2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/911

 

  2025          04          02                                    2025/ШЦТ/911

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******,

иргэний нэхэмжлэгч С.*******,

иргэний хариуцагч А.*******,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох эрүүгийн 2403009270130 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, “Кюүклинк” ХХК-д менежер ажилтай,,, тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт , тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10 цаг 17 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байрны хойд зам, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр, Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын Нэг.Тоормосны систем. 1.1.Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх; 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 64 настай, эмэгтэй М.ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...ослын газар очиход Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хэргийн газрыг хамгаалалтад авсан байх бөгөөд явган зорчигч нарыг явган хүний гарцаар гарч байхад Faw маркийн 7811 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч хойд зүгээс зүүн зүгт эргэх үйлдэл хийж байхдаа М.ийг мөргөж, амь насыг нь хохироож, С.*******ыг мөргөж хохироосон хэрэг учрал болсон байв. Тээврийн хэрэгслийн урд (баруун) дугуй шингэн цацарсан, цагаан шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон, хойд хоёр дугуй (баруун) мөн адил зүйлээр бохирлогдсон байх бөгөөд баруун хойд дугуйн хооронд ертөнцийн зүгээр баруун зүгт толгой нь харсан байдалтай хөх өнгийн куртик, хар өнгийн өмдтэй, хар өнгийн цүнх үүрсэн цогцос доошоо харсан байдалтай байв. Тээврийн хэрэгсэлд тоормосны мөр байхгүй байх бөгөөд явган зорчигч С.*******аар ослын цэгүүдийг заалгаж хэргийн газрын хэмжилтийг хийв” гэсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-14 дүгээр хуудас),

Цогцост үзлэг хийсэн: “...160 см урттай, толгойд өтгөн хар өнгийн үстэй, биеийн хөгжил зөв, булчингийн хөгжил дунд, өөхөн эдийн хөгжил их, чихний дэлбэн бүтэн, мөчдийн яс хуруу бүрэн, гадна бэлэг эрхтний хөгжил зөв, өтгөн, шингэний сүвнээс гарсан зүйлгүй, толгой нүүрний хэлбэр дүрс алдагдсан, нүүрээр тархмал хүрэн улаан өнгийн зулгаралттай, зулайн орой хэсгийн хуйхнаас зүүн хацар хүртэл том хэмжээний ангайсан шархтай, шархаар тархины эд, гавлын ясны хэлтэрхийнүүд харагдана. ...зүүн доод 1 дүгээр шүд булгарсан, бусад шүд бүрэн, зүүн гуяны дотор дээд хэсгээс шилбэний урд дунд хэсэг хүрсэн том хэмжээний арьсны эдийн дутагдал бүхий булчин зөөлөн эдийн ил гарч хууларсан шархтай, зүүн дунд чөмөг доод 3/1 хэсгээр ясны хэлтэрхий бүхий ил хугаралтай, зүүн гуяны урд гадна дээд, шилбэний урд хэсгийг нилэнхүйд нь хамарсан цоохортсон хүрэн ягаан өнгийн зулгаралттай. Баруун суга, бугалганы ар хэсгийг нилэнхүйд нь хамарсан хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний урд хэсэгт 2х1, 2х1, баруун өвдөгт 2х1,5 см (хүрэн) зулгаралттай, зүүн ташаа урд хэсэг цавийг нилэнхүйд нь хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун хавирганы нум дагуу 3 ширхэг хүрэн ягаан өнгийн дугариг хэлбэрийн цус хуралттай, биед өөр харагдах гэмтэлгүй, хөшилт биеийн бүх булчинд тод үүссэн, цогцосны толбо биеийн ар хэсгээр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн. Дарахад цайж 40 секундийн дараа эргэж хэвэндээ орно. Нас бараад 9-10 цаг орчим хугацаа өнгөрсөн байлаа. Биеийн хэм 13 цаг 00 минутад 28,5˚ байсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.Баттулгыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 181 дүгээр хуудас),

Амь хохирогч М.ийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болох үед би байгаагүй. Талийгаач эгч маань 1960 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. Бид эцэг эхээс ам бүл 6-уулаа, талийгаач доороо 3*******, 2 эмэгтэй дүүтэй, айлын том охин байсан. Эгч маань бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжиж Завхан аймгийн 1 дүгээр 10 жилийг төгссөн. Сургуулиа төгсөөд Завхан аймагт худалдааны техникумд элсэн 2 жил суралцаж төгсөөд Завхан аймгийн бөөний бараа баазад нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэрний дараа Завхан аймгийн зам ангид нягтлан бодогчоор ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин ирсэн. Талийгаач эгч маань 1989 онд хотод ирээд усны шинжилгээний төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаад, Баянзүрх дүүргийн шүүхэд нарийн бичгээр ажилд ороод тэндээсээ тэтгэвэрт гарсан. Тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй хүн байсан. Эгч маань С.******* ахтай хамтран амьдраад 20 гаран жил болж байгаа. Талийгаач эгчид төрүүлсэн үр хүүхэд байхгүй. Талийгаач сахрын өвчтэй байсан бусдаар бол архаг хууч өвчин байгаагүй. Хамгийн сүүлд эгчтэй 10 дугаар сарын 09-ний өдөр Нисэхэд уулзсан. Эгч маань согтуургуулах ундаа хэрэглэдэггүй байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, буруутай жолооч хуулийн дагуу хариуцлага хүлээх байх. Ах дүү бид нар сэтгэл санааны маш их хохирол амсаж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаач эхнэртэйгээ хамт тэр өдөр 10 цагийн орчимд 21 дүгээр хорооллоос гараад 3 дугаар эмнэлэг руу очих гэж явганаар алхаж явсан. Тэгээд 1 дүгээр хорооллын хойд талын 34 дүгээр байрны арын явган хүний гарцаар хойноос урагшаа гарч байсан талаараа санаж байна, юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг анзаарсан чинь шороо үнэртээд би доошоо хараад замын урд талд шороон дээр хэвтэж байсан. Хөдлөх гэсэн чинь хөдөлж болохгүй байсан, хэсэг хугацааны дараа босоод хартал эхнэр маань том машины дугуйн доор хөдөлгөөнгүй доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Машины жолооч бололтой нэг залуу “би хүн дайрчихлаа ш дээ” гэж хэлээд орилоод байсан. Тэр үед цагдаа нар ирсэн. Тэгээд юу болсныг асуугаад бид нар хэмжилт хийх гэж байна, та хаана мөргүүлсэн бэ гэж асууж байсан. Бид хоёр хоёулаа сахрын өвчтэй хүмүүс. Бусдаар архаг хууч өвчин байхгүй байсан. ...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн дүү *******ыг томилсныг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна, явган хүний гарцаар гарч байхдаа ханиа машинд дайруулж алдсандаа. Эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч С.*******ын гаргасан: “...хохирогчийн талыг төлөөлөх хүнийг талийгаачийн төрсөн дүү болох Мягмар овогтой *******ыг гэж тогтоож байгаагаа илэрхийлье” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Иргэний хариуцагч А.Алтантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би осол болох үед байгаагүй. Манай компанийн Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч осол гаргасан. Манай Quick Link ХХК нь 2011 онд авто замын барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Манай оффис Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо 32-3 тоотод байрладаг. Граж байхгүй, 3-4 дүгээр хороололд түр Кемптэй, аж ахуйн хашаатай тэр нь Орбитод байрладаг. ******* бид хоёр багын найзууд байгаа юм. ******* манай компанийн орон тооны бус ажилтан. Албан тушаал хамаарахгүй бусад ажил амжуулдаг байсан. ******* нь жолооны С ангиллын эрхийн үнэмлэхтэй 2024 оны 10 дугаар сарын эхээр санаж байна Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Хэнтий аймгийн Норовлин сум руу ажлаар яваад ирэхдээ Монгол гэр, усны помп зэрэг эд зүйл ачаад ирсэн байсан. Тэр эд зүйлийг осол гардаг өдөр Орбитод байрлах аж ахуйн хашаа руу буулгах гэж миний заавраар явж байсан. *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, найз учраас хорондоо ярилцаад сарын 3,500,000 төгрөгийн цалин тооцож өгөхөөр тохиролцоод өгч байсан. Мөнгөншагай механик хийхээс гадна давхар кран жолоодох болон бусад ажил хийдэг ажлын зав зай багатай байдаг. Ер нь бол ямар эвдрэл гэмтэлтэй байгаа талаар мэдэж байсан. Манай компани 10 ширхэг том оврын машинтай, крантай машин 1 ширхэг буюу Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл. Энэ машиныг 2022 онд Н. гэдэг хүнээс 80,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд гэрчилгээний нэрийг нь шилжүүлж авч амжаагүй байсан юм. Энэ машин араандаа орохгүй хүчээр ороод байна гэж ******* надад Хэнтий аймагт ажлаар явж ирээд хэлж байсан. Хаанаа ямар гэмтэлтэй талаар сайн мэдээгүй. Уг Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанийн тээврийн хэрэгсэл тул бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн баруун талд байрлах Quick Link ХХК-ийн кемпэд харуул манаачаар ажиллаж эхэлсэн. Осол гардаг өдөр 10 цагийн орчим манай байгууллагын талбайн инженер ******* ах Орбит руу очиж крантай машин дээр байгаа зүйлийг буулгаад тэндээс байгууллагын юм ачих хэрэгтэй байна гээд хамт явсан. ...******* ах машин асаагаад би хажууд нь суугаад баруун тийшээ шороон замаар яваад 1 дүгээр хорооллын хойд талаас төв зам руу нийлэх гээд явж байсан. Тэр үед засмал замаар зүүнээс баруун тийшээ явж байхад баруун зүүн салсан засмал гараад ирсэн. ******* ах баруун тал руугаа эргэх гэтэл дээшээ өгсүүр байхаар нь болиод зүүн гар тийш эргэсэн. Зүүн гар тийш эргээд уруудаад явж байх үед ******* ах гэнэт машин тоормосгүй болчихлоо яах вэ тоормос  барихгүй байна ш дээ гэж хэлж байсан. Тэгээд ******* ах замын боржур дайраад урагшаа яваад гүүрээр гарсан. Тэгээд замын уулзвараар зүүн гар тийшээ эргэж байхдаа тоормос ажиллахгүй байна ш дээ, сигналаа дараад бас ажиллахгүй байна гэж хэлж байснаа хүн гараад ирлээ ш дээ гэж хэлсэн. Тэр хэсэг хугацаанд асар хурдан зүйл болоод өнгөрсөн. Машин зүүн гар тийш эргээд зогссон. Бид хоёрыг зүүн гар тийш эргэж байхад хойд зүгээс урд зүг рүү явган хүний гарцаар*******, эмэгтэй хоёр хүн зам гарч байсан. Би тэр хоёрыг зам гарч амжсан байх гэж бодсон чинь гарч амжаагүй байсан. ...Би машинаас буулгүйгээр баруун талын толиндоо харахад нэг хүн хойд дугуйны тэр хавьд цус болсон байдалтай хэвтэж байсан. ...******* ах машинаас буугаад “би хүн алчихлаа ш дээ яах вэ” гээд утсаар хүнтэй яриад байсан. ...Тоормос ажиллахгүй байгааг гэр хорооллын засмал замаар зүүнээс баруун тийшээ явж байхдаа мэдсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

Гэрч Х.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай компанид 2021 оны 09 дүгээр сараас үйл ажиллагаанд явж эхэлсэн. 2024 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Өргөний Монцемент дээр ажилд явж байхдаа оношилгоонд орсон. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр санаж байна гэмтлийн хойд талын гүүрний ажил хийж байхад нь тухайн тээврийн хэрэгслийн явах эд анги, тоормос, дугуйг үзэж шалгахад бүрэн бүтэн байдал нь хэвийн байсан. ...2023 оны 06 дугаар сард хойд дөрвөн дугуйны накладыг сольж байсан. Өмнө нь барьж байсан жолооч тоормос барихдаа муу байгаад байна гэхээр нь сольсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 14683 дугаартай: “...С.*******ын биед баруун алга, 1 дүгээр хуруунд няцарсан шарх, зүүн чихэнд няцарсан шарх, цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 3741 дугаартай: “...Амь хохирогчийн цогцост дух, чамархай, зулай, суурь, дагз, баруун, зүүн нүдний ухархай, хамар яс, гайморын хөндийн хана, хоншоор, баруун зүүн хацар, эрүү ясны үйрч бяцарсан хугарал, цус хуралт, их, бага тархины эдийн гоожилт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, баруун, зүүн нүдний алимны гоожилт, баруун 6-11, зүүн 3-5 дугаар хавирганы хугарал, цус хуралт, цээжний баруун хөндийд цус хуралдалт /200мл/, умдаг, зүүн дунд чөмөгт ясны ил, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, цус хуралт, 1 шүдний булгарал, зулайн хуйх, зүүн хацар, буйл, зүүн гуя, зүүн шилбэнд шарх, зулгаралт, зулайн хуйх, дух, зүүн ташаа, цээж, баруун суга, баруун бугалаг, цавинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэнэ. Дух чамархай, зулай, суурь, дагз, баруун, зүүн нүдний ухархай, хамар яс, гайморын хөндийн хана, хоншоор, баруун зүүн хацар, эрүү ясны үйрч бяцарсан хугарал, цус хуралт, их, бага тархины эдийн гоожилт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, баруун, зүүн нүдний алимны гоожилт, баруун  6-11, зүүн 3-5-р хавирганы хугарал, цус хуралт, цээжний баруун хөндийд цус хуралдалт /200мл/, умдаг, зүүн дунд чөмөгт ясны ил хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.12, 4.1.17, 4.5.1, 4.5.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, цус хуралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд амь хохирогчийг шууд үхэлд хүргэсэн шинэ гэмтэл байна. Амь хохирогч нь дээрх гавал тархи, цээж, аарцаг, доод мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 2024.11.06-ны өдрийн 19:00 минутын цогцсын гадна үзлэгээр амь хохирогч нь нас бараад 9-10 орчим цаг болсон байжээ. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжгүй. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. А (II) бүлгийн цустай байна. Амь хохирогчид биеэ хамгаалж тэмцэлдсэн ул мөр тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед дайрагдах, мөргөгдөх, дугуйн доогуур орох үед үүсэх боломжтой. Амь хохирогчийн цусанд спиртийн зүйл илрээгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 73-83 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 6379 дугаартай: “...Шинжилгээнд “Н.*******” гэж хаяглан ирүүлсэн “001374081, 002203825” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас),

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 1000421 дугаартай: “...Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж муу, баруун талын их гэрэл (хол, ойрын гэрэл, оврын гэрэл, дохио) асахгүй, зүүн талын их гэрэл стандартын шаардлага хангахгүй, 1 дүгээр тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос барихгүй, 2 дугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос барихгүй, 3 дугаар тэнхлэгийн баруун, зүүн талын дугуйн тоормос барихгүй, зогсоолын тоормос зогсоогүй, дуут дохио ажиллахгүй, жолооны хүрдний сул эргэлт 26 градус буюу стандартаас давсан зэрэг эвдрэл гэмтэл нь стандартын шаардлага хангахгүй байна. Дээрх гэмтлүүд нь ашиглалтын үед үүссэн хуучин гэмтлүүд гэж үзэж байна. Хийн дамжуулгатай тоормосны системтэй, тоормосны стенд дээр шалгахад 1 дүгээр тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос барихгүй, 2 дугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос барихгүй, 3 дугаар тэнхлэгийн баруун, зүүн талын дугуйн тоормос барихгүй, тоормосны ажиллагаа алдагдсан байна. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, АВS бол дээрх системүүд тоормос гишгэх үед зам дээр дугуйн тасалдсан мөр үүснэ. Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдний сул явалт 26 градус байна. МN4598:2020 Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартын 5.8-д шингэн хүчлүүртэй ачааны машины хүрдний сул явалт 10 градус гэж заасан байдаг. Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны идэвхжил нь 1 дүгээр тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 10,63 кН, баруун талдаа 5,02 кН зөрүү нь 53% (стандарт<20%), баруун талын дугуй зогсоогүй, 2 дугаар тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 11,3 кН, баруун талдаа 4,58 кН, зөрүү нь 59% (стандарт<30%) баруун талын дугуй зогсоогүй, 3 дугаар тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 3,67%, баруун талдаа 2,27%, баруун, зүүн талын дугуй тоормосны стенд дээр зогсоогүй, зогсоолын тоормос зогсоогүй, нийтдээ тоормосны ажиллагаа алдагдсан байна. Урд баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 cd, хол дээрээ 0 cd асахгүй, зүүн талын их гэрэл ойр дээрээ 600 cd, хол дээрээ 1200 cd (стандарт 10.000-225.000cd) стандартын шаардлага хангахгүй зэрэг үзүүлэлттэй байна. Уг тээврийн хэрэгсэл 2023 оны 06 дугаар сарын 30-нд Дархан-Уул аймгийн ТХҮТөвд, 2024 оны 04 дүгээр сарын 26-нд Дорноговь аймгийн ТХҮТөвд техникийн хяналтын үзлэгт орсон байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 130-140 дүгээр хуудас),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Өлзийбаярын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0000091 дугаартай: “...Явган зорчигч М., С.******* нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Faw маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын Нэг. Тоормосны систем. 1.1.Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх; 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч С.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* нарын гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой гаргаж өгсөн баримтууд (хавтаст хэргийн 185-202 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд намайг Сонсголонд өөрийн эзэмшлийн машиныг оношилгоонд оруулах гээд явж байхад талбайн ерөнхий инженер Золоо ах утасдаад Faw маркийн улсын дугаартай автомашиныг Гэмтлийн эмнэлгийн хойно байрлах компанийн аж ахуйн хашаанаас аваад Орбитод хүргээд өгчих гэж хэлсэн. Би машиныг асаахаас өмнө захирал *******тай утсаар холбогдоод Золоо өглөө утсаар яриад энэ машиныг Орбитод хүргээд өгчих гэсэн юм би машин дээр ирсэн байна гэхэд захирал “чи наад машинаа бариад Орбитод очоод дээр нь байгаа ачааг нь буулгаад дараа нь засварын газар хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд болгоомжтой яваарай наад машины чинь араа нь орохгүй байгаа шүү гэж надад анхааруулсан. Тэгээд би машинаа асаагаад хий хураагаад ийг суулгаад хөдөлсөн. Хашаанаас гараад ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү гэр хороолол дундуур шинэ тавьж байгаа замаар явж байтал зам хаалттай цааш явах боломжгүй байхаар нь баруун урагшаа эргээд 1 дүгээр хорооллын хойд талд буюу 32-н гүүрээр 300-400 метр хиртэй явж байгаад тоормос гишгэхэд тоормос барихгүй шахуу хурд саарахгүй байсан. Тэгээд би тоормосоо дахин дахин гишгэхэд бас ажиллахгүй тэгээд рулиэрээ залаад доошоо уруудаад төв зам руу ороод зүүн гар тийш дараад эргэтэл замын голд хоёр явган зорчигч зам хөндлөн явган хүний гарцаар хойд зүгээс урд зүг рүү гарч байсан. Зүүн гар тийш эргэж байх агшинд би тоормос гишгээд суудал дээрээсээ босоод зогссон байсан. Хажуугаар нь сигнал дарахад ажиллахгүй байхаар нь “тоормосгүй болчихлоо ш дээ яанаа, сигнал бас ажиллахгүй байна ш дээ” гэж орилсон. Тэр үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хоёр хүний нэг нь машины баруун урд талын буферт мөргөгдөөд баруун гар тал руу шидэгдээд унаж байгаа харагдсан. Нөгөө хүн нь машин дор орчих шиг болсон. Машин зүүн гар тийш эргээд зогссон. Би буугаад машины хойгуур нь тойроод хартал баруун талын хоёр дугуйны завсар хүн доошоо харсан толгой нь бяцраад тархи нь гоожсон цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би хараад юу хийчих нь энэ вэ гэж хараад зогсож байтал хаанаас ч юм мэдэхгүй цагдаа ирээд тайван бай гэж хэлсэн. Тэр цагдаа “цагдаагийн байгууллага руу залгаж зам тээврийн осол гарсан байна” гэж дуудлага өгч байсан. Удалгүй замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг, хэмжилт хийж эхэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 164-166 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 169 дүгээр хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 173 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 174 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 175 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 176 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 177 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 178 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 179 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Н.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 34Б байрны хойд замд “FAW CA1253” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-д заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч С.*******, М. нарыг мөргөж, С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, М.ийн амь насыг хохироосон үйл баримт зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч Н.Баттулгыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******, иргэний нэхэмжлэгч С.*******, гэрч Т., иргэний хариуцагч А.******* нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 14683, 3741 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 1000421 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 0000091 дугаартай магадалгаа, шүүгдэгч Н.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг онцлогтой.

Харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд тоормосны систем ажиллахгүй байгаа тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглосон байхад шүүгдэгч Н.******* нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.ийг мөргөж, амь насыг нь хохироосон буюу шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Н.Баттулгын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч М.ийг мөргөж, амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Баттулгыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас М.ийн амь нас хохирч, С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******, иргэний нэхэмжлэгч С.******* нарын мөрдөн байцаалтын явцад гаргаж өгсөн эмчилгээ сувилгаа болон амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал гэж нэхэмжилсэн баримтуудыг судалж үзэхэд нийт 29,562,900 төгрөгийн баримт байх ба иргэний хариуцагч А.******* нь өөрийн компани болон хувийнхаа данснаас нийтдээ 48,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын мэдүүлэг, банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч С.******* “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ад өгсөн мөнгөнөөс бид хувааж авна гэж тохирсон тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* “...48,000,000 төгрөг авсан. Сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг авахаар тохиролцож, өнөөдрийн байдлаар 10,000,000 төгрөг өгсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-нд өгнө гэж гэрээ байгуулсан. Энэ авсан мөнгөө 6 хуваагаад авна гээд тохирсон” гэж тус тус мэдүүлсэн.

Иргэний нэхэмжлэгч С.******* нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.*******ас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул дээрх зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Н.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх саналтай байна” гэсэн нэмэлт тайлбар гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хүний амь нас үнэгүй болсон юм байна, арай бага ял санал болгож байна” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлт, тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв. Учир нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилах боломжгүй буюу хүний амь нас хохирсон, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлыг мэдсээр байж хөдөлгөөнд оролцсон байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргах эрхтэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал, хүсэлт зэргийг харгалзан дээрх дүгнэлтийг хийсэн болно.

Иймд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Н.******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.*******ас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.НЯМДАВАА