| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0118/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/112 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 17.8.1., |
| Улсын яллагч | З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
улсын яллагч хяналтын прокурор Д.З,
шүүгдэгч Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дд холбогдох эрүүгийн 2319004270220 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д, Урьд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ял эдлүүлэхийг хойшлуулж байсан.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д нь нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Ханги хилийн боомт дээрээс *** ХХК-ий өмчлөлийн Beiben North Benz загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр авч явсан, урд салхины шил, баруун хаалгыг өшиглөж, цохих зэргээр эвдэж нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулан гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Чын “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойш Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “**” ХХК-ийн гадаа буюу манай кемпийн гадаа ачаатай том оврын нүүрс тээврийн хэрэгсэл өндөр хаазтай тээврийн хэрэгсэл ирэхээр нь би кемпийн монгол гэрээс гарч ирээд харах үед Beiben North Benz маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 1 залуу жолооч талын хаалгыг өшиглөж онгойлгоод бууж ирж байгаа харагдсан. Тэгээд явж очоод би тухайн жолоочоос “Ямар учиртай тээврийн хэрэгсэл вэ?” гэж асуухад архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн шал согтуу байдалтай өөрийгөө илэрхийлэх чадалгүй залуу зогсож байхаар нь “Beiben North Benz маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэний тээврийн хэрэгсэл вэ?” гэж асуух үед нөгөө согтуу залуу “Миний машин биш. Замаас унаад ирлээ” гэж хэлэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийн логог харж байгаад тус аж ахуйн нэгжийн менежерийн дугаарыг олоод залгаад “Танай компанийн Вeiben North Benz маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай компанийн урд талд согтуу жолоочтой хүрээд ирлээ” гэж хэлсэн. ...Урд талын салхины шилийг дотор талаас нь юмаар цохисон юм шиг жижиг жижиг хагарсан байдалтай... жолооч талын хаалга нь гацсан юм шиг онгойхгүй байхаар нь өшиглөөд онгойлгож аваад бууж ирж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 хуудас),
“***” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1362 дугаартай “...салхины шил /урд/... 450,000... хаалга /баруун урд/... 850,000...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 хуудас),
“Эч Ди Эрхэт” ХХК-ийн Дорноговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 хуудас) зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “***” ХХК-ийн өмчлөлийн Beiben North Benz загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр авч явсан, урд салхины шил, баруун хаалгыг өшиглөж, цохих зэргээр эвдэж нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулан гэмтээсэн болох нь тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй...”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Ханги хилийн боомт дээрээс “*** ХХК”-ийн өмчлөлийн Beiben North Benz загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж явсан байх бөгөөд Дын санаа, сэдэл, зорилго нь тухайн тээврийн хэрэгслийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “хулгайлах” гэх, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “дээрэмдэх” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Мөн шүүгдэгч Д нь “***” ХХК-ийн өмчлөх эрхэд халдан тус хуулийн этгээдийн өмчлөлийн Beiben North Benz загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, баруун хаалгыг өшиглөж, цохих зэргээр эвдэж нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч Чын мэдүүлэг, “***” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1362 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.
Шүүгдэгч нь хохирогч “***” ХХК-д 1,300,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Дыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэж шүүгдэгч Дд 1500 нэгж тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох” гэсэн санал дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Торгох ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 900,000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэх саналыг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Дд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр тус тус зохицуулжээ.
Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.
Шүүгдэгч Дд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа, гэм учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Д нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгж, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялын хэмжээг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д нь оногдуулсан 2,000,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч Дд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Д нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ