| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ч,
Хохирогч М.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Л.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.М*д холбогдох эрүүгийн 6666666666663 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ............оны ...... дүгээр сарын ......-ны өдөр .............аймгийн .........суманд төрсөн, .....настай, ..........эй, боловсролгүй, мэргэжилгүй, ........., ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт ...........аймгийн ............ сумын ......... багт оршин суух хаягтай, .............. регистрийн дугаартай Б овогт Л*ын М
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.М нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ............ аймгийн ............ сумын А багийн нутагт байрлах өөрийн гэртээ “хонио эрт хотлууллаа” гэх гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Ц-ийн толгой болон хэвлий, нуруун тус газарт нь цохих болон өшиглөж улмаар эхнэр М.Ц-ийн биед тархины няцралт дунд хэлбэр, тараагуур судаснуудын захын салаануудын нарийсал, агчилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Л.М*ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Шүүгдэгч Л.М нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ............ аймгийн ............ сумын А багийн нутагт байрлах өөрийн гэртээ “хонио эрт хотлууллаа” гэх гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Ц-ийн толгой болон хэвлий, нуруун тус газарт нь цохих болон өшиглөж улмаар эхнэр М.Ц-ийн биед тархины няцралт дунд хэлбэр, тараагуур судаснуудын захын салаануудын нарийсал, агчилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Хохирогч М.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө нөхөр М гэрээсээ гараад айлын хүнс төхөөрч өгнө 11 цагийн үед явсан юм. Тэгэхлээр нь би хонио хариулаад бас гэрээсээ гараад явж байгаад 16 цагийн үед манай нөхөр А сумын төвөөс гэр лүүгээ явж байхад нь би гэр лүүгээ яваад очтол манай нөхөр М архи ууцан болсон халамцуу байж байхаар нь чи одоо хаана архи уусан юм гэж хэлээд одоо унтаж амар гэсэн чинь орон дээрээ гараад хэвтээд өгөхлөөр нь би буцаад гэрээсээ гараад хонио хариулж явж байгаад орой 18 цагийн үед хонио гэр рүүгээ тууж очоод хотондоо хотлуулж байтал манай нөхөр М гэрээсээ гарж ирээд чи яасан эрт хонио хотлуулдаг юм гэж хэлхээр нь би орой болчихсон байгаа биз дээ гэж хэлээд гэртээ ортол манай нөхөр М гэртээ гал ч түлээгүй байхаар нь би чи галаа ядаж түлчихэд яадгийн гэж хэлсэн чинь манай нөхөр М намайг чи угаасаа хаагуур яваад ирсэн юм, бас ямар эрт хонио хотлуулдаг юм гэж хэлээд миний толгой руу цохиод авахаар нь чи яагаад намайг цохиод байгаа юм гэж хэлсэн чинь яадгийн гуйлгачин минь гэж хэлээд ахиад цохих гэхээр нь би гэрээсээ зугтаагаад гарах гэтэл миний хойноос хөөгөөд миний үснээс хойш нь татаж унагаад дээрээ дараад толгой руу хоёр гараараа ээлжлээд цохиод, гэдэс нуруу руу өшиглөөд зодоод байхаар нь арай хийж ноцолдож байгаад босож ирээд гэрээсээ зугтаж гараад гэрийнхээ хойд талд байдаг амбаарын хажууд нуугдаад байтал манай нөхөр М машинаа асаагаад А сумын төв рүү яваад өгөхөөр нь гэр лүүгээ орох гэтэл манай нөхөр гэрээ цоожлоод яваад өгсөн байсан. Тэгэхлээр нь би А сумын төв ороод Б гэдэг айлд хоноод маргааш нь цагдаад очиж дуудлага өгсөн. ...Урьд нь цохиж зодож байгаагүй. ...Би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэдгээ ойлгож мэдлээ. Гэхдээ би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй. Би одоо нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 41-42, 45/,
Гэрч П.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой бүрэнхий болж байхад манай охин над руу залгаад Л.М намайг хонио эрт оруулж ирлээ гэдэг шалтгаанаар намайг зодчихоод гэрээ цоожлоод А сумын төв рүү явчихлаа. Би хүүхдээ дагуулаад А сум руу алхаад явж байна, ирээд аваач гэхээр нь одоо яаж харанхуйд очих юм бэ? өглөө эрт очоод авъя гэсэн. Би нөхөртөө энэ талаар хэлээд маргааш нь нөхөр бид хоёр А сум руу явж Б гэх айлын гаднаас охиноо, хүүхэдтэй нь хамт авсан. Тухайн үед манай охин зүүн талын нүд, шанаа, дагз хэсэг нь хавдсан байдалтай байсан. Нөхөр чинь чамайг яаж зодсон юм бэ? гэхэд үснээс татаж унагаагаад гараараа толгой, нүүр рүү нь олон удаа цохиод өшиглөж дэвссэн гэсэн. Би тухайн үед М руу залгаагүй...Манай охин 3 хоногийн дараа татаж унаад ухаангүй болсон. Эмч нар манай охиныг тархины харвалттай байж магадгүй гэж хэлж байсан. Тэгээд аймгаас эмч дуудаад аймгийн эмч нар ирж үзээд З аймаг руу авч явсан. М бид хоёр аймаг руу хамт явсан. Аймагт очоод У.... хот руу гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжиж 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Энэ бүх хугацаанд би дандаа охиноо асарч байсан. Манай охин 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нөхөр М*той зодуулснаас болоод З аймгийн нэгдсэн эмнэлэгт 5 хоног, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 5 хоног, Б сумынхаа эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Түүнээс манай охинд ямар нэгэн архаг хууч өвчин бол байхгүй. Манай охин өвчин тусаж байгаагүй, эмнэлэгт хэвтэж байгаагүй. Миний охиныг эрүүл саруул байхад нь авч суугаад зодож цохисонд нь гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 56-57/,
Гэрч Ө.М*ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой хэдэн цагт гэдгийн санахгүй байна миний төрсөн охин М.Ц ээж рүүгээ залгаад М намайг зодсон маргааш өглөө Б гэдэг айлаас ирж аваарай гэж хэлүүлсэн байсан. Тэгэхээр нь маргааш өглөө нь эхнэрийнхээ хамт А сум ороод Ц гэх айлд очиход манай охин Ц хүү Б*тойгоо хамт гарч ирээд машинд суусан. Би тэр айлд нь ороогүй. Тухайн үед манай охины нэг нүд хавдсан, дагзны хойд хэсэг нь хавдаж овойсон гэмтэлтээ татаж унах гээд байна гэж хэлж байсан. Юунаас болоод яагаад нөхөртөө зодуулсан бэ? гэхэд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б сумын А багийн үхэр чулуу гэх газарт ганцаараа хонио хариулаад орой гэртээ ирсэн гэсэн. Тэр үед хүргэн М сумын төвөөс архи уугаад согтуу ирээд хонио эрт хотлууллаа гэдэг шалтгаанаар толгой руу нь гараараа цохиж зодсон гэсэн. Эхнэр бид хоёр тэр айлын гаднаас хөдлөөд Б суманд гэртээ ирсэн. Гэртээ ирээд 3 хоногийн дараа ухаан алдаад татаж унасан. Тэгээд охиныгоо Б сумын эмчид үзүүлэхэд тархинд цус харвалттай гээд З аймгаас мэргэжлийн эмч нар дуудсан. Аймгийн эмч нар ирж үзээд охиныг ухаан орохгүй байхаар нь З аймаг руу аваад явсан. Манай эхнэр хамт яваад би гэртээ малаа маллаад үлдсэн. Манай охин У хот руу явж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт хүртэл хэвтэн эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 65-66/,
Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө хүргэн ах М үүрээр 04 цагийн үед манайд согтуу А сумаас өөрийнхөө П маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. Манайд ирэхдээ ах нь Ц эгчтэй чинь муудалдаад тэгээд зугтаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Би одоо хүргэн А-ны гэр рүү явлаа гэж хэлээд явсан боловч удалгүй А гэртээ байхгүй байна гээд 1 шил архитай ирэхээр нь би уухгүй гээд түүнийг явуулсан. Манай гэрээс А сум хүртэл 2 км байсан. Тэгтэл өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөдөөнөөс манай аав, ээж хоёр миний төрсөн эгч М.Ц*тай хамт манайд ирсэн. Тэгтэл миний эгчийн зүүн талын нүд нь хавдсан байдалтай, толгой өвдөөд унах гээд байна гэхээр нь би Б сумынхаа эмч С руу залгаад эгчийгээ үзүүлэх гэсэн юмаа гээд дуудлага өгсөн. Эмч хэсэг хугацааны дараа ирээд манай эгчийг үзсэн. Эмч эгч Ц-ийг үзэж байхад манай ээж эгчийг чинь өчигдөр М хонио эрт оруулж ирлээ гээд зодсон байна гэж хэлсэн. Манай эгч надад ямар нэгэн зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх 69-70/,
Гэрч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед Э гэх хүн над руу залгаад манай эгчийн толгой өвдөөд, дотор нь муухайраад байна гэхээр нь би М.Ц гэх эмэгтэй үзсэн. Намайг үзэхэд зүүн нүд, чих хөхөрч хавдсан, зүүн талын дух овойж хавдсан, дагз хэсгийг нь гараар тэмтэрч үзэхэд бага зэрэг овойж хавдсан эмзэглэл ихтэй байсан. Түүнээс юу болсон талаар асуухад хонь хариулаад гэртээ орж ирэхэд манай нөхөр согтуу намайг зодсон. Манай нөхөр намайг зодохдоо яасан их янхандаж ирдэг юм бэ? яасан эрт хонь хотлуулдаг юм бэ? гээд миний үснээс зулгаагаад гараараа цохиж хөлөөрөө өшиглөж зодсон гэж хэлсэн. Би уг хүнийг Э*ын гэрт нь үзсэн. Би уг хүнд эм нь эмчилгээ бичиж өгөөд болохгүй бол эргэж холбогдоорой гэсэн. Түүнээс хойш би тэр хүнийг дахиж үзээгүй. Уг хүн сүүлд нь эмнэлэг дээр татаад ирсэн гээд ухаангүй байж байснаа Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэгдсэн гэсэн. Ц гэх хүн өмнө нь эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, унаж татаж байгаагүй хүн...” гэсэн мэдүүлэг /хх 72/,
Гэрч Г.З*ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөр ........ аймгийн ........ сумын С багт буюу гэртээ унтах гэж байхад гаднаас М.Ц нь хүүтэйгээ хамт манайд орж ирсэн. Тухайн үед нөхөртэйгөө маргалдсан гэж хэлж байсан. Юунаас болж маргалдсан талаараа тодорхой зүйл хэлээгүй. Тэгээд манайд хоночхоод өглөө нь унаа ирлээ гээд манайхаас гараад явсан. Маргааш өглөө нь түүнийг аав М нь машинтай ирээд аваад явсан. М гэх залуу нь манай аавын талын хамаатан байгаа юмаа. Үүнээс өөрөөр би тэр хоёрыг маргалдаж муудалцаж байсан талаар нь бол мэдэхгүй. Хэд хоногийн дараа би түүнийг нөхөртөө зодуулаад манайд ирээд хоноод явсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 74/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч М.Ц/ нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авч байсан эсэхийг нь программаас шалгаж үзэхэд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байдлаар 4 удаа нийт 2.474.952 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас түүнд олгосон байгаа... М.Ц гэх хохирогч эрүүл мэндийн даатгалаас гарсан 2.474.952 төгрөгөө бүгдийн төлж барагдуулсан байна...” гэсэн мэдүүлэг /хх 206-207/
Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗАВ/0725/034 дугаартай: “...М.Ц*ийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тархины няцралт дунд хэлбэр, тараагуур судаснуудын захын салаануудын нарийсал, агчилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хохирол тогтоогдлоо. Уг хохирол нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. М.Ц*-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 156-163/ болон 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Л.М: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Прокуророос шүүгдэгч Л.М-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Л.М-ын хохирогч М.Ц-ийн толгой болон хэвлий, нуруун тус газарт нь цохиж өшиглөсөн үйлдэл хохирогчийн биед учирсан тархины няцралт дунд хэлбэр, тараагуур судаснуудын захын салаануудын нарийсал, агчилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.М нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч Л.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
4.1. Шүүгдэгч Л.М-ын үйлдлийн улмаас хохирогч М.Ц-*ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
4.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заажээ.
Шүүгдэгч Л.М-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч М.Ц*ийн эрүүл мэндэд хохирол учирч хохирогч нь эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан болох нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байдлаар 4 удаа нийт 2,474,952 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас түүнд олгосон байна. ...Эрүүл мэндийн даатгалаас гарсан 2,474,952 төгрөгөө бүгдийн төлж барагдуулсан байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг төлсөн болох нь Хаан банкны банк хоорондын мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.М нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л*ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.М-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.5-т тус тус зааснаар шүүгдэгч Л.М*д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
8. Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ