Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0816

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Р******” ХХК /РД: ******/,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга,

Гуравдагч этгээд: Л.А****** /РД:********/ нарын хоорондын барааны тэмдгийн бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х*****, С.Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Р*****” ХХК нь Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

2. Маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалын нэг дэх заалтаар “шаардлага хангасан, хавсралтад дурдсан 134 барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, эзэмшигчид гэрчилгээ олгож” шийдвэрлэсэн ба тушаалын хавсралтад “БАЗАЛИТ” барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, Л.А******д гэрчилгээ олгосон байна.

3. Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э***** нь “Б*******” барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлыг шалгаад холбогдогч “Р*****” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийг зөрчсөн болох нь мэдүүлэг, үзлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1453065 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 352 боодол шилэн хөвөнг устгалд оруулж шийдвэрлэсэн, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч “Р*****” ХХК нь Оюуны өмчийн газарт гомдол гаргасан боловч Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаал хуулийн хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

4. Улмаар Оюуны өмчийн газрын даргын А/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд хандсан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Иймд нэхэмжлэгч “Р*****” ХХК нь Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч “Р*****” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

6.1. “Р******” ХХК нь Оросын Холбооны Улсын Хабаровск хотын “Ха*****” ХК-ийн үйлдвэрлэсэн барилгын дулаалгад ашигладаг “БАЗАЛИТ” нэрийн чулуун хөвөнг Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулах үйл ажиллагааг явуулж ирсэн. Гэтэл “М*****” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.А***** нь өөрийн 2007 онд Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн “дугуй хэлбэртэй дүрсний дор “БАЗАЛИТ” гэсэн бичиглэл бүхий барааны тэмдэгт хамраалтай онцгой эрхийг “Р*****” ХХК-ийг зөрчсөн гэж үзээд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмчийн газарт гомдол гаргасан байдаг.

Улмаар Оюуны өмчийн газрын улсын байцаагч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1802000395 дугаар шийтгэлийн хуудсаар “Р*****” ХХК-ийн 385 ширхэг барааг битүүмжилж, 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. “Р*****” ХХК нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэ маргааныг Улсын дээд шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, “Р****” ХХК нь иргэн Л.А****-ын хосолмол барааны тэмдгийг ашиглаагүй байна гэж дүгнэн улсын байцаагчийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, 46 дугаар тогтоол гаргасан.

            Үүний дараагаар мөн Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э******** “Р******” ХХК-ийг “БАЗАЛИТ” гэх барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглаж зөрчил үйлдсэн хэмээн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1453065 дугаар шийтгэлийн хуудсаар 3,000,000 төгрөгөөр торгож, 352 боодол шилэн хөвөнг устгалд оруулах шийтгэл ногдуулсан.

            “Р******” ХХК нь Ч.Э******* байцаагчийн нээсэн зөрчлийн хэргийн материалтай танилцах, мэдүүлэг өгөх явцад Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр улсын бүртгэлийн 40-0019872 дугаарт бүртгэн, иргэн Л.А*****-д эзэмших онцгой эрхийн гэрчилгээ олгосныг мэдсэн.

            6.2. Оюуны өмчийн газрын дарга нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаараа “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр улсын бүртгэлд бүртгэж, эзэмших онцгой эрхийг иргэн Л.А*****-д олгосноор “Р*****” ХХК-ийг “Базальт” гэх үг орсон бараа, үгийг сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэх эрхгүй болгож, хэрэв хэрэглэвэл Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх эрх зүйн үр дагаврыг үүсгэжээ. Тухайлбал, Оюуны өмчийн газрын даргын энэ шийдвэрийн үр дагавраар дээр дурдсан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э***** 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1453065 дугаартай шийдвэрээр “Р******” ХХК-д шийтгэл оногдуулсан нь тодорхой байна. “Р*****” ХХК нь улсын байцаагч Ч.Э*****-ын дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар Оюуны өмчийн газарт хандсан боловч “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн тус газрын даргын А/72 дугаар шийдвэр хүчинтэй байгаа гэх агуулгаар “Р*****” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байдаг.

            Иймд “Р*****” ХХК нь Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бусад тооцуулахаар Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан. Тус газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Р*****” ХХК-ийн гомдлыг хянан хэлэлцээд 05 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Үүний дараа “Р*******” ХХК нь Оюуны өмчийн газрын даргад өөрт нь хандаж “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэхээр гаргасан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаа эргэн харж, холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргасан. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэгэнт шийдвэрлэж, тогтоол гаргасан гэх агуулгаар Оюуны өмчийн газрын даргаас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1/289 дүгээр албан бичгээр хариу өгсөн болно.

6.3. Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр улсын бүртгэлд бүртгэж, иргэн Л.А*****д эзэмшүүлэх онцгой эрх олгосон нь “Р******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээр дурдсанаар зөрчиж, цаашид “Р*****” ХХК нь Оросын Холбооны Улсын Хабаровск хотын “Ха*******” ХК-ийн үйлдвэрлэсэн барилгын дулаалгад ашигладаг “БАЗАЛИТ” нэрээр ашиглагдсан чулуун хөвөнг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, түүнийг ашиглах зэрэг эрх зөрчигдөж, хэрэв энэ үйл ажиллагааг явуулбал Оюуны өмчийн газраас шийтгэл оногдуулах, цаашлаад гэмт хэрэгт холбогдуулан шалгах эрх зүйн үр дагаврыг үүсгээд байна.

7. Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаартай тушаалаар “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг дараах үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна.

7.1. “БАЗАЛИТ” нэр бүхий бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан Оросын Холбооны Улсын “Технониколь” ХК нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “TN ТЕХНОНИКОЛЬ БАЗАЛИТ” гэх тэмдгийг Монгол Улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлж, уг тэмдгийг өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр ашиглаж эхэлсэн. Оюуны өмчийн газрын цахим сайтад байгаа мэдээллээс энэхүү барааны тэмдгийн бүрэлдэхүүнд орж буй “БАЗАЛИТ” үгийг оюуны өмчийн хамгаалалтгүй байхаар дурдсан. Өөрөөр хэлбэл “БАЗАЛИТ” гэх үг нь өөрөө ямар нэгэн эрхийн хамгаалалтгүй, нийтээр хэрэглэх буюу уг үгийг оюуны өмчөөр хамгаалж, улсын бүртгэлд бүртгэхгүй талаараа Оюуны өмчийн газрын цахим сайтад байршуулсан байдаг. Иймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээд “БАЗАЛИТ” гэх үгийг өөрийн бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр ашиглахыг хориглоогүй байхад Оюуны өмчийн газрын дарга нь “БАЗАЛИТ” гэх үгийг эрхийн хамгаалалттай болгож, улсын бүртгэлд бүртгэсэн нь буруу юм.

Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар иргэн Л.А*****-д “БАЗАЛИТ” гэх үгэнд эрхийн хамгаалалт буюу барааны тэмдгийг зөвхөн нэг субъект ашиглах боломж олгож байгаа атлаа Оюуны өмчийн газар нь “Т******” ХК-ийн барааны тэмдгийн бүртгэл хийхдээ “БАЗАЛИТ” гэх үгэнд хамгаалалт байхгүйг буюу барааны тэмдгийг бүх этгээд ашиглах боломжтойг дурдсан нь “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэж, зөвхөн нэг субъектэд эрх олгох боломжгүйг харуулж байна.

7.2. Оюуны өмчийн газрын дарга А/72 дугаар тушаалаараа “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэж, иргэн Л.А*****д эзэмших онцгой эрх олгож шийдвэрлэсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.3, 13.2.7-д заасныг, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасантай нийцээгүй.

Оюуны өмчийн газрын даргын шийдвэрээр “БАЗАЛЬТ” гэх үгийг улсын бүртгэлд бүртгэж, нэг иргэнд эзэмших онцгой эрх олгосноороо түүнийг буюу “БАЗАЛЬТ” гэх үг орсон бараа, ажил үйлчилгээг аливаа хүн, хуулийн этгээд эрхлэх эрхгүй болгосноороо уг захиргааны акт бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх буюу биелүүлэх боломжгүй, Оюуны өмчийн газрын даргын шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн дүрэмд заасан болон хуулиар хориглоогүй аливаа аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхэд халдсан гэж үзэж байна.

8. Иймд Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалын “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргав гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаартай тушаалын “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн энэхүү тушаал нь захиргааны акт буюу эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаа ба энэхүү үйл ажиллагаа нь Оюуны өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1-д заасны дагуу аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн мэдүүлэг хүлээн авах, хянах, хайлт, мөн чанарын шүүлт хийх, эцэст нь бүртгэх гэсэн үе шатаас бүрдэнэ. Иймд “Б*******” барааны тэмдгийн бүртгэл хийгдсэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх “Б*******” барааны тэмдгийн мэдүүлэг хүлээн авсан, мэдүүлгийн бүрдлийг хянасан үе шат, цаашилбал “Б*******” үгийн хайлт, мөн чанарын шүүлт хийж дүгнэлт гаргасан үе шатыг нарийвчлан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудаст хавсаргасан барааны тэмдгийн мэдүүлгийг авч үзэхэд “М******” ХК-ийн захирал Л.А**** “Б*******” үгийг дангаар барааны тэмдгээр бүртгэх мэдүүлгийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасныг Оюуны өмчийн газар хүлээн авч, шүүлт хийх ажиллагааг эхлүүлсэн байна. Үүнээс өмнө буюу 2007 онд Л.А**** нь өөрийн нэр дээр “Б*******”  дугуй дүрс бүхий хосолмол барааны тэмдгийг бүртгүүлж, уг хосолмол барааны тэмдгийн хувьд оюуны өмчийн онцгой эрхтэй болсон. Хоёрдугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудаснаас үзэхэд, Оюуны өмчийн газрын дарга Л.А****-ын нэр дээр зөвхөн нэг төрлийн дулаан тусгаарлагч бүтээгдэхүүнд “Б*******” үгнээс гадна нийт 9 нэршлийг бүртгэсэн. Үүнд: Basaltwool, Basaltwool ба дугуй дурс. Термобазальт, Эрдэс чулуун хөвөн ба дугуй дүрс, Б******* ба дугуй дүрс, Базальт ба дугуй дүрс, Rockwool, Basalt ба дугуй дүрс, Basalit ба дугуй дүрс гэх мэт барааны тэмдгүүд байна. Эдгээр нэршлийг бусад этгээд өөрийн барааны сав баглаа боодол дээр ашигласан тохиолдолд иргэн Л.А***** тэдэнд холбогдуулж, Оюуны өмчийн газар, Гаалийн ерөнхий газарт гомдол гаргаж, улмаар эдгээр төрийн байгууллагуудын гараар өрсөлдөгч нарыг зах зээлээс шахан гаргаж байсан жишээ нь цахим эх сурвалжуудад бий.

Харин “Р******” ХХК-ийн хувьд Оросын Холбооны Улсын “Т****” ХК-ийн үйлдвэрлэж буй “Б*******” нэршил бүхий барилгын дулаан тусгаарлагч бүтээгдэхүүнийг 2018 оны эхэн үеэс импортлон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулж эхэлсэн бөгөөд маргаан бүхий тушаал гарах өдөр хүртэл нэг жил хагасын хугацаанд эцсийн хэрэглэгч нарт Оросын Холбооны Улсын уг чанартай бүтээгдэхүүнийг таниулж, хууль ёсны худалдааг эрхэлж байсан. Хэрэглэгч нар “Б*******” дангаар бичиглэл бүхий бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсаас гаралтай, онцгой дэвшилтэт технологиор хийгдсэн, урт хугацааны туршид дулаанаа хадгалдаг, сайн чанартай бараа гэж үнэлдэг болсон. Ийнхүү “Р******” ХХК нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй” гэж заасны дагуу “Б*******” барааны тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг импортлон худалдаалах үйл ажиллагаа эрхэлж, улмаар “Р******” ХХК барилгын дулаан тусгаарлагч бүтээгдэхүүний зах зээлд гарч ирэх нөхцөл байдал бий болсон. Үүнээс гадна, “Р******” ХХК нь “Б*******” барааны тэмдгийг маргаан бүхий тушаал гарахаас өмнө шударгаар ашиглаж байсан тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар цаашид уг барааны тэмдгийг ашиглах эрхтэй байна.

Гэтэл Оюуны өмчийн газраас “М*****” ХК-д давуу байдал олгох, “Р******” ХХК-ийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулж, зах зээлээс шахан гаргах зорилгоор дараах хууль бус үйл ажиллагаа явуулжээ. “М*****” ХК нь “Б*******” дугуй дүрс бүхий хосолмол барааны тэмдэгтэй холбоотой онцгой эрхийг эзэмшиж байгаа гэсэн үндэслэлээр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Оюуны өмчийн газарт “Р******” ХХК-д холбогдуулан гомдол гаргасан. Оюуны өмчийн газар нь энэ хоёр барааны тэмдгийн ялгааг мэдсээр байж, мөн “Р******” ХХК-ийг “Б*******” дугуй дурс бүхий хосолмол барааны тэмдгийг ашиглаагүйг, түүнчлэн “Р******” ХХК-ийн ашиглаж буй “Б*******” дан барааны тэмдэг шүүлтийн шатанд явж байгааг мэдсээр байж уг гомдлын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Р******” ХХК-ийн барааг битүүмжилж, 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан шийтгэлийн хуудас гаргасныг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар энэ маргааныг Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж “Р******” ХХК-ийг уг “Б*******” дугуй дүрс бүхий хосолмол барааны тэмдгийг ашиглаагүй гэж дүгнэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эхэлж, 2020 оны хавар Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаар дуусгавар болсон бол “Б*******” барааны тэмдгийн мэдүүлгийн шүүлт мөн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эхэлж, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарснаар дууссан.

Оюуны өмчийн газар нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу “Б*******” үгийн шүүлт хийхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байтал “Б*******” барааны тэмдгийг ашиглаж буй “Р******” ХХК-д уг хийгдэх гэж буй бүртгэлийн талаар огт мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “ил тод нээлттэй байх” зарчмыг зөрчсөн. Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасны дагуу шүүлт гэж тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах үйл ажиллагааг ойлгоно. Тус хуулийн 5 дугаар зүйлд нийт 17 шалгуур байх бөгөөд шалгуур тус бүрээр хайлт, шүүлт хийх ажиллагааг аж үйлдвэрийн өмчийн эрхээр мэргэшсэн шинжээч шүүлт хийх тусгайлсан журмын дагуу барааны тэмдгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор хийнэ гэж заасан. Гэтэл нэгдүгээр хавтаст хэргийн 103 дахь хуудаст хавсаргасан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч Л.Г****-ийн дүгнэлтэд 9 сарын туршид хийсэн хайлт, шүүлт хийсэн тухай мэдээлэл, шинжилгээ, 5 дугаар зүйлийн шалгуур бүрийг хэрхэн хангасан талаар дүгнэлтүүд огт тусгагдаагүй тул шинжээчийн дүгнэлт хийсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шинжээч гаргуулахаар заасан боловч шинжээч Л.Гэ****-ийн дүгнэлт нь шаардлага хангахгүй байгаа тул түүнийг үндэслэн гарсан А/72 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн юм.

Хууль, журамд заасны дагуу дүгнэлт хийгдээгүй тул шинжээч Л.Г**** 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Б*******” үгийн хувьд нөхөж тайлбар гаргасан бөгөөд үүнд (2 дахь хавтаст хэргийн 237 дугаар хуудас) бүртгэлийг зөвтгөхийн тулд дараах үндэслэл гаргасан. Тодруулбал, тэрээр тайлбартаа шүүлтийг IPAS, WIPO, GDB-ийн санд бараа, үйлчилгээний Ниццийн ангиллын 17 (тусгаарлах материал), 19 (барилгын материал), 35 (бизнесийн үйл ажиллагаа) ангиллуудад хийхэд өмнө бүртгэгдсэн буюу 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхдагч огноотой “Б*******” (Дүрстэй) болон “Базальт” (Дүрстэй) гэсэн барааны тэмдгүүд иргэн Л.А*****-ын нэр дээр эрхийн хамгаалалт хийгдсэн байсан ба өөр кирилл болон латин үсгээр бичигдсэн ижил болон төсөөтэй барааны тэмдэг бүртгэгдээгүй учир бүртгэгдэх боломжтой гэж үзсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгахгүйгээр “бүртгэгдээгүй бол бүртгэгдэх боломжтой” гэх логикоор сэтгэж, өнгөцхөн дүгнэлт гаргасан. Шинжээч “.... уг үгэн тэмдгийг ... 5.1.2-ийн бараа үйлчилгээг тодорхойлсон нэр мөн эсэхэд шүүлтийг Google цахим хуудас, орос монгол толь, монгол хэлний тайлбар толиудыг ашиглан хийсэн” гэж тайлбарладаг боловч үндэслэл болгосон 1967 оны Орос монгол толь, 1970 оны Орос монгол нэр томьёоны толь, 1981 оны Словарь русского языка, 1983 оны Монгол үсгийн дүрмийн толь бичгүүд бүгдээрээ 1990 оноос өмнө хэвлэгдэн гарсан тул уг тайлбар захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг зөрчиж байна.

Учир нь “Б*******” үгийн хэрэглээний хувьд Оросын холбооны улсын Оюуны өмч, патент ба барааны тэмдгийг хариуцаж буй Холбооны албаны (https://www.fips.ru/) сайтаас гаргаж авсан баримтын (1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас) дагуу “Ха******” ХК нь “Б******* ДВ” гэх барааны тэмдгийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг 2004 онд гаргасан, 2006 онд бүртгэсэн, мөн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг 2024 он хүртэл сунгасан, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Б******* ДВ” бичиглэл бүхий барааны тэмдэг хамаарах онцгой эрх нь “Т*****” ХК-д шилжсэн нь нотлогддог.

Иймд “Б*******” үгийг Оросын Холбооны Улсад бараа тодорхойлсон нэрээр буюу оноосон эсхүл ерийн нэрийн үүргээр 2004 оноос хойш буюу “Б******* ДВ” гэх барааны тэмдгийн мэдүүлэг гаргасан үеэс хэрэглэгддэг болсон тул 1990 оноос өмнөх толь бичгүүдэд “Б*******” үг дурдаагүй нь аргагүй гэж үзэж байна.

“Б*******” үг нь бүтээгдэхүүнийг тодорхойлсон нэрээр хэрэглэгдэж байгааг 1 дүгээр хавтаст хэргийн 18 хуудсанд хавсаргасан Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/187 дугаартай албан бичиг нотолдог. Үүнд “Б*******” гэдэг нь Оросын Холбооны Улсын “Т******” компанийн “базальт” чулууг түүхий эд болгон ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний оноосон нэр юм гэж тогтоосон. Монголын орчуулагчдын эвлэлийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/34 албан тоотоор (2 дугаар хавтаст хэргийн 207 хуудас) “Б*******” нэрийг оноосон нэр гэж мөн адил тодорхойлсон. Оноосон нэр гэдэг бол олон юмны дотроос аль нэгийг нь онцлон ялгахын тулд нэг зүйлд оногдуулан өгсөн нэгж ухагдахууныг заах нэр юм гэж Хэл зохиолын хүрээлэнгээс ирүүлсэн албан бичгээр тодорхойлжээ. “Б*******” бүтээгдэхүүн нь бага нягттай, уян хатан, олон жилийн туршид дулааныг хадгалах чадвартай, байгаль орчинд харшилгүй, шатамхай бус гэх мэт өөрийн онцлог шинж чанараараа керамзит, модон үртэс, изоспан гэх мэт бусад барилгын дулаан, чийгийн тусгаарлагч материалаас ялгагдах бөгөөд эдгээр барилгын дулаан тусгаарлагч материалын нэгж ухагдахуунд оноосон нэр байна. Түүнчлэн “Р******” ХХК нь “Б******* Венти”, “Б******* Л-30”, “Б******* Л-50”, “Б******* Л-75” гэх мэт бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдан борлуулж байгаа бол “М*****” ХК нь “Б******* Flex” гэх бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Эдгээр бүтээгдэхүүн бүгдээрээ чулуун сэмэрдэслэг бүтэцтэй хэдий ч нэг нэгнээсээ нягт, дулаан, чийг, дуу чимээ дамжуулах чанар, уян зөөлөн байдал, зориулалтаар ялгагдана. Жишээлбэл, “Т*****” компанийн “Б******* Венти” бүтээгдэхүүн нь барилгын гадна фасадын хананд хэрэглэдэг бол “М*****” компанийн “Б******* Flex” гэх бүтээгдэхүүн нь цахим эх сурвалжаас үзэхэд орон сууцны өрөө ба давхар хоорондын дуу чимээ тусгаарлах зориулалттай. Ийнхүү чулуун сэмэрдэслэг бүтээгдэхүүний төрөл нь дотроо нэр төрөл олшрохыг дагаад олон янзаар нэрлэх болсноор тухайн үг нь оноосон нэрийн үүргээ хэсэгчлэн алдаж, улмаар чулуун сэмэрдэслэг бүхий дулаан тусгаарлагч бүтээгдэхүүнийг тодорхойлсон ердийн нэрийн үүргээр хэрэглэх нь олширч байна.

Оноосон нэр нь ердийн нэрийн үүргийг гүйцэтгэдэг тохиолдлыг деонимизаци гэж нэрлэх бөгөөд энэ нь хэлний түгээмэл үзэгдлийн нэг болдог байна гэж Хэл зохиолын хүрээлэнгийн албан бичигт заасан байна. Гэтэл шинжээч өөрийн тайлбартаа мэдүүлсэн барааны тэмдэг нь чулуу, байгалийн баялагтай холбоотой ангилалд эрхийн хамгаалалт хийлгэх хүсэлт гаргаагүй учир хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-ийн дагуу бараа үйлчилгээгээ заасан байна гэж үзэх үндэслэл болоогүй гэсэн логикийн хувьд ойлгомжгүй, мэргэжлийн бус дүгнэлт гаргасан. Барааны тэмдгийн шинжээч “Б*******” үгэнд шүүлт хийхдээ “Google” хуудас ашигласан гэж тайлбар тавьж байгаа атлаа орос хэл дээрх цахим эх сурвалжуудыг судлаагүй орхисон байна. Хэргийн материалд “Б*******” нь талх, сүү мэт бүтээгдэхүүний адил барааны ердийн нэрээр хэрэглэгдэж байгаа талаар хэд хэдэн баримтыг хавсаргасан байгаа. Жишээлбэл, (2 дугаар хавтаст хэргийн 117, 119 хуудас) барилгын материалын каталог агуулсан сайтад “б*******” гэж эрдэс хөвөн болон базальт чулууны сэмэрдэс агуулж буй сэмэрдэслэг материалыг” хэлнэ. “Б*******”-ыг дулаан тусгаарлах зорилгоор каркасан барилга, хана дээвэр, тагт, ус дулааны түгээх хоолой гэх мэт зүйлд ашиглана” гэх мэтээр эрдэс хөвөнгийн суурьтай дулааны тусгаарлагч бүтээгдэхүүнийг тодорхойлж байна. Түүнчлэн “Б*******” нэр бүхий бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсад төдийгүй Монгол Улсад маш сайн чанарын бүтээгдэхүүн гэж танин мэддэг болсон тул сайн чанарын барилгын дулааны тусгаарлагч бүтээгдэхүүн гэдгээр иргэд ойлгох болсон нь дээр дурдсан Улсын Дээд шүүхийн 46 дугаар тогтоолоор (1 дүгээр хавтаст хэргийн 29 хуудас) давхар нотлогддог. Тодруулбал, тус тогтоолын 18 дугаар хэсэгт “Б*******” үгэн тэмдгийн хувьд дараах байдлаар дүгнэсэн: “Барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх “ялгагдах чадвартай илэрхийлэл”-ийг ойлгохоор хуульд заасан, өөрөөр хэлбэл, ноос, ноолуур, зөгийн бал, сүү гэх мэтээр бараа бүтээгдэхүүний өөрийн бусдаас ялгагдах нэр нь барааны тэмдэг биш” гэжээ.

Ийнхүү Улсын дээд шүүхээс “Б*******” үг ердийн нэрийн үүргээр хэрэглэгдэж байгааг онцолж, “Б*******” гэх үгэн тэмдэг “ялгагдах чадвартай илэрхийлэл” байж чадахгүй тул барааны тэмдэг биш гэж дүгнэсэн. Иймд “Б*******” үг нь оноосон нэр эсхүл ердийн нэрийн үүрэг гүйцэтгэж, тухайн эрдэс хөвөнгийн суурьтай дулааны тусгаарлагч бүтээгдэхүүнийг тодорхойлдог тул “Б*******” барааны тэмдгийн бүртгэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг зөрчиж байна. Түүнчлэн Барааны тэмдгийн шинжээч “Б*******” үгэн тэмдгийн шүүлт хийхдээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д заасантай нийцэж байгаа эсэхийг шалгаагүй орхигдуулсан. “Р******” ХХК “Б*******” нэртэй бүтээгдэхүүнийг 2018 оны эхэн үеэс эхлэн их хэмжээний зардлыг сурталчилгаанд гарган эцсийн хэрэглэгч нарт уг чанартай бүтээгдэхүүнийг таниулж чадсан бол “Монгол базальт” ХК-ийн үйлдвэрлэж буй эрдэс хөвөнгийн суурьтай “Basaltwool” бүтээгдэхүүн нь ус болон чийг даах чадваргүй, барилгын фасадад хэрэглэхээр нэг хоёр жилийн дараа ус чийгт муудаж, дахин дулаалах хэрэг гардаг гэж хэрэглэгч нар гомдол гаргадаг.

Энэхүү маргаан бүхий бүртгэл хэрэгжсэнээр “Р******” ХХК нь “Б*******” нэршил бүхий бүтээгдэхүүн борлуулах эрхгүй болж, хохирол амсахын зэрэгцээ эцсийн хэрэглэгч “Б*******” барааны тэмдгийн нэрээр Оросын Холбооны Улсын өндөр технологиор хийгдсэн бүтээгдэхүүний оронд “Б*******” гэх барааны тэмдэгтэй “М*********” компанийн чанаргүй бүтээгдэхүүнийг худалдан авч, улмаар төөрөгдөлд орох нь илэрхий байна. Энэхүү бүртгэл хийгдсэнээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” нөхцөл байдал үүсэх сөрөг үр дагавартай. Оюуны өмчийн газраас “Б*******” үгийг барааны тэмдгээр бүртгүүлснээр иргэн Л.А***-д “Р******” ХХК-ийн хууль ёсны худалдааг таслан зогсох эрхийг олгож, улмаар нэхэмжлэгч компанийг зах зээлээс шахан гаргах үйл ажиллагаа явуулж байгаа нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/2063 дугаартай албан бичгээр нотлогддог (1 дүгээр хавтас хэргийн 19 хуудас). Тус бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Оюуны өмчийн газрыг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.3, 13.2.7-д зөрчсөн гэж дүгнэж, зөрчил арилгуулахыг шаардсан боловч Оюуны өмчийн газраас энэхүү шаардлагыг огт тоогоогүй. Үүнээс гадна, Оюуны өмчийн газрын А/76 дугаар тушаал нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 10 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт “Холбооны гишүүн орнууд холбоонд оролцогч орны харьяатыг шударга бус өрсөлдөөний эсрэг үр нөлөөтэй хамгаалалтаар хангана” гэж, мөн зүйлийн (2) дахь хэсэгт “Үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаанд үнэнч заншилд харш өрсөлдөөний аливаа үйлдлийг шударга бус өрсөлдөөнд тооцно” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж байна. Түрүүн дурдсан Оросын Холбооны Улсын Оюуны өмч, патент ба барааны тэмдгийг хариуцаж буй Холбооны албаны сайтаас гаргасан баримтын дагуу тус “Б******* ДВ” гэх барааны тэмдгийн бүрэлдэхүүн хэсэг болох “Б*******” гэх үгэнд хамгаалалт олгохгүй гэж тусгайлан зохицуулжээ. Оросын Холбооны Улсын Иргэний хуулийн 1483 дугаар зүйлд ямар барааны тэмдгийг хамгаалалтад авдаггүй, бүртгүүлэхээс татгалзах үндэслэлийг заасан байдаг. Энэхүү зохицуулалт нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасан зүйл нь тухайн барааны тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхээргүй бол тухайн үг, дүрсийг хамгаалалтад авахгүйгээр барааны тэмдгийг бүртгэж болно” гэж заасантай бүрэн нийцэж байна. Өөрөөр хэлбэл, Оросын Холбооны Улсад “Б*******” үг нь ялгагдах чадваргүй илэрхийллийн хувьд барааны тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхгүй тохиолдолд түүнийг барааны тэмдгийн бүтцэд өөр үг, дүрстэй хамт буюу зөвхөн хосолмол хэлбэрээр бүртгэж болдог. Жишээлбэл, “Б******* ДВ”, “Б*******” (дугуй дүрстэй) гэх мэт. Харин “Б*******” үгийг дангаар бүртгэвэл тус үгэн тэмдэг нь барааны тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэх тул тус үгийг барааны тэмдгээр бүртгүүлэхээс татгалзахаар зохицуулсан байна. Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтад аваагүй гэдэг нь Оросын Холбооны Улсад “Б*******” барааны тэмдгийн хувьд барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг эдлүүлэхийг хязгаарласан зохицуулалт юм.

Энэ нь “Б*******” гэх үгэн тэмдгийг хэн нэгний оюуны өмчийн онцгой эрхэд хамааралтай байхаар бүртгэдэггүй, харин “Б*******” нэршлийг дангаар аливаа хувь хүн, хуулийн этгээд өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр ашиглах эрхтэй байхаар зохицуулсан байна. Монгол Улс Оросын Холбооны Улсын адил Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын гишүүн орон тул Монгол Улс тус конвенцын заалтыг мөрдөх үүрэгтэй. Тус конвенцын 2 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт “Холбооны аливаа гишүүн орны харьяат аж үйлдвэрийн өмчийн эрхийн хувьд энэхүү конвенцоор тусгайлан олгосон эрхийг хөндөхгүйгээр холбооны бусад бүх орны хуулиар өөрийн харьяатад олгодог эрх эдэлж, адил эрхийн хамгаалалттай байх” гэх үндэсний горим тогтоохоор зохицуулсан. Түүнчлэн Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 3 дугаар зүйлд “Гишүүн бүр оюуны өмчийн хамгаалалтын хувьд өөрийн харьяатад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөлийг бусад гишүүний харьяатад олгоно” гэж заасан. Үүний дагуу Оросын Холбооны Улсад Монгол Улсын аливаа хуулийн этгээд нь тус улс орны харьяатын адил “Б*******” барааны тэмдгийг ашиглах эрх эдэлж байгаа бол эсрэгээрээ Монгол Улсад гадаад хуулийн этгээд нь дотоод хуулийн этгээдийн адил эрх эдлэх ёстой.

Гэтэл Оюуны өмчийн газраас “Б*******” үгийг барааны тэмдгээр бүртгэснээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг зөрчиж байна. Дээрх нөхцөл байдал, зөрчигдсөн хууль тогтоомжийг харгалзан үзэхэд “Р******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүйг нотолж байна” гэв.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Хариуцагчийн тайлбарласнаар “Б******* “нэрийнхээ урьд эсвэл хойно ямар нэгэн онцгой шинж тэмдэг бүхий тэмдэглэгээг тэмдэглээд импортоор оруулж ирэх нь зөрчил биш гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “Б******* феликс” гэдэг бараа оруулж ирэхэд захиргааны байгууллага зөрчил гэж үзсэн. Бодит нөхцөл байдал дээр “Б*******” гэдэг нэр орсон бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирсэн нь өөрөө гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөд байна гэж үзээд байгаа.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан ялгагдах шинж тэмдэг гэдэг зүйл байх ёстой гэж хариуцагч дурдаж байна. Тиймээс бусад бараа бүтээгдэхүүн гэдэг дээр хэрхэн ялгарч байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сая бидний хэлэлцсэнээр “Б*******” нэрийн хойно эсвэл урьд ямар нэг тэмдэг тавихад болохоор байна. “Б*******” нэрийг ашигладаг олон аж ахуйн нэгж бий. Иргэн Л.А***** 9 нэр төрлийн хосолмол барааны тэмдэг бүртгүүлсэн. Тэгсэн “Б*******” гэдэг нэрийг дангаар нь бүртгэсэн нь бусад этгээдийн онцгой эрхэд сөргөөр нөлөөлж байна. Хэрэгт авагдсан баримтаар шинжээчийн дүгнэлт тодорхой үндэслэлтэй гарах ёстой. Гэтэл ямар үндэслэлээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 болон 8 дугаар зүйл заалтыг хангаж байгааг тайлбарлаагүй байна. Маргаж буй захиргааны бүхий актыг гаргахад гол үндэслэл болсон баримт нь хуулийн шаардлага хангасан эсэхийг шүүх анхаарч үзнэ үү.

Мөн Захиргааны ерөнхий хуульд хэрхэн нийцэж байгааг талууд тайлбарлаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэсэн байна. Энэ бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримт болон хуулийн хэрэгжих байдлаас хамаарч мэдэх боломжтой. Тэрнээс бус бүртгэгдсэн байдал болоод хууль тогтоомжид заасан эрхийнхээ дагуу бүртгүүлсэн учраас хэрэгжих боломжтой гэж дүгнэх боломжгүй. Түрүүн хэлсэнчлэн иргэн Л.А*****-ын хувьд энэ бүхэн нийцэж байна. Харин олон нийт, хэрэглэгч болон шударгаар өрсөлдөж байгаа байгууллагуудын хувьд бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь төрийн байгууллагад хяналт шалгалт хийнэ гэж бодож байна. Хувь иргэн, аж ахуйн нэгжид ч хяналт шалгалт хийнэ гэж бодож байна. Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс Оюуны өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бусад аж ахуйн нэгжийн шударгаар өрсөлдөх боломжийг хаасан, хязгаарласан шийдвэр байна. Үүнийгээ засаж янзлаач гэсэн агуулга бүхий л асуудал юм. Тэрнээс биш гуравдагч этгээдийн барааны тэмдгийг шууд хүчингүй болгох гэсэн агуулгатай шийдвэр гэхээсээ илүү Төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах ёстой. Оюуны өмчийн газар хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох ёстой. Үүнийхээ дагуу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 болон 8 дугаар зүйлд заасан заалтыг харгалзан үзнэ үү.

Бидний зүгээс Оюуны өмчийн газрын бүртгэл хийх эрх үүрэгтэй маргаагүй. Гол нь зарим ажиллагааг дутуу хийсэн, хуулийн заалтыг орхигдуулсан байна гэж үзэж байгаа юм. Нотлох баримт шинжлэн судлах явцад “Техниколь Б*******” гэдэг уул шиг тэмдэгтэй байхад үүнээс “Б*******” гэдэг үгийг авчихаар хууль тогтоомжид нийцэхгүй байна. Үр дагаврын хувьд Оюуны өмчийн газраас байцаагч нар ирээд зөрчил үйлдсэн байна гэнэ. Магадгүй “Б*******” гэдэг нэрийн бүтээгдэхүүн оруулж ирсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хуурамч гэх үндэслэлүүд байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлүүд байгаа юм. Энэ акт илт хууль бус болсноор иргэн Л.А******-ын эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзэж байна” гэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г***** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Барааны тэмдгийн улсын бүртгэлийн 19872 дугаарт бүртгэлтэй, бараа үйлчилгээний ниццийн 17 (Резин, каучик, тусгаарлах материал, металл бус уян хоолой, энэ ангилалд багтах бүх бараа), 19 (Барилгын материал (төмөр бус), барилгын металл бус хатуу хоолой, металл бус зөөврийн байшин, энэ ангилалд багтах бүх бараа), 35 (Зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаа, энэ ангилалд багтах бүх үйлчилгээ) ангиллуудад, иргэн Л.Ариунболдын нэр дээр бүртгэгдсэн “БАЗАЛИТ” үгэн барааны тэмдгийг бүртгэх тухай шийдвэрийг илт хууль бусад тооцуулах тухай “Р******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн заалтаар илт хууль бус гэж үзэх үндэслэлээ дурдаагүй, барааны тэмдгийг бүртгэх шийдвэр нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн аль заалтыг зөрчин бүртгэсэн болон ямар иргэн хуулийн этгээдийн ямар ашиг сонирхолд халдсан тайлбар байхгүй байна. Харин ч барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, бүртгэх харилцааг зохицуулдаг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон холбогдох олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу дээрх барааны тэмдгийг бүртгэсэн.

Барааны тэмдгийн улсын бүртгэлийн 19872 дугаарт бүртгэлтэй “БАЗАЛИТ” гэсэн үгэн барааны тэмдгийн мэдүүлэгт “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн дагуу энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрх мэдүүлэгт хамаарах шаардлагуудыг хангасан эсэхийг тогтоох шүүлтийг хийхдээ IPAS, WIPO GBD-ийн санд үгэн тэмдгээр хайлт хийсэн ба хайлтыг анхдагч огноо болох 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө бүртгэгдсэн болон мэдүүлсэн барааны тэмдгийн санд мэдүүлсэн бараа, үйлчилгээний ниццийн ангиллын 17 (Резин, каучук, тусгаарлах материал, металл бус уян хоолой, энэ ангилалд багтах бүх бараа), 19 (Барилгын материал (төмөр бус), барилгын металл бус хатуу хоолой, металл бус зөөврийн байшин, энэ ангилалд багтах бүх бараа), 35 (Зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаа, энэ ангилалд багтах бүх үйлчилгээ) ангиллуудад хийхэд өмнө бүртгэгдсэн буюу 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн анхдагч огноотой БАЗАЛИТ (дүрстэй) болон БАЗАЛЬТ (дүрстэй) гэсэн барааны тэмдгүүд иргэн Л.Ариунболдын нэр дээр эрхийн хамгаалалт хийгдсэн байсан ба өөр кирилл үсгээр болон латин үсгээр бичигдсэн ижил болон төсөөтэй барааны тэмдэг бүртгэгдээгүй байсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шалгууруудыг хангасан эсэхийн шүүлтийг мэдээллийн цахим хуудас болон орос монгол толь, монгол хэлний тайлбар толиудыг ашиглан хийсэн ба “БАЗАЛИТ” гэсэн үг нь ямар нэг утга агуулсан ялангуяа мэдүүлсэн ангиллуудад хамаарах салбарт хэрэглэгддэг үг хэллэг гэсэн тайлбар байгаагүй нь мөн уг үг нь барилгын материал болон тусгаарлагч материал болон барилгын салбарын үг хэллэг болох мэдээлэл, гадаад үгнээс барилгын тусгаарлагч, материал, хөвөн чулуу гэсэн ямар нэг утгатай үг, мөн гэж орчуулагдана гэсэн мэдээлэл, тайлбар байгаагүй зэрэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан бараа үйлчилгээгээ заасан байна гэж үзэх үндэслэл болоогүй.

Харин “Базальт” гэсэн үг хэллэг илэрсэн, бөгөөд энэ нь хайлмал эхлэхэд нөмрөгийн чулуулаг хийдэг лавын төрөл чулуу гэсэн мэдээлэл орос, монгол англи хэл дээр байсан нь мөн, мэдүүлсэн барааны тэмдэг нь чулуу, байгалийн баялагтай холбоотой ангилалд эрхийн хамгаалалт хийлгэх хүсэлт гаргаагүй.

Нэхэмжлэгч “Р******” ХХК нь барааны тэмдгийн улсын бүртгэлийн 19872 дугаарт бүртгэгдсэн “БАЗАЛИТ” үгэн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32.3. “Энэ хуулийн 32.1.2, 32.1.3-т заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана” гэж заасны дагуу хүсэлт гарган маргаан шийдвэрлүүлэх комиссоор шийдвэрлүүлсэн. Уг комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5. “Маргаан шийдвэрлэх комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол, хүсэлт гаргагч гомдлоо шүүхэд гаргах эрхтэй” болон Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах байсан ба уг хугацаад ямар нэг гомдол хүсэлт гаргаагүй мөртөө одоо Оюуны өмчийн газрын бүртгэлийг илт хууль бус гэж үзэн гаргаж байгаа нь өөрөө илт хууль бус үйлдэл гэж үзэхээр байна.

Энэхүү маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 5 тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Дээрх шийдвэр болон хэргийн материал нь энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт юм.

Иргэн Л.А***** нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзээд шинжээч барааны тэмдэг мөн гэсэн дүгнэлтийг гаргаад тус хуулийн 8 дугаар зүйлд зааснаар барааны тэмдгийг бүртгэсэн. Энэ бүртгэлийг хийсний дараа 2019 онд “Р******” ХХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.2-т заасныг зөрчсөн бүртгэл хийсэн гэх гомдол гаргасан. Маргаан шийдвэрлэх комисс энэ гомдлыг хүлээж аваад 5.1.2-т заасныг зөрчөөгүй гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. Шинжээчийн дүгнэлт гэж яриад байна. Энэ нь шинжээчийн дүгнэлт биш Маргаан шийдвэрлэх комисст гаргаж өгсөн шинжээчийн тайлбар байгаа юм. Энэ Маргаан таслах зөвлөл шүүхийн зарчмаар хэлэлцдэг. Хариуцагч тал тайлбар гаргаж өгдөг. Яагаад бүртгэсэн дүгнэлтээ бичсэн болохоос биш шинжээчийн дүгнэлт бол биш юм.

Иргэн Л.А******ын бүртгүүлсэн барааны тэмдэг нь эрхийн 17, 19, 35 дугаар ангилалд хамаарах эрхийн хамгаалалт хийгдсэн байгаа. Бүртгэгдсэн бараа үйлчилгээнийхээ хүрээнд үйлчилдэг байгаа. Барааны тэмдгийн улсын бүртгэлийн 19872 дугаарт бүртгэлтэй, бараа үйлчилгээний нийцийн 17 (Резин, каучук, тусгаарлах материал, металл бус уян хоолой, энэ ангилалд багтах бүх бараа.). 19 (Барилгын материал (төмөр бус), барилгын металл бус хатуу хоолой, металл бус зөөврийн байшин, энэ ангилалд багтах бүх бараа.), 35 (Зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаа, энэ ангилалд багтах бүх үйлчилгээ.) ангиллуудад, иргэн Л.А*****-ын эрхийн хамгаалалт хийлгэсэн.

Шинжээч дүгнэлт гаргахдаа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 5.2.7-д заасны дагуу Монгол Улсын барааны тэмдгийн хайлтын сайтад бүртгэгдсэн сангаас хайхад Монгол Улсад “Б*******” гэдэг үг Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй. Бүртгэгдсэн байгаа нь хосолмол тэмдэглэгээгээр иргэн Л.А*****-ын нэр дээр бүртгэгдсэн байсан. Өмнө нь Монгол Улсад бүртгэгдээгүй байна гэж үзээд иргэн Л.А*****-ын нэр дээр бүртгэсэн байгаа. Энэ нь 5.1.1, 5.1.2 дахь заалтуудыг зөрчөөгүй байна. Шинжээч 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шалгууруудыг хангасан эсэхийн шүүлтийг мэдээллийн цахим хуудас болон орос монгол толь, монгол хэлний тайлбар толиудыг, мөн Монгол үгийн тайлбар сан гэх цахим санг ашиглан хайлт хийхэд Базальт гэдэг үг гарч ирсэн. Б******* гэдэг үг байгаагүй. "Базальт" гэсэн үг нь хайлмал эхлэхэд нөмрөгийн чулуулаг хийдэг лавын төрөл чулуу гэсэн мэдээлэл орос, монгол англи хэл дээр байсан. "Б*******" гэсэн үг нь ямар нэг утга агуулсан ялангуяа мэдүүлсэн ангиллуудад хамаарах салбарт хэрэглэгддэг үг хэллэг гэсэн тайлбар байгаагүй. Кириллээр бичигддэг тул орос үг байх боломжтой гэж үзээд цахимаар хайлт хийхэд “Базальт”, “Б*******” гэдэг ойролцоо утгатай үг байна гэж гарч ирсэн. Энэ нь барилгын салбарт өргөн хэрэглэгддэг үг хэллэг биш байсан. Тиймээс уг бүртгэлийг хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна.

Ижил төсөөтэй тэмдгийн хувьд барааны тэмдгийн цахим санд хайлт хийж үзэхэд зөвхөн Монгол Улсад бүртгэгдсэн барааны тэмдгийн систем байна. Монгол Улсад хэрэглэснээр үүсдэг, бүртгүүлснээр үүсдэг гэж байдаг. Дэлхийн ихэнх орнуудад анх нэвтрүүлснээрээ эрх олгогддог. Монгол Улсад хэн түрүүлж бүртгүүлсэн нь давуу эрх олж авдаг. Ашиглалт үүсэх шаардлагагүй байдаг. Хэрэв ашигласнаар үүсдэг гэж байгаа бол олон улсын бүртгэлийг харахад Герман болон Америкийн нэгдсэн улсад “Базальт”, “Б*******” гэдэг нэрийг барилгын материал гэдэг агуулгаар хэрэглэдэг байна” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Барааны тэмдэг нь ялгагдах шинж чанартай, оноосон эсвэл нийлмэл нэр нь бараа үйлчилгээтэйгээ холбоогүй байх ёстой. Барилгын материалыг бетоноор хийгээд бетон гээд оруулаад ирэх юм бол энэ нь бараа үйлчилгээтэй холбоотой нэр бөгөөд хэн нэгэнд давуу эрх олгоод байна гэж үзэж болох юм. “Базальт” гэдэг үгийн хувьд монгол тайлбар толь бичгүүдээс, үзэхэд хүрмэн чулуу гэсэн утгатай байна. Иргэн Л.А***** байгалиас олборлосон хүрмэн чулуун дээр “Базальт” гэдэг эрхийн хамгаалалт хийлгээгүй. “Б*******” гэсэн хийсвэр үгийг энэ барилгын тусгаарлах хөвөн дээр барааны тэмдгээр ашиглана гэж эрхээ бүртгүүлсэн. Монгол Улсад бүртгэгдсэн 100 гаруй мянган барааны тэмдэг байдаг. Үүний 70 гаруй мянга нь дангаараа үгэн тэмдэг байдаг. “Б*******” гэдэг үгийг өөрийн бараанд өгөх гээд байгаа бол түүний ялгагдах шинж чанартай болговол зөрчил үүсгэхгүй, барааны тэмдгээ бүртгүүлж чадна. Нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж тухайн барааг оруулж ирэхдээ барааны тэмдгээ бүртгүүлээгүй” гэв.

13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н***** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Захиргааны актыг илт хууль бус байх эсхүл хууль зөрчсөн байх ойлголтууд ялгаатай. Иймд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэгт тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуульд үндэслээгүй байх, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдсан, гаргах ёсгүй байсан актыг гаргасан, актын зохицуулалтын зүйлийг хэн ч хийж чадахааргүй байх, хууль дээдлэх зарчмыг ноцтой зорчсон байхыг ойлгоно.

Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаал нь хуулиар тусгайлан олгосон эрх, хуульд заасан “үндэслэл”, “журам”, “хэлбэр”-ийн шаардлагыг тус тус хангасан бөгөөд тэдэнд хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд нь багтсан, хууль тогтоомжид заасан үндэслэлтэй, хуульд заасан журам хэлбэрийг баримталсан шийдвэр юм.

Тодруулбал, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаал нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэсэн байх бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Монгол Улсад барааны тэмдэг, газар зүйн заалттай холбогдсон асуудлыг төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 29.1.6-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэж, гэрчилгээ олгох" гэж заасан мөн иргэнээс уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад Монгол хэлээр гаргана” гэж заасны дагуу мэдүүлгээ гаргасан. Эдгээр нь Оюуны өмчийн газрын даргын барааны тэмдгийг бүртгэсэн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон.

Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаал агуулгын хувьд тэдэнд хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд нь багтсан, хууль тогтоомжид заасан үндэслэлтэй, хуульд заасан журам хэлбэрийг баримталсан шийдвэр болохыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан хууль зүйн үндэслэл тус бүрээр тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.7-д заалтыг зөрчсөн үндэслэлийн тухайд,

Өрсөлдөөний тухай хуулийн гуравдугаар бүлэг буюу 14-21 дүгээр зүйлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх зүйн байдлыг хуульчилсан. Тодруулбал, уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэжээ. Уг хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэг, бүрэн эрхийг Оюуны өмчийн газарт хуулиар тусгайлан олгоогүй.

Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэж хуульчилсан. Харин маргаан бүхий захиргааны акт нь барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын асуудал бөгөөд Оюуны өмчийн газар нь уг актыг гаргахдаа Бараа тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны Тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.1.6 болон 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үндэслэлээр “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр улсын бүртгэлд бүртгэж, онцгой эрх олгосон.

Мөн иргэн Л.А***** нь уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, 12.2-д “барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ”, 12.3-д “барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ”, 12.3.1-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх”, 12.3.2-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах”, 12.3.4-д “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” гэсэн онцгой эрхээ хэрэгжүүлэх буюу зөрчлийг таслан зогсоолгох арга хэмжээ авхуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэсэн заалтад хамаарна.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн эсэх тухайд: Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 2 дугаар зүйл “Холбооны гишүүн орны харьяатад зориулсан үндэсний горим” 2.(1) дэх хэсэг “Холбооны гишүүн орны харьяат аж үйлдвэрийн өмчийн эрхийн хувьд энэхүү конвенцоор тусгайлан олгосон эрхийг хөндөхгүйгээр холбооны бусад бүх орны хуулиар өөрийн харьяатад олгодог, эсхүл цаашид олгох давуу эрхийг эдэлнэ. Иймд тэд тухайн орнууд өөрийн харьяатад тавих албан ёсны шаардлага, нөхцөлийг мөрдөж байвал тэдгээрийн адил эрхийн хамгаалалт болон эрхийг зөрчих тохиолдолд тэдний аливаа эрх зүйн адил хамгаалалттай байна” гэж заажээ. Оюуны өмчийн газар нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг зөрчөөгүй бөгөөд маргаан бүхий акт нь хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнд нь багтсан, хууль тогтоомжид заасан үндэслэлтэй, хуульд заасан журам хэлбэрийг баримталсан шийдвэр юм. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага иргэн Л.А*****д ямар нэгэн давуу эрх олгоогүй. Мөн “Р******” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, эсхүл харьяатын адил эдлэх эрхийг хязгаарласан эсхүл хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг нэхэмжлэгч нь гаргаагүй.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасантай нийцээгүй гэх үндэслэлийн тухайд: нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасантай нийцээгүй гэж тодорхойлжээ. Гэтэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйл нь нийт 6 хэсэг, 16 хэсэгтэй, мөн хэсгүүд нь маш олон төрлийн ялгаатай шалгуур шаардлагыг агуулдаг бөгөөд эдгээрийн аль хэсэг, заалт, шаардлагыг зөрчсөн талаарх үндэслэлээ огт дурдаагүй. Харин нэхэмжлэлийн 7 дугаар хэсэгт “...”БАЗАЛИТ” гэх үг нь өөрөө ямар нэгэн эрхийн хамгаалалтгүй, нийтээр хэрэглэх буюу уг үгийг оюуны өмчөөр хамгаалж, улсын бүртгэлд бүртгэхгүй талаараа Оюуны өмчийн газрын цахим сайтад байршуулсан байдаг. “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэж зөвхөн нэг субъектэд эрх олгох боломжгүйг харуулж байна” гэж дурдсанаас үзвэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 5.1.2 дах заалтад нийцээгүй хэмээж буй бололтой.

Л.А*** нь Барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээр (Ницц)-ийн 17, 19, 35 (17-резин, каучук, тусгаарлах материал, металл бус уян хоолой, энэ ангилалд багтах бүх бараа; 19-барилгын материал (төмөр бус), барилгын металл бус хатуу хоолой, металл бус зөөврийн байшин, энэ ангилалд багтах бүх бараа; 35-зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаа, энэ ангилалд багтах бүх үйлчилгээ)-р ангиллын нэр зааж жагсаасан бараа, үйлчилгээнд эрхийн хамгаалалтыг 40-0019872 улсын бүртгэлийн дугаарт “БАЗАЛИТ” барааны тэмдгийг бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэсэн.

Иргэн Л.А*****ын “БАЗАЛИТ” барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 5.1.2-д заасан шаардлагыг хангасан болохыг дараах үндэслэлээр нотолж байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй”, 5.1.1.”үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаар байвал” гэж тодорхойлон хуульчилжээ. 40-0019872 улсын бүртгэлийн дугаартай “БАЗАЛИТ” барааны тэмдэг тус хуулийн 5.1.1-д заасан шаардлагыг хангасан буюу “БАЗАЛИТ” гэсэн үг нь ямарваа график гүйцэтгэл агуулаагүй стандарт шрифтээр бичигдсэн үсэг, тоо биш, ямар нэг зохиомж үүсгээгүй энгийн зураас, геометрийн энгийн дүрс биш, шинжлэх ухаан, техникийн аливаа салбарын тэмдэглэгээ, нэр томьёо биш, мэдүүлж буй барааны тэмдгийг хэрэглэх бараа, үйлчилгээнд хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэрэглэгддэг тэмдэглэгээ, нэр томьёо биш.

Хэрэглээний явцад Ниццийн 17, 19, 35 дугаар ангиллын бараа, үйлчилгээ болон тэдгээртэй нэг төрлийн бараа, үйлчилгээний түгээмэл нэр болсон үг биш. Жишээлбэл, ХБНГУ-ын Bayer компанийн эзэмшлийн бүртгэгдсэн барааны тэмдэг “Aspirin-г АНУ, Канад, ЕХ зэрэг дэлхийн 80 гаруй улсад “өвчин намдаагч, халуун буулгах эм” гэсэн утгаар нийтээр хэрэглэдэг бөгөөд АНУ-ын шүүхээс тус барааны тэмдгийг нийтээр хэрэглэдэг нэр хэмээн албан ёсоор зарласан. Харин “БАЗАЛИТ” хэрэглээний явцад 17, 19, 35 дугаар ангиллын бараа, үйлчилгээний ерөнхий нэршил болоогүй бөгөөд эрх бүхий этгээд шийдвэр гаргаагүй.

“БАЗАЛИТ” үгэн барааны тэмдэг нь “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” биш буюу “б*******” гэсэн үг нь Ниццийн 17, 19, 35 дугаар ангиллын аль нэгэн бараа, үйлчилгээний үндсэн нэр, тэдгээрийн төрөл биш, Ниццийн 17, 19, 35 дугаар ангиллын бараа, үйлчилгээний шинж чанарыг заасан үг, хэллэг биш, Ниццийн 17, 19, 35 дугаар ангиллын аль нэгэн бараа, үйлчилгээнд хамаарах магтаалын шинж чанартай үг хэллэг биш, Ниццийн 17, 19, 35 дугаар ангиллын бараа, үйлчилгээний тоо хэмжээ, жин, багтаамж, чанар, зориулалт, үйлдвэрлэсэн газрын нэр, хаяг, хэрэглэх арга, хугацаа тайлбарласан, илэрхийлсэн үг, хэллэг, нэр томьёо, тодорхойлолт, дүрс биш.

“БАЗАЛИТ” ба олон улсын барааны тэмдгийн бүртгэл: тус үгэн тэмдэг нь үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаар биш болохыг, мөн Ниццийн 17, 19, 35-р ангиллын тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс биш болохыг тогтоож дэлхийн улс орнууд барааны тэмдгээр бүртгэсэн байна. Үүнд: иргэн Л.А******-ын мэдүүлсэн “БАЗАЛИТ” гэх үгэн тэмдгийг БНХАУ нь 1573750 дугаарт барааны тэмдгээр бүртгэж, өмчлөх эрх олгосон, Канад, АНУ, ХБНГУ зэрэг улс орнууд ижил, төсөөтэй тэмдгийг бүртгэж, өмчлөх эрх олгосон байна.

Хэрэглээгээр ялгарч танигдсан брэнд: Л.А***** нь 2000 оноос эрдэс чулуунд суурилсан дулаан хөгжүүлэх Эрдэм шинжилгээ материалын үйлдвэрлэлийн технологи судалгаа, сорил туршилтын ажлууд дээр Орос, Герман, Дани, Япон, Хятад зэрэг улсуудын Технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж туршилтын үйлдвэрлэлийг ажилттай хэрэгжүүлж, Монгол Улсад төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухаанч, үнэ цэнтэй, импортыг орлох үндэсний брэнд бүтээгдэхүүний нэг болсон. Дэлгэрэнгүйг "BAS" цуврал брэнд бүтээгдэхүүний танилцуулгаас харна уу.

Энэхүү чулуулаг боловсруулах өндөр технологийн “Ноу-Хау”-г эзэмшдэг дэлхийн аравхан (10) улсын нэг нь Монгол Улс бөгөөд өөрийн өвөрмөц технологиор ялгардаг. “БАЗАЛИТ” нь утга санаа агуулаагүй зохиомол үг болохын хувьд:

Хэл шинжлэл: аливаа хэл шинжлэлийн шинжлэх ухааны эх сурвалжид “Б*******” гэсэн үг эсхүл нэр томьёо тайлбарласан эх сурвалж олдсонгүй. Харин “б*******” гэсэн нэр үг, үйл үг, тэмдэг нэр зэрэг үг, нэр томьёо аливаа хэлний үгийн санд огт дурдаагүй болохыг дор дурдсан хэл шинжлэлийн шинжлэх ухааны эх сурвалжууд нотолно. The Oxford Dictionary, 1998 7th edition by Maurice Waite, хуудас 46; The World Book Dictionary, 1994 edited by Clarence L.Barnhart, Robert K.Barnhart, Published by World Book, Inc, Боть 1, хуудас 166;

Словарь Русского Языка 1, Академия Наук СССР, Институт Русского Языка Москва 1981, Боть 1, хуудас 55; Орос-Монгол толь, Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв, УБ 1967, БНМАУ- ын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Боть 1, хуудас 28;

Орос-Монгол толь, О Построении Словаря, хуудас 28; Улсын Нэр Томьёоны Комиссын Мэдээ №72-73, Б.Содном,

Ж.Төмөрцэрэн 1968, БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академи, хуудас 11-13; Орос-Монгол нэр томъёоны толь, Боть 2, УБ 1970, Э.Вандуй, Ж.Дашдорж, Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн, хуудас 64-65; Монгол үсгийн дүрмийн толь, Ц.Дамдинсүрэн, Б.Осор, УБ 1983, БНМАУ, Ардын боловсролын яамны Сурах бичиг-сэтгүүлийн нэгдсэн редакц, хуудас 310.

Геологи, эрдэс баялгийн шинжлэх ухааны салбар: Геологи, эрдэс баялгийн шинжлэх ухааны салбарт “Б*******” гэсэн үг эсхүл нэр томьёо байдаггүй, ашигладаггүй болохыг дор дурдсан шинжлэх ухааны эх сурвалж болон мэргэжлийн байгууллагын лавлагаа тодорхойлолт зэрэг нь нотолно.

Шинжлэх Ухааны Академи, Геологийн хүрээлэнгийн 2020.07.24-ний өдрийн А/67 дугаартай албан бичиг бүхий тодорхойлолт:

Геологические исследования Монгольской народной республики, Н.А.Маринов, 1967 Москва (Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Геологийн судалгаа. Н.А. Маринов, Москва 1967, ЗСБНХУ-ын Геологийн яамны дэрэгдэх гадаад орнуудын геологийг судлах Эрдэм Шинжилгээний Лаборатори, БНМАУ-ын Геологийн яам, БНМАУ-ын Шинжлэх ухааны академи) хуудас 57-58;

Геология Монгольской Народной Республики. Том II. Магматизм метаморфизм тектоника, Н.А.Маринов, Р.А.Хасин, Ю.А.Борзаковский, Р.П.Зоненшайн (редакторы), Издательство "Нерда", Москва 1973, Министерство Геологии ССР, Научно Исследовательская лаборатоия геологии зарубежных стран, хуудас 150-151; Байглийн хөтөч, Эрдэс ба чулуулаг, Роналд Луй Боновиц, Лондон 2012, Монсудар хэвлэлийн газар орчуулж хэвлүүлсэн, хуудас 273;

ОХУ, Уралын Их Сургуулиудын холбоо, Шинэ Материал Технологийн Их Сургуулийн 2020.07.20-ны өдрийн 33.20-32/178 дугаартай албан бичиг- тодорхойлолт;

Базальтын Технологи сэтгүүл, ОХУ-ын Салбарын шинжлэх ухаан- техникийн сэтгүүлийн ерөнхий захирлын 2020.07.17-ны өдрийн албан бичиг тодорхойлолт; Богдановичский завод минераловатных плит компанийн Ерөнхий технологичийн №024-2020 дугаартай албан бичиг тодорхойлолт;

Теплопроект компанийн 2020.07.21-ний өдрийн 32 не26/07 дугаартай албан бичиг - магадлагаа;

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, 2011.09.06-ны өдрийн ХХ- 16-04 тоот;

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, 2016.04.20-ны өдрийн 16-06-05 тоот; Металл бус ашигт малтмалын ордын паспорт (1113, 0890, 1085, 0929, 1202).

Стандарт: Ниццийн 17, 19, 35 дугаар ангилалд хамаарах бүхий л бараа, үйлчилгээтэй холбоотой олон улсын болон Монгол Улсын үндэсний стандартад “БАЗАЛИТ” гэсэн үг эсхүл нэр томьёо огт дурдагдаагүй байна. Харин “Р******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дурдсан “б*******” гэх түүхийн эдийн нэрийг доорх стандартуудад огт дурдаагүй байна.

Монгол Улсын Стандарт. MNS EN 13162:2011, Барилгын дулаан тусгаарлах материал, Эрдэс хөвөн (MW) бүтээгдэхүүн, Техникийн шаардлага (3.1.1);

European Standard. EN13162:2001, Thermal insulation product for building, Factory made mineral wool (MW) products - Specification (3.1.1);

Chinese Standard. GB/T 25975-2018, Rock wool products for external thermal insulation composite systems (ETICS), ICS 91.100.60 (БНХАУ-ын Стандарт. GB/T 25975-2018, GB/T25975-2010, Барилгын гадна ханын Дулаалганд ашиглах чулуун хөвөн бүтээгдэхүүн (ETICS));

ГОСТ 4640-2011. Группа Ж15, Межгосударственный стандарт. Вата Минеральная. Технические условия (Mineral wool. specifications), МКС 91.100.60. 2012-07-01 (4.5.1) (ГОСТ 4640-2011. Групп нь Ж15, Улс Хоорондын Стандарт. ЭРДЭС ХӨВӨН. Техникийн нөхцөл (Mineral wool. Specifications) МКС 91.100.60. Хэрэгжүүлж эхэлсэн огноо: 2012-07-01)

Улсын дээд шүүхийн 2020.01.27-ны өдрийн 46 дугаар тогтоолын тухайд: 40-0019872 улсын бүртгэлийн дугаартай “БАЗАЛИТ” барааны тэмдгийг бүртгэх тухай үйл баримт, эрх зүйн харилцаан маргааныг шүүхээр шийдвэрлээгүй буюу Улсын дээд шүүхийн 2020 оны 46 дугаар тогтоол бүхий захиргааны маргааны зүйл биш. Үүнийг Улсын дээд шүүхийн 46 дугаар тогтоолын 19 дүгээр хэсэгт "Оюуны өмчийн газрын даргын 2019.05.24-ны өдрийн А/72 дугаар тушаалаар “БАЗАЛИТ” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан, үйл баримт нь "Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2018.11.06-ны өдрийн 18020000395 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" гомдлын энэ маргаанд хамааралгүй тул хяналтын шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийхгүй" гэж тогтоолын үндэслэлдээ баталгаажуулжээ.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэл, үйл баримт, гуравдагч этгээдийн зүгээс хүргүүлсэн баримт, үндэслэлүүд нь иргэн Л.А******ын эзэмшлийн 40-0019872 улсын бүртгэлийн дугаартай “БАЗАЛИТ” гэсэн үгэн барааны тэмдгийг Ниццийн 17, 19, 35 дугаар ангиллын бараа, үйлчилгээнд бүртгэсэн захиргааны шийдвэр хууль, тогтоомжид нийцэж байх тул барааны тэмдгийн бүртгэлийг хэвээр үлдээж, “Р******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

14. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...иргэн Л.А**** нь Б******* гэх үгэн тэмдгийг бүртгүүлсэн байгаа. Шинжлэх ухааны толь бичиг дээр байх Базальт гэх үгэн дээр эрхийн хамгаалалт хийгдээгүй.  Эрхийн хамгаалалт хийлгээгүй тухайн үгэн дээр өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй огт хийгээгүй. Эрхийн хамгаалалт хийлгэсэн ялгамжтай тэмдэг дээрээ эрхийн хамгаалалтаа хэрэгжүүлж байгаа. Барааны тэмдгийн онцлог нь ялгамжтай шинж чанарын хувьд ялгаатай зүйл байдаг. Хийсвэрлэсэн тэмдгийн хувьд хамгаалагдах шинж нь илүү байдаг. Ялгагдах шинж чанартай бичиглэл, яг ижил бараа бүтээгдэхүүнийг “Р******” ХХК зах зээлд нийлүүлээд байгаа учраас иргэн Л.А***** гомдож байгаа юм. Түүнээс биш шинжлэх ухааны эх сурвалжид заасан Базальт гэсэн нэршил дээр зах зээлд шударга өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй огт хийгээгүй. Хэрэв “Р******” ХХК нь шинжлэх ухааны нэршлээр хаяг шошго хийгээд худалдаалахад иргэн Л.А****** гомдол гаргахгүй. Тийм боломж ч байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэж байна. Энэ нь шинжлэх ухааны эх сурвалжид заасан тэмдгээр бичээд оруулж ирж болно. Гэтэл яагаад иргэн Л.А*****ын эрхийн хамгаалалт хийлгэсэн тэр үгийг шошго дээрээ таних тэмдгээр ашиглаад, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, шударга бусаар давуу байдал олгоод байна вэ? Шинжлэх ухааны нэр томьёог ашиглаад явахгүй байна вэ? Яагаад заавал иргэн Л.А*****ын эрхийн хамгаалалт хийлгэсэн ялгамжтай нэрийг ашиглах гээд байгааг ойлгохгүй байна.

Иргэн Л.А*****ын бүртгүүлсэн тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 болон 8 дугаар зүйлийг хангасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Р******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Хариуцагч Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалын нэг дэх заалтаар “шаардлага хангасан, хавсралтад дурдсан 134 барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, эзэмшигчид гэрчилгээ олгосон” ба тушаалын хавсралтаас үзвэл, мэдүүлгийн 40-2018-0022571 дугаартай, улсын бүртгэлийн 40-0019872 дугаартай “БАЗАЛИТ” барааны тэмдгийг гуравдагч этгээд Л****ын А***** эзэмшиж байна.

3. Ийнхүү “БАЗАЛИТ” барааны тэмдгийг түүнд эзэмшүүлэхдээ, бараа, үйлчилгээний олон улсын 17: “Резин, каучук, тусгаарлах материал, металл бус уян хоолой, энэ ангилалд багтах бүх бараа”, 19: “Барилгын материал (төмөр бус), барилгын металл бус хатуу хоолой, металл бус зөөврийн байшин, энэ ангилалд багтах бүх бараа”, 35: “Зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, байгууллагын үйл  ажиллагаа, энэ ангилалд багтах бүх үйлчилгээ” гэсэн ангиллуудаар олгож, гэрчилгээ нь бүртгэгджээ.

4. Эрх бүхий албан тушаалтан болох Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Д.Н*****-аас “Р******” ХХК-ийг “Монгол базальт” ХК-ийн 6808 дугаартай гэрчилгээгээр эзэмшдэг “Б*******” барааны тэмдгийн нэрээр “Б*******” чулуун хөвөнг зах зээлд борлуулж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.2.1, 13.1.3, 13.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн болох нь холбогдох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1802000395 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “Р******” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авсныг,

5. Эрх бүхий албан тушаалтан болох Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э****** нь иргэн Л.А*****-ын гаргасан “Р******” ХХК-ийг “...эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй 40-0019872 дугаар бүртгэлийн дугаартай БАЗАЛИТ барааны тэмдэг ашигласан” гэх гомдлыг шалгаад, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн 2*******7 дугаар хэрэг нээж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1453065 дугаар шийтгэлийн хуудсаар 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 352 боодол шилэн хөвөнг устгалд оруулсныг,

6. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс энэ маргааныг гаргах шалтгаан болсон гэж тайлбарласан, тэрээр хариуцагчийн “гуравдагч этгээдийн нэр дээр 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн анхдагч огноотой, улсын бүртгэлийн 40-0019872 дугаартай “БАЗАЛИТ” барааны тэмдгийг бүртгэсэн бүртгэл”-ийг илт хууль бус захиргааны актаар тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар түүнчлэн Тодорхойлох нь хэсгийн 6-10-д заасан үндэслэлээр гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсаныг шүүх, хэрэгт авагдсан болон шүүх  хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон маргаан бүхий үйл баримтад дүгнэлт өгч, маргааны зүйлийг зохицуулсан хуулийг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

7. Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “барааны тэмдэг” нь аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарахаар, 7.2. “аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж бүртгэлд бүртгүүлснээр үүсэх”-ээр, Оюуны өмчийн байгууллага нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1. “...мэдүүлэг хүлээн авах, хянах, хайлт, мөн чанарын шүүлт хийх, бүртгэх”, 12.3.2. “...бүртгэл хөтөлж, ... гэрчилгээ олгох, хүчингүй болгох, ...сан бүрдүүлэх” зэрэг чиг үүргийг гүйцэтгэхээр, хариуцагч Оюуны өмчийн газрын дарга нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1. “оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах”, 13.1.2. “... үйл ажиллагаанд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

8. Оюуны өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан харилцааг тухайлсан хуулиар зохицуулна” гэж заасан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” хэмээн нэр томьёоны тодорхойлолтод, 4 дүгээр зүйлийн 4.1. “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно” хэмээн барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийг заасан.

9. Харин барааны тэмдэгт тавигдах шаардлагыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй” гээд нийт таван зүйлийг барааны тэмдэгт тооцохгүйгээр, мөн хууль, зүйлийн 5.2-д нийт 11 заалтын хүрээнд барааны тэмдгийг бүртгэхгүй талаар шаардлага болгон заажээ.

10. Маргаан бүхий энэ тохиолдолд шүүх, илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй “БАЗАЛИТ” барааны тэмдгийг бүртгэсэн бүртгэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал” гэж зааснаар “б*******” нь нэр томьёоны илэрхийлэл буюу нэг төрлийн барилгын дулаан тусгаарлагч бүтээгдэхүүний оноосон нэр гэж, 5.1.2. “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж зааснаар “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр” гэж, энэ нь хэрэгт авагдсан,

10.1. Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/187 дугаар албан бичгийн хавсралтаар тус хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэх салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Б*****аас “Б*******” хэмээх үгийг судлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х******т хүргүүлсэн ба тус хавсралтад “...Дээрх бүгдээс дүгнэж үзвэл, “БАЗАЛИТ” нь “Техно-николь” компани “базальт”-ыг түүхий эд болгон ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний оноосон нэр боловч оноосон нэр ерөнхий нэрийн үүрэг гүйцэтгэн, Оросын Холбооны Улсад тухайн төрлийн бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон тодотгогчийн үүргээр хэрэглэгдэж байна. Мөн нөгөөтээгүүр, базальтыг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тодотгогч ерийн нэрийн үүргээр хэрэглэгдэх нь түгээмэл байгаагаас биш Оросын Холбооны Улсад барилгын дулаан тусгаарлагч бүтээгдэхүүнийг нийтээр нь нэрлэж буй ерийн нэр болсон хэмээн үзэх боломжгүй нь ажиглагдаж байна” гэж, /1-р хх-ийн 17-18-д/

10.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Сноу хилл консалтанси” ХНН-д хүргүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/2063 дугаар албан бичигт: “Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/212 дугаартай албан бичгээр авсан тайлбарт “Б*******” гэдэг нь Оросын Холбооны Улсын “Техно-николь” компани “базальт” чулууг түүхий эд болгон ашиглаж үйлдвэрлэсэн нэг төрлийн барилгын дулаан тусгаарлагч бүтээгдэхүүнээ нэрлэсэн оноосон нэр юм. “БАЗАЛИТ” нь Оросын Холбооны Улсын “ТЕХНО-НИКОЛЬ” компанийн үйлдвэрлэсэн нэг төрлийн дулаан тусгаарлагч бүтээгдэхүүний “оноосон нэр” болохыг үүгээр тодорхойлж байна” гэж, /1-р хх-ийн 19-д/

10.3. Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэнгээс “М*****” ХК-д хүргүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А/67 дугаар албан бичигт “...барилгын дулаан тусгаарлагч материалын үндсэн түүхий эд болох суурилаг найрлагатай магмын бялхмал чулуулаг Базальтын тодорхойлолтыг хүргүүлж байна. Мөн Б******* гэдэг нь үүсгэмэл нэр бөгөөд ийм чулуулаг аль ч шинжлэх ухааны нар томьёоны толь бичигт байхгүй болно” гэжээ. Мөн тус албан бичгийн нэгдүгээр хавсралтад Базальт (хүрмэн чулуу)-ын тодорхойлолт ба хэрэглээний тухай “Базальт (хүрмэн чулуу) нь хар бараан, хар ногоовтор өнгөтэй, маш нягт, далд талстлаг эсвэл нарийн мөхлөгт, заримдаа шигтгээлэг байх ба голлон плагиоклаз болон пироксен зэрэг эрдсүүдээс бүрдэх суурилаг найрлагатай магмын бялхмал чулуулаг юм. Ихэвчлэн лавын урсац эсвэл жижиг биет үүсгэж тогтдог. Найрлагын хувьд магни болон төмрийн агуулга өндөртэй ба дэлхий дээр хамгийн их тархалттай бялхмал чулуулаг юм. Базальт нь ахуйн болон үйлдвэрлэлд нэлээд өргөн хэрэглэгддэг” гэж, /1-р хх-ийн 163, 2-р хх-ийн 168-д/

10.4.   https://ayori.ru/catalog/47-bazalit.html сайтаас орос хэлнээс орчуулсан орчуулга. Б******* гэж юу вэ?

            Энэхүү сэмэрдэслэг материал нь эрдэс хөвөн ба базальтын сэмэрдэс агуулж байгаа бөгөөд түүнийг гарган авахад чулуулгийн хайлмал, металл үйлдвэрлэлийн ялтас ба эдгээрийн найрлагыг хэрэглэнэ. Шинэ барилгын материалаар хийсэн плита ба хавтанг дулаан тусгаарлах зорилгоор каркасан барилга, фасадын бүрхүүл, хавтгай болон налуу дээвэр, байшингийн хана тааз, тагт, балкон, мөн уг дулаан түгээх ба агаарын хоолой, шүүлтүүр, нөөцийн сав ба бусад инженерийн сүлжээний тоног төхөөрөмжид ашигладаг. Базальтын дулаан тусгаарлагчийн аль төрлийг ашиглах нь тухайн барилгын бүтцийн онцлог шинж чанараар тодорхойлогдоно. Өөр дулааны тусгаарлагчийг хэрэглэх боломжгүй үед б*******ыг гол төлөв ашигладаг. Жишээлбэл, химийн түрэмгий орчин бүхий хонгил ба тасалгаанд, эсхүл гидропоникт.

            Б*******ын дулаан тусгаарлах шинж чанарууд нь гайхалтай. Эдээр шинж чанарууд нь энэхүү барилгын материалын сэмэрдэслэг бүтцээр тайлбарлагдана. Сэмэрдэсийн хооронд үүссэн олон агаарын сүв нь жижиг халуун сав шиг хүйтнийг нэвтрэн өнгөрөх боломжгүй болгодог. Харин дуу тусгаарлах шинж чанарыг эрдэс хөвөн бий болгодог. Дуу чимээний долгион нь эрдэс хөвөнгийн эмх замбараагүй байдлаар оршсон сэмэрдэсд орооцолддог байна. Үүнээс гадна, базальтын дулааны тусгаарлагч байгаль орчинд ээлтэй, огт шатдаггүй, гигроскопик бус, халуун хүйтний өөрчлөлтөд тэсвэртэй, хими болон биологийн идэвхгүй байдаг. Энэхүү материал нь хөнгөн байх бөгөөд угсрахад маш хялбар байдаг тул барилгачдын дунд үнэ цэнтэйд тооцдог. Ашиглалтын явцад маш бага хэмжээгээр суулт өгдөг бөгөөд геометрийн хэмжээсээ хэдэн арван жилээр хадгалдаг. Дулааны тусгаарлагчийг суурилах явцад барилгын талбай дахь өндөр чийгшилт нь б*******ийг гэмтээхгүй байх зорилгоор түүнийг гидрофобжуулдаг, өөрөөр хэлбэл ус нэвтрүүлдэггүй шинж чанар бүхий тусгай найрлагатай бодисоор нэвчүүлдэг байна” гэж /2-р хх-ийн 119-120-д/ тусгагдсанаар тус тус тогтоогдож байна.

            11. Эдгээрээс үзвэл, “базальт”, “б*******” гэх уг үгс нь хэлц болон дуудлагын хувьд шууд утгаар ойлгогдох агуулгатай, үгийн язгуур нэг. Ингэснээрээ дан ганц нэхэмжлэгч хуулийн этгээдийн бус өөр бусад аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс уг гарал үүсэл бүхий бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж борлуулахад нэхэмжлэгч компанид ногдуулсан зөрчил давтагдах шинжтэй, хэлбэрийн хувьд “и”, “ь” үсэг болон тэмдэгтээр ялгагдах, хэлзүйн шинжлэх ухаанд “б*******” гэдэг үг байхгүй талаар тайлбарлах авч ердийн хэрэглээнд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “...ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” гэдэгт нийцээгүй.

            12. Өөрөөр хэлбэл, зохиомол “б*******” гэх барааны тэмдэг нь шууд утгаараа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5. “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж зааснаар “хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж, 5.2.8. “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар” гэж зааснаар “төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах” гэж заасанд нийцээгүй, гуравдагч этгээдэд давуу байдал бий болгосон, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, энэ байдал нь хэрэгт авагдсан,  

12.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/2063 дугаар албан бичигт “...Оюуны өмчийн газар нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаартай тушаалаар “Б*******” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэж, иргэн Л.А*****д эзэмших эрх олгосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 13.2.1-т “аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан” гэж, 13.2.2-т “аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан” гэж, 13.2.3. “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн” гэж, 13.2.7-т “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Иймд 2019 оны А/72 дугаар тушаалаар “Б*******” гэх барааны тэмдэг олгосон шийдвэрээ хүчингүй болгож аж ахуй эрхлэгчийн зах зээлд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх талаар Оюуны өмчийн газарт “Зөрчил арилгуулах тухай” албан бичгийг хүргүүлээд байна” гэсэн, /1-р хх-ийн 19-д/

            12.2. “Хабаровский завод “Б******* ДВ” нээлттэй хувьцаат компани нь БАЗАЛИТ ДВ гэх үг болон дүрсээс бүтсэн барааны тэмдгийг эзэмшихээр мэдүүлэг гаргаж, Оросын Холбооны Улсын Оюуны өмч, патент ба барааны тэмдгийн холбооны үйлчилгээний албанд бүртгүүлсэн байх бөгөөд барааны тэмдгийн хамгаалагдахгүй үг, дүрс хэсэгт “Б*******, ДВ” гэсэн, /2-р хх-ийн 123-д/

            12.3. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Р******” ХХК-аас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 05 дугаар тогтоолд “...Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.2-д “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж заасан.

            “Базальт” гэх үг нь “хүрмэн чулуу” хэмээн орчуулагдах бөгөөд тодотгол гишүүний үүрэг гүйцэтгэж, ерийн нэрийн шинжтэй хэрэглэгдэх бөгөөд “Б*******” гэх үгийн тухайд Базальт чулуунаас чулуун хөвөн гаргах аргыг нээснээс хойш дэлхийн улс орнуудад уг аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэрд ямар нэг байдлаар “Базальт” гэх үгийг оруулан нэрлэгдэг болсон байна гэж Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс тайлбарласан байна” гэсэн баримтуудаар нотлогдож байна.

13. Иймээс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1. “барааны тэмдгийг энэ хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн” нь мөн хуулийн 33.1-д зааснаар “барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох” үндэслэл бөгөөд нэхэмжлэгч талын Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47 дугаар зүйлийн 47.1.6. “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7. “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй. Хариуцагч нь хувийн эрх зүйн салбарт хэн байсан ч “б*******”, “базальт” гэх нэгнээс үл ялгагдах дуудлага, бичиглэлтэй бүтээгдэхүүнийг худалдан орлуулах, импортоор оруулж ирэх боломжгүй, нийтийн эрх зүйн хүрээнд Оюуны өмчийн газар нь “Т*****” ХК-ийн барааны тэмдгийн бүртгэл хийхдээ “б*******” гэх үгэнд хамгаалалт байхгүйг тэмдэглэсэн атлаа 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалын холбогдох хэсгээр гуравдагч этгээдэд “б*******” гэх үгэнд аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт буюу барааны тэмдгийг зөвхөн нэг субъект ашиглах боломж олгосон нь түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй гэж үзнэ.

            14. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар тогтоолд “... “б*******” гэх ижил материалаар хийгдсэн, барилгын дулаалгад ашиглагддаг, ижил төрлийн бүтээгдэхүүнийг хэд хэдэн этгээд зах зээлд зэрэгцэн борлуулахыг хуулиар хориглоогүй, гагцхүү хуулиар хамгаалагдсан бусдын барааны тэмдгийг уг тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн бараа бүтээгдэхүүндээ ашиглахыг хуулиар хориглосон, энэ тохиолдолд Оросын Холбооны Улсын Хабаровский завод “Б*****” ХК-ийн “Б*******” гэсэн нэртэй дулаалгын материалыг зах зээлд борлуулсан нь “дугуй хэлбэртэй дүрсний доор “БАЗАЛИТ” гэсэн бичиглэл бүхий” барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, ...  

... Барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх “ялгагдах чадвартай илэрхийлэл”-ийг ойлгохоор хуульд заасан, өөрөөр хэлбэл, ноос, ноолуур, зөгийн бал, сүү гэх мэтээр бараа бүтээгдэхүүний өөрийн бусдаас ялгагдах нэр нь барааны тэмдэг биш, харин тэдгээрийг үйлдвэрлэгч, зах зээлд борлуулагчийн бусдаас ялгагдах зорилгоор зохиосон “ялгагдах чадвартай илэрхийлэл” нь барааны тэмдэг болох тул гуравдагч этгээд “М*****” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Б******* гэсэн нэртэй бүтээгдэхүүн зарж, борлуулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй, бусад этгээд ижил төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь тус компанийн онцгой эрхээр хамгаалагдсан “дугуй хэлбэртэй дүрсний доор “БАЗАЛИТ” гэсэн бичиглэл бүхий” илэрхийлэл болох барааны тэмдгийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, ...” гэх зэргээр дүгнэлт хийсэн байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон ... шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар үнэлж, гуравдагч этгээдийн “дугуй хэлбэртэй дүрсний доор “БАЗАЛИТ” гэсэн бичиглэл бүхий” барааны тэмдгийг ашигласан гэх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад дахин гуравдагч этгээдэд шинээр дан үгэн “б*******” гэсэн барааны тэмдгийг эзэмшүүлж бүртгэсэн нь ойлгомжгүй, агуулгын хувьд зөрчилтэй байна.

15. Энэ тохиолдолд хариуцагч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана” гэж заасныг бүрэн хянаж, Үндэслэх нь хэсгийн 7-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 1006.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Оюуны өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.5, 5.2.8, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д заасныг баримтлан “Р******” ХХК-аас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалын хавсралтаар мэдүүлгийн 40-2018-0022571 дугаартай, улсын бүртгэлийн 40-0019872 дугаартай “БАЗАЛИТ” барааны тэмдгийг гуравдагч этгээд Л.А******-д эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН