Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Шүүгдэгч: А.Баатархүү, Б.Амарсанаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Баатархүү, Б.Амарсанаа холбогдох 201716010036 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачингийн 13-130 тоотод оршин суух, “Баянбаатар хайрхан” ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Олхонууд овогт Агваандэлгэрийн Баатархүү /РД:ЦЖ84120711/

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баянхошуу зээлийн 24-034 тоотод оршин суух хаягтай, “Баянбаатар хайрхан” ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзагдаж байсан, Жалайр овогт Бидийдаагийн Амарсанаа /РД:ДК90011612/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Баатархүү, Б.Амарсанаа нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Оюутолгой” ХХК-ийн уурхайн хашаанаас “Баянбаатар Хайрхан” ХХК-ийн эзэмшлийн монгол гэрийн 4 ширхэг брезентэн бүрээсийг хулгайлж “Баянбаатар Хайрхан” ХХК-нд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баатархүү мэдүүлэхдээ: “Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Ээж дүү нартайгаа хамт амьдардаг. Цагаан сарын үед нилээн их өртай байсан. Мөнгө хэрэг болоод Амарсанаатай ярилцаж байгаад гэрийн бүрээс хулгайлсан. Манай ээж дүү 2 эгчийнд байдаг. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Одоо би ажлаасаа халагдсан. Энд олон сар болсон ажил байхгүй надад их хэцүү байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амарсанаа мэдүүлэхдээ: ”Баянбаатар Хайрхан компанид туслах ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 3 сарын 4-ний өдөр Баатархүүтэй ярилцаж байгаад хулгай хийсэн. Би Одгийв гэдэг хүнтэй ярьж унаа байна уу? гэж сурахад дүүгийнхээ дугаарыг өгсөн. Орой нь авсан зүйлээ гаргасан. Тэр хүнд хулгайн эд зүйл гэж хэлээгүй. Манай ээж Япон улс руу фицик эмчилгээ хийлгэх гэж байсан учир хүүхэд болгон нь тав таван сая төгрөг өгөх хэрэгтэй байсан. Би машинаа зарсан байсан. Урьд жил нь би машинаа зээлээр авсан байсан. Зээлийн төлбөр хийх хэрэгтэй байсан учир муухай зүйл хийсэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хавтас хэргийн 04 дүгээр хуудас/

Эд зүйл хүлээлгэх өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Мандахбаярын өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед манай ажилтан Баатархүү нь ажил дээрээ байхгүй байсан. Тэгэхээр нь хайчсан юм бол гэж бодоод байж байтал төсөл хариуцсан менежер Ганцэцэг миний утас руу утасдаад Баатархүү, Амарсанаа хоёрыг сонссон уу гэж асуусан. Тэгэхээр нь би наад хоёр чинь ажил дээрээ байхгүй байна. Би энд хайгаад байж байна гэж хэлсэн чинь Ганцэцэг наад хоёр чинь хулгай хийж байгаад баригдаад хойт хаалган дээр байгаа гэж байна. Намайг хойд хаалган дээр дуудаад би очих гээд явж байна гэсэн. Тэгээд Баатархүү, Амарсанаа хоёрыг хулгайн гэмт хэрэг хийснийг мэдсэн. Ганцэцэг нь удалгүй эргэн залгаад гэрийн бүрээс хулгайлж гарган зарж байгаад баригдсан байна гэж хэлсэн ба талбай дээр байгаа бүх материалаа тоолоод тоог нь гаргаадах гэж хэлсэн. Тэгээд би хоёр ажилтныхаа хамт барьж байгаа гэрийнхээ эд зүйлийг бүртгэж тоолж үзэхэд гэрийн гадна брезентэн бүрээснээс 4 ширхэг дутсан. Бусад бүх зүйл нь бүрэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Баасанхүүгийн өгсөн: “...64-99 ӨМҮ улсын дугаартай ланд крузер 80 маркийн автомашин миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Энэ машинаа худалдахаар зар тавьсан байсан. Нгөрсөн цагаан сарын битүүний өдөр Ж.Одбаг гэх хүн миний машинийг 15 сая төгрөгөөр худалдан авахаар надтай тохиролцоод эхний ээлжинд 5 сая төгрөг бэлнээр надад өгсөн. Сар шинийн үеэр унаатай байх хэрэгтэй байна, сар шинийн дараа ажил цуглахаар үлдэгдэл мөнгийг нь /10,000,000 төгрөг/ өгье гээд машиныг маань аваад явсан. Тэгээд сарын дараа холбогдоод ярихад хэрэгт холбогдоод машиныг чинь хураалгачихлаа гэж ярьсан. Түүнээс хойш өнөөг хүртэл үлдэгдэл мөнгийг маань өгөөгүй байгаа. Энэ машинаар ямар зүйл зөөж тээвэрлэсэнг мэдэхгүй, би машинаа буцааж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Ганцэцэгийн өгсөн:”...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь 15 цагийн үед Бамбай хамгаалалтын албанаас Батбаяр гэж утсаар дуудсан. Тэгээд очиж уулзахад Амарсанаа, Баатархүү нар нь Ханбогд сумын нэг хүнтэй хамтраад хулгайн хэрэг үйлдээд баригдсан талаар хэлсэн. Батбаяр нь Амарсанаа, Баатархүү хоёроос мэдүүлэг аваад маргаашнаас Ханбогдын цагдаагаас дуудах байх гэсэн. Манай байгууллага нь Оюу Толгой ХХК-ийн хашаанд ажилчдын байр болох 150 гэр барьж байгаа. Тэр барьж байсан гэрийн гадна брезентэн бүрээснээс 4 ширхэг дутсан өөр ямар нэг зүйл дутаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Одгийвийн өгсөн:”...Саяны цагаан сарын дараахан өмнө нь надтай хамт ажиллаж байсан Амарсанаа гэдэг залуу өөрийнхөө 88866781 дугаараас миний утас руу залгаад намайг хаана байгааг асуусан. Би хөдөө золгуутаар явах гэж байгаагаа хэлтэл “Оюутолгой” ХХК хүрээд ирэх машинтай хүн байна уу гэхээр нь би манай дүү рүү ярьчих би хөдөө гарах гэж байна гэж Одбагийн дугаарыг өгсөн. Тэгээд би түүнтэй дахин холбогдоогүй 3-4 хоног хөдөөгүүр явж байгаад буцаад Ханбогдод иртэл Амарсанаа, манай дүү тэр хэд энэ хэрэгт холбогдчихсан байсан. Надтай анх Амарсанаа холбогдож ярьсан тэгэхдээ ямар нэг зүйл хулгайлсан болох хулгайн юм зөөлгөх гэж байгаа тухай хэлээгүй. Би Баатархүү гэдэг хүнийг огт танихгүй. Тэднийг хулгайлсан юмаа зөөлгөхөөр дуудсаныг мэдсэн бол дүүгийнхээ утсыг хэлж өгөхгүй тэдэнд туслахгүй байх байсан... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ганбатын өгсөн:”...Өнгөрсөн 03 дугаар сарын 04-ний өдөр Оюу толгойн хашааны баруун талд машин ирж зогсоод явчихлаа гэдэг мэдээлэл манайд ирсэн. Хашааны чиглэлд хаалга байдаггүй бөгөөд тухайн машин Ханбогд чиглээд явсан учраас машиныг шалгуулахаар Ханбогд сумын цагдаад хандсан. Уг машинд хулгайлагдсан гэрийн бүрээс тээвэрлэгдэж явсан гэдгийг сонссон. Алдагдсан гэрийн бүрээснүүд нь Оюу толгойн уурхайн хашаанд шинээр баригдаж байгаа кемпийн гэрт баригдах ёстой байсан гэдгийг мэдсэн. Тэр шинээр баригдаж байгаа Повер кемп нь Оюу Толгойн баруун хэсэг рүү торон хашаанаас 400-500 метрийн зайд байгуулагдаж байгаа юм. Торон хашаагаар хүн битгий хэл зарим тохиолдолд үхэр мал хүртэл нэвтрээд орчихдог юм. Шөнийн цагаар хамгаалалтын ажилтнууд хоёр машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг боловч тэдний хяналтанд орохгүйгээр гадагш дотогш нэвтрэх боломжтой байдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээчийн 73/01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29-30-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Ж.Одбагийн сэжигтнээр өгсөн:”...2017 оны 03 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед Ханбогд сумын төвд би ажил дээрээ байж байтал 88868761 дугаарын утаснаас нэг танихгүй залуу миний 88955972 дугаар луу холбогдож надтай утсаар ярьсан. Тэр залуу хэлэхдээ “ахаас чинь таны дугаарыг авлаа, Оюу толгой руу ирээд хот руу явах машинд юм өгөөд явуулж туслаач” гэсэн. Би тэр хүнд ажилтай завгүй байна гэдгээ хэлсэн. Тэгтэл нөгөө залуу дахин дахин утасдаад таньд хөлс мөнгийг нь өгье гээд гуйгаад байсан. Тэгээд би 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад 64-99 ӨМҮ улсын дугаартай хар ногоон өнгийн ланд крузер 80 машинаараа Оюу толгойн уурхайруу дөхөж очоод нөгөө хүнтэй утсаар яриад хаана байгааг нь асуухад хашааны баруун хойдруу байна гэсэн. Би түүний заасан газар луу нь явж очоод уулзахад тэр хүн бас нэг залуугийн хамт зогсож байсан. Тэдний хажуугийн жалганд 4 ширхэг цагаан өнгийн брезентийг тавьчихсан байсан. Би тэдгээр залуучуудаас юу юм бэ ? хулгайн юм биш биз гэхэд бидний өөрсдийн гэрийн бүрээс байгаа юм та эдний нэгийг нь хөлсөндөө өөртөө ав нөгөө гурвыг нь хотын унаанд хийж өгөөд тус болооч гэсэн. Би асуудалгүй юм бол тэгье гэсэн. Тэгээд нөгөө 2 залуу тэндээ үлдээд би машинаа унаад 22 цагийн үед Ханбогд сумын төв рүү орж явтал эргүүл хийж явсан цагдаа нар машинийг шалгаад ачиж явсан брезентэн бүрээснүүдийг хурааж авсан. Тэр залуучууд тэндээс эндээс олж авсан гэж хэлээгүй, хулгайн эд зүйл зөөж байгааг би мэдээгүй, мэдсэн бол би ийм явдалд оролцохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/

Шүүгдэгч А.Баатархүүг яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 44-р хуудас/

Шүүгдэгч Б.Амарсанааг яллагдагчаар татах тогтоол /хавтсат хэргийн 50-р хуудас/

Шүүгдэгч Б.Амарсанаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Амарсанаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 55-р хуудас/

Шүүгдэгч Б.Амарсанаагийн 2010 оны 10 дугаар сарын 07-нд Говь-Алтай аймгийн СДШ-ийн 41 дүгээр тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-р 3 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 58-61-р хуудас/

Шүүгдэгч Б.Амарсанаагийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/

Баянбаатар хайрхан ХХК-аас шүүгдэгч нарын талаар гаргасан тодорхойлолт /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

Б.Амарсанаагийн оршин суугаа газрын тодорхойлолт, /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Баатархүүгийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хавтаст хэргийн 74-75-р хуудас/

Шүүгдэгч А.Баатархүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/

Шүүгдэгч А.Баатархүүгийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/

Арилжааны банкуудаас авсан лавлагаа /хавтаст хэргийн 88-99 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч А.Баатархүү, Б.Амарсанаа нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюутолгой ХХК-ийн уурхайн хашаанаас Баянбаатар Хайрхан ХХК-ийн эзэмшлийн монгол гэрийн 4 ширхэг брезентэн бүрээсийг хулгайлж “Баянбаатар Хайрхан” ХХК-нд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ө.Мандахбаярын “...Намайг хойд хаалган дээр дуудаад би очих гээд явж байна гэсэн. Тэгээд Баатархүү, Амарсанаа хоёрыг хулгайн гэмт хэрэг хийснийг мэдсэн. Ганцэцэг нь удалгүй эргэн залгаад гэрийн бүрээс хулгайлж гарган зарж байгаад баригдсан байна гэж хэлсэн ба талбай дээр байгаа бүх материалаа тоолоод тоог нь гаргаадах гэж хэлсэн. Тэгээд би хоёр ажилтныхаа хамт барьж байгаа гэрийнхээ эд зүйлийг бүртгэж тоолж үзэхэд гэрийн гадна брезентэн бүрээснээс 4 ширхэг дутсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/

гэрч Т.Ганцэцэгийн өгсөн:”...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь 15 цагийн үед Бамбай хамгаалалтын албанаас Батбаяр гэж утсаар дуудсан. Тэгээд очиж уулзахад Амарсанаа, Баатархүү нар нь Ханбогд сумын нэг хүнтэй хамтраад хулгайн хэрэг үйлдээд баригдсан талаар хэлсэн. Батбаяр нь Амарсанаа, Баатархүү хоёроос мэдүүлэг аваад маргаашнаас Ханбогдын цагдаагаас дуудах байх гэсэн. Манай байгууллага нь Оюу Толгой ХХК-ийн хашаанд ажилчдын байр болох 150 гэр барьж байгаа. Тэр барьж байсан гэрийн гадна брезентэн бүрээснээс 4 ширхэг дутсан өөр ямар нэг зүйл дутаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээчийн 73/01 дугаартай дүгнэлт ”5 ханатай монгол гэрийн бүрээс 300,000, тоёота Ланд круйзер-80 15,500,000 /хавтаст хэргийн 29-30-р хуудас/ зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд Б.Амарсанаа, А.Баатархүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Амарсанаа нь урьд 2010 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар ялтайд тооцогдох хугацаа нь дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Хохирогчийн төлөөлөгч Ө.Мандахбаяр нар нь эд хөрөнгөө буцаан авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол арилсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Амарсанаа, А.Баатархүү нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битеемжлэн ирүүлсэн Д.Баасанхүүгийн эзэмшлийн 1993 онд үйлдвэрлэгдсэн 64-99 ӨМҮ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Довдорын Баасанхүүд буцаан олгож мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Олхонууд овогт Агваандэлгэрийн Баатархүү, Жалайр овогт Бидийдаагийн Амарсанаа нарыг шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарсанаа, А.Баатархүү нарыг эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Амарсанаа, А.Баатархүү нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1993 онд үйлдвэрлэсэн 64-99 ӨМҮ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Б.Амарсанаа, А.Баатархүү нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Амарсанаа, А.Баатархүү нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тус тус тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж,

Б.Амарсанаагийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт,

            А.Баатархүүгийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Амарсанаа, А.Баатархүү нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА