Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0801

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э***** О***** /РД:**********/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Г***** И***** /РД:Р********/ нарын хоорондын газрын эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х****, гэрч Э.У****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.О*****-с Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжийн иргэн Г.И*****-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” А/498 дугаар захирамжийн нэг дэх заалтаар газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлтээ ирүүлсэн 927 (есөн зуун хорин долоо) иргэдэд 566225 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгож баталгаажуулжээ. Тус захирамжийн хавсралтаас үзвэл, жагсаалтын 403 дугаарт гуравдагч этгээд иргэн Г.И******т Баянзүрх дүүрэгт Замчин 1-15а тоот хаягт байрлалтай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч Э.О***** нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замчин 1-15а тоот хаягт байрлах газарт 2014 оноос хойш гэр бүлээрээ амьдарч байгаа талаараа дурдаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/498 дугаар захирамжаар иргэн Г.И*****т газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн маргаж байна. 

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд Г.И*****т Замчин 1-15а тоот хаягт байрлалтай газрыг эзэмшүүлсэн талаар 2022 онд мэдэж, тус газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргажээ. Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02-06/491 дүгээр албан бичгээр болон 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13/141 дүгээр албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу авчээ.

Э.О***** нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Э.О****** миний бие Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замчны 1 дүгээр гудамж 15а тоот хаягт байрлах газар дээр 2014 оноос хойш гэр бүлээрээ амьдарч байгаа билээ. Миний бие амьдарч байгаа газар дээрээ газар эзэмших хүсэлтийг гаргаж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа очиж уулзаж байсан бөгөөд өөрийн биеэр очиж уулзаад газрын байршлаа хэлэхээр манай хэсгийг хариуцсан газар зохион байгуулагч нь тэр газар дээрээ гурван жил амьдарч байгаад гэрчилгээ авдаг гэж хэлсэн. 2019 онд очиж уулзахад энэ газар дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргах эрх үүсээгүй байна гэж хэлж байсан. Ингээд би 2022 он гарангуут газрын албанд очиж уулзахад газрын алба нь цахимаар өргөдөл хүлээж авдаг болсон ирэх 7, 8 дугаар сар манай амьдарч байгаа газар дээр аль хэдийн буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 тоот Засаг даргын захирамжаар Г.И****** гэх хүний нэр дээр манай газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн байгаа юм. Иймд миний бие тухайн газрыг хариуцсан газар зохион байгуулагч С.Ч*****-ай уулзахад “...би мэдэхгүй та хуулийн дагуу шийдвэрлүүл” гэж байсан юм. С.Ч****** нь намайг удаа дараа газрын гэрчилгээ гаргуулахаар очиход миний бичиг баримтыг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалздаг байсан. Үүнийгээ С.Ч****** өөрөө мэдэх учраас би С.Ч*****-ыг энэ асуудлаар гэрчээр асуулгах хүсэлттэй байна. Өөрөөр хэлбэл захиргааны ажилтан нь үйлдэл эс үйлдэхүйгээрээ нэхэмжлэгч миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар уулзаж байгаа хүмүүсийг тухайн газар дээрээ амьдардаг эсэх гэж асуудаг, мөн очиж үздэг атлаа өөр айл амьдарч байгаа газрыг дээр нь огт амьдраагүй хүнд эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөнд гомдолтой байна. Манайх энэ газар дээр амьдраад аль хэдийн өөрийн эзэмшил үүссэн байгаа юм. Энэ тухай Нийслэлийн Засаг даргад хандсан боловч мөн л хуулийн дагуу шийдвэрлүүл гэсэн албан тоот өгсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны ажилтны үйлдэл эс үйлдэхүй нь хууль бус байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжийн Г.И***** холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Нэхэмжлэгч Э.О****** нь 2014 оноос хойш тухайн газарт амьдарсан. Хэрэгт авагдсан 2016 оны кадастрын зураг дээр хашааны зураг авагдсан байдаг. Тухайн зураг дээр хашаагаа барьсан ч гэр нь хойд хашаандаа байгаа байдалтай авагдсан. Сүүлд үйлдвэр байгаа байшингаа нэмж барьсан байдаг. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж байсан боловч хүсэлтээ албан ёсоор бичгээр өгөх ёстой байсныг ойлгоогүй тул биеэр уулзаж зөвлөгөө аваад буцсан байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд нотлох баримт үлдээгүй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэдэг. Гэтэл Г.И***** гэх хүн огт амьдраагүй байхад газар эзэмших эрх олгосон байна. Иргэн Г.И*****-ын Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн өргөдөл дээр ам бүл зургуулаа амьдарч байгаа тул газрыг олгож өгнө үү гэсэн байсан. Тухайн газарт огт амьдраагүй байж хуурамч байдлаар нотлох баримт бүрдүүлэн өгсөн байна. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан хариуцсан газар зохион байгуулагчтай уулздаг. Газар зохион байгуулагч тухайн иргэнийг дагуулан газар дээр нь очин үзлэг хийж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгодог. Гэтэл гуравдагч этгээдийг хашаагаа бариагүй, огт амьдраагүй байхад газар эзэмших гэрчилгээг өөр хүний эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан олгосон нь хууль бус байна. Г.И****-т олгосон газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д Захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Энэ зарчимд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахыг хориглосон байдаг. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А/498 тоот тушаал гаргахдаа бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны акт нь бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстой боловч энэ тохиолдолд тохироогүй байна. Тухайн газар дээр огт амьдраагүй иргэнд газрын гэрчилгээ олгосон. Газар зохион байгуулалтын албанд иргэд очиход хариуцсан газар зохион байгуулагчтайгаа уулзах чиглэл өгдөг. Хариуцсан газар зохион байгуулагч нь бодит байдал дээр тухайн газрыг олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Үүний дагуу иргэн Э.О****** нь хариуцсан газар зохион байгуулагчтайгаа 2014 оноос хойш 2 удаа уулзсан нь тодорхой байна. Тухайн үед хариуцсан газар зохион байгуулагч газрыг олгох боломжгүй гэдэг шийдвэрийг амаар хэлсэн учраас хүлээлт үүссэн байна. Хүлээлт үүссэн хугацаанд газар дээрээ бодитоор амьдарсан.

А/498 тоот тушаал нь Газрын тухай хуульд зааснаар бусдын эзэмшил, ашиглалт давхцаагүй газрыг олгох ёстой байхад давхцуулан олгосон тул хууль зөрчсөн байна. Газар давхардсан эсэхийг хариуцсан газар зохион байгуулагч нь шалгах ёстой байсан. Гуравдагч этгээд хариу тайлбартаа “...алдаг оног хашаа байсан” гэж байгаа. Энэ нь өөр этгээд тухайн газар дээр байсан гэдгийг илтгэж байна. Мөн гуравдагч этгээд нь тухайн газар дээр амьдарч байгаа гэдэг бодит байдалд нийцээгүй өргөдөл бичиж өгсөн байдаг. Газрын тухай хуульд зааснаар амьдраагүй хүнд газар олгосон байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д***** хариу тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заажээ. Гэвч иргэн Э.О***** нь 2013-2021 онуудад дүүргийн Засаг даргад болон Газар зохион байгуулалтын албанд хандан газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. Мөн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч С.Ч****** нь 2020 онд хээрийн судалгаа хийх явцад уг газарт хашаа бариагүй ямар нэгэн айл, өрх амьдардаг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ тухайгаа тайлбарт дурдан агаарын зургийг хавсарган өгсөн.

Дээрхээс үзэхэд дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу мэдээллийн санд ямар нэгэн давхцал байхгүй тул иргэн Г.И***** 2020 оны А/498 дугаар захирамжаар тус газрыг эзэмшүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 2014 оноос амьдарч байгаа. 2014 оноос 2021 оныг хүртэл Газрын албанд хүсэлтээ гаргасан боловч хүлээж аваагүй гэдэг зүйлийг ярьж байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Газрын албанд загварын дагуу хүсэлтээ гаргаж байгаагүй нь тогтоогддог.

Хоёрдугаарт нэхэмжлэгч нь ямар нэг газар эзэмших шийдвэр гараагүй байхад Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэснийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27.4-т зааснаар дур мэдэн тухайн газрыг ашиглаж байсан байна. Хавтас хэрэгт нотлох баримт болгон өгсөн зургууд нь эргэлзээтэй, нотолгоогүй байх тул хангалттай нотлогдохгүй байна. 2017, 2018 оны агаар сансрын зургийг харахад ямар нэг байшин, барилга байдаггүй. Манай байгууллагын зүгээс хуулийн дагуу буюу Газрын тухай хуулийн 32.1-т заасан шаардлагын дагуу мэдээллийн санд давхцалгүй байгаа газрыг иргэн Идэрбаярт олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээд Г.И***** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Э.О*****-ийн нэхэмжлэлд дурдсан газрыг эзэмшихээр гэрээ байгуулах, гэрчилгээ гаргуулах үед уг газрыг хэн ч эзэмшээгүй байсан. Иймд ч дүүргийн Засаг дарга надад газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргасан, гэрчилгээ олгосон гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг, тайлбар, бусад баримтуудаас үзэхэд Э.О****** нь уг газрыг эзэмшиж байгаагүй, энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй аж. Иймд газар эзэмших захирамж, гэрчилгээгүй атлаа Э.О***** нь уг газарт бууж, суурьшин барилга байшин барьж хууль зөрчжээ. Би газрынхаа гэрээг байгуулж гэрчилгээгээ гаргуулчхаад газраа хамгаалж хашаа хороо барьж хамгаалах зорилготой очиход Э.О***** нь хагас хугас хашаа барьсан байхаар нь би Газар зохион байгуулалтын албанд хандаж мэдэгдсэн. Гэтэл Э.О***** нь хагас хугас хашаа барьсан байхаар нь би Газар зохион байгуулалтын албанд хандаж мэдэгдсэн. Гэтэл Э.О****** нь хууль бус үйлдлээ зогсоохын оронд блокоор урт байшин барьсан. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн түүнийг албадан нүүлгэх шийдвэр гаргаж миний хууль ёсны эрхийг хамгаалж газраа эзэмших боломж олгоно уу” гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь 2014 оноос хойш амьдарсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч газрын хийлийг тогтоолгохдоо Газар зохион байгуулалтын албаны хүнтэй хамт очиж тогтоолгодог гэж дурдлаа. Гуравдагч этгээдийн хувьд 2018 онд тухайн газрын хилийг тогтоолгосон. Тогтоолгохоор очиход тухайн газар дээр ямар нэг гэр байгаагүй. Тиймээс нэхэмжлэгчийн хэлээд байгаа 2014 оноос 2022 он хүртэл амьдарч байсан нь худал байна.

Гуравдагч этгээдийн газар эзэмших захирамж 2020 онд гарч, Газар зохион байгуулалтын албанд мэдүүлгээ өгөөд 2021 онд гэрчилгээ авсан. Тухайн үед Э.О*****-тэй уулзахад өмнө нь амьдарч байсан гэж маргаагүй, хүнээс худалдаж авсан гэж маргаж байсан. Гуравдагч этгээд 2021, 2022 онд хөдөө явж ажиллах шаардлага гарсан тул тухайн газар дээрээ байгаагүй. Гэхдээ 2018 онд хил тогтоохоос өмнө тухайн газарт амьдарч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч Э.О***** хуулиар хүлээсэн үүрэг буюу газар эзэмших, ашиглах хүсэлтээ гаргаагүй тул өнөөдрийн нөхцөл байдал үүссэн байна. Гуравдагч этгээд Г.И**** нь газар зохион байгуулалтын албатай тухайн үед хуулийн дагуу гэрээ байгуулсан. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Э.О****** нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжийн иргэн Г.И*****-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ:

2.1. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Замчин 1-15а тоот хаягт байрлалтай газарт 2014 оноос хойш амьдарсан,

2.2. Тус газраа эзэмшихээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт гаргаж, очиж уулзаж байсан боловч эхний удаад газар дээрээ 3 жил амьдрах шаардлагатай байдаг, хоёр дахь удаад буюу 2019 онд очиж уулзахад газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах эрх үүсээгүй гэх зэргээр хүсэлтийг хүлээн аваагүй, үндэслэлгүйгээр татгалзсан,

2.3. Нэхэмжлэгч нь бодит байдалд газрыг эзэмшиж, ашиглаж байхад тухайн газарт огт амьдарч байгаагүй гуравдагч этгээд Г.И*****-т газрыг давхцуулан олгосон нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

3. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” А/498 дугаар захирамжийн нэг дэх заалтаар газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлтээ ирүүлсэн 927 иргэдэд 566225 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгож баталгаажуулсан байх ба захирамжийн хавсралтаас үзвэл, жагсаалтын 403 дугаарт гуравдагч этгээд иргэн Г.И*****-т Баянзүрх дүүрэгт Замчин 1-15а тоот хаягт байрлалтай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд дээрх захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй”, 31 дүгээр зүйлийн 31.3. “Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3. “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 27 дугаар зүйл. “Газар эзэмшүүлэх”, 29 дүгээр зүйлийн 29.1. “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна” гэх заалтуудыг үндэслэн гарчээ.

5. Шүүх маргааны зүйлийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/4566 дугаар албан бичгээр нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчлөхөөр хүсэлт гаргаж байсан эсэх, түүнтэй холбоотой баримтуудыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шаардахад:

5.1. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15/904 дүгээр албан бичгээр “...иргэн Э.О***** /РД: ********/ нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших, өмчлөхөөр ямар ч хүсэлт гаргаж байгаагүй байна” гэж,

5.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/1017 дугаар албан бичгээр “...тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын санг шүүж үзэхэд нэхэмжлэгч Э.О******* нь 2013-2021 онуудад газар эзэмших хүсэлт ирүүлээгүй байна” гэж ирүүлсэн.

6. Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/1588 дугаар албан бичгээр “...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын ********** дугаар бүхий 700 м.кв талбайтай газар нь Г.И*****-ын нэр дээр бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газартай давхцалгүй бүртгэгдсэн бөгөөд өнөөг хүртэл өөрчлөлт ороогүй байна” гэж,

7. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 99 дүгээр албан бичгээр “...Тус хорооны хүн ам, өрхийн мэдээллийн бүртгэлийн санд Замчин 1-15а тоот хаяг дээр иргэн Э.О******* нь албан ёсны бүртгэлгүй байна” гэж ирүүлсэн байна.

8. Дээрх цугласан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн маргаж буй тайлбар, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг харьцуулан дүгнээд, газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхээр хүсэлт гаргаж байсан бол холбогдох бүхий л нотлох баримтаа гаргаж өгөхийг шаардахад шүүхэд ирүүлээгүй болохыг тэмдэглээд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу маргаан бүхий газар дээр газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

9. Нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газар /хашааны/-ын хойд талын хашаанд өвөлжөөд зунд нь задгай талбай /маргаан бүхий газарт/-д гэрээ барьж амьдарч байсан гэж тайлбарласныг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4.“Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн, энэ тохиолдолд маргаан бүхий газар дээр амьдарч байсан нь тухайн газрыг эзэмших эрхтэй гэсэн ойлголт биш бөгөөд хууль ёсоор тухайн газрыг өөрийн мэдэлд байлгаж байсан гэж үзэхгүй болно.

10. Нэхэмжлэгч талаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу хариуцагч нь маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ “манайхыг амьдарч байгааг анхаараагүй, судалгаа хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй” гэж үзсэнийг мөн хүлээн авах боломжгүй байна. Шүүх нотлох баримтаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15/932 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжтай иргэн Г.И******-ын эзэмшил *********** нэгж талбарын дугаар бүхий газрын хувийн хэргийг, мөн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Иргэний газар эзэмших эрхийн *********** дүгээр гэрчилгээ”, эрхийн улсын бүртгэлийн Э-*********3 дугаарт бүртгэж гэрчилгээ зэргийг нотлох баримтын шаардлага ханган ирүүлснийг буруутгах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

11. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, үйл баримт, маргааны зүйлд хамаарах хуулийг тайлбарлан шүүх хэргийг шийдвэрлэхдээ, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийн тулд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгаж буй боловч Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар дүүргийн Засаг даргад олгосон, тухайлбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д: “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэнд ... эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.3-д: “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т: “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар хариуцагч дүүргийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх хуульд заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн баримтгүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3. “газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4. “газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу ... зохистой эзэмших” газрын талаар баримтлах зарчмыг хангаж гарсан байна гэж үзэв.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О******-ийн “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар захирамжийн иргэн Г.И******-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН