Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2022/00863

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 04 18 181/ШШ2022/00863

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  АТ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах, МУХБ-д холбогдох,

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн З-АТ-ЗҮ 2017-171 дугаар Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2017.10.03-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.07.09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч АТ ХХК-ийн захирал М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Д.Г, Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АТ ХХК-ийн захирал М.Битгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, П.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АТ ХХК нь 2007 оноос хойш Монгол Улсын иргэддээ тогтвортой ажлын байр бий болгох, улс эх орондоо бүтээн байгуулалт бий болгохыг эрхэм зорилго болж ажиллаж ирсэн.

Улмаар 2010 оноос хойш иргэдэд бодитой туслалцаа үзүүлэх, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхүйц хэмжээний төслийг хэрэгжүүлэх замаар нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгааны нэг болж буй хавдрын өвчнийг эрт оношлох, төгс эмчлэх орчинг бий болгохоор Японы эрүүл мэндийн салбарын технологи, менежментийг Монголдоо нутагшуулах зорилгоор 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төслийн хүрээнд баригдаж буй өндөр хөгжилтэй орны эмнэлгийн барилгын стандарт шаардлагыг бүрэн хангасан эхний ээлжийн 120-н ортой Эмчилгээ оношилгооны төв-ийн эмнэлгийн барилгын гүйцэтгэлийн явцад нэмэлт хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зээл авах шаардлага үүссэн. Иймээс МУХБтай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр З-АТ-ЗҮ 2017-171 дугаар зээлийн гэрээ"-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгчээс 15,000,000 ам. долларыг 5 жилийн хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь тодорхой хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээж энэ зээлийг авсан.

Гэтэл Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нөхцөл байдал 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2021 онд ч нэгэн адил үргэлжилж Монгол Улсын хэмжээнд иргэд аж аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа зогсож, доголдсон нь нийтэд илэрхий үйл явдал.

Төр засгийн зүгээс авсан хорио цээрийн дэглэм тогтоосон удаа дараагийн арга хэмжээний улмаас АТ ХХК-ийн хэрэгжүүлж байгаа 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөл бусдын нэгэн адил иж бүрэн хэрэгжих боломжгүй болж өнөөдрийг хүртэл зогсож, зээлдэгчийн эдийн засгийн байдал илт дордсон нь бодит байдал.

Иймээс Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, улс төрийн шийдвэр зэргийг судалж үзээд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас АТ ХХК-д гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэж гэрчилгээ олгосон байдаг.

Нөгөө талаар энэ удаагийн давагдашгүй хүчин зүйл болох Ковид-19 цар тахал нь удаан хугацаагаар үргэлжилж буй, урьд өмнө Монгол Улсын хэмжээнд гарч байгаагүй, гэрээнд заасан хорио цээрийн дэглэм-/тарваган тахал, хорио...гэх мэт/-ээс эрс өөр, зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөөгүй нь уг давагдашгүй хүчин зүйлтэй шууд холбоотой тул бодит байдлаа танилцуулж, зээлдүүлэгч МУХБанд мэдэгдэж зээлийн хугацааг хойшлуулах сунгуулах хүсэлт гаргасан боловч гэрээнд давагдашгүй хүчин зүйл хамаарахгүй гэж заасан гэдгээр шалтаглан гэрээний хугацааг хойшлуулах, сунгахаас татгалзаж, Иргэний хуулийн тэгш эрхийн зарчим зөрчсөн. Монгол Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал, нөлөөлөл хэнд ч илэрхий тодорхой энэ үед гэрээний талуудад эрсдэл хуваарилах зарчим ч үйлчлэх ёстой.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт хараа хяналтаас гадуур болсон урьдчилан сэргийлэх боломжгүй, урьдчилан сэргийлж шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван тарах боломжгүй саад тотгор тохиолдсоны улмаас гэрээний талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрэхийг ойлгодог.

Гэтэл МУХБ нь талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3-AT-3Y 2017-171 тоот Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3-ийн Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан-(үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг) нь Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэсэн заалтад урьд өмнө гарч байгаагүй энэ удаагийн цар тахлын давагдашгүй хүчин зүйлийг хамааруулж зээлдэгч компанийг хохироож байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл гэрээний энэхүү заалт зээлдүүлэгчийн хүсэл зоригийн давуу байдлыг илэрхийлж байгаа бөгөөд талуудын эрх тэгш оролцох зарчимд үндэслээгүй байна.

Иймээс талуудын хоорондох гэрээний дээрх заалтаар зээлдэгч талын эрх ашгийг /гэрээний хугацааг сунгуулах, үүргийг биелэлтийг хойшлуулах .. зэрэг / илт дордуулсан хэлцэл хийсэн учраас энэ заалт хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

Нөгөөтэйгүүр аливаа зээлийг авсан иргэн, хуулийн этгээд нь тухайн зээлийг ашигласан тохиолдолд зээлийг хуваарийн дагуу төлөх боломжтой юм. Иймээс тухайн нөхцөл (тухайн нийгмийн үйл явдлаас шалтгаалан)-д давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл бий болсон тохиолдолд зээлийг төлөх боломжгүй болох юм. Гэтэл зээлдүүлэгч нь гэрээний нөхцөлдөө давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл бий болсон тохиолдолд зээлдэгч нь зээлийг ашиглах боломжгүй байхад зээлийг хүүгийн хамт төлсөөр байхаар гэрээнд заасан нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бий болсон үед зээлдэгч бүхий л эрсдэлийг хариуцаж /зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байгаа, мөн үйл ажиллагаа явуулаагүй үед/ зээлдүүлэгч мөнгөн төлбөрийг үргэлжлүүлэн авч байхаар заасан нь гэрээ байгуулах замаар зээлдэгчийг эдийн засгийн хувьд илтэд хохироож байгаа үйлдэл юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцлийг, Иргэний хуулийн 202 дугаар зүйлд гэрээний стандарт хүчин төгөлдөр бус нөхцлүүдийг нэг бүрчлэн заасан байдаг.

Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлд заасан хэлцэл, нөхцөлд хамаарах байгаа боловч төрийн эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй тохиолдолд тухайн хэлцэл, гэрээний зүйл заалт нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний заалтын нэгэн адил эрх зүйн үйлчлэлтэй хэвээр байдаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т талуудын хооронд хийсэн хэлцэл нь хийгдсэн хүчин төгөлдөр бус байх тохиолдолд хэлцлээр харилцан солилцсон зүйлсээ буцаан өгөх эрх зүйн дагаврын талаар хуульчилж заасан байдаг. Харин тухайн хэлцэл, гэрээний нөхцөлөөр харилцан эд зүйлс солилцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасан үр дагаврыг бус хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож эрхээ хамгаалуулж болохоор байна.

Иймээс нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан хэлцэл, гэрээний заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар заасан нөхцөлд хамаарч байгаа эсэхийг тогтоолгохоор шаардлага гаргасан болно. Иймд МУХБ, АТ ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн З-АТ-ЗҮ 2017-171 дугаар Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Хэрэгт авагдсан баримтуудаас харвал МУХБны гүйцэтгэх захирлын 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар А-36 тоот тогтоолоор Корона вируст халдвар /ковид 19/-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журмыг баталсан байдаг. Гэтэл хариуцагч нь уг журмыг батлагдсан талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн нөхцөл байдал нь уг журамд заасныг бүрэн хангасан байхад журамд хамааруулаагүй ялгамжтай хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь этгээдэд ижил тэгш хандах учиртай. Иймээс МУХБ нь МУХБны гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар А-36 тоот түр журам батлах тухай" тушаал, түүний хавсралт 1-т зааснаар МУХБ, АТ ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацааг зохих журмын дагуу хойшлуулах, сунгах үүргээ хэрэгжүүлэхгүй нэхэмжлэгч компанийг хохироосон юм.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. МУХБ, АТ ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3-AT-3Y 2017-171 дугаар Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү

2. МУХБ, АТ ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 3-AT-3Y 2017-17/1 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэн хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг МУХБинд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч МУХБ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Д.Г, Б.Жнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг. Гэрээнд давагдашгүй хүчин зүйл хамаарахгүй гэж заасан гэдгээр шалтаглан гэрээний хугацааг хойшлуулж, сунгахаас татгалзаж, Иргэний хуулийн тэгш эрхийн зөрчмыг зөрчсөн гэх тухайд,

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолыг батлан гаргаж, тус тогтоолын 8 дугаар зүйлд Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Б)-д тус тус зөвлөсүгэй гэж тогтоосон. Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолоор МУХБанд хандаж зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулж, гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвлөөгүй, зөвхөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, зохицуулалтын арга хэмжээ авахыг зөвлөсөн агуулгатай байдаг. Энэхүү тогтоолын дагуу Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ээлжит бус хурлаас гарсан Бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувийг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг сунгах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай 2020/06 дугаартай мэдэгдлээр зөвхөн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, МУХБнаас авсан зээлдэгчийн зээл нь хэрэглээний зээл биш ба төслийн буюу бизнесийн зээл учир Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын дагуу Монголбанкны шийдвэрээр бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгахаар шийдвэрлэсэн зээлд хамаарахгүй болно.

Гэхдээ бид Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон зээлдэгчдийн зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг хүлээн авч, цар тахлыг хамтдаа даван туулахад МУХБнаас дэмжлэг үзүүлэх, зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах, зээлийн хугацааг сунгах зэргээр зээлдэгч нартай хамтран ажилласаар ирсэн. Нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/61 тоот албан бичгээр зээлийн бүтцийг өөрчлөх хүсэлтээ анх ирүүлэх үед МУХБ нь тус банкны дотоод дүрэм, журам тухайлбал Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоох журам, Зээлийн удирдлагын хороо (цаашид ЗУХ гэх)-ны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтэд авах арга хэмжээний тухай 2020/35 дугаартай дүгнэлтэд дурдсан дараах 4 шаардлагыг хангасан тохиолдолд тухайн зээлийн нөхцөлийг өөрчилж байсан болно:

(i) 180 хоног хүртэл зээл, хүүний хугацаа хэтрэлт үүссэн;

(ii) Төслийн зээлийн зарцуулалт, зориулалт зөрчилгүй;

(iii) Төслийг хэрэгжүүлж байгаа;

(іv) Ирээдүйд мөнгөн урсгал бий болох боломжтой, түр хугацааны санхүүгийн хүндрэлд орсон байх.

Улмаар АТ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/61 тоот албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу МУХБны Зээлийн газар нь зээлийн судалгаа хийж, АТ ХХК-ийн зээлийн нөхцөлд бүтцийн өөрчлөлт оруулах асуудлыг МУХБны холбогдох журам, дээрх дүгнэлтэд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг судалж, холбогдох газар, нэгжүүдээс дүгнэлт гаргуулан ЗУХ-нд танилцуулсан боловч холбогдох газар, нэгжийн дүгнэлтээр зээлдэгчийн зээл, барьцаа хөрөнгийн харьцаа МУХБны холбогдох шаардлагыг хангаагүй, зээлдэгчийн мөнгөн урсгалын төсөөлөл нь зээлийн нөхцөл өөрчилсөн ч зээл, зээлийн хүүг төлөх чадваргүй гэж тогтоогдсон тул ЗУХ-ны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2021/07 тоот дүгнэлтээр АТ ХХК-д олгосон зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахаас татгалзсан болохыг АТ ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 6/190 тоот албан бичгээр хүргүүлж, татгалзсан үндэслэлээ ... Зээлийн удирдлагын хорооны хурлаар танай компанийн санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, ирээдүйд орох мөнгөн урсгал болон холбогдох шинжилгээ судалгааг тус тус үндэслэн зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтээс татгалзсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэж дурдсан бөгөөд Зээлийн гэрээний 7.3-д заасныг огт үндэслээгүй байхад АТ ХХК нь нэхэмжлэлдээ зөвхөн ...Гэрээнд давагдашгүй хүчин зүйл хамаарахгүй гэж заасан гэдгээр шалтаглан гэрээний хугацааг хойшлуулах, сунгахаас татгалзсан мэтээр ЗУХ-ны шийдвэр болон АТ ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг мушгин тайлбарлаж, тэдгээрт огт дурдаагүй үндэслэлээр биднийг буруутгаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Зээлдэгч нь ЗУХ-ны шийдвэр гарснаас хойш 2 cap гаруйн дараа 2021 оны 04 сарын 29-ний өдөр Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээг эрх бүхий байгууллагаар гаргуулж авсан байх боловч одоог хүртэл МУХБнд хандаж, зээлийн гэрээний хугацааг хойшлуулах тухай хүсэлтээ албан ёсоор гаргаагүй болно.

Хоёр АТ ХХК нь зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь давагдашгүй хүчин зүйлтэй шууд холбоотой гэх тухайд:

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (цаашид МҮХАҮТ гэх)-аас гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №02/131 дугаартай Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээгээр АТ ХХК-ийн МУХБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг хүнд нөхцөл байдал /Hardship/ гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний төлбөрөө хугацаандаа төлөх боломжгүй байгаа нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас бус хүнд нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзсэн байна. Харин зээлийн гэрээний 7.3 нь хүнд нөхцөл байдал бус давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд хамаарах зохицуулалт бөгөөд давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан. Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын хувьд үүсгэгдэж буй шалтгаан нөхцөлөөр гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс ялгаатай бөгөөд хүнд нөхцөл байдал гэдэгт хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болохыг ойлгодог бөгөөд МҮХАҮТ нь энэ талаар АТ ХХК-д олгосон гэрчилгээндээ ...Энэхүү үүсээд буй нөхцөл байдал нь МҮХАҮТ-ын үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам-ын 1 дүгээр зүйлийн 1.2.2-т Hardship буюу хүнд нөхцөл байдал гэдэгт хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас талууд эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх зэргээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болохыг хэлнэ гэж заасантай нийцэж буй тул АТ ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлтийг ХСҮТ-ийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч түрээсийн орлогоороо төлж чадахгүй болсон нь давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бус хүнд нөхцөлд байдал гэж тогтоосон байхад зээлийн гэрээний 7.3-д заасан давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал мэтээр үзэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай хамааралгүй харилцааг зохицуулсан зээлийн гэрээний 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Үүнээс үзвэл, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд нөлөөлөөгүй, Зээлийн гэрээний 7.3 дахь заалт нь Зээлдэгчийн эрх ашгийг хөндөөгүй, Зээлдэгчийг хохироогоогүй буюу Зээлийн гэрээний 7.3 дахь заалт нь Зээлдэгчид үүсээд буй нөхцөл болох хүнд нөхцөл байдал /Hardship/-ын асуудлыг зохицуулаагүй байна. Тиймээс, Зээлийн гэрээний 12.6-т Гэрээгээр зохицуулаагүй бусад харилцаа, аливаа асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна гэж заасныг баримтлан гэрээний талуудад үүссэн хүнд нөхцөл байдал /hardship/-ыг холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулах боломжтой.

Гурав. Зээлийн гэрээний 7.3 дахь заалтад урьд өмнө гарч байгаагүй энэ удаагийн цар тахлын давагдашгүй хүчин зүйлийг хамааруулж, зээлдэгч компанийг хохироож байна, гэрээний дээрх заалтаар зээлдэгч талын эрх ашгийг /гэрээний хугацааг сунгуулах, үүргийн биелэлтийг хойшлуулах/ илт дордуулсан тул хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэх тухайд:

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 7.3 дахь заалтыг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч тус заалт нь хуулийн хориглосон ямар хэм хэмжээг зөрчсөн, хуулийн аль шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхой тусгаагүй байна. Харин 7.3 дахь заалтад урьд өмнө гарч байгаагүй энэ удаагийн цар тахлын давагдашгүй хүчин зүйлийг хамааруулж, зээлдэгч компанийг хохироож байна, гэрээний дээрх заалтаар зээлдэгч талын эрх ашгийг /гэрээний хугацааг сунгуулах, үүргийн биелэлтийг хойшлуулах/ илт дордуулсан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Нэхэмжлэгчид үүсээд байгаа хүнд нөхцөл байдал буюу МҮХАҮТ-ын 2021 оны 04 сарын 29-ний өдрийн №02/131 дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр тогтоосон зээлийн эргэн төлөлтийг хийх түрээсийн орлого ХСҮТ-ээс орж ирэхгүй болсон нөхцөл байдал Зээлийн гэрээний 7.3-д заасантай огт хамааралгүй. Нэхэмжлэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ 2020 оны 11 сарын 23-ны өдөр ирүүлэхэд, МУХБны холбогдох дүрэм, журмын дагуу судалж үзээд, холбогдох шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн болно. Түүний зээлийн хугацааг сунгуулах хүсэлтээс татгалзахдаа зээлийн гэрээний 7.3-д заасныг үндэслэсэн мэтээр тайлбарлах нь үндэслэлгүй.

МУХБны зүгээс Зээлийн гэрээний энэ заалтыг үндэслэн зээлдэгч компанийг хохироож, зээлдэгч талын эрх ашгийг /гэрээний хугацааг сунгуулах, үүргийн биелэлтийг хойшлуулах/ илт дордуулаагүй бөгөөд бидний зүгээс МУХБнаас зээл авсан боловч хугацаандаа төлбөрөө төлөх боломжгүй болсон олон зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч, одоогоор Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А-36 дугаар тушаалаар баталсан Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журам-ын дагуу зээлийн нөхцөл өөрчлөх, хугацааг хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бид харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмын дагуу тус журамд заасан шаардлагыг хангасан зээлдэгч хэний ч зээлийн гэрээнд нь нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн төлбөр төлөх хугацааг нь сунгаж, бүтцийн холбогдох өөрчлөлтийг хийж байгаа болно. Гэтэл АТ ХХК нь МУХБны холбогдох журмын шаардлагыг хангаагүй, давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын нөлөөнд орсон болохоо баримтаар нотлоогүй атлаа зээлийн гэрээний 7.3 дахь заалт АТ ХХК-ийг хохироож, зээлдэгч талын ашиг сонирхлыг илт дордуулж байгаа мэтээр тус заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь илт үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний 7.3 дахь заалт нь зээлийн гэрээний хугацааг сунгахтай холбоотой харилцааг зохицуулсан заалт биш юм. Иргэний хуулийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлдсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг. Зээлийн гэрээний 7.3 дахь заалт нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгт давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нөлөөлөхгүй, давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нь зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэсэн агуулга болохоос давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй гэсэн санаа агуулгагүй болно. Өөрөөр хэлбэл, Зээлийн гэрээний 7.3 дахь заалт нь Иргэний хуулийн 215.2 болон 451.1-д заасныг тодотгосон заалт болохоос зээлийн гэрээний хугацааг сунгахыг хориглосон, хязгаарласан заалт биш юм.

Дөрөв. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1, 202 дугаар зүйлд заасан хэлцэл, нөхцөлд хамаарна гэх тухайд:

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх ямар хэлцэлд хамаарахыг нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй. Зээлийн гэрээний 7.3 дахь заалт нь хуулийн ямар нэгэн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, Иргэний хуулийн 451.1, 215.2-д заасантай нийцэж байгаа бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй бөгөөд Иргэний хуулийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх бусад хэлцэлд хамаарахгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 202.1-д заасан агуулгын шаардлагын хувьд Зээлийн гэрээний 7.3 дахь заалт нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харшлаагүй, зээлдэгч талыг хохироогоогүй. Шударга ёсны зарчимд нийцсэн эсэхийг тогтоохдоо маргаан бүхий тухайн нөхцөл байгаагүй бол уг нөхцөлийг хүлээн авагчийн эрх зүйн байдал ямар байх байсантай харьцуулан тайлбарладаг. Зээлийн гэрээний маргаан бүхий 7.3 дахь заалт анхнаасаа байхгүй байсан ч зээлдэгч зээлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж, МУХБны холбогдох дүрэм, журамд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг нягталж, хангаж байгаа тохиолдолд зээл, зээлийн хүү төлөх хугацааг сунгах гэрээ, хэлцэл хийгдэх тул зээлийн гэрээний 7.3 дахь заалт нь шударга ёсны зарчимд харшлаагүй, зээлдэгчийн хохироогоогүй, зээлийн хугацааг сунгахтай хамааралгүй заалт юм. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний 7.3 дахь заалт байхгүй байлаа ч зээлийн хугацааг талууд харилцан тохиролцож зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулаагүй л бол Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүрэг хэвээр байна. Түүнчлэн зээлийн гэрээний 7.3 дахь заалт байхгүй байлаа ч түүнийг Иргэний хуулийн 215.2-д Үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй гэж заасан хэм хэмжээ орлох бөгөөд хуулийн энэ хэм хэмжээний дагуу зээлдэгч төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгөтэй холбоотой үүргийг ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэг хүлээнэ. Иймд Зээлийн гэрээний 7.3 дахь заалт нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харшлаагүй, зээлдэгч талыг хохироогоогүй гэж үзэж байна.

Тав. МУХБ нь МУХБны гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А-36 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамд зааснаар МУХБ, АТ ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацааг зохих журмын дагуу хойшлуулах, сунгах үүргээ хэрэгжүүлэхгүй нэхэмжлэгч компанийг хохироосон тул МУХБ, АТ ХХК-ийн хооронд байгуулсан З-АТ-ЗҮ 2017-17/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг МУХБанд даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

МУХБ ХХК нь Гүйцэтгэх захирлын 2021 оны 05 сарын 06-ны өдрийн А-36 дугаартай, 2021 оны 10 сарын 20-ны өдрийн А-44 дугаартай тушаалаар тус тус Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журам-ыг батлан, өдгөө гүйцэтгэх захирлын 2021 оны 10 сарын 20-ны өдрийн А-44 дугаартай тушаалаар баталсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журмыг мөрдөж байна. Эдгээр журмын 1.1-д Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журмын зорилго нь ....нөхцөл өөрчлөх хүсэлт ирүүлсэн зээлд тавигдах шаардлагыг тогтоох, нөхцөл өөрчлөх зээлийн хүсэлтийг шийдвэрлэх үйл ажшлагааг зохицуулахад оршино. гэж, 1.3-д Зээлийн нөхцөл өөрчлөхдөө зээлдэгчийн нөхцөл өөрчлөх хүсэлтэд үндэслэнэ гэж тус тус заасан байгаагаас үзвэл зээлдэгч зээлийн нөхцөл өөрчлөх буюу хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлсний дараа уг хүсэлтийг үндэслэн МУХБ тухайн зээлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр байна. Гэтэл зээлдэгч АТ ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/61 тоот албан бичгээр хүсэлт гаргаснаас хойш нөхцөл өөрчлөх хүсэлтээ МУХБанд ирүүлээгүй байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 01/61 тоот албан бичгээр Зээлийн бүтцийг өөрчлөн ам.долларыг төгрөгийн зээл болгон хөрвүүлэх тухай хүсэлт ирүүлээд байна.

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 01/61 тоот албан бичгээр Зээлийн бүтэцийг өөрчлөн ам.долларыг төгрөгийн зээл болгон хөрвүүлэх тухай хүсэлтийг МУХБ хүлээн авч, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журамд заасан доорх шаардлагыг хангасан эсэхийг МУХБ нягтлан, хангасан тохиолдолд зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилнө:

1. Тухайн зээлдэгч нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөлд орсныг гэрчилж Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгосон гэрчилгээтэй байх;

2. 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс өмнөх хугацаанд зээл, хүүгийн төлбөрийн зөрчилгүй байх;

3. Төсөл хэрэгжиж байгаа, цаашид төслийн мөнгөн урсгалаар зээлийг төлөх боломжтой байх;

4. Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу зарцуулсан байх;

5. Тухайн зээл нь Тусгай активын үйл ажиллагаа хариуцсан нэгжид болон шүүхийн шатанд шилжээгүй байх;

6. Зээлийн гэрээний хутацаа дуусаагүй байх.

Харин шүүх МУХБ-ны дээрх журмыг ашиглан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг нгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1-д заасан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид хамаарахгүй гэж байна. Тодруулбал, шүүх МУХБ-ны баталсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журамд заасан шаардлагыг нягтлан шалгаж, МУХБ-нд зээлийн гэрээний хугацааг сунгах тухай даалгаж шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна.

Иймд АТ ХХК-аас МУХБ ХХК-д холбогдуулан гаргасан МУХБ, АТ ХХК хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн З-АТ-ЗҮ 2017-71 тоот Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн шаардлага, 3-АТ-ЗҮ 2017-17/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг МУХБ ХХК-д даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.04.29-ний өдрийн 02/131 дугаар хүнд нөхцөл байдлын гэрчилгээ 3х, 2017.10.03-ны өдрийн Зээлийн гэрээ 6х, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, МУХБны 2021.02.23-ны өдрийн 6/190 дугаар албан бичиг, АТ ХХК-ийн 2020.11.23-ны өдрийн 1/61 дугаар хүсэлт 4х, Монгол Улсын сангийн сайдын 2020.12.27-ны өдрийн 8-1/7861 дугаар албан бичиг, Энэр мед ХХК-ийн 2021.04.09-ний өдрийн 01/07 дугаар хүсэлт, АТ ХХК-ийн 2021.04.22-ны өдрийн 01/17 дугаар албан бичиг, МУХБны 2021.04.30-ны өдрийн 6/383 дугаар албан бичиг, АТ ХХК-ийн 2021.05.10-ны өдрийн 01/21 дугаар мэдэгдэл 4х, МУХБны 2021.05.28-ны өдрийн 2/465 дугаар албан бичиг, 2021.04.02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ 7х, Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Энэр мед ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Энэр мед ХХК-ийн дүрэм, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга, байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үндэсний аудитын газрын 2020.03.16-ны өдрийн 01/898 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.05.29-ний өдрийн А-1/1025 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2020.06.12-ны өдрийн 01/7092 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.05.31-ний өдрийн 101/ШЗ2021/08626 дугаар захирамж, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2017.12.25-ны 1х/4853 дугаар албан бичиг 3х, Энэр мед ХХК-ийн 2019.07.29-ний өдрийн 09 дугаар албан бичиг 4х, Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2019.06.12-ны өдрийн 1б/2656 дугаар албан бичиг, Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төвийн 2019.06.19-ний өдрийн 01/977 дугаар, 2019.08.13-ны өдрийн 01/1250 дугаар, 2019.12.09-ний өдрийн 01/1736 дугаар, 2019.12.10-ны өдрийн 01/1741 дугаар, 2020.03.06-ны өдрийн 01/336 дугаар албан бичиг, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2019.08.07-ны өдрийн 1б/3557 дугаар, 2019.10.09-ний өдрийн 1б/4647 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020.01.17-ны өдрийн А-1/84 дугаар албан бичиг, АТ ХХК-ийн 2020.03.06-ны өдрийн 1/15 дугаар албан бичиг 5х, АТ ХХК-ийн 2021.11.09-ний өдрийн 01/61 дугаар албан бичиг 4х, Монгол Улсын Засгийн газрын 2020.12.21-ний өдрийн 226 дугаар, 2021.01.04-ний өдрийн 1 дугаар, 2021.02.10-ны өдрийн 27 дугаар, 2021.04.08-ны өдрийн 01 дугаар, 2021.04.23-ны өдрийн 104 дугаар тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2020.10.28-ны өдрийн 1/3058 дугаар, 2020.10.28-ны өдрийн 1/3058 дугаар, 2020.12.07-ны өдрийн 1/2836 дугаар хариу мэдэгдэх хуудасууд, МУХБны 2020.05.22-ны өдрийн 6/742 дугаар мэдэгдэл, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2019.06.12-ны өдрийн 1б/2656 дугаар албан бичиг, Монгол Улсын эрүүл мэндийн яамны 2019.08.07-ний 1б/3557 дугаар албан бичиг, Монгол Улсын эрүүл мэндийн яамны 2019.06.17-ны өдрийн 1б/2718 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021.07.07-ны өдрийн ХЭГ/1791 дугаар гомдлын хариу, зээлийн нөхцөлийн баталгаажуулалтын хуудас 4х, МУХБны 2020.08.05-ны өдрийн 2/1039 дугаар албан бичиг, АТ ХХК-ийн 2019-2023 мөнгөн урсгалын тайлан зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.02.16-ны өдрийн 1/21/006 дугаар эрсдэлийн дүгнэлт 4х, зээлийн упирдлагын хорооны дүгнэлт, МУХБны гүйцэтгэх захиралын 2021.05.06-ны өдрийн А-36 дугаар тушаал, Корона вируст халдвар /Ковид 19/-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх, хүсэлтийг шийдвэрлэх түр журам 2х, Монгол улсын Засгийн газрын 2020.04.15-ны өдрийн 129 дугаар тогтоол 2х, МУХБны дүрэм 7х, Корона вируст халдвар /Ковид 19/-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх, хүсэлтийг шийдвэрлэх түр журам 2х, Зээлийн үйл ажиллагааны журам 22х, МУХБны гүйцэтгэх захирлын 2019.08.14-ний өдрийн А-200 дугаар, 2019.08.29-ний өдрийн А-215 дугаар, 2019.09.26-ны өдрийн А-249 дугаар, 2019.10.07-ны өдрийн А-271 дугаар, 2020.05.19-ний өдрийн А-123 дугаар тушаалууд зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АТ ХХК нь хариуцагч МУХБ ХХК-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн З-АТ-ЗҮ 2017-171 дугаар Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2017.10.03-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.07.09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. АТ ХХК нь МУХБ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн З-АТ-ЗҮ 2017-171 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, өөрийн хэрэгжүүлж буй 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төслийн хүрээнд банкнаас 15,0 сая хүртэл ам,долларыг жилийн 10.28% хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлж, үндсэн зээлийг олгосноос хойш 17 дахь сараас эхлэн сар бүр тэнцүү дүнгээр, хүүгийн төлбөрийг зээлийн эхний олголтоос хойш сар бүр Хавсралт-1 хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон, мөн 2019.07.09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр зээлийн гэрээний хугацаа, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. /хавтаст хэргийн 9-16 хуудас/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

2. Нэхэмжлэгч АТ ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн З-АТ-ЗҮ 2017-171 дугаар Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан болон 202 дугаар зүйлийн стандарт нөхцлийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэх үндэслэлээр уг хэлцлийн үр дагаварыг арилгуулах шаардлагын хүрээнд 2017.10.03-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.07.09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргасныг хариуцагч МУХБ ХХК эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байдаг.

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн З-АТ-ЗҮ 2017-171 дугаар Зээлийн гэрээ-ний 7.3 дахь заалт нь, субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн агуулгын хувьд хууль зөрчиж байгаа эсэхийн хувьд талууд маргаж байх тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.

 

4. АТ ХХК болон МУХБ ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3-AT-3Y 2017-171 тоот Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан (үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг) нь Зээлдэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэх заалтыг хүчин төгөлдөр эсэхэд талууд маргасан.

5. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал гэрээний 7.3.-ийн заалт гэрээний Долоо дугаар хэсэг буюу Зээлийн эргэн төлөлт хэсэгт байрласан бөгөөд Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан нь гэж урьдчилсан байдлыг тодорхойлсон нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т заасан хугацаанд төлсөн байхыг үүрэгжүүлээгүй, харин уг үүргээ аливаа шалтгаан буюу байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг-ээр хугацаанд нь төлөөгүй байх нь Зээлдэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй буюу зээлийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэсэн агуулгатай байна.

 

6. Нэхэмжлэгч нь гэрээний 7.3 дахь заалтад хариуцагч цар тахлын давагдашгүй хүчин зүйлийг хамааруулан зээлдэгч талын гэрээний хугацааг сунгуулах, үүргийн биелэлтийг хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзсан гэж тайлбарлаж байна.

6.1. АТ ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/61 дугаар албан бичгээр МУХБ ХХК-д 2017.10.03-ны өдрийн З-AT-3Y 2017-171 тоот Зээлийн гэрээ-гээр авсан зээлийн бүтцийг өөрчлөн ам, долларыг төгрөгийн зээл болгон хөрвүүлэх тухай хүсэлт гаргасныг, МУХБ ХХК нь хууль, бодлого журмын дагуу судалж, Зээлийн удирдлагын хорооны 2021.01.25-ны болон 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралд танилцуулан хэлэлцүүлж, Зээлийн удирдлагын хорооны хурлаар АТ ХХК-ийн санхүүгийн байдал, төлбөрийн чадвар, ирээдүйд орох мөнгөн урсгал болон холбогдох шинжилгээ судалгааг тус тус үндэслэн зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтээс татгалзсан болохыг мэдэгджээ. /хавтаст хэргийн 18-21, 17, 37-44 хуудас/

Уг зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг хангахаас татгалзсан байдлыг зээлийн гэрээний 7.3-д заасныг үндэслэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6.2. Мөн талууд 2019.07.09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн төлбөрийг төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан тул 2017.10.03-ны өдрийн З-AT-3Y 2017-171 тоот Зээлийн гэрээ-ний 7.3 дахь заалт зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах-ыг хориглосон агуулгатай гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгчийн энэхүү үүргийг Зээлийн гэрээний 7.3 дахь заалт тодотгосон шинжтэй байх тул уг заалтыг хууль зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эдгээр үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3-AT-3Y 2017-171 тоот Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт нь хэлцлийн агуулгын хувьд хүчин төгөлдөр байна.

 

8. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3-AT-3Y 2017-171 тоот Зээлийн гэрээ-ний талууд аж ахуй эрхлэгчид тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн стандарт нөхцөлийн зохицуулалтаар хүчин төгөлдөр бус гэж тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч АТ ХХК-ийн Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн стандарт нөхцлийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

9. МУХБны гүйцэтгэх захирлын 2021.05.06-ны өдрийн А-36 дугаар, 2021 оны 10 сарын 20-ны өдрийн А-44 дугаар тушаалуудаар Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх түр журам-ыг баталсан байх бөгөөд АТ ХХК нь зээлийн нөхцөл өөрчлөх буюу хугацааг сунгуулах хүсэлтээ гаргахад уг журмын 1.2.2-д 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өмнөх хугацаанд зээл, хүүгийн төлбөрийн зөрчилгүй байх гэсэн шаардлага байгаа учраас энэ шаардлагыг хангахад Зээлийн гэрээний 7.3. дахь заалт саад учруулж байна гэж тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 152-184 хуудас/

АТ ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/61 тоот албан бичгээр Зээлийн бүтцийг өөрчлөн ам.долларыг төгрөгийн зээл болгон хөрвүүлэх тухай хүсэлт гаргаснаас хойш нөхцөл өөрчлөх хүсэлтийг МУХБанд гаргаагүй байх тул дээрхи журмын дагуу нэхэмжлэгчийн зээлийн нөхцөл өөрчлөх буюу хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхэд Зээлийн гэрээний 7.3. дахь заалт нөлөөлсөн /саад учруулсан/ гэж үзэх үндэслэлгүй байна.

 

10. Зээлийн гэрээний 7.3. дахь заалт нь хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал-д байгаа үед ч зээлийн төлбөрийг төл гэсэн агуулгагүй болох нь хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан (үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг) нь гэж эдгээр нөхцөл байдлуудаас хамааралтайгаар төлөөгүй байгаа нь зээлийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэсэн агуулгаар бичигдсэн.

Мөн уг заалт нь Зээлдэгчид үүсээд буй нөхцөл байдлыг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй, хүнд нөхцөл байдал /Hardship/ гэж үзэх эсэх асуудлыг зохицуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч АТ ХХК нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөлд орсныг гэрчилж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2021.04.29-ний өдөр №02/131 дугаар Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээ олгосон, энэ талаар ч хариуцагч маргаагүй. /хх-6-8 х/

 

11. Зээлийн гэрээний 7.3. дахь заалтад Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй шалтгааныг хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэж тодотгосон болохоос Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлыг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал биш гэж үгүйсгэсэн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3-AT-3Y 2017-171 тоот Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

12. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3-AT-3Y 2017-171 тоот Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч АТ ХХК-ийн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг арилгуулах шаардлагын хүрээнд гаргасан 2017.10.03-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.07.09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

13. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан Монгол улсын Сангийн сайдын 2020.12.22-ны 8-1/7861 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Энэр мед ХХК-ийн 2021.04.09-ний өдрийн 01/07 дугаар хүсэлт, АТ ХХК-ийн 2021.04.22-ны өдрийн 01/17 дугаар тайлбар хүргэх албан бичиг, МУХБны 2021.04.30-ны өдрийн 6/383 дугаар албан бичиг, АТ ХХК-ийн 2021.05.10-ны өдрийн 01/21 дугаар мэдэгдэл, МУХБны 2021.05.28-ны өдрийн 2/465 дугаар түрээсийн гэрээ бүртгэх тухай албан бичиг, Энэр-мед ХХК болон Дөрөвдүгээр эмнэлэг ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.04.02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ №ТГ-4-2021/01, Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Энэр мед ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Энэр мед ХХК-ийн дүрэм, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга, байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээ, Энэр мед ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үндэсний аудитын газрын 2020.03.16-ны өдрийн 01/898 дугаар хариу хүргүүлэх албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.05.29-ний өдрийн А-1/1025 дугаар хариу хүргүүлэх албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2020.06.12-ны өдрийн 01/7092 дугаар хууль тогтоомжийн хэрэгжилтын талаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.05.31-ний өдрийн 101/ШЗ2021/08626 дугаар Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2017.12.25-ны 1х/4853 дугаар барилгыг гэрээгээр худалдан авах саналыг дэмжих тухай албан бичиг, Энэр мед ХХК-ийн 2019.07.29-ний өдрийн 09 дугаар эмнэлгийн барилгыг түрээсээр ашиглах гэрээний талаар санал авах тухай албан бичиг, Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2019.06.12-ны өдрийн 1б/2656 дугаар мэдээлэл хүргүүлэх албан бичиг, Н.Нямдаваагийн нэрэмжит хавдар судлалын үндэсний төвийн 2019.06.19-ний өдрийн 01/977 дугаар, 2019.08.13-ны өдрийн 01/1250 дугаар, 2019.12.09-ний өдрийн 01/1736 дугаар, 2019.12.10-ны өдрийн 01/1741 дугаар, 2020.03.02-ны өдрийн 01/305 дугаар, 2020.03.06-ны өдрийн 01/336 дугаар албан бичгүүд, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2019.08.07-ны өдрийн 1б/3557 дугаар хариу хүргүүлэх, 2019.10.09-ний өдрийн 1б/4647 дугаар дэмжлэг хүсэх албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020.01.17-ны өдрийн А-1/84 дугаар хариу хүргүүлэх албан бичиг, АТ ХХК-ийн 2020.03.06-ны өдрийн 1/15 дугаар мэдээлэл хүргэх албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2020.10.28-ны өдрийн 1/3058 дугаар гомдлын хариу, 2020.10.28-ны өдрийн 1/3058 дугаар хариу мэдэгдэх, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2020.12.07-ны өдрийн 1/2836 дугаар хариу мэдэгдэх хуудсууд, МУХБны 2020.05.22-ны өдрийн 6/742 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2019.06.12-ны өдрийн 1б/2656 дугаар мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын эрүүл мэндийн яамны 2019.08.07-ний 1б/3557 дугаар хариу албан бичиг, Монгол Улсын эрүүл мэндийн яамны 2019.06.17-ны өдрийн 1б/2718 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021.07.07-ны өдрийн ХЭГ/1791 дугаар гомдлын хариу, МУХБны Зээлийн нөхцөлийн баталгаажуулалтын хуудас, МУХБны 2020.08.05-ны өдрийн 2/1039 дугаар тодруулга авах тухай албан бичиг, АТ ХХК-ийн 2019-2023 мөнгөн урсгалын тайлан зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, талуудын маргаанд хамааралгүй байна.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 202 дугаар зүйлийн 202.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтан нэхэмжлэгч АТ ХХК-ийн хариуцагч МУХБ ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн З-АТ-ЗҮ 2017-171 дугаар Зээлийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2017.10.03-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.07.09-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний дагуу үндсэн зээл, хүү төлж эхлэх хугацааг зохих журмын дагуу сунгаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч АТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА