| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/00158/И |
| Дугаар | 183/ШШ2022/01097 |
| Огноо | 2022-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2022/01097
2022 оны 04 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2022/01097 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
***-***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Б дүүргийн 00 дугаар хороо, их монгол 000 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух С овогт С-ын На /ЧП00000000/
хариуцагч- ***-***дүүргийн 0 дүгээр хороо, Хүннү вилла 0000 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух Д овогт Г.М-У /УУ00000000/
Нэхэмжлэлийн шаардлага: 7 611 232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Г.М-У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.На нь Г.М-Уд холбогдуулан түрээсийн болон ашиглалтын зардалд 7 611 232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.На миний бие гэр бүлийн хүний хамт 2015.11.25-ны өдөр Г.М-Утай түрээсийн гэрээ байгуулан түүнд өөрсдийн өмчлөлийн Б дүүргийн 0 дүгээр хороо 00 дугаар хороолол /00000 ЭТӨЧ 000-0 тоот хаягт байрлах 130 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхээр болсон билээ. Бидний байгуулсан гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2015.11.25-ны өдрөөс 2017.11.25-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай 1 сарын 1 100 000 төгрөгийн төлбөртэй, караокений зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар түрээслүүлсэн. Г.М-У нь 2015 оны 11 дүгээр сараас эхлэн түрээсэлж үйл ажиллагаагаа явуулсан боловч түрээсийн төлбөрийг төлөхгүй явсаар 2016 оны 3 дугаар сар хүргэсэн ба 2016 оны 3 болон 4 дүгээр саруудад түрээсэлж байсан объектыг тоног төхөөрөмжийн хамт Б.Э-д шилжүүлэн түрээслүүлж өөрөө үйл ажиллагааа явуулахаа больсон. Гэвч Б.Э нь Г.М-Уаас авлагатай тул түрээсийн төлбөр төлөхгүй гэж бидэнтэй маргасан тул мөн 2016 оны 4 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулахаа больсон. Дээрх маргаанаас болж Б.Э нь тус караокед ашиглагдаж байсан тоног төхөөрөмжүүдийг Г.М-Уаас авсан, миний өмч тул С.Н агаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүхийн шийдвэрээр миний бие Б.Эд түүний тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол гэх 7,6 сая төгрөгний төлбөрийг төлөхөөр болсон тул Б.Э-аас 2016 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 100 000 төгрөгийг авахаар болсон. Харин 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарыг дуустал хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг Г.М-У нь төлөх үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулахаар ***-***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хаяг дээрээ байдаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болон шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулж Бдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч Г.М-У нь С дүүрэг 0 дүгээр хороо Нарны гудамж 00 дугаар байрны 000 тоот хаягт оршин суудаг тул хэргийг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар хэрэг С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Энэ үед дээр дурдсан Б.Э-ы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт миний бие хариуцагчаар оролцож байсан бөгөөд Б.Эаас 2016 оны 03 болон 4 дүгээр сарын түрээсийн төлбөрөө гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байсан тул уг хэрэг маргааныг шийдвэрлэж дуустал Г.М-Уаас түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 81/ШЗ2020/02226тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоо Б.Эы нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан тул Г.М-Уд холбогдох түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал гаргуулах тухай нэхэмжлэлээ ийнхүү дахин гаргаж байна. Г.М-У нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сары дуустал хүртэлх 4 сарын хугацаанд түрээсийн төлбөрт 4 400 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 600 000 төгрөгийг төлсөн ба харин үлдэх 3 800 000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн ашиглалтын зардалд 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд хогны мөнгө 1 сарын 50 000 төгрөг буюу нийт 300 000 төгрөг, усны мөнгө нийт 237 730 төгрөг, цахилгааны мөнгө 1 508 050 төгрөг, дулааны мөнгө 1 765 452 төгрөг буюу нийт 3 811 232 төгрөг буюу түрээсийн төлбөрийн хамт нийт 7 611 232 төгрөг болж байна. Иймд Г.М-Уаас түрээсийн болон ашиглалтын зардалд нийт 7 611 232 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь 5 жил гаруй хугацааны өмнө байгуулсан түрээсийн гэрээг үндэслэж түрээсийн болон ашиглалтын зардлыг нэхэмжилсэн байна. Миний хувьд түрээсийн төлбөрөө тухайн үед нь төлөөд явж байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч 7 611 32 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардлын баримтууд Ч.П болон М Т ХХК-ний нэр дээрх нэхэмжлэхүүд байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хуульд заасны дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл учир түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: 2015.11.25-ны өдрийн Түрээсийн гэрээ, Б дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол /00000/ Энхтайваны өргөн чөлөө 00/0 дугаар байрны 2 давхарт байршилтай үйлчилгээний зориулалттай 130 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлэх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.Нагийн цахим иргэний үнэмлэхний хуулбар болон шилжин ирсэн тухай тодорхойлолт, 2021.04.15-ны өдрийн 001/ХТ00386 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2015 оны Хог тээврийн гэрээ, Хэрэглэгчдийн төлбөрийн нэгдсэн тооцоо гэх хүснэгт, Төлбөрийн түүх гэх хүснэгт, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, 2020.02.10-ны өдрийн 181/ШЗ2020/02226 дугаартай С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, тооцоо нийлсэн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-30, 56 ху/
Хариуцагчаас: 2022.02.22-ны өдрийн 369 дугаартай ***-***дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.На хариуцагч Г.М-Уд холбогдуулан 7 611 232 төгрөг гаргуулахаар шаардсанаас 2 844 260 төгрөгийг хангаж, үлдэх 4 766 972 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сарыг дуусах хүртэл 4 сарын түрээсийн төлбөр 4 400 000 төгрөг, тухайн хугацааны ашиглалтын зардал болох хог, ус, цахилгаан, дулааны төлбөрт 3 811 232 төгрөг, нийт 7 611 232 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд талуудын хооронд 2015.11.25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ашиглалтын зардлыг түрээслэгч хариуцахаар тохирсон, 2015 оны 11 сараас 2016 оны 2 дугаар сарыг дуусах хүртэл түрээсийн гэрээний дагуу Бдүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 00/0-0 тоот 130 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн болох нь тогтоогдож байгаа тул шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл, нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2015.11.25-ны өдөр гэрээ байгуулсан боловч 1 сарын хугацаанд засан сайжруулалт хийсэн ба тухайн хугацаагаар түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх талаар нэхэмжлэгчтэй амаар тохиролцсон, ашиглалтын зардлыг нотлохоор нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд нь М Т ХХК, Ч.П гэх нэртэй байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар зохигч 2015.11.25-ны өдөр улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Бдүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 00/0-2 тоот 130 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг караоке үйлчилгээ явуулах зорилгоор түрээслэхээр харилцан тохиролцсон, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө С.На, Б.Б нарын өмчлөлд бүртгэлтэй, талууд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, хариуцагч Г.М-У түрээсийн төлбөрт 600 000 төгрөг төлсөн, 2016.03.01-ний өдрөөс хариуцагч Г.М-У түрээсийн зүйлийн иргэн Б.Эд дамжуулан түрээсэлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд 2015.11.25-ны өдөр байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарахаар байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Бдүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 00/0-2 тоот 130 мкв талбайг бүхэлд нь түрээслэхээр тохиролцож талууд гарын үсгээр хүсэл зоригоо баталгаажуулсан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул зохигчдын хооронд байгуулагдсан 2015.11.25-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх ба энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй боловч тэрээр төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хуулиар бий болох бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.
Иймд 2015.11.25-ны өдрөөс 2016.03.01-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагч Г.М-Уын эзэмшил ашиглалтад түрээсийн гэрээний зүйл болох 130 мкв үл хөдлөх эд хөрөнгө байсан болох нь тогтоогдож байгаа тохиолдолд хариуцагч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүсэх үүрэгт түрээсийн төлбөрийн үнийн дүнтэй дүйцсэн төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Тодруулбал, 2015.11.25-ны өдрөөс 2016.03.04-ний өдрийн түрээсийн төлбөрийн сар тутам 1 100 000 төгрөгөөр тооцоход 3 444 260 төгрөг болохоос хариуцагчийн төлсөн гэх 600 000 төгрөгийг хасч 2 844 260 төгрөгийг харицуагч Г.М-Уаас гаргуулан нэхэмжлэгч С.Над олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд нийцнэ. /1 100 000 :30.5 хоног=1 хоногт 36 065 төгрөг/
Харин 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны ашиглалтын зардалд хамаарах хог, ус, цахилгаан, дулааны төлбөрт 3 811 232 төгрөгийг хангах үндэслэлгүй байна. Учир нь:
Нэхэмжлэгчээс шаардлагаа нотлохоор ирүүлсэн хог тээвэрлэлтийн гэрээ, хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо гэх усны төлбөрийн нэхэмжлэх болон цахилгаан дулааны төлбөрийн нэхэмжлэхүүдийн хэрэглэгчийн нэр хаяг хэсэгт М Т ХХК, эсхүл Ч.П гэх бүртгэлтэй байх тул тухайн төлбөрийг нэхэмжлэгч С.На шаардах эрхтэй эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 3 811 232 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хариуцагчийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгазлын тухайд, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор, 76.4-т шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолохоор, 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор тус тус заасан.
Хэрэгт авагдсан С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 181/ШЗ2020/02226 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр буюу өөр шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Д.Эрдэнэчулууны нэхэмжлэлтэй С.Над холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр С.Нагийн нэхэмжлэлтэй Г.М-Уд холбогдох гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосон ба шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.
Иймд нэхэмжлэгч тогтоосон журмын дагуу нэхэмжлэл гаргаж байсан нь нотлогдож байна гэж үзээд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь мөн хуулийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох үндэслэлд хамаарах тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.М-Уаас 2 844 260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Над олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 766 972 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
6. Шүүхээс, 2020.04.15-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарт зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан баримт хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д овогт Г.М-У /УУ00000000/-аас 2 844 260 /хоёр сая найман зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун жаран/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С овогт С-ын На /ЧП00000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 766 972 /дөрвөн сая долоон зуун жаран хоёр мянга есөн зуун далан хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.М-Уаас 60 458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н а-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ