Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 648

 

 “Х А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/00395 дугаар шийдвэртэй, “Х А” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н-ид холбогдох,

гэм хорын хохиролд 3 750 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн осол нь хариуцагчийн гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийсэн буюу сөрөг урсгалтай замд огцом орсны улмаас болсон. Ослын үеэр “Х А” ХХК--ийн эзэмшлийн 60-68 УНД улсын дугаартай Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Миний бие тус компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Б.Батдорж нь осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Уг ослын улмаас компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл их хэмжээгээр гэмтсэн. Тухайн үед хариуцагч нь шокийн байдалтай, “миний буруу, намайг уучлаарай, өчигдөр ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад тээврийн хэрэгсэл авсан” гэж тайлбарласан.

Ослын газарт Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн албаны цагдаа нар ирж “ослын акт” гаргасан. Тухайн үед “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээг тогтоолгоход нийт 1 905 000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан. Гэтэл тээврийн хэрэгсэлд засвар хийлгэхэд үнэлгээчний тогтоосон үнээс их хэмжээний мөнгө шаардагдсан бөгөөд урд буфер 350 000 төгрөгөөр үнэлсэн боловч 650 000 төгрөг, дээд нүүрийг 120 000 төгрөгөөр үнэлсэн боловч 150 000 төгрөг, доод сетка 150 000 төгрөгөөр үнэлэгдэж 180 000 төгрөгөөр авсан, үнэлгээнд оруулаагүй байсан под крыло 2 ширхэг 80 000 төгрөгөөр худалдан авсан, бага гэрэл 180 000 төгрөг, будгийн материал 150 000 төгрөг, шатахууны үнэ, болон засварчдыг хоолны зардалд 45 000 төгрөг, засварын зардал буюу лонжром 400 000 төгрөгөөр татуулж, 300 000 төгрөгөөр панел тэгшлүүлсэн зэргийг оруулан ажлын хөлс нийт 1 500 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 80 000 төгрөг, энэхүү гэм хорын хохиролд бүгд 3 750 500 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэм буруугийн хувьд хэн аль нь адил буруутай гэж үзэж байна. Хариуцагчийн гэм бурууг баримтаар тогтоосон зүйл хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч нь  хариуцагчийн тээврийн хэрэгслийн араас мөргөснөөр гэмтэл авсан тул хурд хэтрүүлэн явж байсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжилж буй зардал нь үнэлгээнээс өндөр байна. Үнэлгээгээр хохирол учирсанд тооцоогүй эд ангийг засварласан, хэт өндөр үнээр худалдан авсныг, мөн гэм буруугийн болон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Н-оос 2 040 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х А” ХХК--д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 709 550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 47 605 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х А” ХХК--д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие 2011 оны Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 5 дугаар сард 23 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, нийт 6 тээврийн хэрэгслийг мөргөлдүүлсэн. Гэтэл шүүх тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хугацаа алдаж, нотлох баримтуудыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зам тээврийн осол баяр, наадмын өмнө гарсан бөгөөд энэ үеэр сэлбэгийн олдоц ховор, үнэтэй байсан. Тухайлбал, иргэн н.Энхтүвшин 1 500 000 төгрөгийн засвар хийж, бэлнээр мөнгөө авсан тухай нэхэмжлэх гэх баримтыг өгсөн. Энэ хүн 6 буудлын орчимд өөрийн байранд 3 хүний хамт засвар хийдэг. Тамга, нэр, регистрийн дугаар нь байдаг, хувь хүн нь ийм л баримт өгдөг гээд өгсөн. “Шилдэг өнгө” ХХК хорооллын эцэст байрлалтай бөгөөд хохирол учирсан тээврийн хэрэгсэлд хэрэгслэсэн бүх будаг, өнгөлгөөний материалыг жагсааж бичээд нотлох баримт болох НӨАТ-ын баримтын хамт хавсаргасан болно.

Мөн хорооллын эцэст байрлах Приус сэлбэг төвлөрсөн худалдаа болох Авто плаза-2-ын зарлагын падаанд тамга, тэмдэг, утас нь тодорхой байхад нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч надад худалдан авалт хийсэн, засвар хийлгэсэн тухай дээрх баримтуудыг тухайн этгээдүүд өгсөн учраас шүүхэд нотлох баримтаар гаргасан. Бид хууль, эрх зүйн мэдлэгтэй байх шаардлагагүй, баримт бичгийг шинжлэн судалж чадахгүй.

Миний тээврийн хэрэгсэл нь Монгол улсад цөөхөн орж ирсэн, сэлбэг задаргаа ховор байхад шүүх бодит биш шийдвэр гаргасан. Одоо ч дээрх газруудаас утсаар шалгаж төлбөр төлсөн талаар нотлох боломжтой байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийсэн н.Энхтүвшинг би танихгүй. Үнэлгээний газрын дундаж үнээр тооцож, бодитоор түүнд төлсөн мөнгийг хасч байгааг ойлгохгүй байна.

Тээврийн хэрэгсэл задарч, огцом мөргөснөөс гарсан урд панел тэгшлэх, лонжром татах, нөгөө талын их гэрэл ар тал сууриараа хагарсан байсныг наах, копут цэгэн гагнуур хийсэн задаргаа, угсаргаа, нийт ажлын хөлс 1 500 000 төгрөг болсныг хассан нь амьдралаас хол тасарсан шийдвэр болсон. Миний бие 60 гаруй настай, архаг өвчтэй эмэгтэй, миний хүү 22 настай оюутан хүүхэд, хэн нь ч энэ ажлыг хийж чадахгүй, хүний гар харж хэлсэн үгээр нь хийлгэсэн. Нэг жил ч болоогүй өндөр үнэтэй тээврийн хэрэгсэлээ эвдүүлчихээд засварт орсон бодит мөнгөө авч чадахгүй байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүх Приус 20,30 маркийн тээврийн хэрэгслийн үнэтэй жишиж дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад хариуцагч ирээгүй, өмгөөлөгч нь ирсэн байхад хуралдааныг хойшлуулах, үл ялих шалтгаанаар татгалзах, хэрэгсэхгүй болгох зэргээр удаа дараа чирэгдэл учруулсны дараа дээрх шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй, бүрэн бус техниктэй хөдөлгөөнд оролцдог жолоочийг өөгшүүлээд баймааргүй санагдана. Насаараа хураасан мөнгөн хөрөнгөөр авсан хамгийн үнэтэй тээврийн хэрэгсэл байсан. Иймд бодит нотлох баримттай, эзэдтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Өөрөөр хэлбэл, хэрэгсэхгүй болгосон 1 709 550 төгрөгийн нотлох баримтыг дахин шалгаж, эзэдтэй нь уулзаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Х А” ХХК- нь хариуцагч М.Н-ид холбогдуулан гэм хорын хохиролд нийт 3 750 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч М.Н- нь “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч “Х А” ХХК--ийн эзэмшлийн Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх11-12,52-53/

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эзэмшлийн Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу сэлбэг худалдан авсан үнэ 1 960 000 төгрөг, засварын ажлын хөлс 1 500 000 төгрөг, будах материалын үнэ 150 000 төгрөг, бусад зардал болох нотариатын хөлс 10 000 төгрөг, шатахуун болон засварчдын хоолны үнэ 45 000 төгрөг, үнэлгээчний ажлын хөлс 80 000 төгрөг, нийт 3 750 500 төгрөгийг нэхэмжилжээ. /хх10,19-21/

 

Хариуцагч тал тухайн өдөр зам тээврийн осол гарсан үйл баримтын талаар болон “Тоёота Приус 41” маркийн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшилд байдаг эсэхэд маргаагүй, харин хохирлын хэмжээг үнэлгээчний үнэлсэн үнээс илүү байна гэж маргасан.

 

Шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнээд, “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд үндэслэж нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг нийт 1 905 000 төгрөгт тооцож, бусад зардал болох үнэлгээчний ажлын хөлс 80 000 төгрөг, шатахууны үнэ 45 950 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, нийт 2 040 950 төгрөгийг нэхэмжлэгчээс гарах зайлшгүй зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Тухайлбал хэргийн 20 дугаар талд авагдсан “Нэхэмжлэх” гэх баримтаар “Х А” ХХК- нь 60-68 УНД улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн засварын төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 700 000 төгрөгийг Отгон Энхтүвшин гэсэн тамгаар баталгаажуулсан баримт байна. Үүнийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож, үнэлгээгээр тогтоосон ажлын хөлсний үнийн 325 000 төгрөгтэй харьцуулж үзвэл зөрүү нь 375 000 төгрөг болно. Үүнээс гадна хэрэгт авагдсан “Шилдэг өнгө” ХХК-ийн барааны үнэ 150 000 төгрөг гэх НӨАТ-ын баримт байгааг шүүх нотлох баримтаар үнэлээгүй байх тул  материалын зардалд төлсөн энэхүү төлбөрийг үнэлгээчний үнэлсэн 60 000 төгрөгтэй  харьцуулж зөрүү 90 000 төгрөг, нийт 465 000 төгрөгийн баримтыг үнэлснээр хариуцагчийн төлөх төлбөрт нэмж тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /хх19,20/

 

Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “Отгон Энхтүвшин” гэх тамга бүхий ажлын хөлсөнд 800 000 төгрөг төлсөн гэх баримтыг уг хэрэгт хамааралтай гэж үзэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь уг баримт огноогүй, юуны төлбөр болох нь тодорхойгүй, засвар хийлгэсэн гэх тээврийн хэрэгслийн дугаар бичигдээгүй, мөн Авто плаза-2 гэх баримт нь огноогүй, үнэлгээнд дурдаагүй сэлбэг хэрэгсэл авсантай холбоотой баримт байх тул нэхэмжлэлд шууд хамаарна гэж эргэлзээгүйгээр дүгнэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. /хх19,19-ийн ар тал/

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Н-оос гаргуулах төлбөрийн нийт хэмжээг 465 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2 505 950 төгрөгөөр тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дээрх хэмжээгээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/00395 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Н-оос 2 505 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х А” ХХК--д олгож, үлдэх 1 244 550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагчаас 47 605 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х А” ХХК--д олгосугай” гэснийг “ хариуцагч М.Н-оос 55 045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х А” ХХК--д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х А” ХХК- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 303 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

                              ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                    Т.ТУЯА