| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/109 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/109
2025 04 18 2025/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам
Хохирогч О.С
Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419004900055 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.Т
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багт байрлах спорт зааланд О.Стай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Тн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв” гэсэн мэдүүлэг
Хохирогч О.Сн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Зааланд тэмцээн болоод манай дүү рүү цохих гээд байхад нь яг хажууд нь зогсож байсан би харсан юм. Тэгээд очингуутаа яагаад хоорондоо муудаад байгаа юм бэ гэсэн чинь ээж нь араас нь татаад чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм согтуу байгаа юм уу гэж асуусан. Түүний ээжтэй нэлээн зайтай зогсож байгаад үлээсэн. Эргээд харсан чинь С.Т босож ирээд цохисон. С.Тс 8,500,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг
Хохирогч О.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж би оролцсон юм. Тэмцээний дундуур Т гэх танил дүү тэмцээний дундуур миний төрсөн дүү Х-г тохойлдоод байх шиг харагдсан. Тэгэхээр нь би Тэмцээний сүүлийн тоглолтын үеэр 20 цагийн орчим Т-н хажууд очоод Х та хоёр муудаад байгаа юм уу гэж асуухад хэн муудсан юм гэж өөдөөс харсан. Тэгэх үед Т-н ээж гэх нэрийг нь сайн мэдэхгүй эмэгтэй надруу хараад миний дүү согтуу байгаа юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би уугаагүй гэж хэлээд нүүр рүү нь үлээж үнэртүүлсэн. Тэгэхэд Т надруу хараад яагаад байгаа гөлөг вэ танай дүүг чинь тэгсэн ч яадаг юм гэж халаад баруун гараа атгаж байгаад миний баруун нүд хамар хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс Т-г холдуулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 60-р дугаар тал/
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүр рүү С гэх залуу үлээсэн. Тэгэхээр нь би наад шүлстэй амаараа хүн рүү үлээлээ гэж хэлэхэд танай хүү чинь миний дүүг талбай дээр тоглож байхдаа дээрэлхсэн байна гэж хэлсэн. Тэгтэл Т би яагаач үгүй гэж хэлээд хоорондоо маргалдаж байгаад хүү Т баруун гараараа С-ын нүүр хэсэг хүү нэг удаа цохисон. Би сандраад тэр хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р тал/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай "...О.С-н биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд тогтоогдлоо. .... Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18-р тал/
Шинжээч эмч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О.С-н биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багт байрлах спорт зааланд О.С-тай үл ялих зүйлийн улмаас буюу ннэ Э-ын нүүр лүү үлээлээ гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж би оролцсон. Тэмцээний дундуур Тэлмэн гэх танил дүү миний төрсөн дүү Х-ийг тохойлдоод байх шиг харагдсан. Тэгэхээр нь би Т-ийн хажууд очоод Х та хоёр муудаад байгаа юм уу гэж асуухад хэн муудсан юм гэж өөдөөс харсан. Тэр үед Т-ийн ээж надруу хараад миний дүү согтуу байгаа юм уу гэж асуусан, би уугаагүй гэж хэлээд нүүр рүү нь үлээж үнэртүүлсэн. Тэгэхэд Т надруу хараад яагаад байгаа гөлөг вэ танай дүүг чинь тэгсэн ч яадаг юм гэж хэлээд миний баруун нүд хамар хэсэг рүү 1 удаа цохисон" гэсэн мэдүүлэг, гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний нүүр рүү С гэх залуу үлээсэн. Тэгэхээр нь би наад шүлстэй амаараа хүн рүү үлээлээ гэж хэлэхэд танай хүү чинь миний дүүг талбай дээр тоглож байхдаа дээрэлхсэн байна гэж хэлсэн. Тэгтэл Т би яагаач үгүй гэж хэлээд хоорондоо маргалдаж байгаад хүү Т баруун гараараа С-ын нүүр хэсэг хүү нэг удаа цохисон. Би сандраад тэр хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай "...О.С-ын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд тогтоогдлоо. .... Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт, Шинжээч эмч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О.С-ын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байсан. ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч С.Т-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Т-ийн хохирогч О.С-д хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч О.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О.С нь хамар ясны хугарал засах хагалгааны төлбөрт 8,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч ямар эмнэлэгт,хэзээ, хэдэн төгрөгийн төлбөртэй хагалгаа хийлгэх талаарх баримт хэрэгт авагдаагүй
Мөн Сэтгэцэд учирсан гэм хор уршгийн хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт хохирогч О.С-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага нь ...Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/…заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заажээ.
Хэргийн 71 дүгээр талд эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр болон шатахууны төлбөрийн 450,000 төгрөгийн баримт авагдсан нь хохирогчийн Улаанбаатар хот руу явж үзүүлсэн баримт болох нь тогтоогдож байх тул гаргуулан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч С.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял,албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн,хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Улсын яллагчаас шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч С.Т-д хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй,гэм буруу зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар: Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-г 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авахыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ээс 430,000 төгрөг гаргуулан хохирогч О.С-д олгож, хохирогч нь хагалгааны төлбөр болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН