Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/01885

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/01885

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг дугаар хороо дугаар байр тоотод оршин суух б овогт ж Б /РД:    /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг дугаар хороо байр тоотод оршин суух ц овогт Тгийн Т /РД:  /

 

3,947,350 төгрөг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Т.ТЙ

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Т.Тт холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр, хувцас, хичээлийн хэрэгсэл, эмчилгээний зардалд 3,947,350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2013-2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хамтын амьдралын хугацаанд Т.Е, Т.Х нарыг төрүүлсэн. Шүүхийн шийдвэрээр хүүхдүүд эх Ж.Бийн асрамжид байгаа бөгөөд Т.Таас хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн.

 

1.2. Биднийг тусдаа амьдрах үед хүүхдүүд 2-3 настай байсан, харин 2020-2021 онд жил дарааллан хоёр хүүхэд сургуульд орж зардал нэмэгдсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч тэтгэлэг төлж байгаа боловч сургуульд орсонтой холбоотойгоор хичээлийн хэрэгсэл, хувцас авахад туслалцаа үзүүлж, үүргээ биелүүлээгүй. Энэ үүргийг эцэг, эх адил тэгш хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг Гэр бүлийн тухай хуульд заасан байна.

 

1.3. Иймд Т.Е, Т.Х нарын өдөр өнжүүлэх төвийн сургалтын төлбөр, хичээлийн хувцас, хэрэгсэл, эмчилгээний зардлын 50 хувийг хариуцагч хариуцах үүрэгтэй гэжээ.  

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1. Шүүхийн шийдвэрээр сар бүр тэтгэлгийг хугацаанд нь төлж байгаа, 2020 оны 1 дүгээр сард тэтгэвэртээ гарсан бөгөөд хүүхдүүдийн нэмэлт зардал төлөх санхүүгийн боломжгүй болсон, 3 өрөө орон сууцыг 0.8 хувийн зээлд хамрагдан сар бүр зээлийн төлбөрт 820,500 төгрөгийг төлж байгаад тэтгэвэртээ гарснаас хойш зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчид шилжүүлж, байр болон тоёота ланд крузер 200 маркийн автомашин, гэрийн тавилгаа нэхэмжлэгчид үлдээсэн, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд хуурамч, засвартай, мөн Г Е хүүхэд хөгжлийн төвтэй байгуулсан гэрээг захирал Г.Э байгуулсан гэх боловч тус төвийн захирал нь өөр хүн байдаг болох нь Г.Э ярьсан утасны яриагаар тогтоогдсон, энэ гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Т.Е, Т.Хийн төрсний бүртгэлийн лавлагаа, “Г Е” хүүхэд хөгжлийн төвтэй байгуулсан гэрээнүүд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн ерөнхий боловсролын “Х” цогцолбор сургуулийн тодорхойлолт,  Т.Т Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, Т.Туулын “Голомт банк” ХХК-д гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/01666 дугаар шийдвэр, 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 85 дугаартай гүйцэтгэх хуудас, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2021/03672 дугаартай шүүгчийн захирамж, Голомт банкны орлогын мэдүүлэг, ирцийн бүртгэлүүд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/00197 дугаар шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2021/02291 дугаар шийдвэр, Т.Тын тэтгэврийн дэвтэр, Голомт банкны мэдэгдэл, Банк, хадгаламж зээлийн  хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3/1165 дугаар албан тоот, “Г Е” ӨӨТ-ийн батламж, чадамжийн гэрчилгээ, “СТМ мед” ХХК-ийн компьютерт томографи, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, гэрэл зургууд /ХХ-ийн 4-11, 29-33, 35-46, 56-72, 104-110 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/01666 дугаар шийдвэр, Т.Тын хүүхдийн тэтгэлгийн төлбөр төлөлтийн тооцоо, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1687 дугаар магадлал, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол /ХХ-ийн 19-28 дугаар тал/

 

5. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: “Г Е” хүүхэд хөгжлийн төвөөс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ж.Бтэй байгуулсан гэрээний дагуу Т.Е, Т.Х нарын сургалтын төлбөрт хэдэн төгрөг төлсөн талаарх лавлагаа, холбогдох баримтууд /ХХ-ийн 85-97/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Учир нь:

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай хамтын амьдралтай байх хугацаанд Т.Е, Т.Х нарыг төрүүлсэн, хүүхдүүд эхийн асрамжид өсч, хүмүүжиж байгаа, Т.Т нь шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлж байгаа, харин сургуульд орсонтой холбоотой нэмэлт зардал хариуцах үүргээ биелүүлэхгүй байна. Энэ үүргийг хуульд зааснаар эцэг, эх адил тэгш хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд өдөр өнжүүлэх төвийн төлбөр, хичээлийн хувцас, хэрэгсэл, эмчилгээний зардлын 50 хувийг шаардаж байна. Охин Т.Е нь төгөлдөр хуур болон бүжгийн сургалтад явдаг бөгөөд тухайн зардлыг нэхэмжлээгүй гэжээ. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Өдөр өнжүүлэх төвүүд нь 2020-2021 оны үед тусгай сери дугаартай чадамжийн гэрчилгээтэй болсон, Г Е өдөр өнжүүлэхийн чадамжийн гэрчилгээ нь өнгөрсөн онд хүчингүй болчихсон буюу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Мөн Г Е хүүхэд хөгжлийн төвтэй байгуулсан гэрээг захирал Г.Эрдэнэчимэгтэй байгуулсан гэх боловч тус төвийн захирал нь өөр хүн байдаг болох нь Г.Эрдэнэчимэгтэй ярьсан утасны яриагаар тогтоогдсон, энэ гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд бүгд хуурамч, нотлох баримтын шаардлага хангахгүй, дансны хуулгыг гар утасны аппликэйшн ашиглаж шалгахад ээж, эгч, дүүгийнхээ данс руу шилжүүлсэн байдаг, хариуцагчийн зүгээс хүүхдэд хүрэлцээтэй байлгах үүднээс тэтгэлгийг цаг хугацаанд нь төлж байгаа бөгөөд илүү төлөлттэй явж байгаа. Энэ мөнгө нь хүүхдэд зориулагдахгүй байгаа учраас цаашдаа илүү төлөлтэй биш хуульд зааснаар нь өгөх ёстой гэж үзэж байна. Хариуцагч нь тэтгэвэртээ гарсан бөгөөд хүүхдүүдийн нэмэлт зардал төлөх санхүүгийн боломжгүй болсон, мөн 3 өрөө орон сууц болон зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчид шилжүүлж, байр болон автомашин, гэрийн тавилгаа нэхэмжлэгчид бүгдийг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин Т.Е, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Т.Х нарыг төрүүлсэн байх ба шүүхийн шийдвэрээр хүүхдүүд эхийн асрамжид байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/01666 дугаар шийдвэрээр Т.Таас охин Т.Ен Г Е өдөр өнжүүлэх хүүхэд хөгжлийн төвд суралцсан хугацааны зардалд 600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Дээрх шийдвэрээр Г Е хүүхэд хөгжлийн төвд Т.Егийн 2020-2021 оны хичээлийн жилд суралцсан хугацааны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэжээ. /ХХ-ийн 19-21 дүгээр тал/

 

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Г Е” хүүхэд хөгжлийн төвтэй байгуулагдсан гэрээгээр Т.Х, Т.Е нарыг тус төвд суралцуулах, суралцсан хугацааны төлбөрийг Ж.Б төлөх үүрэг хүлээж, нэг сарын төлбөрийг хүүхэд тус бүр 300,000 төгрөг байхаар тохирчээ. Тухайн төв нь өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхэлдэг байх бөгөөд уг үйлчилгээгээ Т.Х, Т.Е нарт 2021 оны 9 сараас одоог хүртэл үзүүлж байгаа болох нь тус төвийн ирцийн бүртгэл, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /ХХ-ийн 40-46, 86 дугаар тал/

 

Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт “өдөр өнжүүлэх үйлчилгээ гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу сургалтын байгууллага иргэнтэй харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр эрүүл, аюулгүй орчинд хүүхдийг асрах, хамгаалах, хөгжлийг дэмжих сургалтаас гадуур үзүүлэх үйлчилгээг хэлнэ” гэжээ. Энэхүү үйлчилгээгээр ном унших, уншиж ойлгох чадварыг сайжруулах, уламжлалаа дээдэлж, монгол ёс заншлаас суралцах, авьяас, бие бялдрын хөгжлийг дэмжих, гэрийн даалгавар хийхэд дэмжлэг үзүүлэх ба хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр зохион байгуулах болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/152 дугаар тушаалаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл өдөр өнжүүлэх үйлчилгээ нь хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын хараа хяналт, асран хамгаалалтад байхаас бусад хугацаанд хүүхдийг асран хамгаалж, эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж буй хэлбэр бөгөөд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй нь салшгүй холбоотой нийгмийн хэрэгцээ, шаардлагаар бий болсон үйлчилгээ юм.  

 

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 26 дугаар зүйлийн 26.2.4, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4, 10.1.11, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийг хөгжихөд туслах, аливаа эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх, тухайн орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд эдгээр үүргээ хэрэгжүүлэхэд сургалтын болон хүүхэд хамгааллын бусад байгууллагын үйлчилгээ, туслалцааг авах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлэхээр тэднийг өдөр өнжүүлэх төвийн сургалтад хамруулсаныг буруутгах үндэслэлгүй бөгөөд тухайн сургалтын төлбөр нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэмэлт зардалд хамаарна.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд эрүүл өсч бойжих, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй, энэхүү эрхийг эцэг, эх, асран хамгаалагч хангах, хамгаалах үүрэгтэй бөгөөд уг үүргээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл бий болсон тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хэлбэрээр хэрэгжүүлнэ. Энэхүү үйлчилгээтэй холбоотой зардал нь өдөр тутам гардаг хүүхдийн наад захын хэрэгцээг хангахад гарах зардлын хэмжээгээр тодорхойлогдох /тэжээн тэтгэх зардлын хэмжээгээр/ боломжгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан нэмэлт зардалд хамаардаг байна. Уг зардалд хүүхэд сургуульд орсонтой холбоотой гарсан нэмэлт зардал хамаарах болохыг хуульчилсан. 

 

Хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэн нэгэнд хариуцуулж буй нь тухайн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээг хангах, өдөр тутам нийгмийн амьдралд оролцоход нь туслах, өдөр тутмын аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргийг хариуцуулж буй явдал бөгөөд хуульд заасан бүхий л үүргийг дангаараа хэрэгжүүлнэ гэж ойлгохгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан үүргийг эцэг, эх, асран хамгаалагч адил тэнцүү хэрэгжүүлэх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан, хүүхдээсээ тусдаа амьдарч буй нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасны дагуу хүүхдүүдийн сургалт, эмчилгээний зардал, сургуульд орсонтой холбоотой гарсан зардлуудыг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй.     

 

“Г Е” хүүхэд хөгжлийн төвтэй 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр Т.Х, Т.Е нарт үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг Г.Эрдэнэчимэгийн 5025601826 тоот дансанд шилжүүлж байхаар тохиролцсон байх ба уг дансанд нэхэмжлэгч Ж.Б, хүү Т.Хийн хамтран эзэмшдэг данснаас 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд 4,850,000 төгрөгийг Т.Е, Т.Х нарын сургалтын төлбөр утгаар шилжүүлжээ. /ХХ-ийн 10-11, 56-61 дүгээр тал/

 

Т.Егийн эмчилгээний зардалд томографийн зураг 200,000 төгрөг, боолт 80,000 төгрөг, эм, тарианы үнэ 33,700 төгрөг, сургуулиас зохион байгуулсан аялал, зугаалгын хураамж 20,000 төгрөг нийт 333,700 төгрөг, Т.Хийн үсэглэлийн баярын үйл ажиллагааны зардал 100,000 төгрөг, хүүхдийн бэлэгний 30,000 төгрөг, хувцас, хэрэгсэл 30,000 төгрөг, ангийн багшид өгсөн цэцэгний үнэ 25,000 төгрөг, үс засалт 10,000 төгрөг нийт 195,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Тухайн зардлууд гарсан болох нь компьютерт томографи зураг, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба үүнээс Т.Егийн аялал, зугаалгын хураамж болон Т.Хийн үс засалтын зардал нийт 30,000 төгрөгийг хүүхдийн наад захын хэрэгцээний зардалд тооцож, нэмэлт зардлаас хасч тооцох нь зүйтэй гэж үзэв. Дээрх зардлуудын нийт дүн 498,700 төгрөг болж байна. /ХХ-ийн 104-108 дугаар тал/   

 

Хүүхдүүдийн хувцас, хичээлийн хэрэгсэл утгаар нэхэмжлэгчийн данснаас 1,454,350 төгрөгийн зарлага гарсан байх ба үүнээс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 31,000 төгрөгийн гүйлгээний утга тодорхойгүй байна. Иймд хүүхдүүдийн нэмэлт зардалд гарсан гэж үзэх үндэслэлгүй тул хасч тооцов. /ХХ-ийн 10-11, 57-60 дугаар тал/

 

Г Е хүүхэд хөгжлийн төв нь нэхэмжлэгчээс 2 хүүхдийн сургалтын төлбөрт 5,400,000 төгрөг хүлээж авсан бэлэн мөнгөний орлогын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримт нь анхан шатны бүртгэлийн баримтыг нөхөх зааврын дагуу үйлдээгүй байна. Харин хэрэгт авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгчээс 4,850,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, зөрүү 550,000 төгрөгтэй холбоотой санхүүгийн анхан шатны өөр баримт хэрэгт авагдаагүй тул Г Е хүүхэд хөгжлийн төвийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нэхэмжлэгчээс 550,000 төгрөгийн зардал гарсан нь нотлогдсон гэж үзэхгүй. Мөн хариуцагч нь Хаан банкны гар утасны аппликейшн ашиглан гүйлгээнүүдийг шалгаж үзэхэд нэхэмжлэгч өөрийнхөө ээж болон дүүгийнхээ данс руу мөнгө шилжүүлсэн байсан, хэрэгт өгсөн баримтууд нь бүгд худлаа хуурамч гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, үүнтэй холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.“, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй“ гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаар гарсан зарлагуудыг гүйлгээний утгад илэрхийлэгдсэн зориулалтаар гарсан гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүүхдүүдийн нэмэлт зардалд 6,772,050 төгрөг гарсан гэж дүгнэв. Үүнээс 50 хувь болох 3,386,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 511,475 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа үнийн дүнг 3,947,350 гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуралдааны явцад дансаар гарсан хүүхдүүдийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, хувцас, эмчилгээний нийт зардлыг тооцож, хариуцагчаас 50 хувийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, тооцооны алдаа гаргасан байж болно гэж тайлбарлаж, дээрх зардалд 3,897,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ үүргээс хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх болон дуусгавар болох хүртэл тэжээн тэтгэх үүргийг биелүүлнэ. Энэхүү үүргийг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч биелүүлж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу хуульд заасан хэмжээгээр хариуцагчийн төлж буй тэтгэлэг нь зөвхөн хүүхдийн наад захын өдөр тутмын хэрэгцээг хангах зориулалттай бөгөөд тэтгэлэг төлж буй нь, мөн хариуцагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон нь хүүхдүүдийнхээ нэмэлт зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй. Мөн зээлээр авсан орон сууц болон зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, автомашин, гэрийн тавилга хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээсэн асуудал нь зохигчдын хамтын амьдралын явцад бий болсон эд хөрөнгийн эрхийн харилцаа бөгөөд тухайн эд хөрөнгөөс ногдох хэсгээ хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн эсэх нь хүүхдийн нэмэлт зардалтай холбоотой маргаанд хамааралгүй.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар гэрээг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. Иймд аливаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хуульд зааснаар төлөөлөх эрх бүхий этгээд /дарга, захирал, хуульд зааснаар төлөөлөх эрх бүхий бусад этгээд/ заавал гэрээ байгуулсан байхыг хууль шаарддаггүй бөгөөд тухайн эрх бүхий этгээдээс эрх олгосны дагуу гуравдагч этгээд төлөөлж гэрээ байгуулж болдог. Иймд Г Е хүүхэд хөгжлийн төвийг төлөөлж гэрээ байгуулсан Г.Эрдэнэчимэг нь тус төвийг хуульд зааснаар төлөөлөх эрх бүхий этгээд /захирал, эрхлэгч/ мөн эсэх нь нотлох баримтын хуульд заасан шаардлага болон зохигчийн хооронд үүссэн маргаанд хамааралгүй. Харин тухайн нотлох баримт хуурамч эсэх нь маргаанд хамааралтай бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг хуурамч гэж хариуцагч тайлбарласан боловч энэ тайлбараа нотлосон ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тгийн Таас 3,386,025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж Бт олгож, нэхэмжлэлээс 511,475 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Таас улсын тэмдэгтийн хураамжид 69,126 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА