Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И******” ХХК /РД:*****/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б***, Э.Ц***** нарын хоорондын татварын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М******, Ч.Ц*****, Л.С****, О.М*****, Г.Н****, хариуцагч татварын улсын байцаагч Л.Б***, Э.Ц*****, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И******” ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б***, Э.Ц***** нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том тавар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б***, Э.Ц***** нарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21210000047 дугаар нөхөн ногдуулалтын актын 3, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай “И******” ХХК-ийн гомдлын тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар, 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2022/5911 дүгээр шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар “Татварын ерөнхий газрын харьяа Том тавар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б***, Э.Ц***** нарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21210000047 дугаар нөхөн ногдуулалтын актын 3, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаар хариуцагч нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсэг болох “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай “И******” ХХК-ийн гомдлын тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар баталсан татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалт хийх 21201203829 дүгээр томилолтын дагуу нэхэмжлэгч “И******” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд татвар төлөгч /нэхэмжлэгч/-ийн хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг хийж,   

Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Л.Б***, Э.Ц***** нар нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21210000047 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

             4. Нэхэмжлэгч “И******” ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар албан бичгээр гардан авч, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Татвар төлөгч илүү төлсөн татвараа буцаан олгуулах хүсэлт биш харин НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан ба Татвар төлөгч нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/426 тоот дугаартай албан бичгээрээ Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт “дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах тухай” хүсэлтийг гаргасан.

5.1. Албан татвар буцаан олгох болон НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн баталгаажуулалтын харилцааг авч үзвэл албан татвар буцаан олгохтой холбоотой зохицуулалтыг Татварын тухай хуулийн 49 дүгээр зүйл болон НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлд тус тус зохицуулсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахтай холбоотой зохицуулалтыг Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан. Үүнээс үзвэл төлсөн татварыг буцаан олгох процесс, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах процесс нь хоорондоо илтэд ялгаатай тусдаа харилцаа байдаг.

Төлсөн татварыг буцаан олгох тухайд, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар татвар төлөгч нь "илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах" эрхтэй гэж хуульчилсан. Энэхүү эрхтэй холбогдуулан, татварын буцаан олголт болон буцаан олголтыг хэрэгжүүлэх процессын хувьд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.27-д “татварын буцаан олголтын акт гэж татварын албаны үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөн дүнг алданги тооцож олгоход үйлдэх баримт бичгийг", 49 дүгээр зүйлийн 49.1-т "татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын давуу шийдвэрлэнэ”, 49.1.1-т “буцаан олгох”, 49.1.2-т "тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох", 49.1.3-т "татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох", 49.4-т "Илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулж болно, 72 дугаар зүйлийн 72.1-т "Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийг татварын буцаан олголтын актаар баталгаажуулна", 72.4-д "...буцаан олгох дүнг татвар төлөгч эс зөвшөөрвөл татварын буцаан олголтын актыг гардан авснаас хойш Маргаан таслах зөвлөлд 30 хоногийн дотор гомдол гаргаж болно" гэж тус тус зохицуулсан.

5.2. НӨАТ-ын тухай хуулийн дагуу буцаан олголтыг тус хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу олгодог. Хэрэв манай компаниас гаргасан хүсэлт нь илүү төлсөн албан татвараа буцаан авах хүсэлт байсан бол НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар татварын алба хүсэлтийг хүлээн авч 15 өдөрт багтаан хянаад, татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад Татварын ерөнхий газарт хүргүүлнэ. Тус байгууллага нь НӨАТ-ын тухай хуулийн 15.7-т зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авч хянаад буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан Сангийн яаманд хүргүүлэхээр байна. НӨАТ-ын тухай хуулийн 15.8-т заасны дагуу Сангийн яамнаас саналыг хүлээн авч албан татварын буцаан олгох шийдвэр гаргахаар тусгагджээ. Мөн, нарийвчилсан процесс журмыг Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам"-аар зохицуулдаг. Тус журмын 6.5, 6.6 болон 6.7-д заасны дагуу Сангийн яамнаас шийдвэр гарсан тохиолдолд албан татварыг буцаан олголтыг Төрийн сангийн тусгай дансаар дамжуулан хүлээн авагчийн дансанд шилжүүлэхээр зохицуулсан байдаг. Татварын буцаан олголт авах татварын төлөгчийн хүсэлтийн дагуу татварын албанаас хяналт шалгалт хийж, буцаан олголт хийх тохиолдолд "татварын буцаан олголтын акт"-ыг үйлдсэнээр татвар төлөгчөөс үндэслэлгүйгээр, илүү хураасан татвар, түүнд хамаарах алдангийг тооцож төрөөс уг татвар төлөгчид буцаан төлөх үүрэг бий болдог.

Гэтэл бидний хувьд нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголт авах хүсэлт огт гаргаагүй, харин нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан. Бидний хүсэлтийн дагуу татварын буцаан олголтын хяналт шалгалт бус, нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг баталгаажуулах шалгалт хийгдсэн. Шалгалтын үр дунд татварын буцаан олголтын акт огт гараагүй. Харин татварын нөхөн ногдуулалтын акт гарсан. Бид татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Иймд бидний маргаанд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2  “…татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэсэн хэсэг хамааралгүй болгох нь нотлогдож байна.

5.3. Татварын улсын байцаагч нар нь 2019 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийг 15.1-ийг зөрчиж нөхөн ногдуулалт хийсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т хамааруулан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь бүхий л төрлийн эрх зүйн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг.Тодруулбал, эрх зүйн маргаантай нөхцөл байдлыг урт удаан цаг хугацаа өнгөрсний дараа шаардлагатай хэмжээнд үнэн бодитоор тогтооход хүндрэлтэй байдаг тул хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэг. Монгол Улсын хувьд 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй" гэж хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар хуульчилсан байсан. Харин 2020 оны татварын хууль тогтоомжийн шинэтгэлийн хүрээнд 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хуульд тус хөөн хэлэлцэх хугацааг "4 жил" байхаар хууль тогтоогч хуульчилж өгснөөс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь нөгөө талаасаа татвар төлөгчийг эрхийг хамгаалах арга хэмжээ болж өгдөг нь харагдаж байгаа юм. 2019 оны хуульд хөөн хэлэлцэх хугацаа нь материаллаг хэм хэмжээний хувьд тус татварын хуулийг хэрэглэхдээ "Татварын нөхөн ногдуулалт хийх"-д мөрдвөл зохих хугацааг 4 жил байхаар тогтоосон.

Хэргийн үйл баримттай холбож үзвэл, Том татвар төлөгчийн газар нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/426 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт "дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах тухай" хүсэлтийг хүлээн авч, байцаагч нар нь НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах зорилгоор хяналт шалгалт хийхдээ 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хамарсан.

Ийнхүү татварын хяналт шалгалтыг хийхдээ 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн CW1941515 гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж “О*****” ХХК-аас 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 1800000829 дугаартай нэхэмжлэлээр торгууль тавьж, түүндээ НӨАТ ногдуулан манай компаниас нэхэмжилж авсан үнийн дүнд ногдох 182,093,011.3 төгрөгийн НӨАТ-ыг төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцсон гэж тус 2014 онд болсон тус үйлдлийг зөрчилд тооцож нөхөн ногдуулалт хийсэн.

Дээрхээс үзвэл, 2019 оны Татварын ерөнхий хуульд 15 дугаар зүйлийн 15.1-т заасны дагуу 2014 онд хэрвээ манай компанийг зөрчил гаргасан гэж үзвэл энэхүү зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 1 дүгээр сараар дуусгавар болж, нөхөн ногдуулалт хийх хууль эрх зүйн үндэслэлгүй болно. Мөн дээрхээс гадна, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 болон 15.5-д тус тус хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөлийг хуульчилсан бөгөөд тус нөхцөлүүдээс аль нь ч манай компанийн тохиолдолд хамаарахгүй бөгөөд талууд энэ тал дээр маргаагүй байдаг.  

Иймд байцаагч нар нь 2019 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийг 15.1-ийг зөрчиж нөхөн ногдуулалт хийсэн тул Нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсгийг хүчингүй болгох нь үндэслэл бүхий харагдаж байна.

5.4. Нөхөн ногдуулалтын актын 6 дугаар хэсэгт заасан зөрчилтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд манай компанийг 2019, 2020 онд тодорхой төрлийн нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж тайлагнаж төлөөгүй байна гэж үзэж нийт 600 гаруй сая төгрөгийн нөхөн ногдуулсан татвар, торгууль алдангийг оногдуулсан байгаа. “И******” ХХК нь Англи улсын Салса-2 авиашион гэдэг компаниас онгоцыг Монголд оруулж ирсэн. Онгоц нь өөрөө маш өндөр өртөгтэй учраас худалдан авах ажиллагаа хийгддэггүй. Энэ салбарын санхүүгийн үйл ажиллагааг хөнгөвчлөөд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийг дэмжих төрийн бодлого байдаг нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан байдаг. Агаарын зорчигч тээврийн хэрэгсэл түүний сэлбэгийг монголд оруулж ирэхэд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг зохицуулалт байдаг. Энэ жишгээр манай компани Боинг-737 загварыг түрээсэлж ашиглахаар гэрээ байгуулсан. Уг онгоцны түрээсийн гэрээ буюу түрээсийн төлбөрийн хэмжээ, төлбөрийн хувиар гээд бизнесийн нөхцөлийг гэрээнд тусгасан байгаа. Хилээр онгоц оруулж ирсэнтэй холбогдуулан гааль болон татварын байгууллагаас уг онгоцыг бараа гэж үзээд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан байдаг. Энэ нь 2054902 дугаартай 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гаалийн мэдүүлэгт энэ дүн болон бусад зүйлс тодорхой байгаа. Гаалийн мэдүүлэг нь хавтаст хэргийн 166 дугаар хуудсанд байгаа. Гааль болон татварын байгууллага нь хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд урьдчилж төлөх түрээсийн хэмжээг бүгдийг тооцоод гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг урьдчилж тооцоод биднээс татварыг ногдуулж тайлагнахыг шаарддаг. Энэ шаардлагын дагуу онгоцны жишиг үнийг 34 сая ам доллар гэж тогтоогоод 4,5 тэрбум төгрөгийг гаалийн татвар, 9,5 тэрбум нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан байдаг. Энэ нь гаалийн мэдүүлгийг 49 дүгээр дугаар дээр энэ дүн байгаа. 34 сая ам долларыг гэрээлэгч талд төлөөгүй байгаа. Бид энийг сар болгон гэрээнд заасан төлбөрийн хуваариар төлөх үүрэгтэйгээр оруулж ирсэн. Төлсөн мэтээр мэдүүлэх хуулийн заалтын дагуу бид ногдуулаад тайлагнасан. Энэ төлөлт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д заасан чөлөөлөгдөх татвар болж байгаа юм.

Агаарын зорчигч тээвэр түүний сэлбэг хэрэгсэл гэдэг заалтыг ашиглаад 9,5 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлсөн. Гэрээнийхээ хуваарийн дагуу түрээслэгчдээ түрээсээ сар бүр төлж ирсэн. Гэтэл түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж байгаа үйл ажиллагааг нь гадагшаа зарж байгаа үйлчилгээ байна гэж үзэж, оршин суугч бусын нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгаагүй гэж үзэж өндөр дүнтэй татвар болон торгууль алдангийг тооцсон. 34 сая долларыг төлөөгүй, одоо яг төлж байгаа. Бид өмнө нь төлсөн учраас нэмэгдсэн өртгийн албан татвар дахиж төлөхгүй. Учир нь урьдчилан төлж, Монгол Улсын татварын бодлого биднийг чөлөөлсөн учраас хууль журмынхаа дагуу дахиж нэмэгдсэн өртгийн албан татвар тооцохгүйгээр эхэлсэн боловч, татварын байцаагч нар биднийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах ёстой байсан, хууль зөрчсөн гэж үзээд торгууль, нөхөн ногдуулсан актын татварыг ногдуулсан байгаа. Энэ нөхцөл байдал нь агаарын зорчигч тээврийн хөлгийг төрөөс дэмжиж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа энэ бодлого хэрэгжихгүй байна. Тухайн онгоцыг хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнуулаад үйл ажиллагаа эхэлсэн татвар дээр дахин нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлж байгаа нь нэг нэмэгдсэн өртгийн албан татвар дээр 2 удаа ногдуулж байна гэж үзэж байна” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бид Татварын тухай хуулийн 15.1-д заасны дагуу 4 жил хамаарна гэсэн боловч хариуцагч нар 15.2 гэсэн байгаа. Татварын буцаан олголт буюу суутган тооцох гэдэг нь тус тусдаа бие даасан үйлдэл бөгөөд хуулиар зохицуулсан харилцаа. Татварын буцаан олголт суутган тооцох нь Татварын тухай хуулийн 49.1.1, 49.1.2-д заасан байгаа. Энэ нь хуулиар олгогдсон Сангийн сайдын 14 дүгээр тушаалаар батлагдсан. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд татварын төлөгчийн өөрийн гэсэн эрх байдаг. 12.1.4-д илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах гэж заасан. Энэ нь илүү төлсөн татвараа буцаан авах, илүү төлсөн татвараа бусад татварын болон татварын дараагийн хугацаанд суутган тооцуулах гэдэг нь бие даасан өөр, өөр үйл ажиллагаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар буцаан олгох үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.1.1, 15.1.2, 15.7, 15.8, 15.9-д заасны дагуу процесс явагдсаны үндсэн дээр татварын алба болон Сангийн яам шалгаж мөнгийг бодитоор татвар төлөгчид буцаан олгох үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаа явагдаагүй. Татварын шалгалтаар илүү төлсөн татварыг буцаахтай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол төлөлтийг баталгаажуулсан актыг татварын улсын байцаагч үйлдээгүй, гаргаагүй. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0113100 дугаар албан тоотоор, мөн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 037336 албан тоотоор, Татварын ерөнхий газар болон Сангийн яамнаас тухайн аж ахуйн нэгж нь 2014 оноос 2021 онуудад нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт аваагүй, тийм шийдвэр гараагүй гэдэг нь 2 албан бичгээр тогтоогдсон.

Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах процесс нь 4 жилийн хугацаанд хамааралтай байх ёстой. Татварын ерөнхий хуулийн 49.1.3-т зааснаар татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд тухайн татварыг суутган тооцох хүсэлтээ “И******” ХХК 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 01426 албан тоотоор 2019 онд илүү төлөлттэй байна гээд 2020 оны дутуу төлөлтдөө суутган тооцуулъя гэсэн хүсэлт гаргасан, энэ нь хавтаст хэргийн 26 дугаар талд байгаа. Үүний дагуу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр татварын хяналт шалгалт хийх томилолтыг гаргасан бөгөөд энэ томилолтдоо нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдлийг баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтаар олгогдсон гэсэн баримт байгаа. Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д зааснаар илүү төлсөн татварыг суутган тооцсон тохиолдолд татварын албан тухайн татвар төлөгчид мэдэгдсэн байх бөгөөд энэ нь юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дээрх татварын актаар ногдуулсан 508 сая төгрөгийн ноогдлыг 2022 оны суутган тооцоолол Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн НА-21210000047 актын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 356 сая төгрөгөөр суутгал хийж бууруулсан. Иймд энэхүү дансны үлдэгдэл нь 151 сая төгрөг болсныг харуулсан цахим татварын сангийн тооцоолол хийсэн дэлгэрэнгүй байгаа. Үүнийг татвар төлөгч хөтөлдөггүй, татварын алба өөрөө хөтөлдөг. Илүү төлөлтөө зоож өгсөн, дараа нь энэ илүү төлөлтөө татварын улсын байцаагчийн тооцооны дагуу энэ төлөлтийг тухайн татварын ногдлоор үүссэн ногдлоос хасаж өөрөө тооцоолно. Эдгээр нотлох баримтуудыг үндэслээд хөөн хэлэлцэх хугацаа хамааралтай юм. Үүнийг шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ үү” гэв.

7. Хариуцагч улсын байцаагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

7.1. “Нөхөн ногдуулалтын актын 3-т заасан зөрчилтэй холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг буруу тайлбарласан хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон гэх татвар төлөгчийн гомдлын тухайд:

Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д "Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй" гэж заасан.

Иймд татвар төлөгчийн өөрийн хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтад татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй бөгөөд "И*****" ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/424 тоот хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн өдрөөс хойших хугацаанд олгогдсон томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг явуулсан. Шалгалтын явцад “И******” ХХК нь “О****” ХХК-тай ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг 2013 онд байгуулсан бөгөөд “О****” ХХК-аас тус компанид төлөх нийт төлбөрөөс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ногдуулсан 1,820,930,113.00 төгрөгийн торгуулийг суутган авч төлбөрийг шилжүүлсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, анхан шатны баримтаар нотлогддог. Дээрх төлбөрийг татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон. Энэхүү торгуульд төлсөн төлбөр нь тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал биш бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаанаас бусдад төлсөн төлбөр байх тул НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойш хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд тус тус заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасны дагуу 182,093,011.30 төгрөгөөр улсын төсвөөс буцаан авах илүү үлдэгдлийг бууруулсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Хяналт шалгалтаар “И******” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдэлгүй болж нэмэлт төлбөр төлөхөөр байх тул нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болно.

7.2. Нөхөн ногдуулалтын актын 6-д заасан зөрчилтэй холбоотойгоор ТУБ нар нь Монгол Улсад үйлчилж буй татварын хууль тогтоомжид үндэслээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх татвар төлөгчийн гомдлын хувьд :

“И******” ХХК нь Англи улсын "SASOF II (C) AVAITION UK LIMITED" компанитай байгуулсан гэрээний дагуу 2019 онд 1,445,587.81 ам.доллар буюу 3,874,664,292.02 төгрөг, 2020 онд 200,000.00 ам.доллар буюу 549,722,000.00 төгрөг нийт 1,645,587.81 ам.доллар буюу 4,424,386,292.02 төгрөгийг оршин суугч бус иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээний үнийн дүн буюу зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэхтэй холбоотой оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнаагүй байсан нь татвар төлөгчийн санхүү, татварын тайлан, харилцах дансны хуулга, нэхэмжлэл, анхан шатны баримтаар нотлогдсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.6-д “агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг” гээн заалт нь татвар төлөгчийг агаарын зорчигч тээврийн хөлөг болон түүний сэлбэг эд ангийг худалдан авсан тохиолдолд хамаарах заалт бөгөөд агаарын зорчигч тээврийн хөлөг түрээслэхэд төлсөн төлбөр нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм. Татвар төлөгчийн агаарын хөлгийн сэлбэг хэрэгсэл, эд анги, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл худалдан авахад төлсөн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, зөвхөн оршин суугч бус татвар төлөгчийн Монгол улсаас эх үүсвэртэй орлого буюу түрээсийн орлого шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй тул хуульд заасны дагуу төлбөр ногдуулсан.

Аж ахуйн нэгж, байгууллага нь Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тогтоосон журам, бүртгэлийн стандартыг мөрдөж татвар, санхүүгийн тайланг гаргах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд ААНОАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10-д СТОУС 16-ын дагуу татвар төлөгчийн ашиглах эрхтэй хөрөнгийн нийт үнийг гэрээний хугацаанд төлөх түрээсийн төлбөрийн нийлбэр дүнгээр тооцож, гэрээний хугацаагаар элэгдэл байгуулсан нь оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн төлбөрөөс татвар суутгахгүй байх үндэслэл болохгүй.

“И*****" ХХК нь MSN 32426 серийн дугаартай Боинг 737-700 зорчигч тээврийн агаарын хөлгийг худалдаж аваагүй, түрээсэлж байгаа нь татвар төлөгчийн ярилцлага, гэрээ, анхан шатны баримтуудаар хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Бидний зүгээс түрээслэн ашиглаж байгаа онгоц болон түрээсийн онгоцоор зорчигч тээвэрлэн  тусгайлан тогтоосон хилийн боомт бүхий нисэх буудлаас хөөрч бууж байгаа үйл ажиллагаанаас олсон орлогод албан татвар ногдуулаагүй, оршин суугч бус этгээдээс агаарын зорчигч тээврийн хөлөг түрээслэх үйлчилгээ авсны төлөө шилжүүлсэн орлогод суутгагчийн үүрэг гүйцэтгэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүйд хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд татварын улсын байцаагчийн НА-21210000047 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэгч “И******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2. “И******” ХХК-ийн зүгээс нотариатаар батлуулж, хавтаст хэргийн 10-11-р, хариуцагчаас “хуулбар үнэн” тэмдэг дарж, хавтаст хэргийн 58-60-р талд авагдсан татварын улсын байцаагчийн НА-21210000047 дугаар нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудасны хавсралтаас үзвэл:

2.1. Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 1,838,513.19 төгрөг, хамрах хугацаа 2017 он, нөхөн татвар 183,851.32 төгрөг;

2.2. Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 2,569,279.31 төгрөг, хамрах хугацаа 2018 он, нөхөн татвар 256,927.93 төгрөг;

2.3. Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 7,755,907.95 төгрөг, хамрах хугацаа 2019 он, нөхөн татвар 775,590.80 төгрөг;

2.4. Суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгт төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 13,245,590.90 төгрөг, хамрах хугацаа 2019 он, нөхөн татвар 1,324,559.09 төгрөг;

2.5. Тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй

хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 11,838,600.00 төгрөг, хамрах хугацаа 2019 он, нөхөн татвар 1,324,559.09 төгрөг;

2.6. Тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 13,909,090.91 төгрөг, хамрах хугацаа 2018 он, нөхөн татвар 1,390,909.09 төгрөг;

2.7. Тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 13,843,954.55 төгрөг, хамрах хугацаа 2019 он, нөхөн татвар 1,384,395.46 төгрөг;

2.8. Үндсэн хөрөнгө бэлтгэхэд импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 799,909.09 төгрөг, хамрах хугацаа 2018 он, нөхөн татвар 79,990.91 төгрөг;

2.9. Үндсэн хөрөнгө бэлтгэхэд импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 76,583,895.00 төгрөг, хамрах хугацаа 2019 он, нөхөн татвар 7,658,389.50 төгрөг;

2.10. Татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвараар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийн дүн 1,820,930,113.00 төгрөг, хамрах хугацаа 2014 он, нөхөн татвар 182,093,011.30 төгрөг;

2.11. Үндсэн хөрөнгө худалдан авахтай холбоотой албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн хасагдахгүй нэмэгдсэн өртгийн албан татварын дүн хэсэгт тайлагнахдаа бараа, ажил, үйлчилгээнд төлсөн хасагдахгүй нэмэгдсэн өртгийн албан татварын дүн хэсэгт тайлагнахдаа бараа, ажил үйлчилгээний нийт дүнгээр тайлагнаж буцаан авах татвараа бууруулсан зөрчлийн дүн 67,469,140.30 төгрөг, хамрах хугацаа 2014 он, буцаан олгох татварын дүн 67,496,140.30 төгрөг;

2.12. Оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс татвар суутгаж төсөвт төлөөгүй зөрчлийн дүн 3,874,664,292.02 төгрөг, хамрах хугацаа 2019 он, нөхөн татвар 467,131,318.94 төгрөг;

2.13. Оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгээс татвар суутгаж төсөвт төлөөгүй зөрчлийн дүн 549,722,000.00 төгрөг, хамрах хугацаа 2020 он, нөхөн татвар 83,392,827.40 төгрөг тус тус байх ба,

Үүнээс 2.10, 2.12, 2.13-д заасан зөрчлийг татвар төлөгч /нэхэмжлэгч/ зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.

3. Дээр дурдсанаар нийт 6,455,197,286.22 төгрөгийн зөрчил илэрсэн гэж татварын улсын байцаагчид үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн НА-21210000047 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдэж, 638,770,114.60 төгрөгийн нөхөн татвар, 69,787,813.84 төгрөгийн торгууль, 38,297,703.30 төгрөгийн алданги нийт 746,855,631.74 төгрөгийн төлбөр ногдуулсан ба нэхэмжлэгч нь нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу актын Тэмдэглэх нь хэсгийн 3, 6-д заасныг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 5-6-д заасан үндэслэлээр маргаж байна.

4. Хариуцагч Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Б***, Э.Ц***** нарын үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21210000047 дугаар нөхөн ногдуулалтын актын ТЭМДЭГЛЭХ НЬ хэсгийн гуравдугаарт: “...Тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар худалдаж аваагүй, бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс /торгуульд/ төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцсон 2014 оны 182,093,011.3 төгрөгийн зөрчил нь 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 4.1.1. “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэснийг зөрчсөн гэжээ.

5. Энэхүү татварын зөрчил нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.10-д дугаарлагдсан зөрчилд хамаарах ба нэхэмжлэгч талаас “тооцооллын маргаан байхгүй, харин хууль хэрэглээний маргаан буюу Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөв тайлбарлаж хэрэгжүүлэх асуудал бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу 7 жил 10 сарын хугацааг хамааруулж татварын хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн” гэж маргаж, нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг маргаан бүхий актаар тодорхойлж хүчингүй болгуулахаар шаардсаныг шүүх, хэрэгт авагдсан болон маргаан бүхий үйл баримтад дүгнэлт өгч, маргааны зүйлийг зохицуулсан хуулийг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “И******” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах тухай” 01/426 дугаар албан бичгээр “...“Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын илүү төлөлтийг баталгаажуулж өгнө үү. ... НӨАТ-ын илүү төлөлт баталгаажуулахтай холбоотойгоор татварын хяналт шалгалтад ямар баримтууд бэлтгэх талаар зөвлөмж өгөхийг” хүсэж хандсан байдаг.

7. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх 21201203829 дүгээр томилолтоор 2020 оны 12 дугаар сарын 07-ы өдрөөс эхлэн ажлын 20 хоног нэхэмжлэгч “И******” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамрагдах Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг хийлгэхээр хариуцагч татварын улсын байцаагч нарыг томилсон ба татварын хяналт шалгалтын явцад “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлийг 2014 онд гаргасан гэж үзэж, нөхөн татвар 182,093,011.30 төгрөг төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн.

8. Хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.“татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж заасны дагуу татварын хяналт шалгалт явуулж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.“татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, ... 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэж зааснаар нөхөн ногдуулалтын акт үйлдэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. “татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1. “төлбөл зохих татварын дүнг 50 хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 82.1.2. “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар” гэж заасны дагуу арга хэмжээ авч, татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг хангуулж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр байна.

9. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “... 2019 оны жилийн эцсийн байдлаар, “дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар”-аар 295,733,089.68 төгрөгийн илүү төлөлттэй байгааг баталгаажуулан 2020 оны 3 дугаар улирлын байдлаар “оршин суугч бус нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын 57,191,781.09 төгрөгийн дутуу төлөлтөд суутган тооцуулах ...” агуулгатай хүсэлтээс үзвэл, хариуцагч татварын улсын байцаагчдын үйлдсэн НА-21210000047 дугаар нөхөн ногдуулалтын актад “...2019 онд ...197,345,935.00 төгрөгийн буцаан авалттай, 2020 оны 1-10 сард 61,238,905.00 төгрөгийн буцаан авалттай...” гэж бичигдсэнээс үзвэл, Үндэслэх нь хэсгийн 2.10-д заасан зөрчил буюу хариуцагч хариу тайлбартаа “...“О*****” ХХК-аас тус компанид төлөх нийт төлбөрөөс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ногдуулсан 1,820,930,113.00 төгрөгийн торгуулийг суутган авч төлбөрийг шилжүүлсэн ба төлбөрийг татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон. Энэхүү торгуульд төлсөн төлбөр нь тухайн компанийн үндсэн үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал биш бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаанаас бусдад төлсөн төлбөр байх тул НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийг зөрчсөн” гэж тайлбарласан, энэ зөрчил нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон гэж шүүх хуралдаан дээр тайлбарласнаас үзвэл, татварын зөрчилтэй холбоотойгоор татварын хяналт шалгалт явуулж, татварын зөрчлийг илрүүлж, нөхөн ногдуулалтын акт үйлдэж арга хэмжээ авахдаа тухайн зөрчилд зөвхөн нөхөн татвар ногдуулсан нь ойлгомжгүй, дээр дурдсанаар Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан арга хэмжээг хариуцагчаас бүрэн гүйцэд аваагүй, татварын зөрчил нь татвар төлөгч /нэхэмжлэгч/-ийн хүсэл зоригоос зөрүүтэй, үүгээрээ Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2. “татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу “хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаа” гэж үзэхээргүй байна.

10. Харин Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. “татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн ногдуулалт хийсэн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байна.

11. Тодруулбал, татварын 2014 оны зөрчил нь тухайн үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. “... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан ... хасч тооцно”, 14.1.1. “үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасныг зөрчсөн, энэ нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан ... хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт ... дагаж мөрдөнө” гэж заасныг удирдлага болгон 2019 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2. “...торгуулийн өр төлөх болон ...татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлж, нөхөн татварт 182,093,011.30 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь татварын хөөн хэлэлцэх хугацааг мөрдөөгүй, үндэслэлгүй байна.

12. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь татвар төлөгчийн хувиар Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1- заасан буюу “татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох” харилцааг татварын байгууллагатай үүсгээгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй, иймээс энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

13. Хариуцагч Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Б***, Э.Ц***** нарын үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21210000047 дугаар нөхөн ногдуулалтын актын ТЭМДЭГЛЭХ НЬ хэсгийн зургаадугаарт: “...Зорчигч тээврийн агаарын хөлөг түрээслэх болон бусад үйлчилгээнд зориулж 2019 онд 1,445,587.81 ам.доллар буюу 3,874,664,292.02 төгрөг, 2020 онд 200,000.00 ам.доллар буюу 549,722,000.00 төгрөг нийт 1,645,587.81 ам.доллар буюу 4,424,386,292.02 төгрөгийг Англи улсын “SASOF || (C) AVIATION UK LIMITED” компанид шилжүүлэхдээ оршин суугч бус иргэн, хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тайлагнаагүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.2-д Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамруулна”, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг зөрчсөн гэжээ.

14. Ийнхүү хариуцагчаас зөрчилд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч талын “...нөхцөл байдал нь агаарын зорчигч тээврийн хөлгийг төрөөс дэмжиж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа бодлого хэрэгжүүлээгүй, онгоцыг хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнуулаад үйл ажиллагаа эхэлсэн татвар дээр дахин нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлж байгаа нь нэг нэмэгдсэн өртгийн албан татвар дээр хоёр удаа ногдуулж байгаа нь хууль бус” гэж марган тайлбарласныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

15. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 7.1.2. “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 7.2. “доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна”, 7.2.5. “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэж зааснаар хавтаст хэргийн 85-аас 138-р хуудсанд авагдсан 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн түрээслүүлэгч SASOF II (C) AVIATION LIMITED болон түрээслэгч EZNIS AIRWAYS ХХК нарын хоорондох “Онгоц түрээсийн гэрээ (MSN32426)” -ээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.б. “... “оршин суугч бус” гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.5-д заасан Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийг”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. “Энэ хуулийн 7.3.1-д энэ хуулийн 7.2.5 дахь заалт хамаарахгүй” гэж заасны дагуу түрээслүүлэгч нь оршин суугч бус татвар төлөгч болох ба маргаан бүхий энэ тохиолдолд татварыг давхардуулан ногдуулсан тухай ойлголт байхгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1. “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж заасны дагуу оршин суугч бус этгээд нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр татвар ногдох зүйл болох “онгоц түрээслэх” үйлчилгээ үзүүлснийхээ хувьд оршин суугч бус албан татвар төлөгч болох нь зүй ёсны бөгөөд татвар “зайлшгүй” байх, “тодорхой” байх агуулгад нийцэж байна.

16. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар ... тушаана”, 16.1.2. “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан ...албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж заасны дагуу оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн түрээсийн төлбөрийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж, уг татварыг суутган авч төсөвт төлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1. “улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж заасны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэснийг хэрэглэж улсын тэмдэгтийн хураамжийг зааж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2019 оны шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 82 дугаар зүйлийн 82.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-д заасныг баримтлан “И******” ХХК-аас Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Б***, Э.Ц***** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-21210000047 дугаар актын Тэмдэглэх нь хэсгийн 3 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох дээрх актын Тэмдэглэх нь хэсгийн 6 дахь хэсгийг хүчингүй болгуулахыг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН