| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/0119/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
2025 04 23 2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам
Шүүгдэгч Б.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э
Хохирогч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох 2406017910074 дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч 2025 оны 04 сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,Б.А
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 21- ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт Б.А-той хэрүүл маргааны улмаас нүүр, цээж хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхи, баруун хацар, баруун суганы урд, хэвлий, зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт, доод уруулд зулгаралт, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б, А, С бид 4 уурхайгаас бууж яваад замдаа архи уугаад маргалдсан. Би хохирогчид учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хэд Б-аас гараад Даланжаргалан сумын цагдаа дээр очсон. Даланжаргалан сумын цагдаа та нарын архийг чинь гаргаад маргааш хэргийг чинь шийдвэрлэнэ гэсэн. Бид 3 харилцан ярилцаж бие биеэсээ уучлалт гуйж цаашаа хот руу яваад, хотод очоод тарсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр уурхайгаас буугаад А, Б, С бид 4 машинтай хөдөлсөн. Мандах сумаас замын юм авъя гэж 1 шил архи аваад замдаа хувааж уугаад явсан. А манай эхнэр Солонгос 3 сараар явж байгаа гэхээр нь би явуулаад дэмий Солонгост эрэгтэй хүмүүс их байдаг болохоор амьдрал 2 тийшээ болох магадлалтай гэж яриа эхэлсэн. А чамд миний эхнэр хамаагүй гээд яриа зогссон. Яваандаа бид хоёр дахин махны наймаа хийе гэж ярьж явж байгаад 2 дахь шил архи аваад цаашаа явсан. Тэгээд Б мастерын гэрт очоод би гарсан. Араас А гарч ирээд ямар үг хэлэхгүйгээр цохисон. Би унаад босож ирээд яасан бэ гэж асуухад яасан олон юм ярьдаг юм гээд дахиад цохисон. Тэгээд А өөрөө түрүүлээд орсон, би араас нь ороод наадах чинь намайг сая 2 цохилоо гэж хэлсэн. С гэдэг хүн нь А-ийн хуурай ах. Намайг олон юм ярилаа гээд хараагаад байсан. Б мастер явъя аав, ээжийг маань хүндлэхгүй байна гээд явсан. Машинд суугаад явж байхдаа би А-ийг 1 цохисон. Тэгээд бид хоёр машин дотор зодолдсон. Машин зогсоод С ах намайг араас татаж унагаасан. А машинаас буугаад Б ахыг нэлээд хэд цохисон. Б зам гараад зугтаасан. Намайг газар сууж байхад А ирээд нүүр рүү өшиглөсөн, тэгээд би ухаан алдсан. Намайг ухаан алдсан хойно Б-ы яриагаар А нь намайг завсар зайгүй, нүүр нүдгүй өшиглөсөн байсан. С тэр үед тамхи татаад инээгээд хараад зогсож байсан, залгаагүй. Б замын цаанаас гарч ирээд наадах чинь хүн аллаа гээд салгах гэхэд С тавиагүй, А ч болиогүй. Тэгээд би ухаан ороод машинд суугаад юу ч яриагүй. Би амьсгалж чадахгүй, нүд бүрэлцээд юм харахгүй байсан. Тэр хооронд А Б руу арын суудлаас байнга ална, 300 км-т алчхаад булаад явна гээд хараагаад байсан. Би юм ярьж чадахгүй байсан болохоор А-ийн гэдсэн дээр гараа тавиад одоо болио хөгшөөн гэхэд миний нүүрэнд салаавч тулгаад дахиад 2, 3 цохисон. Сүүлдээ болохоо болиод Б цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод та 3 согтуу байна. Саатуулаад маргааш арга хэмжээ авна гэхээр нь хоорондоо ярилцаад явсан. Бид хоёрт найзын холбоо байхгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. Ажил дээр байхад жолооч ах ирээд ахын дүү дансаа өг гэхээр нь яасан юм гэж асуухад А чамд мөнгө өгчих гэсэн юм гэхээр нь надад авлага байхгүй гэж хэлсэн. А-ийн өмгөөлөгч хурал эхлэхийн өмнө чиний дансанд 360,000 төгрөгийг хийсэн гэхээр нь сая мэдсэн. Тэгэхээр нь би буцаагаад А-ийн данс руу шилжүүлсэн. Нэг удаагийн асуудал биш уурхайн угаагч эмэгтэй алгадаж, харааж байсан. М гэдэг хүнийг Таван шар дээр зодоод эрүүг нь хугалж байсан. Би 3 дахь зодуулсан хүн. Нөгөө 2 хүн нь гомдол гаргаж байгаагүй. Цагдаад мэдэгдэхээсээ 2 хоногийн өмнө би чамтай ярьсан. Би чиний араас 2 хоног гуйсан. Чиний над руу явуулсан бичлэг одоо надад байна. Би шүүх хуралдаан дээр сонсгож болно. Чи хөлөө хүрэх газраа явж гэж басамжилсан. Чи надаас уучлалт гуйгаагүй. Эр хүн шиг шийдье, цагдаа гэж явмааргүй байна. Эм тарианы мөнгө 900,000 төгрөгийг гаргаад өгчих, би 4 хүүхэдтэй, өр лизингтэй учраас өөрөөсөө гаргаж өгч чадахгүй байна гэж гуйсан. Яагаад нүүр харчхаад худлаа яриад байгаа юм” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Айраг суманд Б-ы аав ээжийн гэрт орж хоол идэж байхад намайг А гэрээс дагуулж гараад шалтгаангүй гараараа 2 удаа цохиж унагаагаад буцаж орсон... Дараа нь машинд сууж хөдлөөд явж байх үедээ бид 2 зодолдоход машин зогсох үед машинаас буугаад замын хажууд сууж байх үед миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 13-р дугаар тал/
Гэрч Ө.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр.... Айраг суман дээр ирээд манай ээж, аавынхаар ороод хоол цай хийлгэн идэж байгаад тэр хоёр хоорондоо маргалдаад байж байгаад гэрээс гараад хоорондоо уулзаж байгаад А түрүүлэн гэрт орж ирээд одоо наадах чинь дуугарахгүй болсон гэж хэлсэн. Араас нь А орж ирээд "Наадах чинь намайг сая 2-оос 3 удаа унатал цохичихлоо" гээд нүүрээ бариад орж ирсэн. Тэгээд би ээж, ааваас санаа зовоод цааш хот руу хөдлөөд 10 километр орчим яваад ахин тэр хоёр маргалдаад арын суудал дээр зодолдож эхэлсэн. Машинаа зогсоогоод Ариунболд замын хажууд сууж байтал А очоод түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа өшиглөөд байсан. Машин дотор бас бие биеэ цохилцоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4159 дугаартай "...Б.А-ын биед зүүн 5 дугаар хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхи, баруун хацар, баруун суганы урд, хэвлий, зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт, доод уруулд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт Б.А-той хэрүүл маргааны улмаас нүүр, цээж хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхи, баруун хацар, баруун суганы урд, хэвлий, зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт, доод уруулд зулгаралт, цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Айраг суманд Б-ны аав ээжийн гэрт орж хоол идэж байхад намайг А гэрээс дагуулж гараад шалтгаангүй гараараа 2 удаа цохиж унагаагаад буцаж орсон... Дараа нь машинд сууж хөдлөөд явж байх үедээ бид 2 зодолдоход машин зогсох үед машинаас буугаад замын хажууд сууж байх үед миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 13-р дугаар тал/, гэрч Ө.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр.... Айраг суман дээр ирээд манай ээж, аавынхаар ороод хоол цай хийлгэн идэж байгаад тэр хоёр хоорондоо маргалдаад байж байгаад гэрээс гараад хоорондоо уулзаж байгаад А түрүүлэн гэрт орж ирээд одоо наадах чинь дуугарахгүй болсон гэж хэлсэн. Араас нь А орж ирээд "Наадах чинь намайг сая 2-оос 3 удаа унатал цохичихлоо" гээд нүүрээ бариад орж ирсэн. Тэгээд би ээж, ааваас санаа зовоод цааш хот руу хөдлөөд 10 километр орчим яваад ахин тэр хоёр маргалдаад арын суудал дээр зодолдож эхэлсэн. Машинаа зогсоогоод А замын хажууд сууж байтал А очоод түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа өшиглөөд байсан. Машин дотор бас бие биеэ цохилцоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4159 дугаартай "...Б.А-ын биед зүүн 5 дугаар хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхи, баруун хацар, баруун суганы урд, хэвлий, зүүн гуя, хоёр шилбэнд цус хуралт, доод уруулд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шинжээч эмчийн 4159 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.А-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон ба энэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.А-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А-нь хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч 360,000 төгрөгийг баримтаар , мөн замын зардалд 1.500.000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацааны цалин 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хавтаст хэргийн 65 дугаар талд дүрс оношилгоо болон бусад зардалд 360,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байх тул гаргуулан олгох нь зүйтэй. Хохирогч Б.А нь 2025 оны 02 сарын 19-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд ирж хохирогчоор мэдүүлэг өгсөн, 2025 оны 03 сарын 12-ний өдөр Сайншанд суманд ирж хавтаст хэргийн материалтай танилцсан болон өнөөдрийн шүүх хуралдаанд ирж оролцсон замын зардалд нийт 1,500,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Дорноговь аймгийн Сайншанд суманд 3 удаа ирж мэдүүлэг өгөх, хэргийн материал танилцах,шүүх хуралдаанд оролцсон болох нь тогтоогдож байгаа тул 2025 оны 02 сарын 19-нд унтлагын галт тэргээр ирж буцсан замын зардлыг 100,000 төгрөгөөр, хэргийн материалтай танилцахаар тээврийн хэрэгслээр ирсэн буцсан зардлыг 200,000 төгрөгөөр, 2025 оны 04 сарын 23-ны шүүх хуралдаанд Дорноговь аймгийн Мандах сумаас Говь-Сүмбэр аймгаар дамжин ирсэн зардал 375,000 төгрөгөөр тооцон нийт 675,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэж, замын зардлын 825,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Шүүхийн шатанд хохирогчид нийт 1,035,000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар 15 минутын завсарлага авах хүсэлт гаргаж, дээрх хугацаанд 1,035,000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогчийн нэхэмжилж байгаа ажилгүй байсан 2 сарын цалин 4,000,000 төгрөгийг дан ганц Х.Э ХХК-ийн захирлын тодорхойлолтыг үндэслэн олгох боломжгүй ба мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт гараагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага нь ...Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/…заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заажээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял,албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, нотлох баримтаар тогтоогдсон хохирол төлбөр төлөгдсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруу, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000/нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Б-ийн А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000/нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Хохирогч Б.А нь ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөр болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН