Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц,

Шүүгдэгч Д, түүний өмгөөлөгч Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дт холбогдох эрүүгийн 2519000000070 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ***ын *** тоотод Цтай хэрүүл маргаан үүсгэн, түүний зүүн гарын бугалга хэсэгт нь хутгаар хатгаж, зүсэн улмаар эрүүл мэндэд нь зүүн бугалганы шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Цийн "... Би 2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд... **ын гэрт очиход Д, ** 2 тэмээ борцлоод сууж байсан... 02 цагийн орчимд Д бид хоёрын дунд маргаан болсон бөгөөд... Д нь тэмээний мах янзалж байсан боровтор өнгийн модон иштэй хутгаар миний зүүн гарын булчингийн ар хэсэгт 1 удаа хутгалаад доош нь татчихсан. Яг намайг хутгалах үед ** тэмээний мах дэлгэхээр гадаа гарчихсан байсан бөгөөд эргэж орж ирээд шууд намайг дагуулаад сумын эмнэлэгт хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

 

Гэрч П.**ын "... Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн орчимд Д бид хоёр Дорноговь аймгийн Мандах сум *** тоотод байх гэртээ 2 тэмээ янзалж, махыг нь борцолж байсан юм. Тэгээд 23 цагийн орчимд Цийг дуудаад хамт борцолсон... би гадаа борцоо дэлгээд байж байхад дотор Цт хутга шаачихлаа гэсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай "...Цийн биед зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19 дэх тал),

Гэрч Э.Чийн "...2025 оны 01 дүгээр сарын 16-наас 17-ныг шилжих шөнө 03 цагийн орчимд... манай эмнэлэгт гараа юмтад урсан гээд ирсэн юм. Тэгээд үзэхэд том шарх байсан... Тухайн үед хүнд хутгалуулсан байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Дорноговь аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай дүгнэлтээр хохирогч Цийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон ба энэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Дын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д нь хохирогч Цт хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна.  

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д нь хохирогч Цт 7,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 521,671 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж оролцлоо.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Дт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч Дт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлнэ. Шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

  Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дт нь оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч Дт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Даас 521,671 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын газарт олгосугай.

7.Шүүгдэгч Д нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АРИУНЗУЛ