| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/0957/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1071 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1071
2025 04 28 2025/ШЦТ/1071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Л.Төгсжаргал,
Шүүгдэгч: С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-т холбогдох эрүүгийн 2406039400**** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "****” ХХК-ийн ажилтан, ам бүл 3, эх, ахын хамтаар **** тоотод оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Ц , /РД:*** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо "****" худалдааны төвийн хүлээлгийн танхимд С.С-ын М.Г-ийн хажууд тавиад явсан 360.000 төгрөг, 153 америк доллар, Хаан банкны карт 1 ширхэг, Хас банкны карт 1 ширхэг, Худалдаа хөгжлийн долларын дансны карт 1 ширхэг, **** регистрийн дугаарын бүртгэлтэй жолооны үнэмлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, төрийн бус байгууллагын үнэмлэх зэрэг эд зүйл бүхий түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр С.С ын Хаан банкны картыг ашиглаж, **** данснаас 25,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч С.Ц нь “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо "****" худалдааны төвийн хүлээлгийн танхимд С.С ын М.Г-ийн хажууд тавиад явсан 360.000 төгрөг, 153 америк доллар, Хаан банкны карт 1 ширхэг, Хас банкны карт 1 ширхэг, Худалдаа хөгжлийн долларын дансны карт 1 ширхэг, **** регистрийн дугаарын бүртгэлтэй жолооны үнэмлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, төрийн бус байгууллагын үнэмлэх зэрэг эд зүйл бүхий түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр С.С ын Хаан банкны картыг ашиглаж, **** данснаас 25,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч С.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: "... намайг босоод явах хооронд тэнд байсан үл таних хоёр залуугийн нэг нь манай эхнэрийг цаашаа суучих гэж хэлээд миний түрийвч байсан газарт түрийвчийг минь далдалж дараад суусан байсан...сандал дээр сууж байсан залуу нь араас нь гарч явах гэж байгаад босохдоо миний дотор төгрөгөөр 360.000 төгрөг, доллароор 153 доллар байсан 100 доллар 1 ширхэг, 50 доллар 1 ширхэг, 2 доллар 1. 1 доллар 1 ширхэг тус тус байсан. Хаан банкны карт 1 ширхэг, Хас банкны карт 1 ширхэг. Худалдаа хөгжлийн долларын дансны карт 1 ширхэг, миний өөрийн ***** регистрийн дугаараар бүртгэлтэй жолооны үнэмлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, төрийн бус байгууллагын үнэмлэх зэрэг зүйлүүд байсан. 14 нд шилжих шөнө 01 цаг 48 минутад миний Хаан банкны алдагдсан виза картыг ашиглан данснаас 25,000 төгрөг гарсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Хохирогч С.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “...би Дамно үнэлгээтэй санал нэг байгаа. Миний хохирлыг барагдуулсан тул надад санал гомдол байхгүй... надад учирсан бүх хохирлыг барагдуулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
М-Ойл” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай компанийн салбар *** 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 01 цаг 48 минутад үйлчлүүлсэн тээврийн хэрэгслийн шатахуун авсан хяналтын камерын бичлэгийг СД дискт буулган өгсөн болно..." гэсэн 24/18**дугаартай албан бичиг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн "... Би нөхөр С.С ын хамт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр **** худалдааны төвөөс цахилгаан бараа авах явж байсан манай нөхөр С.С намайг сандал дээр сууж байхад надад түрүүвчээ өгөхөд би хажуудаа сандал дээр тавиад сууж байхад нэг үл таних залуу намайг цаашаа суучих гэхээр нь би суусан. Тэгээд нөгөө залуу манай нөхрийн түрүүвчийг аваад гарахыг анзаараагүй. Манай нөхөр гарын үсэг зураад надаас түрийвчээ авах гэсэн чинь алга байсан. Тэгээд камер шүүх гэсэн чинь маргааш ир гэхээр нь гараад цагдаад мэдэгдсэн. Иргэний үнэмлэх-1, жолооны үнэмлэх-1, Хаан банкны карт-1 Хас банкны карт-1, Худалдаа хөгжлийн карт-1, Хаан банкны карт-1. төрийн бус байгууллагын үнэмлэх-1 байсан. Бэлэн мөнгө 360,000 төгрөг, 100 доллар-2 доллар-1 зэрэг байсан. Яг сайн мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...С.Ц шатахуун түгээх газраас бензин хий гээд надад банкны карт гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "...**** худалдааны төвийн хүлээлгийн сандал дээр хохирогчийн эхнэр эрээн өмдтэй саарал футболктой эмэгтэй, хохирогч С.С эрээн өмдтэй бор футболктой үйлчилгээний сандал дээр сууж байгаагаар эхэлж байна. Хохирогч С.С хүлээлгийн сандал дээр суугаад босохдоо баруун гарт байх эд зүйлээ сандал дээр тавиад эхнэртэйгээ хоёулаа босоод явж байна. Хэсэг хугацааны дараа цагаан футболктой, саарал өмдтэй, хар малгайтай, эрэгтэй хүлээлгийн сандал дээр сууж байгаа харагдана..." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "...Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М-Ойл шатахуун түгээх станцын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01 цаг 47 минутын үед **** улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн машин харагдана..." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 40 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “...Хаан банкны хуучин карт, Хас банкны хуучин карт, Худалдаа хөгжлийн банкны хуучин карт, Жолооны үнэмлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, Төрийн бус байгууллагын үнэмлэх, Иргэний үнэмлэх...82,400...” гэсэн шинжээчийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 43-48 дугаар хуудас/,
"Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “...матрын арьсан бор өнгийн түрийвч... 100,800...” гэсэн шинжээчийн ***** дугаартай дүгнэлт /хх-ийн 53- 56 дугаар хуудас/,
С.С ын эзэмшлийн Хаан банкны **** дугаарын дансны "...06/14/2024... зарлага... 25,000... 07/01/2024... орлого... hohirliin mungu... орлого... 900,000... 11/21/2024... орлого... 200,000..." гэх дансны хуулга /хх-ийн 67-83 дугаар хуудас/,
Мөрдөгчийн магадалгаа “...517,309.831 төгрөг...” /хх-ийн 183 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт этгээд ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.
Шүүгдэгч С.Ц нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад 1.085.510 төгрөгийн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч С.Ц ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.С т 1.085.510 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь 1.100.000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
Мөн хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүйг дурдаж байна.
Иймд шүүгдэгч С.Ц ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Ц ийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Ц ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ц-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц т 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС