Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.Мөнхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхбатад холбогдох 201716010034 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 23 ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум 3 дугаар баг Өгөөмөр 9-12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2015 оны 11 дүгээр сарын 24 ний өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142 дугаартай тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулан тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Хөх толгой овогт Батсайханы Мөнхбат /РД: КН90102370/  

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2017 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багт оршин суух иргэн Н.Амгалангийн эзэмшлийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, iphone-4 маркийн гар утас 1 ширхэг, iphone-5 маркийн гар утас 1 ширхэг, сваровски загварын кулон 1 ширхэг, сваровски загварын хос ээмэг 1 ширхэг, сваровски загварын бөгж 3 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, хос металл цагирган ээмэг 1 ширхэг, сваровски загварын хос цэцгэн хээтэй ээмэг 1 ширхэг, бөмбөлөг хэлбэртэй монетан ээмэг 2 хос, дөрвөлжин хэлбэртэй монетан ээмэг 3 хос, ногоон шигтгээтэй монетан ээмэг, бөгж, кулон, монетан бөгж 2 ширхэг, металл бөгж 1 ширхэг, хүүхдийн тоглоомон бугуйвч 1 ширхэгийг хулгайлан бусдад 2.268.500 /хоёр сая хоёр зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбат мэдүүлэхдээ: “Би 2017 оны 02 сарын 17-19-нд шилжих шөнө гэрээс зүйн хойно байрлах Амгалан гэх айлын хувийн орон сууц руу хууль бусаар орж хулгай хийсэн. Тэр айлаас мөнгөн аяга, мөнгөн бүс, ээмэг, бөгжний хослолууд аваад гэртэй харьсан.  Маргааш өглөө нь Ганбаатар гэдэг айлд очиж нэг утсыг нь цэнэглэсэн. Нэг утсыг авч яваад замд таарсан хүндээ зарсан. Дараа нь цагдаад баригдаж хулгай хийсэн зүйлээ буцааж өгсөн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Миний буруу намайг уучлаарай” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 5-13 дугаар хуудас,

Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/,  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Баярмаагийн өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 20 ны орой намайг Улаанбаатар хотод байж байхад манай нөхрийн дүү Алдаржаргалын эхнэр нь надруу утсаар залгаж яриад “танай байшинд хулгай орсон юм шиг байна та нар ирээд шалгаж үз” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос Цогтцэций суманд маргааш нь ирж үзэхэд гал тогооны өрөөний цонх онгорхой байсан ба бусад цонх, хаалга бүгд хаалттай онгойгоогүй байсан. Тэгээд гэртээ орж үзэхэд байшингийн 2 давхарт байх манай нөхрийн өрөөний ширээний шургуулганд байсан iphone-4 маркийн гар утас 1 ширхэг, iphone-5 маркийн гар утас 1 ширхэг, мөн миний өрөөний гоо сайхны ширээний шургуулганаас хүзүүний зүүлт, ээмэг, бөгж, мөнгөн бүс, гал тогооны тавиур дээр байсан мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан байсан... Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... Хулгайд алдагдсан эд зүйлсээс iphone-5 маркийн гар утаснаас бусдыг бүрэн бүтнээр нь хүлээн авлаа, одоо надад гомдол санал байхгүй, iphone-5 маркийн гар утсаа нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Ганбаатарын өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 20 ны өдөр манай гэрт Цогтцэций сумын иргэн болох Мөнхбат хүмүүс дуудахдаа Бат гэж дууддаг хүү орж ирээд утас цэнэглээд өгөөч гэж хэлсэн... Үлдээсэн утсыг зарвал зарна гэж хэлсэн болохоор сонирхож харсан... Тэгээд оролдоод үзсэн чинь зурагнууд байсан тухайн зурагнууд нь манай сумын засаг дарга асан Н.Амгалан гэдэг хүний хүүхэд багачууд, гэр бүлийнхний зурагнууд байсан. Тэгээд би гэнэт сэжиг төрөөд Амгалан гэдэг хүний эгчийнх нь хүү болох Батхаанруу утасдаж гэртээ дуудсан. Мөн Амгалангийн төрсөн дүү Алдаржаргалын эхнэр Нэргүйг бас гэртээ дуудсан... Тэгээд утсыг үзээд Нэргүй Амгалангийн эхнэрлүү яриад байх шиг байсан... Өө тийм бас нэг цагаан өнгийн утас аваад явж байсан тэр утсаа манай гэрээс гарахдаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

Гэрч Т.Батхааны өгсөн “...тэгээд Нэргүй эгч бид хоёр уг утсыг үзэж шалгахад манай хамаатны ах Амгалангийн утас мөн байсан. Тэгээд Амгалан ах болон түүний эхнэр Баярмааруу утасдаж хэлэхэд наад утас чинь өмнө барьж байсан Цогтцэций суманд байх байшинд байсан утас байна бас iphone-5 маркийн утас хамт байх ёстой тэр утсыг олоод ав гэж хэлсэн... Тэгээд 19 цагийн үед уулзахаар болзсон газарт яваад очиход манай сумын Бат гэж дууддаг залуу байсан. Тэгээд уулзахад Ганбаатарын гэрт цэнэглэж үлдээсэн iphone-4 маркийн гар утсыг наян мянган төгрөгөөр зарна, харин өөр хүний iphone-5 гар утсыг би зарах гэж явж байгаад болиод тэр хүн нь өөрөө аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хүнээ олоод өг утсыг нь авъя гэж хэлсэн... Батын хэлснээр танихгүй хүн гэж ярьж байсан тэгээд сумыг хэдэн удаа тойрч хайсан боловч нөгөө хүн нь олдоогүй, огт зохиогоод яриад байгаа нь мэдэгдэхээр нь би Батыг цагдаа дээр авчирж өгсөн... Намайг Цогтцэций суманд сургуульд сурч байхад манай дээд үед байсан Мөнхбат гэдэг. Цогтцэций сумын уугуул залуу байгаа...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

Гэрч О.Нэргүйн өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг суман дээр гэртээ байхад Ганбаатар гэдэг таньдаг хүн надруу утсаар яриад манай гэрт нэг залуу утас цэнэглээд орхисон. Тэгсэн чинь тэр утасны зурган дээр танай хамаатан Амгалан гэдэг хүний гэр бүлийнхний зураг байгаад байна ирж үзээдэх гэж хэлсэн... Намайг очиход Батхаан бас хүрээд ирсэн. Тэгээд би утсыг үзэхэд Амгалан ахын гэр бүлийн зурагнуудтай утас байсан. Тэгээд би Баярмаа эгчрүү утсаар залгаж хэлээд танайд хулгай орсон байж магадгүй байна ирээд үзэж шалга гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн №Ц17-19 дугаартай “...Уг эд зүйлийн үнэлгээ нь зах зээлийн хандлагын аргаар тооцогдож нийт 2.268.500₮ /хоёр сая хоёр зуун жаран найман мянга таван зуун төгрөг/-р үнэлэгдлээ...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 33-42 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹07 дугаартай шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ¹199 дугаартай тодорхойлолт /Хавтаст хэргийн 61 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “…Мөнхбатын нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна” гэсэн тодорхойлолт /Хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /Хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 64 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /Хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн харилцах банкнуудаас авсан лавлагаа, тодорхойлолтууд /Хавтаст хэргийн 78-81 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2017 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багт оршин суух иргэн Н.Амгалангийн эзэмшлийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд зүйлийг хулгайлан 2.268.500 /хоёр сая хоёр зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Баярмаагийн: “...2017 оны 02 дугаар сарын 20 ны орой намайг Улаанбаатар хотод байж байхад манай нөхрийн дүү Алдаржаргалын эхнэр нь надруу утсаар залгаж яриад “танай байшинд хулгай орсон юм шиг байна та нар ирээд шалгаж үз” гэж хэлсэн. Тэгээд гэртээ орж үзэхэд байшингийн 2 давхарт байх манай нөхрийн өрөөний ширээний шургуулганд байсан iphone-4 маркийн гар утас 1 ширхэг, iphone-5 маркийн гар утас 1 ширхэг, мөн миний өрөөний гоо сайхны ширээний шургуулганаас хүзүүний зүүлт, ээмэг, бөгж, мөнгөн бүс, гал тогооны тавиур дээр байсан мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан байсан... Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна... Хулгайд алдагдсан эд зүйлсээс iphone-5 маркийн гар утаснаас бусдыг бүрэн бүтнээр нь хүлээн авлаа, одоо надад гомдол санал байхгүй, iphone-5 маркийн гар утсаа нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

Гэрч Ч.Ганбаатарын “...2017 оны 02 дугаар сарын 20 ны өдөр манай гэрт Цогтцэций сумын иргэн болох Мөнхбат хүмүүс дуудахдаа Бат гэж дууддаг хүү орж ирээд утас цэнэглээд өгөөч гэж хэлсэн... Үлдээсэн утсыг зарвал зарна гэж хэлсэн болохоор сонирхож харсан... Тэгээд оролдоод үзсэн чинь зурагнууд байсан тухайн зурагнууд нь манай сумын засаг дарга асан Н.Амгалан гэдэг хүний хүүхэд багачууд, гэр бүлийнхний зурагнууд байсан. Тэгээд би гэнэт сэжиг төрөөд Амгалан гэдэг хүний эгчийнх нь хүү болох Батхаанруу утасдаж гэртээ дуудсан” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 гэрч Т.Батхааны “...тэгээд Нэргүй эгч бид хоёр уг утсыг үзэж шалгахад манай хамаатны ах Амгалангийн утас мөн байсан. Тэгээд Амгалан ах болон түүний эхнэр Баярмааруу утасдаж хэлэхэд наад утас чинь өмнө барьж байсан Цогтцэций суманд байх байшинд байсан утас байна бас iphone-5 маркийн утас хамт байх ёстой тэр утсыг олоод ав гэж хэлсэн... Тэгээд 19 цагийн үед уулзахаар болзсон газарт яваад очиход манай сумын Бат гэж дууддаг залуу байсан. Тэгээд уулзахад Ганбаатарын гэрт цэнэглэж үлдээсэн iphone-4 маркийн гар утсыг наян мянган төгрөгөөр зарна, харин өөр хүний iphone-5 гар утсыг би зарах гэж явж байгаад болиод тэр хүн нь өөрөө аваад явсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

Гэрч О.Нэргүйн “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг суман дээр гэртээ байхад Ганбаатар гэдэг таньдаг хүн надруу утсаар яриад манай гэрт нэг залуу утас цэнэглээд орхисон. Тэгсэн чинь тэр утасны зурган дээр танай хамаатан Амгалан гэдэг хүний гэр бүлийнхний зураг байгаад байна ирж үзээдэх гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн №Ц17-19 дугаартай “...Уг эд зүйлийн үнэлгээ нь зах зээлийн хандлагын аргаар тооцогдож нийт 2.268.500₮ /хоёр сая хоёр зуун жаран найман мянга таван зуун төгрөг/-р үнэлэгдлээ...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 33-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь Б.Мөнхбатад Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 хоногийн хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь дээрх шийтгэх тогтоол болон захиргааны хяналтыг зогсоох тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн хэлтэсийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтооолоор тогтоогдож байх тул шүүгдэгчийн ялтай байдал нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байна.

Шүүгдэгч нь хохирогчид 132,000 төгрөг төлөх төлбөртэй боловч хохирогч нь дээрх төлбөрийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Б.Мөнхбатыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй тул хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн ч уг хэргийн хувьд Б.Мөнхбат хохирлын 132,000 /гар утасны үнэ/ төгрөгийг хохирогчид сайн дураар төлж, гэм хорыг бүрэн арилгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг төлөх төлбөргүй байгаатай төсөөтэй хэрэглэснээр Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан зарчимтай зөрчилдөх болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдал зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгов.

Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид баривчлах ял шийтгэл тохирно гэж дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөх толгой овогт Батсайханы Мөнхбатыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбатад оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбатад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА