээр байгаа төдийгүй яллагдагч О.М нь бусдад төлөх төлбөргүй, хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд заагдсан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул яллагдагчийн хүсэлтийг хангаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг хуульчилж өгсөн. Гэтэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байхад анхан шатны шүүх яллагдагч О.М нь хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтаа цаг хугацааны хувьд иргэн С.Ээд хэзээ өгсөн, С.Э нь хэзээ Автотээврийн үндэсний төвд очиж тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан бэ гэдэг нь тодорхой бус, мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй байна, гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох гэсэн үндэслэлээр хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн байна.

Түүнчлэн яллагдагч О.М нь С.Эээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, зөвхөн Капитрон банкны өмчлөлд байгаа зээлийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг гэрчилсэн бичиг баримтыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн огноотой хуурамчаар үйлдээд 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр С.Ээд өгч, улмаар С.Э нь Автотээврийн үндэсний төвд 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч О.Мыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан ...” үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн байхыг шаардана. Гэтэл О.М нь Капитрон банкнаас авсан зээлээ төлөхийн тулд уг автомашиныг өгөхгүй байх, түүнийг хохироох санаа зорилго байгаагүй бөгөөд “Капитрон банкны барьцаанд байгаа, би банкнаас бичгийг авч өгнө” гэдгээ хэлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. О.Мд Капитрон банк болон иргэн С.Эийг залилах санаа зорилго байгаагүй, харин эд хөрөнгө эзэмших, үүргээс чөлөөлөх эрхийг гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийн эргэлзэж буй залилах гэмт хэргийг үйлдэх байсан бол О.М нь зээлээ төлөхгүйгээр шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан, зээлийн өрийн дарамтаас гарахын тулд хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан бөгөөд зээлээ төлөхгүй байх санаа зорилго нэгдүгээрт байгаагүй, хоёрдугаарт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.М Капитрон банкнаас авсан зээлээ өгч, автомашинаа барьцаанаас чөлөөлөөд С.Ээд тухайн автомашиныг шилжүүлэх зорилгоор хууль бус үйлдэл хийсэн байх бөгөөд Капитрон банк болон С.Э нарт эд хөрөнгийн ямар ч хохирол учруулаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/388 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагч О.Мын өмгөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж оролцож байна. О.М нь анхнаасаа бусдыг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа тогтвортой мэдүүлснээс нь харагддаг. Анхан шатны шүүхээс ямар учраас залилан мэхлэх гэмт хэргийн шинж байж магадгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь хуурамч бичиг баримт үйлдэж, ашиглах гэмт хэргийн шинжээс өөр юм. “Капитрон” банк болон Э нараас эзэмших болон өмчлөх ямар нэгэн эрхийг өөртөө шилжүүлж авч, захиран зарцуулсан үйлдлийг гаргаагүй. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт, яллагдагчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хуульд заасны дагуу үндэслэл бүхий гаргасан. Иймд дахин тайлбар, мэдүүлэг авах, холбогдох нотлох баримтуудыг судлах шаардлагагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад залилан мэхлэх гэмт хэргийн шинж байж магадгүй гэж үзэн яллагдагчаар татаж шалгасан боловч бусдыг залилан мэхлэж эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авах үйлдэл гаргаагүй байна гэж дүгнэсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр бус доор дурдсан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн “гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах, мөн уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэж үзээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэг үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд харин давж заалдах шатны шүүхээс О.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, прокуророос яллагдагч О.Мын “Капитрон” банкны нэр бүхий үүргээс чөлөөлсөн, эд хөрөнгийг эзэмших эрхийг тодорхойлсон албан бичиг, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар дээр дарагдсан 04 дугаартай нотариатын дардас зэргийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах зорилгоор ашиглан С.Ээд өгч, улмаар Фидуцийн гэрээний дагуу “Капитрон” банкны өмчлөлд байсан 45-09 УНС улсын дугаартай Тоёота Марк Икс загварын тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг С.Ээд шилжүүлж захиран зарцуулсан гэж үзээд түүний үйлдлийг хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “... О.М нь хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтаа цаг хугацааны хувьд иргэн С.Ээд хэзээ өгсөн, С.Э нь хэзээ Автотээврийн үндэсний төвд очиж тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан гэдэг нь тодорхой бус байх тул гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах, мөн уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байдаг. Ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардана.

 

Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, яллагдагч О.М нь “Капитрон” банктай 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 3018-2018/47 дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг байгуулж, улмаар зээлийн хэвийн төлөлттэй буюу зээлийг хугацаанд нь төлж ирсэн бөгөөд цаашид авсан зээлээ эргүүлэн төлөх чадваргүй болсноос үүдэн зээлийн үлдэгдлийг хаах зорилгоор зээлийн барьцаа хөрөнгө буюу Тоёота Марк Икс загварын тээврийн хэрэгслийг С.Эийн Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслээр сольж, зөрүүнд нь 4,000,000 төгрөгийг авч, уг мөнгөөр “Капитрон” банкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 3,842,000 төгрөгийг төлж барагдуулснаас үзэхэд “Капитрон” банкийг хуурч мэхлэх, зээлийг төлөхгүй байх гэсэн санаа зорилго байсан эсэх нь тогтоогдохгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Харин хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зохицуулсан ба мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ”, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх 169-172/ байх бөгөөд прокуророос 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч О.Мыг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт /хх 173-177/ үйлдэж, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр уг яллах дүгнэлтийг яллагдагч О.Мд гардуулсан /хх 178/ байна.

 

Харин уг яллах дүгнэлтийг гардуулсан өдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр прокуророос яллагдагч О.Мын мөн өдөр гаргасан “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх 179/-ийг хүлээн авч /хх 180/ шийдвэрлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу прокурор хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэхээр хуульчилсан байхад уг хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэнийхээ дараа яллагдагч О.Мын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн байна гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, дээрх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хийгдэх ажиллагаа бөгөөд яллагдагч прокуророос гаргаж буй эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ гэсэн агуулга бүхий зохицуулалт юм.

 

Мөн анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж, энэ талаар аль нэг үндэслэл хангагдаагүй гэж үзвэл мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/388 дугаартай шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаасан агуулгаар нь хэвээр үлдээж, прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай “... захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/388 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ