Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/80

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2025         05          13                                    2025/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,

Улсын яллагч Б.Халиунгоо,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2504000000069 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 50 тоотод оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 1 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, урьд

1.Архангай аймгийн шүүхийн 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200а, 153а, 169б дугаар хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 

2.Багануур районы Ардын шүүхийн 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 10 сарын хорих ялаар, 

3.Багануур районы Ардын шүүхийн 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 

4.Багануур районы Ардын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 

5.Багануур дүүргийн шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

6.Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар,

7.Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 349 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 10 сар хорих ялаар,

8.Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаарай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

9.Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хорих ялаар,

10.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

11.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

12.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

13.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

14.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

  овогт ******* ******* (РД:...........),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хэрлэн худалдааны төв дотор байрлах “Хэрлэн зоог” цайны газрын ширээн дээр цэнэглэж байсан хохирогч ******* IPhone 11 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 960,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэрлэн худалдааны төвийн ойр орчим 2, 3 хүмүүстэй архи ууж байгаад салаад Хэрлэн худалдааны  төв дотор байдаг цайны газар руу орсон. Тэгээд ширээн дээр нь очоод суух гэтэл цагаан өнгийн гар утас цэнэглэж байсан. Ойр орчимд нь хүн байхгүй болохоор нь очоод гар утсыг нь аваад гарсан. Тэгээд алхаад Ирвэсийн зогсоол иртэл хуучин хамт ажилладаг байсан таксинд явдаг Ганболдтой таараад “энэ гар утсыг хямдхан зарчихмаар байна, сая оллоо” гэсэн чинь намайг таксиндаа суулгаад нэг айлын гадаа очсон. Тэгээд гар утсыг нэг эмэгтэй 30,000 төгрөгөөр зарсан. Тэгээд Рашаантад байдаг ******* очсон бөгөөд тухайн үед би архи уучихсан байсан... Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, хариуцлага тооцоход асуудал байхгүй, би архины мөнгө олох гээд авчихсан, 30,000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан ... Хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27, 43-44, хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн худалдааны төвийн 1 давхарт байрлах “Хэрлэн зоог” нэртэй зоогийн газарт кассчинаар ажилладаг. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед ажил дээрээ байхдаа IPhone 11 pro загварын гар утсаа цэнэглэх гээд кассын эсрэг талын буюу хойд талын хананд тулгаж тавьсан цагаан өнгийн ширээн дээр утсаа цэнэглээд орхисон. Тэгээд ажлаа хийж байгаад 16 цаг 40 минутын үед гар утсаа цэнэглэж байсан ширээ рүү харахад миний гар утас алга болчихсон байсан. Би кассад ажиллахдаа арын гал тогооны өрөө рүү орж аяга таваг авдаг. Би гар утсаа цэнэглээд 10 орчим минутын дараа харахад миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд би зоогийн газрын дотор камер шүүж харахад манай зоогийн газарт өдөр бүр орж ирж хүмүүсийн үлдээсэн хоолыг иддэг ******* гэх хүн миний гар утсыг цэнэглэгчээс нь салгаад хулгайлаад авч гарч байгаа харагдсан. Тэр ******* гэх хүнийг хүмүүс жийп гэж дууддаг. ******* нь өдөр бүр манайд орж ирдэг учраас би камераар хараад шууд таньсан. Орон гэргүй тэнэмэл амьдралаар амьдардаг хүн гэсэн. Миний алдсан гар утас нь IPhone 11 pro маркийн цагаан өнгөтэй гар утас, гадуураа хар өнгийн кейстэй, дэлгэцэн дээрээ 980202 гэсэн кодоор цоожилсон, тус утсанд 86972820 дугаарыг хийж ашиглаж байгаа. Би гар утсаа Улаанбаатар хотоос 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд авсан үнээрээ үнэлнэ.…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Багануур дүүрэг дотор ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод таксинд явж байгаад Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгай хэсэгт байрлах “Драгон” нэртэй мах зардаг дэлгүүрийн гадаа зогсож байтал зүс таних ******* гэгч нь гэнэт машинд орж ирээд суусан. Тэгэхээр нь би *******ид хандаад “хөөе чи яах гэж байна. Би ажилтай явж байна, буу” гэж хэлтэл нэг гар утас гаргаж ирээд “энэ миний охины гар утас байгаа юм. Үүнийг хэдэн төгрөг болгочихмоор байна” гээд машинаас буухгүй, салж өгөхгүй гуйгаад, “ямар ч иймээ тиймээ асуудал байхгүй, манай хүүхдийн утас, ганц удаа туслаач” гээд гуйгаад байхаар нь танил дүү рүүгээ яриад “гар утас хямдхан зарна гээд хүн гуйгаад байна. Чи сонирхоод авах уу” гэж асуутал “сонирхоё” гэхээр нь гэрт нь Багануур дүүргийн рашаантын 9-10 тоотод очиж тухайн дүү *******ийн зарна гээд бариад явж байсан гар утсыг сонирхуулаад авах болсон. Тэгээд манай дүү тухайн гар утсыг 30,000 төгрөгөөр худалдаж авсан. ******* тухайн гар утас зарсан мөнгөө аваад надтай хамт дэлгүүр орж нэг шил юм аваад Рашаантад нэг айлд буусан ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн” худалдааны төвийн зүүн талын төв хаалгаар ороход ертөнцийн зүгээр урд талд шилэн хаалга, ханатай, хаалганы хажууд “Хэрлэн зоог” гэсэн хаягтай цайны газар байв. ...хоолны том зал руу ороход хойд хананд тулгаж тавьсан цагаан өнгийн ширээн дээр цэнэглэгч, залгуур зэргийг эмх замбараагүй тавьсан байх ба уг ширээн дээрээс гар утсаа алдсан гэх тул тус газрыг “1” гэсэн тэмдгээр тэмдэглэв” гэжээ  (хх-ийн 4-8),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16.43.04 цагт гаднаас хохирогчийн заасан ******* гэгч (хүрэн ноосон малгай ороолттой, саарал өнгийн куртиктэй , бараан өнгийн өмд гуталтай, дотуураа улаан өнгийн цамцтай) орж ирж байгаа, 16:43:20 цагт зүүн талын заал руу орж байгаа, 16:45:25 цагт зоогийн газраас гарч явж байгаа харагдаж байна. 16:44:51 цагт ******* нь ширээн дээр байсан гар утсыг авч байгаа, 16:44:57 цаг гар утсыг гартаа барьж явж байгаа, 16:45:02 цагт гар утсаар ярьж байгаа мэт чихэндээ ойртуулж байгаа, 16:45:08 цагт эргэж харан гарч явж байгаа харагдаж байна. …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-17),

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай “IPhone 11 загварын гар утасны өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 960,000 төгрөгөөр тогтоов” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28) ,

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/656 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор ******* ******* /РД:64041511/-ийн 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Уг ялтанд холбогдох гүйцэтгэх хуудас, шийтгэх тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд дээрх ялыг эдлүүлж эхлээгүй болно” гэжээ (хх-ийн 125),

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “*******ийн нийт эдлэх ял 549 хоног, эдэлсэн 11 хоног, шагналын хоног 0, бүгд эдэлсэн 11 хоног, үлдэгдэл хоног 538” гэсэн тэмдэглэл (хх-ийн 141),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2025 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор “хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 141),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр “******* гаргаж өгсөн гэх 1 ширхэг  IPhone 11 загварын гар утсыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 53 минутад оролцогч хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэжээ (хх-ийн 31),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 49-53),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 56-59, 66-88, 90-97, 100-109) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хэрлэн худалдааны төв дотор байрлах “Хэрлэн зоог” цайны газрын ширээн дээр цэнэглэж байсан хохирогч ******* IPhone 11 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 960,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

          -Шүүгдэгч *******ийн өгсөн “Ширээн дээр нь очоод суух гэтэл цагаан өнгийн гар утас цэнэглэж байсан бөгөөд ойр орчимд нь хүн байхгүй болохоор нь очоод гар утсыг нь аваад гарсан. Тэгээд алхаад Ирвэсийн зогсоол иртэл хуучин хамт ажилладаг байсан таксинд явдаг Ганболдтой таараад “энэ гар утсыг хямдхан зарчихмаар байна, сая оллоо” гэсэн чинь намайг таксиндаа суулгаад нэг айлын гадаа очсон. Тэгээд гар утсыг нэг эмэгтэйд 30,000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч ******* өгсөн “IPhone 11 pro загварын гар утсаа цэнэглэх гээд кассын эсрэг талын буюу хойд талын хананд тулгаж тавьсан цагаан өнгийн ширээн дээр утсаа цэнэглээд орхисон. Тэгээд ажлаа хийж байгаад 16 цаг 40 минутын үед гар утсаа цэнэглэж байсан ширээ рүү харахад миний гар утас алга болчихсон байсан. Би кассад ажиллахдаа арын гал тогооны өрөө рүү орж аяга таваг авдаг. Би гар утсаа цэнэглээд 10 орчим минутын дараа харахад миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд би зоогийн газрын дотор камер шүүж харахад манай зоогийн газарт өдөр бүр орж ирж хүмүүсийн үлдээсэн хоолыг иддэг ******* гэх хүн миний гар утсыг цэнэглэгчээс нь салгаад хулгайлаад авч гарч байгаа харагдсан. Тэр ******* гэх хүнийг хүмүүс жийп гэж дууддаг. ******* нь өдөр бүр манайд орж ирдэг учраас би камераар хараад шууд таньсан” гэсэн мэдүүлэг,

            -Гэрч “Дэлгүүрийн гадаа зогсож байтал зүс таних ******* гэгч нь гэнэт машинд орж ирээд суусан. Тэгэхээр нь би *******ид хандаад “хөөе чи яах гэж байна. Би ажилтай явж байна, буу” гэж хэлтэл нэг гар утас гаргаж ирээд “энэ миний охины гар утас байгаа юм. Үүнийг хэдэн төгрөг болгочихмоор байна” гээд машинаас буухгүй, салж өгөхгүй гуйгаад, “ямар ч иймээ тиймээ асуудал байхгүй, манай хүүхдийн утас, ганц удаа туслаач” гээд гуйгаад байхаар нь танил дүү рүүгээ яриад “гар утас хямдхан зарна гээд хүн гуйгаад байна. Чи сонирхоод авах уу” гэж асуутал “сонирхоё” гэхээр нь гэрт нь Багануур дүүргийн рашаантын 9-10 тоотод очиж тухайн дүү *******ийн зарна гээд бариад явж байсан гар утсыг сонирхуулаад авах болсон. Тэгээд манай дүү тухайн гар утсыг 30,000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг,

           -“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай хохирлын үнэлгээ,

          -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

          -Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

          -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

          -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан.

“Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар хууль бусаар авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хэрлэн худалдааны төв дотор байрлах “Хэрлэн зоог” цайны газрын ширээн дээр цэнэглэж байсан хохирогч ******* IPhone 11 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 960,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч 960,000 төгрөгийн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь IPhone 11 pro загварын гар утсыг биет байдлаар хүлээн авсан, иргэний нэхэмжлэгч нь 30,000 төгрөгийг шүүгдэгч *******оос нэхэмжлэхгүй талаар шүүхэд хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил 5 сар 20 хоногийн хорих ял дээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснээс хойш буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн ял эдэлсэн хугацааг тооцож үзэхэд, шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 11 хоногийн ялыг эдэлж, 1 жил 5 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 19 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сар 19 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 жил, 1 сар, 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 19 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сар, 19 (арван ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

     6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

    7.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ