Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 183/2022/00529/И |
Дугаар | 183/ШШ2022/01267 |
Огноо | 2022-04-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2022/01267
2022 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2022/01267 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Нэхэмжлэлийн шаардлага: Зуслангийн газар худалдан авах зорилгоор өгсөн төлбөрөөс үлдэгдэл 2.900.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г нь И.О холбогдуулан зуслангийн газар худалдан авах зорилгоор өгсөн төлбөрөөс үлдэгдэл 2.900.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие И.О2017 онд уулзаж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булаг зусланд байрлах, хоёр айлын газрыг 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Газрын мөнгийг И.О Хаан банкны дансаар шилжүүлсэн. Гэтэл уг газар И.О эзэмшилд байгаагүй ба зээлийн барьцаанд тавигдсан, газар эзэмших эрх дууссан, гэрчилгээ нь хүчингүй болсон байсан. И.О 2018 оны 9 дүгээр сард уг газрыг өөр хүнд худалдахаар боллоо, 10.000.000 төгрөгийг чинь удахгүй өгнө гэсээр буцаан өгөлгүй намайг хохироосоор ирсэн. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн. Бидний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл баримт гэх зүйл байхгүй бөгөөд мөнгийг минь өгөхгүй байхаар нь И.О цагдаагийн байгууллагад шалгуулсан боловч иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байна гээд хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарсан. Түүнээс хойш И.О2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уулзаж мөнгөө авъя гэхэд 9.000.000 төгрөг өгч чадахгүй, 6.100.000 төгрөг л төлнө, чи намайг цагдаад өгч дарамтлуулсан учраас 2.900.000 төгрөгийг чинь өгөхгүй, суутгаж авна, дахиж мөнгө нэхэмжлэхгүй гэсэн бичиг хийж өгвөл 6.100.000 төгрөгийг чинь одоо өгье гэсэн тул би арга буюу хууль бус баримтад гарын үсэг зурж өгсөн. И.О тэр үед Улаанбаатар хотын банкны салбарын эрхлэгч, хуульч гэх нэг хүнтэй өрөөндөө хамт сууж байсан ба энэ бичгийг хийж өгвөл 6.100.000 төгрөгийг өгнө, бичиж өгөхгүй бол мөнгийг шилжүүлэхгүй гэж дарамталсан. Тэр үед БНСУ-д сурч байсан охинд маань мөнгөний яаралтай хэрэг гарч, над руу байн байн утасдаж байсан учраас бичгийг хийж өгч, үүний дараа мөнгө дансанд шилжиж орж ирсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний бичиж өгсөн баримтыг өрийг хүчингүй болгосон гэж өөрт ашигтайгаар байдлаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Миний хүсэл зориг бол үлдэх 9.000.000 төгрөгийг авах байсан болохоос 6.100.000 төгрөг авах байгаагүй. 10.000.000 төгрөг авчихаад 7.100.000 төгрөгийг 3 жил гаруй хугацааны дараа өчнөөн чирэгдүүлж байж өгчихөөд 2.900.000 төгрөг дутуу өгч, хуулийн байгууллагад өгсөнд өширхөж, дарамталж, үндэслэлгүй хөрөнгөжиж, үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул И.Оээс 2.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:
Талууд хоорондоо тохиролцож газар худалдах, худалдан авахаар гэрээг амаар байгуулсан. Тухайн үед Ш.Г тус газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэж тайлбарлаж, газарт хашаа барьчих гэж хэлсэн. И.О өөрийн хөрөнгөөр уг газарт хашаа барьсан. Хашаа барьсаны дараа Ш.Г тус газарт худаг барих зорилгоор газрыг хөндсөн. Нэхэмжлэгч нь эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан гэж ямар ч нотлох баримтгүй худал зүйл тайлбарлаж байна. Ш.Г тухайн газар дээр усны үйлдвэр байгуулна гээд шинжилгээ хийлгэсэн. Гэтэл шинжээч усны үйлдвэр байгуулах боломжгүй, бохирдолтой газар байна гэж дүгнэлт гаргасан. Үүний үр дүнд гэрээнээс татгалзах тухай хариуг ирүүлсэн. Мөн урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 10.000.000 төгрөг нь 4 айлын газрын хоёр газрынх нь урьдчилгаа байсан. Тохиролцсон өдрөө 1.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 9.000.000 төгрөгийг бүтэн жилийн хугацаанд цувуулж өгсөн. Гэтэл гэнэт 2019 онд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Ш.Г нь хариуцагч И.О уг газрыг авахаа болилоо хурдан мөнгө буцааж өг гэж хэлсэн байдаг. Гэрээ байгуулах үед газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байсан бөгөөд 2019 онд буюу хоёр жилийн дараа дуусах байсан. Харин одоо И.О газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр сунгуулсан. Ш.Гын бичиж өгсөн бичиг нь түүний өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм, 2.900.000 төгрөгийн зардал нь хашаа барьсан болон газар хөндөснөөс үүссэн зардал юм. Мөн тус газрыг Ш.Г худалдан авна гэсэн учраас өөрийн хөрөнгөө царцаасан ба энэ нь олж болох орлогоо царцаасан гэсэн үг юм. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т ...Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно... гэж заасан. Энэхүү заалтын нөхцлийг Иргэний хуулийн тайлбар дээр өрийг дуусгавар болгосон хэлцэл байгуулна гэсэн агуулгаар тайлбарласан. Тухайн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Мөн хэрэв үүргийн харилцааг хэвээр байгааг мэдэж байсан эсхүл мэдэх боломжтой байсан үед үүргийн харилцаа дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн бол хожим эд хөрөнгө үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлээр маргаж болохгүй үүний эрх зүйн шалтгаан мөн хуулийн 276 дугаар зүйл гэсэн тайлбар байдаг. Хүсэл зоригийн илэрхийллээ бүрэн гаргасан тохиолдолд энэ хуулийг хэрэглэж болно. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн асуудлаар шаардах эрх дуусгавар болсон гэх тайлбар үүснэ. Түүний гараар бичсэн бичиг нь ерөнхийдөө хэлцэл гэсэн агуулгаар ойлгогдох боломжтой. Иргэний хуулийн 43.2 дугаар зүйлийн 43.2.2 дахь хэсэгт ...Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан... бол хэлцэл хийсэнд тооцно гэж заасан. Учир нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж өрийг дуусгавар болгоё гэж бичиг хийж өгсөн. Мөн тухайн баримтыг хариуцагчийн дарамт шахалтын улмаас гарцаагүй байдалд орсон учраас бичсэн гэж тайлбарлаж байх боловч хэргийн материалд дарамт шахалтын улмаас уг бичгийг бичиж өгсөн гэх нотлох баримт байхгүй. И.О нь хүнд дарамт шахалт үзүүлэх хэмжээний албан тушаал эрхэлдэггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэх, Хас банкны ************ тоот дансны хуулга, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2020/***** дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/****** дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ****** тоот албан бичиг,
Хариуцагчаас Хас банкны ************ тоот дансны хадгаламжийн гэрээ, Ш.Гын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргасан тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булаг хаягт байрлах 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
И.О2017 онд уулзаж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булаг зусланд байрлах хоёр айлын газрыг 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Газрын мөнгийг И.О Хаан банкны дансаар шилжүүлсэн. Гэтэл уг газар И.О эзэмшилд байгаагүй ба зээлийн барьцаанд тавигдсан, газар эзэмших эрхийн хугацаа дууссан, гэрчилгээ хүчингүй болсон байсан. И.О 2018 оны 9 дүгээр сард уг газрыг өөр хүнд худалдахаар боллоо, 10.000.000 төгрөгийг чинь удахгүй өгнө гэсээр буцаан өгөлгүй намайг хохироосоор ирсэн. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уулзаж мөнгөө авъя гэхэд 9.000.000 төгрөг өгч чадахгүй, 6.100.000 төгрөг л төлнө, чи намайг цагдаад өгч дарамтлуулсан учраас 2.900.000 төгрөгийг чинь өгөхгүй, суутгаж авна, дахиж мөнгө нэхэмжлэхгүй гэсэн бичиг хийж өгвөл 6.100.000 төгрөгийг чинь одоо өгье гэсэн тул би арга буюу хууль бус баримтад гарын үсэг зурж өгсөн. 10.000.000 төгрөг авчихаад 7.100.000 төгрөгийг 3 жил гаруй хугацааны дараа өчнөөн чирэгдүүлж байж өгчихөөд 2.900.000 төгрөг дутуу өгч, хуулийн байгууллагад өгсөнд өширхөж, үндэслэлгүй хөрөнгөжиж, үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул И.Оээс 2.900.000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь тухайн газар дээр усны үйлдвэр байгуулна гээд шинжилгээ хийлгэсэн. Гэтэл шинжээч усны үйлдвэр байгуулах боломжгүй, бохирдолтой газар байна гэж дүгнэлт гаргасан. Үүний үр дүнд гэрээнээс татгалзах тухай хариуг ирүүлсэн. Гэрээ байгуулах үед газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байсан бөгөөд 2019 онд буюу хоёр жилийн дараа дуусах байсан. 2.900.000 төгрөгийн зардал нь хашаа барьсан болон газар хөндөснөөс үүссэн зардал юм. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно гэж заасан. Энэ заалтын нөхцлийг Иргэний хуулийн тайлбар дээр өрийг дуусгавар болгосон хэлцэл байгуулна гэсэн агуулгаар тайлбарласан байдаг. Тухайн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Иргэний хуулийн 43.2 дугаар зүйлийн 43.2.2 дахь хэсэгт ...Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан... бол хэлцэл хийсэнд тооцно гэж заасан. Учир нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж тухайн өрийг дуусгавар болгоё гэж бичиг хийж өгсөн. Уг баримтыг хариуцагчийн дарамт шахалтын улмаас гарцаагүй байдалд орсны улмаас бичсэн гэж тайлбарлаж байх боловч хэргийн материалд түүнийг нотолсон баримт байхгүй. И.О нь хүнд дарамт шахалт үзүүлэх хэмжээний албан тушаал эрхэлдэггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдов.
5.Ш.Г нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булаг хаягт байрлах, хоёр айлын зуслангийн газрыг И.Оээс 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 10.000.000 төгрөгийг И.О дансанд шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
7.Худалдан авагч буюу Ш.Г нь дээр дурдсан зуслангийн газрын үнэд И.О 10.000.000 төгрөг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч И.О худалдаж буй зуслангийн газрыг шилжүүлэх боломжгүй, үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байна.
8.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж зааснаар худалдан авагч Ш.Г газрын үнэд шилжүүлсэн мөнгийг И.Оээс шаардах эрхтэй гэж үзнэ.
9.Тодруулбал И.О зуслангийн газрыг худалдан авагчид шилжүүлээгүй, үүргээ биелүүлээгүйгээс Ш.Гын шилжүүлсэн 10.000.000 төгрөгнөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 6.100.000 төгрөг, нийт 7.100.000 төгрөг буцаан өгч үлдэгдэл мөнгийг өгөөгүйгээс Ш.Г 2.900.000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч эс зөвшөөрч маргаж байгаа болно.
10.Хариуцагч И.О, Ш.Гыг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 6.100.000 төгрөгийг төлж барагдуулснаар талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон, тэрээр өөрөө хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлж, дээрх баримтыг үйлдсэн гэж тайлбарлажээ.
11.Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т ...Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно... гэж зааснаар талуудын хоорондхи өр төлбөр дууссан, түүний гараар бичсэн бичиг нь ерөнхийдөө хэлцэл гэсэн агуулгаар ойлгогдох боломжтой. Иргэний хуулийн 43.2 дугаар зүйлийн 43.2.2 дахь хэсэгт ...Хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан... бол хэлцэл хийсэнд тооцно гэж заасан. Иймд нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлснээр талуудын хоорондхи үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.
12.Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болохоор зохицуулсан, өөрийн шаардлагаас татгалзах явдлыг хуульд өрийг хүчингүй болгох гэж нэрлэсэн ба үүний тулд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд гэрээ байгуулагдсан байхыг шаардах юм.
13.Өөрөөр хэлбэл өрийг хүчингүй болгож байгаа нь тодорхой шаардлагаас татгалзаж байгаа явдал бөгөөд энэ нь бие даасан шаардлагад хамаардаг тул үүргийн харилцаанд бүхэлд нь хамаардаг цуцлах гэрээнээс ялгаатай, тиймээс мөн хуулийн 239.7-д хоёр талын гэрээнд аль нэг тал нь шаардлагаасаа татгалзснаар үүргийн харилцаа дуусгавар болохгүй, энэ тохиолдолд шаардлагаасаа татгалзсан тал нь нөгөө тал шаардлагаасаа татгалзах хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байхаар заасан байна.
14.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч Ш.Гын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бичсэн бичгийг өөрөө хүсэл зоригоо илэрхийлсэн, үүрэг дуусгавар болсон гэх тайлбар үндэслэлгүй, дээрх хуулийн заалттай нийцэхгүй юм.
15.Нөгөө талаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүргийн дагуу И.О 10.000.000 төгрөг буцааж өгөхөөс 2.900.000 төгрөг дутуу төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ нь тэдний хоорондхи үүрэг дуусгавар болсон, өрийг хүчингүй болгосон гэж үзэхээргүй байх тул И.Оээс 2.900.000 төгрөгийг гаргуулж, Ш.Гад олгох нь зүйтэй гэж үзлээ.
16.Хариуцагч И.О итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр Ш.Гыг тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэж хашаа барьчих гэж хэлсний дагуу И.О өөрийн хөрөнгөөр уг газарт хашаа барьсан, түүний дараа Ш.Г тус газарт худаг барих зорилгоор газрыг хөндсөн, 2.900.000 төгрөг нь хашаа барьсан болон газар хөндөснөөс үүссэн зардал гэж тайлбарлаж байх боловч тийм хэмжээний зардлыг И.О гаргасан, үнийн дүнгээс хасах талаар тохирсон тохиролцоо байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Оээс 2.900.000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Гад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 61.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Оээс 61.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Гад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН