| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/104 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Зуунай,
Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2519000000080 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б
Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б. Б нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Стэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, хөнжлөөр ороож өшиглөсний улмаас биед нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 хуудас),
хохирогч Ж.Сийн “...Өнөөдөр 2025 оны 02 дугаар сарын 03-ны өглөө манай хамтран амьдрагч Б нь эгчмэд хүүхэнтэй утсаар яриад байсан. Би тэгэхээр нь чи яагаад эмэгтэй хүнтэй яриад байгаа юм гэж асуутал энэ чинь зүгээр манай эгч гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь аваад үзтэл тэр эмэгтэй хүнтэйгээ эмэгтэй хүн муухай юм аа би эхнэрээсээ салчихлаа гэх мэт чат бичсэн байхаар нь тэрнээс болж хоорондоо муудалцсан. Би нөхөр Бы гарын булчин руу нь алгадсан чинь намайг үсдээд хавирч унагааж алгадаад нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Мөн дээрээс хөнжлөөр баглаж ороогоод өшиглөөд байхаар нь миний зүрх өвдөөд байна гэж хэлтэл намайг зодоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 хуудас),
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “Ж.Сийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, дээд уруул, дээд уруулын дотор салст, зүүн мөр, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...Учирсан зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа бусад гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Учирсан зүүн шанаа, дээд уруул, дээд уруулын дотор салст, зүүн мөр, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, зүүн шуу. зүүн гуяны цус хуралт, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 хуудас),
Яллагдагч Бы “...найз Н над руу залгахаар нь би, Нтэй утсаар Стэй урд өдөр муудсан талаар ярьсан чинь С надад хандан би чиний араар хуурсан биш дээ, чи өөрөө намайг хуурч явчхаад гэж хэлэн том өрөөнд байсан зурагт унагааж эвдэн намайг зүгээр байхад. миний цээж хэсэг болон гар руу цохиж өшиглөхөөр нь би Сийг чи зүгээр байгаач гэж хэлсэн чинь болихгүй байхаар нь би, Сийг хавирч унагаан Сийг тэврэн, Сийн дээр хөнжил тавин, том өрөөнөөс гал тогооны өрөө рүү орсон ... намайг үгээр идээд байсан, би Сийг гудсан дээр суулгаад гараад явах гэсэн чинь С миний хөлснөөс зуураад байхаар нь би хөлөө авах гээд хөлөө жийсэн чинь С өндийх тааран нүүр хэсэг нь хөлд таарч өшиглүүлсэн. Сийн хамраас нь цус гарсан, би уураа барьж чадалгүй Ст хандан яасан чи юм ойлгодоггүй юм бэ гэж хэлээд толгойн ард хэсэгт 2 удаа алгадан, мөн нуруу хэсэгт нь 2 удаа гарын алга хэсгээрээ цохин гэрээс гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байх тул тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.С шүүгдэгч Бтай харилцан тохиролцсон байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ