| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/1019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1004 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Цагаатгах тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1004
2025 04 21 2025/ШЦТ/1004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 240900****** дугаартай хэргийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл харилцаа холбооны технологич мэргэжилтэй, **** хариуцсан зөвлөх ажилтай, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт **** тоотод оршин суух хаягтай,
Урьд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/719 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон Б.М-,/РД:***** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри ла молл төвийн граш дотор 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим хохирогч Б.Б тэй автомашины зогсоолд автомашины хөдөлгөөнтэй холбогдон харилцан маргасан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь: Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн хувьд маргаж оролцсон болно.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-ийг хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтаст хэрэгт:
Б.Б ийн хохирогчоор өгсөн: “...Би 18 цагийн орчим ажлаа тараад 2 хүүгээ аваад Шангри-ла моллд хоол идэх гээд Шангри-ла молл-н баруун урд талын хаалгаар орсон тэгээд би зогсоол руу орох гэсэн чинь зогсоолын хаалт ажиллахгүй байсан болохоор урагшаа хойшоо болоод номероо таниулах гээд 5 минут орчим наашаа цаашаа цаашаа болж зогссон хажуу талын эгнээ рүүгээ оръё гэхээр машин зөрөөд орж болохгүй байсан тэгээд арын машин ухарч өгөөд хажуу талын эгнээ рүү ороод арын машинаа оруулсан энэ хооронд нэг хүн л машинаа хурдан холдуул зайлаач гэх мэтээр хараагаад байсан тэгээд зогсоол руу ороод очиход мөн л намайг хараасаар байсан тэгэхээр нь би машин дээр нь очоод намайг яагаад хараагаад байгаа талаар асуух гээд очсон тэгээд тухайн залууг машинаас нь буулгах гэж нэлээд үзэж байгаад тухайн залуу машинаасаа буухгүй үлдсэн тэр хоорондоо миний нүүрийг урж нүд рүү цохисон тэгснээ цагдаа дуудчихсан гээд байгаад байсан. Тэгэхээр нь би хэрүүл маргаантай салаад яах вэ гэж бодоод яваад өгөхөд араас дагаад яваад байсан тэгээд тэр залуу чамайг цагдаагийн байгууллагаар шалгуулаад хориулна гэх мэтээр хараасаар байсан учраас би ч мөн адил цагдаагийн байгууллагад хандсан. Нүдний ухархайд 1.5 см сорви тогтсон байна, ар дагзаар мөн өвдөж байна, нүдний сорвитай хэсгээрээ мөн таталт өгөөд байгаа юм. ...Би уг гэмтлийг ясны гэмтлийг 1996 онд авч байсан. Тухайн үедээ гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ, үйлчилгээ авч байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 44, 195-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 504 дугаартай “...Б.Б нь биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн хаван гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 46-47-р хуудас/,
Шинжээч эмч Н.Т-н: “...Б.Б ийн толгойн томографын хариу бичсэн дүрс оношилгооны эмч Б.Сарантуяагийн тэмдэглэлд баруун нүдний ухархайн дотор хананы хугарал шинэ байх ба хэрвээ хуучин байсан тохиолдолд хамар ясны хуучин хугарал гэсэнтэй ижил хугаралыг хуучин гэж тэмдэглэх ёстой байсан. Мөн Б.Б ийн биед үзлэг хийх үед баруун нүд аргана өвднө гэсэн зовиуртай мөн тус нүдний зовхины дотор булан доод зовхинд зулгаралт гэмтлүүд байсан тул ухархайн хугаралыг шинэ гэж үзсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 60-61-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн БГ0525/** дугаартай : “...Б.Б ийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Б.Б ийн биед үүссэн баруун нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн толгойн КТГ-н хариунд Б.Б ийн биед үүссэн баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал гэмтэл нь үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Баруун нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЕГО525***** дугаартай: “...Б.Б д хийгдсэн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээний хариугаар баруун нүдний ухархайн доторы ханын хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Б.Б ийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор хананы хугарал нь хуучин гэмтэл ба 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй урьд нь үүссэн байна. Харин баруун нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шинэ гэмтэл ба 2023 оны 12 дугаар сарын 15-нд үүссэн байх боломжтой байна. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 504 тоот дүгнэлтийн 5-р хариулттай санал нийлэхгүй, бусад нь үндэслэлтэй байна. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн БГ0525/**** тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг зэргийг дүгнэн үзэхэд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байх тул Б.М ийг цагаатгаж шийдвэрлэв.
Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаж дүгнэлт хийн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлвэл
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангри-Ла молл төвийн гараж дотор 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчим хохирогч Б.Б , Б.М нар нь харилцан маргаж, нэг нэгнийхээ биед халдсаны улмаас цагдаагийн байгууллагад хандсан байна.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М ийг хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн хаван бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцуулахаар дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой буюу нэг цаг хугацаанд огтлолцсон байдаг.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн БГ0525/****, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЕГО525/*** дугаартай дүгнэлтүүдээр хохирогч Б.Б ийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий гэмтэл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр учраагүй гэх ба дээрх гэмтэл нь хуучин гэмтэл болох нь тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хуульд заасан гэм буруутай үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоо тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байна.
Шүүхээс хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас өмнө хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол нэгэнт учирсан байсан бөгөөд тухайн хохирол нь бусдын буруутай хууль бус үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч Б.М ид холбогдуулж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.М ийг цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Улсын яллагчаас хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол баримтаар нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролыг шүүгдэгч Б.М ээс гаргуулж хохирогчид олгуулах санал гаргасан. Шүүхээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсантай холбоотой хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан журмын дагуу өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нь өөрт учирсан хохирлыг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС