| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/120 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 27.11.1., 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурорын Ц.Цэрэндулам
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419004820022 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.О
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь урьд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1.90 хувийн промильтой үедээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн хажуу талын засмал дээр 94-74 ДГН улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад ******* унаж явсан 49-42 ДГН улсын дугаартай Ниссан Нөүт маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь 2024 оны 09 сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн хажуу талын засмал дээр 94-74 ДГН улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 1,90 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4/, Хохирогч ******* "...2024 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 7 цаг 30 минутын орчим ...49-42 ДГН улсын дугаартай Ниссан Нөүт маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ...Хөдөлмөр халамжийн урдаас засмал дээр явж байхад миний ард явж байсан хар өнгийн 94-74 ДГС улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Мөргөсний дараа аваарын дохиогоо өгөөд зогссон чинь миний хажуугаар нөгөө машин маань зугтаагаад явсан....." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 13/, Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...Тус өглөө 08 цагийн орчимд би грашаасаа машинаа аваад Офицерын тийш гэр лүү гээ Хөдөлмөр халамжийн төвийн зүүн талын засмал зам дээр явж байтал миний урд талд явж байсан саарал өнгийн жижиг машиныг ард нь явж байсан хар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөчхөөд хажуугаар тойроод зугтаад явчихсан. Тэгэхээр нь би тус саарал жижиг машины хажууд зэрэгцэж зогсоод хартал нүдний шилтэй залуу машин барьчихсан, зорчигчийн урд сандал дээр бага насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй гурав явж байсан. нөгөө зугтаасан хар өнгийн приус маркийн машины араас явсан чинь төв дөрвөн замаар ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэлтэй явж байгаа харагдсан… ба би тухайн зугтсан хар приүсийг бусад хүмүүст төвөг удалгүйгээр араас нь тийш эргээд 5 дугаар 58 айл, 6 дугаар 58 айлын дундуур орсон засмал замаар яваад цэцэрлэгийн хойд тал гүйцэж очоод зогсоосон чинь дотроос нь нэг залуу хөл дээрээ тогтож чадахгүй байхаар нь би цагдаа байна аа чи осол хийгээд зугтчихлаа шүү дээ гээд жолоочтойгоо очиж уулзаад цагдаа руу явна гэж хэлээд өөрийн машиндаа суулгаад аваад цагдаа дээр авчирч цагдаагийн дэд ахлагч Э.Золбаяр, цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Б.Мөнхбаяр нарт энэ осол хийгээд зугтсан жолооч шүү гэж хэлээд хүлээлгэн өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... араас нэг машин ирээд мөргөсөн. Тэр үед Амартүвшин машинаас бууж амжаагүй байхад нөгөө мөргөсөн машин хажуугаар зугтаагаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 21/, Хөрөнгө, даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 653 дугаартай автотехникийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 55-57/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь 2024 оны 09 сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийн, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон, согтууруулах ундаа хэрэглэсэн, Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хэргийн бодит байдал болон хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хэргийн газрыг орхиж зугтаасан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч ******* эд хөрөнгөд учирсан зардалд 1,850,000 төгрөг, Хас Үнэлгээний эд хөрөнгийн дүгнэлт гаргуулсан 145000 төгрөг нийт 1,995,000 нэхэмжилснийг шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлбөр төлөхөөр ажлын 2 өдрийн завсарлага авч энэ хугацаанд хохирлыг төлсөн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн,хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 14/
Улсын яллагчаас: шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,9 дүгээр зүйлийн 1,7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Отгонбаатарт оногдуулсан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 сарын 06-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангин 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгч Отгонбаатарын биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоох дүгнэлтийг
Өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольж,нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ шүүгдэгч нь урьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 02 жилээр хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон түүний ар гэр, ээж нь хүнд өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, оршин суух газраа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, өмнөх буюу 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, оршин суух газраа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй , бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН